Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01346

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05613 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-д 2020 оны 12 сарын 24-ний өдөр Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах эдийн засагчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

1.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 20-ны өдрийн*******тоот тушаалаар нэхэмжлэгчийг Ахлах эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерээр түр томилогдон ажиллах болсон.

1.3. 2020 оноос ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байран дээр ажиллаж байхад үндэслэлгүйгээр туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан Ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн.

1.4. ******* ХХК-ийн Ажилтан сонгон шалгаруулах журмын хоёрдугаар хавсралтын Үнэлүүлсэн ажилтны мэдээлэл-д зааснаар 2023 оны 05 сарын 09-ний өдөр удирдлагын шийдвэрээр намайг үндсэн ажилтнаар томилсон.

1.5. Нэхэмжлэгч нь үндсэн ажилтнаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлготол нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн ******* тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн актын хувьд хэлбэрийн болоод агуулгын шаардлагыг хангаагүй байна.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож буй талаар надад мэдэгдээгүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******ийн хувьд тус компанийн Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 02 сард Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүсэлтээр оролцож, тус ажлын байранд шинээр томилогдсон тул 2023 оны 02 сарын 20-ны өдрөөс бусад ажилтны адил туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт ... туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын зүгээс *******той харилцан тохиролцож 2023 оны 05 сарын 25-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар гэрээний хугацааг дахин 3 сараар сунгаж, үндсэн цалинг нь нэмэгдүүлсэн. Туршилтаар ажиллуулах Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан тушаалыг *******ид албан ёсоор гардуулж өгсөн байдаг.

2.3. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 20-ны өдөр дуусаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар цаашид сунгагдахгүй болсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах тул хуульд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ХХК, *******той Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгоно гэж заасныг шүүх баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

4.2. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь хууль тогтоомж зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ дараах шаардлагыг хангасан байна., 12.2.1-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулаагүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх, 12.3 дахь хэсэгт Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан байна.

4.3. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт хамааралгүй юм. Гэтэл шүүхээс хамааралтай гэж үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно. гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, 50.3 дахь хэсэгт 50.1.2-т заасан туршилтаар ажиллах гэрээ хамааралгүй юм.

4.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж заасан байна. Нэхэмжлэгч *******той харилцан тохиролцсон үйл баримт огтоос байхгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харилцан тохиролцоогүй болно. Иймд дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хүсэл зориг илэрхийлсэн, гэрээг сунгасан үйл баримт байхгүй юм.

4.5. *******ийн туршилтын хугацааг сунгасан тушаал нь өөрөө захирамжлалын баримт бичиг бөгөөд хэлцэл биш юм. Бичгээр хийсэн хэлцэл нь хүсэл зоригийн илэрхийлэл гарын үсэг байх бөгөөд шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгчөөс тус тушаалыг танилцуулсан уу гэж асуухад танилцуулаагүй байсан болно. Гэтэл шүүх туршилтын хугацаа сунгасан тушаалыг хэлцэл гэж үзсэн, нөгөө талаар тал бүрээс нь бодитой судлаагүй юм.

4.6. Тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6-д Туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан ажилтны ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар харьяалах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээний хугацаа дууссан боловч ажилтан үүргээ гүйцэтгэсээр байгааг сунгагдсанд тооцно гэж туршилтаар ажиллуулж байгаа нөхцөлд үйлчлэх нөхцөлийг тусгайлан зохицуулсан байна. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг дүгнээгүй байна. Stare Decisis буюу Шүүх өмнө нь ижил эсвэл төстэй нөхцөл байдалтай хэрэг дээр гаргасан шийдвэрээ эсвэл дээд шатны шүүхийн гаргасан шийдвэрийг баримтлах зарчмын үүднээс дараа дараагийн шийдвэрийг баримтлах зарчмын үүднээс Монгол улсын Дээд шүүх 2025 оны 06 сарын 10-ны өдрийн шийдвэрээр тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн байна.

4.7. Нэхэмжлэгчийн ирүүлсэн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад Гүйцэтгэх захирал С.Наранцогтын гарын үсэг, цалин нэмэх гэсэн С.Наранцогтын гар бичмэлтэй нотлох баримт ирүүлж, тус баримтыг сканердсан хэлбэрээр тухайн үед буюу 2025 оны 08 сарын 18-ны өдөр ТУЗ болон Гүйцэтгэх захирал руу явуулсан цахим шуудангаар тус тус нотлогддог бөгөөд Шүүхээс 2025 оны 05 сарын 08-ны өдөр үзлэг хийсэн байна.

4.8. Тус баримт нь туршилтын хугацаа дуусах үед Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацааны тайланг хэлэлцэж, шийдвэр гаргадаг албан ёсны баримт юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь туршилтын хугацааг сунгах болсон үндэслэл Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар энэ гэрээг цаашид сунгах эсхүл дуусгавар болох эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал мөн боловч Хөдөлмөрийн гэрээний энэ нөхцөл нь туршилтаар ажиллаж байгаа ажилтны мэдэх эрх зөрчигдөх, нөгөөтээгүүр дотоод журмын 13.6-д нийцсэнгүй.

4.9. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай А/113 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлагджээ. Хүчин төгөлдөр үйлчилж байсан А/113 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт Туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан ажилтны ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар харьяалах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэнэ. гэж заажээ. Нэхэмжлэгч ******* нь туршилтын хугацааны ажлын тайланг 2023 оны 05 сарын 09-ний өдрийн тайланг хэлэлцэж, удирдлагаас хэрхэн шийдвэрлэсэн талаараа Хөдөлмөрийн дотоод журмаа хэрхэн хэрэгжүүлсэн талаар хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.10. Түүнчлэн анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн заалтыг баримтлах талаар хэлсэн бөгөөд мэтгэлцээний шатанд хариуцагч нь техникийн алдаа гэсэн боловч өмнөх дотоод журамд мөн адил хугацаа дуусгавар болгоход 1 сарын өмнө мэдэгдэх зохицуулалт байсан байгаа нь техникийн алдаа гэж үзэх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалт нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, дээрдүүлсэн заалт байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар дээрдүүлсэн нөхцөлийг хэрэглэх хууль тогтоомжийн эрэмбэтэй болно.

4.11. ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 122 дугаар зүйлийн 122.1, 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасантай нийцэх бөгөөд хуулиар ажилтанд илүү таатай, нөхцөлийг Хөдөлмөрийн дотоод журамдаа тусгажээ. Өөрөөр хэлбэл, тус заалтаар тус байгууллагад ажиллаж байсан ажилтантай албан тушаал шилжүүлэх, албан тушаал өөрчлөх тохиолдолд туршилтын хугацаатай гэрээ байгуулах бус харин тус байгууллагад шинээр орж буй ажилтантай туршилтын хугацаатай гэрээ байгуулахаар журамласан байна. Иймд Хөдөлмөрийн дотоод журам нь хуульд нийцсэн гэж үзнэ.

4.12. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн гол үндэслэл болох гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай.

4.13. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй.

4.14. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдсан. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ийг тус компанийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгах зорилгоор 2023 оны 02 сарын 20-ны өдрөөс 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул туршилтаар ажиллуулах тухайн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж дурдсаныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрсөн.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т туршилтын хугацаагаар ажиллуулж болно гэх хугацааны зохицуулалтын талаар тусгасан. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах гэрээ байгуулж болно, 64.2 дахь хэсэгт 3 сараас илүүгүй хугацаагаар харилцан тохиролцож, туршилтаар ажиллуулж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг туршилтаар ажиллуулсан.

5.3. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн *******ийг тус компанийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд тавигдах шаардлагад нийцэх эсэхийг шалгах зорилгоор 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

5.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч нар нь *******той туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулах ёсгүй, би байнгын ажлын байранд байсан учир надтай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй гэж тайлбарладаг. Мөн туршилтаар ажиллуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үздэг бөгөөд энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Шүүх хуульд заасан үндэслэлийн дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн учир энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

5.5. Эрдэс Монгол ХХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Монгол Улсын Их хурлын тогтоолын дагуу төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Түүнчлэн тухайн сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн ажилтан бүртэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу зөвхөн *******той тусгайлан хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй.

5.6. Нэхэмжлэгч нь ахлах менежерийн ажлын байранд тэнцэхээс өмнө ахлах эдийн засагч гэх ажлын байранд ажиллаж байсан. Түүнчлэн өмнөх ажлын байрнаасаа чөлөөлөгдөж, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүсэлтээр оролцсон. 2023 оны 02 сарын 20-ны өдөр бусад сонгон шалгаруулалтад оролцсон нийт ажилчдын адил хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан.

5.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 25-ны өдрийн Б/188 дугаар тушаал гарсан. Түүнчлэн тухайн тушаалыг нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулж, гардуулан өгсөн нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд тухайн хугацаанаас хойш дахин туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа талаар мэдсэн гэх гол үйл баримт болох тушаалыг нэхэмжлэгч хүлээн авч танилцсан гэх үзлэгийн тэмдэглэл хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан тул дээрх баримтуудыг үндэслэж, шүүх хэргийг шийдвэрлэсэн.

5.8. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгч нэхэмжлэгчид хандаж та 2023 оны 05 сарын 25-ны өдрийн тушаалыг хүлээн авсан байна. Энэ тушаал нь таны анхны тушаалыг үргэлжлүүлэн туршилтын хугацааг сунгасан тушаал байна гэхэд нэхэмжлэгчийн зүгээс би тухайн тушаалыг ямар агуулгатай болохыг сайн мэдээгүй гэж тайлбарладаг. Тухайн тушаал хэрэгт авагдсан бөгөөд туршилтын хугацааг 3 сарын хугацаагаар сунгасан үйл баримтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч ажилласан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд тухайн тушаалтай холбоотой ямар нэгэн маргаан үүсэж, уг тушаалыг эс зөвшөөрсөн гэх гомдлыг хуулийн хугацаанд гаргасан зүйл огт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.9. Мөн үндэслэх хэсгийн 17-д нэхэмжлэгч нь туршилтын хугацааг сунгах тухай 2023 оны 05 сарын 25-ны өдрийн Б/188 дугаартай тушаалтай тухайн өдөр танилцаж, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.7-д заасантай нийцсэн ба уг тушаалтай холбогдуулж ажил олгогчид гомдол санал гаргаагүй болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Иймээс туршилтын хугацааг сунгасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн буюу талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах хүсэл зоригтой байсан гэж үзнэ хэмээн дүгнэсэн. Үндэслэх хэсгийн 19-д хөдөлмөрийн гэрээний 3.4-т туршилтын хугацаа дууссанаас хойш ажилтантай хугацаагүй гэрээ байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж тохиролцсон боловч хэргийн материалд дахин хугацаагүй гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдоогүй хэмээн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан туршилтын хугацаатай гэрээ байгуулах ёсгүй байсан, энэ талаарх гарын үсэг зурсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй.

5.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх өмнө нь шийдвэрлэсэн ижил төстэй хэргийн шийдвэрээ эсвэл Дээд шатны шүүхийн гаргасан шийдвэрийг баримтлах зарчмын үүднээс Монгол Улсын Дээд шүүх 2025 оны 06 сарын 10-ны өдрийн шийдвэрээр тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6, хөдөлмөрийн гэрээний 3.4-т заасныг тайлбарлан хэрэглэсэн хэмээн дурдсан. Гэтэл манай хэрэг нь тухайн хэргийн үйл баримттай шууд хамааралгүй бөгөөд маргааны үйл баримт нь өөр байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо иш татаж, ийм байдлаар шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй.

5.11. Анхан шатны шүүх хуралдааны үед мөн энэ агуулгаар хэргийг шийдвэрлэх ёстой гэх байдлаар тайлбарлаж байсан хэдий ч уг шийдвэр, магадлал, тогтоол нь *******ийн хэргийн үйл баримтаас өөр хэрэг маргаан, өөр хөдөлмөрийн гэрээ бөгөөд үүнийг шүүх өөрөөр дүгнэж шийдвэрлэсэн талаар миний бие тухайн үед тайлбарласан.

5.12. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь туршилтын хугацааны тайлан, үнэлгээг нотлох баримтаар үнэлээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Түүнчлэн тайлангийн дараа *******ийн хөдөлмөрийн гэрээг дахин 3 сараар сунгасан гүйцэтгэх захирлын тушаал гарсан учир туршилтын хугацааг 3 сараар сунгасан тушаалыг нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулж, гардуулсан.

5.13. Нэхэмжлэгч тал дотоод журмын 13.4-т заасан шинээр ажилд орж буй ажилтантай туршилтын 3 сар хүртэлх хугацаагаар гэрээ байгуулах гэдгийг хариуцагч компани зөрчсөн гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь зөвхөн шинээр ажилд орж буй ажилтантай туршилтын хугацаагаар гэрээ байгуулах ёстой буюу хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн заалт үргэлжлэн хэрэгжих ёстой гэх байдлаар тайлбарласан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оноос хойш дагаж мөрдсөнөөр хүчин төгөлдөр болсон.

5.14. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр ажилд орж буй ажилтантай хөдөлмөрийн гэрээг туршилтаар хийнэ гэх зохицуулалт байхгүй бөгөөд тухайн ажлын байранд тэнцэх эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар гэрээ байгуулж болно гэж заасан. Тиймээс хуучин хуулийн хэрэглээний дагуу дотоод журмаар зөвхөн шинэ ажилтантай туршилтын хугацаатай гэрээ хийх ёстой гэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******ийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 20-ны өдрийн*******дугаар тушаалаар Ахлах эдийн засагчийн үүрэгт ажлаас 2023 оны 02 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд түр томилж, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж, нэг удаа гурван сараар сунгасан байна. /1хх-6, 9-20/

 

4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын 1 дэх заалтаар Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер *******гийн *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 08 сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8, 3.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн *******той байгуулсан Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх-7/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоогүй талаар зөв дүгнэжээ.

 

5.1. Ажилтны туршилтаар ажиллуулах зорилго нь ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгахад чиглэх ба энэ нь заавал шинээр ажилд орж байгаа ажилтанд хамаарахгүй юм. Өмнө ажил, албан тушаалтай нь шууд холбоогүй өөр ажил албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахын тулд туршилтаар ажиллуулж болно.

 

5.2. ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.4-д заасан ... шинээр орж байгаа ажилтантай туршилтын 3 сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллана гэсэн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан хуулийн агуулга, үзэл баримтлалыг хэт явцууруулан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.3. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 25-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн *******ийн туршилтаар ажиллуулах хугацааг 2023 оны 05 сарын 20-ны өдрөөс 3 сарын хугацаатай сунгасан тушаалтай танилцаж гарын үсэг зурсан нь хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6.1. Туршилтаар ажиллуулах гэрээний хугацааг сунгах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах боловч хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д Туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан ажилтны ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар харьяалах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж, 22.4.3-т ... Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл гэж заахын зэрэгцээ 22.7-д энэхүү журмын 22.3, 22.4.1-22.4.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж тус тус зохицуулжээ.

 

6.2. Хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалынхаа үндэслэлд заасан хууль зүйн нөхцөлийг хангасан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, Хөдөлмөрийн дотоод журмын 13.6, 22.7-д заасан нөхцөл хэрхэн хэрэгжсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч байгууллага нь туршилтын хугацааг дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө 1 сарын өмнө мэдэгдээгүй, мөн туршилтын хугацаанд ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан талаар ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар харьяалах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн, түүнийг хэлэлцэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй байна.

 

Ажил олгогч нь өөрийн дотоод журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт, журмыг баталсан атлаа ажилтныг ажлаас чөлөөлөхдөө уг зохицуулалтыг баримтлахгүйгээр зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтад нийцэхгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 263,000,000 /Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1.5-д үндсэн цалинг 11,000,000 төгрөгөөс дундаж цалин хөлсийг тооцох нь бодит байдалд нийцнэ. 11,000,000 x 23 сар 20 хоног=263,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/05613 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Ахлах менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 263,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,472,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР