Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/026

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Төмөрсүхийн гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох 201705000031 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******н *******, ............... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийг төмөр трубагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******н *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******ад хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулж, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн трубаг устгаж, хохирогч *******ийн зүүн шуу яс болон тохойны рентген зураг 4 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******ын эзэмшлийн 2 толгой адууг битүүмжилсэн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* надад анхан шатны шүүх хурал хэзээ болох талаар товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй учир би шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхээ эдлэх ёстойгоо мэдээгүй бөгөөд шийтгэх тогтоолд *******аас 1 сая долоон зуун мянган төгрөг авсан гэж бичсэнээс миний бие сая долоон зуун мянган төгрөгийг авсан бөгөөд 30 тооны ямааг аваагүй, авах талаар ямар нэгэн байдлаар ярилцаагүй болно. Харин *******ын ах Д.Төмөрсүхээс авах ёстой өөрийн мал байсныг авсан болно. Шүүх хурал болсон гэгдэх цаг хугацаанаас хойш ******* нь 6.200.000 төгрөг, гурван тугалтай үнээ, гучин ишигтэй ямаа өгсөн мэтээр нутаг орныхонд худал ярьж, миний нэр хүндийг унагааж, гутаан доромжилж, сэтгэл санааны хямралд оруулж байна.

*******ад зодуулснаас хойш миний зүүн гар буцаж хэвийн байдалдаа ороогүй, бүрэн тэнийхгүй бугуйгаараа хөдлөхгүй, ямар нэгэн байдлаар ажил эрхлэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд цаашид зүүн гарын имера буюу нарийн үзлэг оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа болно.

Иймд *******ад холбогдох хэргийг дахин шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоолгох шаардлагатай тул хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж хохирогч ******* миний биеийг шүүх хуралдаа биечлэн оролцох эрхийг хангаж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******ад холбогдох хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, хохирогч өөрөө гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан “хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн /танилцуулсан/ тухай баримт”-нд /хх-ийн 105-р тал/ хохирогч *******эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаар ямар нэгэн тэмдэглэгээ үйлдэгдээгүй, мөн хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” баримтад шүүгчийн туслах Богд сумын 2 дугаар багийн Засаг дарга *******ын 96701197 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг танилцуулж, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх талаар тайлбарласан талаар тэмдэглэгээ үйлдсэн хэдий ч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “...улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч хүсэлт, нотлох баримт гаргах, түүнийг шинжлүүлэхэд оролцох, үг хэлэх талаар тэгш эрх эдлэнэ...” хэмээн хуульчилсан байхад хохирогчид анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцснийг буруу буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж гэж үзнэ.

Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдаан даргалагчаас энэ талаар улсын яллагч, шүүгдэгч нараас санал асуусан атлаа уг асуудлаа шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэлд уг асуудлыг хэрхсэн талаар ямар нэгэн шийдвэр тусгалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1, 250.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд энэ талаар бичсэн хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******ад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

Хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан байгаа “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт” нь хэдийд үйлдэгдсэн талаар ямар нэгэн огноо байхгүй байгааг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,

317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсгүүдэд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ад холбогдох эрүүгийн 201705000031 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******ад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                         Д.ЭРДЭНЭБИЛЭГ