Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0641

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Б.У, Б.А, хариуцагч татварын улсын байцаагч Ж.Э, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 283-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.М 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ...... дүгээр актын 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.10, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан ........ дүгээр актыг хүчингүйд тооцуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэрээр:

“Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 1, Олон улсын гэрээний тухай 2016 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 13 дугаар зүйлийн 13.4, 13.9-д тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ........4 дүгээр актын 3.5 дахь хэсгийг буюу ........ /......../ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“....“М” ХХК-д Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актаар 18,525,000,018.20 төгрөгийн зөрчилд нийт 7,439,113,649.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан байдаг. Дээрх актыг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актаар 18,525,000,018.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 666,246,169.80 төгрөгийн нөхөн татвар, 4,464,726,812.50 төгрөгийн торгууль, 2,309,140,667,00 төгрөгийн алданги, нийт 7,439,113,649.30 төгрөгийн төлбөрөөс 2,235,062,414.14 төгрөгийн зөрчилд ногдох 46,449,693.06 төгрөгийн нөхөн татвар, 624,194,594.92 төгрөгийн торгууль, 349,564,313.03 төгрөгийн алданги, нийт 1,020,208,601.01 төгрөгийн төлбөрийг бууруулж, 6,341,247,764.68 төгрөгийн зөрчилд ногдох 1,827,657,534.67 төгрөгийн торгууль, 948,147,451.25 төгрөгийн алданги, нийт 2,775,804,985.92 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 8,378,020,314.31 төгрөгийн зөрчилд ногдох 619,796,476.74 төгрөгийн нөхөх татвар, 2,011,874,682.91 төгрөгийн торгууль, 1,011,428,902.72 төгрөгийн алданги, нийт 3,643,100,062.37 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон.

...Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт “... “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрийн 18 дугаар зүйлд “...энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэж тус тус заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Э” ХХК болон “М” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 дугаар тогтоолын 1 дэх заалтаар М-О хамтарсан “Э” ХХК болон “М” ХХК-д эзэмшиж байгаа ...... хувийн энгийн хувьцаа /дүрмийн сангийн ........ хувь/-гаа Монгол Улсын хуулийн этгээд болох “М” ХХК-д худалдахыг дэмжсэн О Улсын Засгийн газрын шийдвэр болон хувьцааг худалдах тухай тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Р” улсын корпарацийн 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн ......... тоот албан бичгээр ирүүлсэн саналыг уг албан бичигт заасан “хувьцаа худалдах, худалдан авах нөхцөлийн дагуу зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсэн байна ...дээрх хуулиуд, Засгийн газрын хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоол, хуулийн этгээдийн лавлагаа зэргээс үзэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээр нь 2016 оны 6 дугаар сард дуусгавар болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “...болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. “Э” ХХК болон “М” ХХК-ийн энгийн хувьцааны ...... хувийг эзэмшиж байсан О Улсын тал энэхүү ...... хувьцаагаа Монгол Улсын талд 2016 оны 6 дугаар сард шилжүүлсэн болох нь олон нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нь дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул энэ үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу дахин нотлох шаардлагагүй” гэж дүгнэсэн.

Манай үйлдвэрийн газар нь “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, О Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудыг мөрдөж эхлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэж байна.

Учир нь “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийг Улсын Их Хурал 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталж хууль гаргасан.

Энэхүү хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталсан хэлэлцээр тул Улсын Их Хурал хэлэлцээртэй холбоотой асуудлаар эцсийн шийдвэр гаргах, мөн Олон Улсын гэрээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг соёрхон баталсан Олон Улсын гэрээний хувьд Улсын Их Хурал ...шийдвэрлэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Олон Улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, олон улсын гэрээг цуцлах олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан бол Улсын Их Хурал ...гаргана” гэж хуульчилсан байх тул Улсын Их Хурлаас 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталсан “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр нь “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудыг мөрдөх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 03 дугаар дүгнэлтээр “...Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15-д зааснаар “Улсын Их Хурал Монгол Улсын Олон Улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар Монгол Улсын Олон Улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Монгол Улсын Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа холбогдох саналаа өгөхөөр байна...” “Р” корпорацийн “Э” ХХК болон “М” ХХК-д эзэмшиж буй ..... хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээ ашиглан төрийн мэдэлд авах, эсвэл өөр этгээдэд шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна.

Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан Олон Улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, зөвшилцөлгүйгээр өөрчилсөн Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Олон Улсын гэрээний тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 18 дугаар зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталсан “Олон Улсын соёрхон баталсан гэрээ хэлэлцээр”-ийн хувьд тус хэлэлцээрийг цуцлах, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг гагцхүү Улсын Их Хурал өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэдэг болно.

Улсын Их Хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Э” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг.

Уг хуулийн төсөл нь “М” ХХК-ийн талаар Оросын Холбооны Улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуй нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар “М” ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаа явуулж байсан бол одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж, улмаар “М” ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан болно.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэн улмаар Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэгдэн батлагдан гарсан бөгөөд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаарт хэвлэгдэн гарсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Татварын улсын байцаагч нарын актын тогтоох хэсгийн 3.5 буюу 2016 онд ажиллагсдын шагнал, урамшуулалд олгосон байрны орлогод хувь хүний албан татвар ногдуулаагүй гэх зөрчилд нийт 29.751.559 ногдуулсан хэсгийг “…цаг хугацааны хувьд хэлэлцээр дуусгавар болохоос өмнө орон сууцуудыг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн, бэлэглэснийг шагнал, урамшуулалтай адилтгаж үзсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэхгүй...” гэх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглээд, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт шийдлийн болон хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэгчээс дээрхээс бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ “…Улсын Их Хурлаас Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг дагаж мөрдсөн 2019 оны 8 дугаар сарын 3-ныг хүртэл “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр нь үйлчилж байсан…” гэж тайлбарлах бөгөөд үүнд актын тогтоох хэсгийн 3.1, 3.3, 3.4-т заасан зөрчлийг тус тус хамааруулсан, харин актын 3.6, 3.8, 3.9-т заасан зөрчлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар давж заалдах гомдолд тусгаагүй байна.

1.Оросын Холбооны Улс өөрийн эзэмшиж байсан “М” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувийг 2016 оны 6 дугаар сард Монгол Улсын хуулийн этгээдэд шилжүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт боловч Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн үйлчлэлийг “…ийнхүү шилжсэнээр, эсхүл гомдолд дурдсанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль мөрдөгдсөнөөр дуусгавар болно” гэх тайлбаруудын аль аль нь үндэслэлгүй.

Учир нь хэлэлцээрийн 18 дугаар зүйлд “…Аль нэг тал нь компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд энэхүү хэлэлцээр хүчингүй болно”, 20 дугаар зүйлд “…Энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэж зааснаас гадна 21 дүгээр зүйлд “Аль ч тал нь энэхүү хэлэлцээрийн 20 дугаар зүйлд заасан хугацаа дуусахаас өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэх замаар энэхүү хэлэлцээрээс гарч байгаагаа мэдэгдэж болно. Энэ тохиолдолд нөгөө тал тухайн мэдэгдэл хүлээн авснаас хойш 12 сарын хугацаанд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилнэ”, 22 дугаар зүйлд “Энэхүү хэлэлцээрийн үйлчлэл уг хэлэлцээрийн 20 болон 21 дүгээр зүйлд дурдсан үндэслэлээр дуусгавар болгосон тохиолдолд талууд дээрх зүйлүүдээр тогтоосон 12 сарын хугацаанд компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгийг худалдан авах буюу шилжүүлэх, нөхцөл, хугацааг тодорхойлж, энэхүү хэлэлцээрийн дагуу болон компанийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар харилцан хүлээсэн үүргээ зохицуулах ёстой…” гэж тус тус заажээ.

Иймд Оросын Холбооны Улс өөрийн эзэмшлийн .... хувийг Р улсын корпорациар дамжуулан Монгол Улсын “Монголиан коппэр корпорейшн” ХХК-д худалдах байдлаар хэлэлцээрийг дуусгавар болгох саналаа тус корпорацийн 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн .... дугаар албан бичгээр ирүүлснээс хойш хэлэлцээр дээрх зохицуулалтын дагуу 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн энэхүү хэлэлцээрийг Улсын Их Хурлын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар соёрхон баталсан, иймд соёрхон баталсан олон улсын гэрээг хүчингүй болгох, эсхүл үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг Улсын Их Хурал гаргах тухай зохицуулалт 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т, одоогийн Олон улсын гэрээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т тусгагдсан, Улсын Их Хурлаас 2019 онд уг хуулийг хүчингүй болгосон зэргээс үзэхэд энэ тохиолдолд хэлэлцээрийн 20 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хувьд Олон улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэсний дагуу хэлэлцээр “18 дугаар зүйлд зааснаар хүчингүй болсон” гэж тайлбарлах боловч энэхүү хууль 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөгдсөн учраас буцаж үйлчлэхгүй, өөрөөр хэлбэл 2016 оны тухайд 1993 оны Олон улсын гэрээний тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуульд дээрхтэй адил зохицуулалт байгаагүй болно.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн болон тухайн үед үйлчилж байсан 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоосноос гадна дээрх хэлэлцээрийн 20 дугаар зүйлээр зохицуулсан харилцаа буюу хэлэлцээр хэдийд хүчин төгөлдөр болох, хүчингүй болгох асуудал мөн журмаар зохицуулагдах болохыг дүгнэжээ. 

Хэрэгт авагдсан, Гадаад хэргийн яамны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09/2359 дүгээр албан бичигт хэлэлцээрийн үйлчлэл дуусгавар болсон гэж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1-4/2106 дугаар албан бичигт хэлэлцээр хүчингүй болох болон дуусгавар болох боломжтой гэж тус тус тэмдэглэхдээ хэлэлцээрийн 18, 20 дугаар зүйл, Олон Улсын гэрээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-ийг үндэслэсэн байх бөгөөд эдгээрт чухам хэдийнээс хэлэлцээрийн үйлчлэл дуусгавар болсон талаар дурдаагүйгээс гадна “…мэдээлэл хүргүүлж байна…”, “…боломжтой гэж үзэж байна…” гэх зэргээр тодорхой хариу өгсөн гэж үзэхээгүй байна. 

Иймд нэг тал гэрээнээс гарснаас хойш нэг жилийн хугацаанд хэлэлцээр хүчинтэй мөрдөгдөнө гэж дүгнэн, уг хэлэлцээрийн 14 дүгээр зүйлд “Компани энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед мөрдөгдөж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тогтоосон журам болон хувиар орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө…”, 16 дугаар зүйлд “…Компанид ажиллаж буй ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон шууд татвар, түүнчлэн өөрт нь хамаарах шимтгэл, …ажиллах хүчинд ногдуулах татвар төлөхөөс чөлөөлөгдөнө”  гэж заасны дагуу актын Тогтоох хэсгийн:

-3.1-ийн 2016 оны 3, 4 дүгээр улиралд гадаад улсын иргэдэд олгосон 1.186.424.3826,54 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод албан татвар ногдуулаагүй, суутган авч төсөвт төлөөгүй;

-3.3-ын мөн хугацаанд борлуулсан төмрийн хүдэрт агуулагдах алт, хөнгөн цагаан, цайр, хар тугалгад нийт 176.463.416,20 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй;

-3.4-ийн мөн хугацаанд борлуулсан жоншинд 226.452.344,5 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчилд нийт 701.337.345 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсаныг тус тус хүчингүй болгож, энэ дүнгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүхээс актын тогтоох хэсгийн 3.6, 3.8, 3.9-д заасан зөрчлүүдэд хамаарах нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэлийн талаар огт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд ч энэ талаар тусгаагүй, гэвч шүүх хуралдаанд актын эдгээр хэсгийг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн тул дараах байдлаар холбогдох зөрчлүүдэд дүгнэлт өгөв.

Актын тогтоох хэсгийн 3.6-аар 2016 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд нийт 53.140.687,91 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь худалдан борлуулсан 5 ширхэг орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр” гэдэгт хамаарахгүй, өөрөөр хэлбэл аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр буюу зочид буудлын зориулалтаар ашиглагдаж байсан тул уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөхгүй.

Актын 3.8-аар төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2012-2016 онд, актын 3.9-өөр төсөвт төлөх хүн амын орлогын албан татварыг 2013-2016 онд тус тус хугацаа хэтрүүлж төлсөн зөрчилд ногдуулсан нийт 6.517.385.875 төгрөгийн торгууль, алдангийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор бууруулж, чөлөөлөх байдлаар 2.818.328.487,64 болгон багасгаж өөрчилсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байна.

Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т зааснаар ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлөх үүрэгтэй, гэтэл дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн уналтаас болж борлуулалт эрс муудсан нь дээрх хуулиар тогтоосон үүргийг биелүүлэхгүй байх, цаашлаад улсын байцаагч, Маргаан таслах зөвлөл, түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээр татварын хугацаа хэтрүүлж төлснийг зөвтгөх боломжгүй.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг …дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч бусдад олгосон орлогоос суутгасан татвараа хуульд заасан хугацаанд төсөвт төлөхөөр байна.

Иймд дээрхийн нэгэн адил татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

Харин ч Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хамаарах  актаар тогтоосон торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэгчийн гомдлыг хангажээ.

3.Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 дүгээр актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 13.031.475.50 төгрөгөөр бууруулсан нь 2016.05.01-2016.12.31-нийг хүртэлх буюу хэлэлцээр үйлчилж байсан 1 жилийн хугацаанд хамаарч байх тул энэ тохиолдолд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэсэн заалт бус хэлэлцээрийн 14 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчилнэ.

4.Нэхэмжлэгчээс актын тогтоох хэсгийн 3.2-аар ногдуулсан 137.498.176.49 төгрөгийн төлбөрийг Маргаан таслах зөвлөлөөс 40.541.977.96 төгрөг болгон бууруулсантай, мөн актын 3.7-ийн Оросын Холбооны Улсад хуваарилсан ногдол ашгийг төлөхөд зориулан авсан зээлийн хүүг тооцон 2013-2016 онд албан татвар ногдох орлогоос хассан нийт 3.054.982,13 төгрөгөөр тухайн он тус бүрийн алдагдлыг бууруулсантай тус тус маргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад актын энэ хэсэг байхгүй болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 536 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Олон Улсын гэрээний тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 3, Олон Улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Улсын Их Хурлын 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг баримтлан “М” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ....... дүгээр актын Тогтоох хэсгийн 3.1, 3.3, 3.4, 3.5 дахь заалтаар ногдуулсан нийт 731.088.904 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож, энэ дүнгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан .... дүгээр актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 13.031.475.50 төгрөгөөр бууруулсныг хүчингүй болгож, харин актын 3.6, 3.8, 3.9 дэх заалтад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.М гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН