| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0189/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/213 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/213
2019 07 17 2019/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Хохирогч С.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн 1934002230178 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Т, 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Ардын хувьсгалын 80-н жилийн ойн медальтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Тгийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим манай өргөмөл эгч нөхрийнхөө хамт намайг дуудаад гэрч ирж цай уу гэсэн. Тэгээд би охиноо дагуулж очсон. С.О Төв аймаг руу өвчтэй хүн аваад явсан байсан. Тэгээд би эгчийндээ очоод цай, хоол идээд байж байхад 1 шил архи гаргасан. Тэгээд тэр архийг эгч, ах хоёртойгоо хувааж уусан. Тэгээд оройны 19-20 цагийн үед С.Ог утсаар дуудахад ажил дээрээ байна, гэртээ хариагүй байж байя гэсэн. Тэгээд мөн манай эгч, ах хоёрын охин нь ээж аавтайгаа нэг хашаанд амьдардаг болохоор цэргийн баяр болж байсан учраас намайг орж ирж цай, хоол ид гэсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай охин гэртээ харина гэж уйлаад байхаар нь би охиноо аваад гарах гэтэл манай ах, эгч хоёр надаа тараг, сүү, борц өгөхөөр нь би нэг гартаа бүгдийг нь бариад нөгөө гартаа охиноо тэврээд гэртээ харьсан. Гэртээ ирээд хаалга онгойлгох гэж байгаад охиноо унагаахад охин минь уйлсан. Тэгээд би эхнэртээ уурлаад гэр лүүгээ орсон. Намайг ороход манай эхнэр гал тогооны өрөөнд хоол хийгээд байж байсан. Би шууд эхнэр лүүгээ очоод ядарсан ах, эгч минь хүндлээд дуудаж байхад очсонгүй, хүүхэд газар унаад уйлж байхад гарч ирээд авсангүй гэж хэлээд би цамцны энгэрээс заамдаж аваад уурласан. Тухайн үед би уурлаад юу хийж байгаагаа мэдээгүй. Дараа нь газар сууж байхад манай эхнэр миний урдуур яваад байхаар нь баруун талын хөлийг бариад базсан. Тэгээд би уурандаа унтсан. Шөнө дунд цагдаа орж ирээд намайг аваад явсан. ...бид хоёр нэг гэрт ороод 3 жил болж байна. Огт гар хүрч байгаагүй. ...би тухайн үед эхнэртээ уурласан уурандаа дээрх гэмтлүүдийг учруулсан. Манай хадам талынхнаас болж хэрүүл эхэлдэг. Хадмын талууд үргэлж дээрэлхүү хүйтэн хөндий ханддаг. Тухайн үед би архи уусан нь үнэн. Тэгээд би хадам аав руу яриад охиныхоо цогцсыг ирж ав би охиныг чинь алчихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Мөн С.Огийн эгч болон хүргэн ах Туулхүү нь ирээд С.Ог аваад явсан байсан гэх мэдүүлэг,
Хохирогч С.Огийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө хүнд өвчтэй хүн аваад Төв аймаг руу явсан. Тэгээд тэр хүнээ үзүүлээд, шинжилгээ өгүүлээд эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. Тэгээд эмч нь хагалгаанд орчхоод гарч ирэхгүй байсаар байгаад 17 цаг болсон. 18 цаг өнгөрөөгөөд Төв аймгаас гараад 20 цаг болж байхад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр Д.Т, охин хоёр маань байхгүй утсаар ярьсан чинь хамаатных нь ахынд байна гэсэн. Тэгээд би хоолоо хийгээд байж байя би очоод яах вэ гэж хамаатных охинд хэлсэн. Тэгээд нөхөр маань утсаар охиндоо бантан хийж байгаарай гээд 20 минутын дараа гаднаас хүүхэд уйлаад тэр хоёр орж ирсэн. Гадаа үүдэн охин маань унасан гээд орж ирээд хувцсыг тайлаад зогсож байснаа чам шиг баярын өдөр ажил хийгээд явж байгаа хүн байдаг юм уу гээд би тэгээд тоохгүй хүүхдээ тэврээд хоолоо хутгаад зогсож байтал араас хүзүү базаад намайг өргөсөн. Зууралдаж байгаад тавиулсан. Энэ үед хүүхэд уйлаад аргадах гээд байж байтал миний зүүн хөлний хуруунуудыг мушигаж гэдийлгэж дарсан. Тэгээд болиод утсаар аав Сумъяа руу залгаж энэ охиноо ав гээд хэлсэн. Тэгээд манай аав цагдаад дуудлага өгсөн. ...хүзүүнд цус хуралт, баруун хөлний тавхайнд зөөлөн эдийн няцрал гэх гэмтлүүд учирсан. ...бид хоёр одоо эвлэрсэн байгаа. Ямар нэгэн асуудал байхгүй. ...Тухайн үед би юм хэлээгүй Д.Т өөрөө л манай аав руу утасдсан. Тэгээд манай эцэг, эх цагдаад дуудлага өгөөд ах, эгч нар ирж намайг авсан. 22 цаг өнгөрч байхад цагдаа нар ирсэн. Маргааш нь би Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би үзүүлэхгүй гэсэн боловч манай хүргэн ах үзүүлчихээ эхлээд гэмтлийн зэргээ тогтоолгоод авчих тэгээд Д.Т уучлалт гуйгаад байвал гомдлоо буцааж авч болдог юм гэсэн. Тэгээд манай ахтай хуучин цуг ажиллаж байсан хүн дээрээ оруулж өгөөд, тэр хүн нь намайг авч яваад үзүүлсэн. Тэгээд Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар ах нь авчихна, тэгээд өргөдлөө буцаагаад авна гэж хэлсэн. Тэгээд ийм байдалд хүрсэн. Миний толгой өвддөг, бие султай. Манай ах дагуулж яваагүй байсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Манай нөхөр урьд нь намайг зодож байгаагүй, гэр бүлийн маргаан бол гардаг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Р.Сумъяагийн өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нь үнэн. Тэр өдөр шөнийн 22 цагийн үед манай хүргэн Д.Т над руу утастаад “танай охиныг би алчихсан шүү, охиныхоо цогцсыг ирж ав” гэж хэлэхээр нь би их айж сандарч Төв аймгийн Цагдаагийн газарт энэ тухай хэлж дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх 11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №3601 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.С.Огийн биед тархи доргилт, хүзүү хоолойд цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.ШЭГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх 15/,
Шинжээч Ж.Ганцэцэгийн өгсөн: Үзлэгээр толгой өвдөнө, баруун хөлийн хуруунууд хавдсан, хүзүү хоолойгоор өвдөнө гэсэн зовиуртай байсан. Хэсэг газрын үзлэгээр баруун тохой бага зэрэг хавдартай, хүзүү хоолой олон тооны янз бүрийн хэмжээтэй хүрэн өнгийн цус хуралт бүхий боолтын оромтой байсан. С.Огийн биед тархи доргилт хүзүү хоолойд цус хуралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хх 95/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №341 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Д.Тгийн биед хоёр чихний мэдрэл мэдэрхүй гаралтай сонсгол бууралт тогтоогдлоо. 2.Дээрх сонсгол бууралт нь гэмтлийн бус шалтгаантай тул ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохгүй. 3.Өвчний гар карт нь 2019.5.29-нд ирэв гэжээ /хх 73-85/,
Гэрч Н.Оюун-Эрдэнэнийн өгсөн: ...Хүний чихэнд нам авиа, өндөр авиа мэдэрдэг өөр өөр хэсгүүд байдаг. Үүнээс хамаараад зөөлөн дуу чимээ, чанга дуу чимээ сонсох өөр байдаг. Сонсголын бууралтыг өндөр авиа, нам авианы дунджаар гаргадаг. Тухайн хүн нам авиа, эсвэл өндөр авиа сонсох нь тухайн гэмтлээсээ шалтгаалж өөр өөр байдаг. Тухайн байгаа орчноосоо хамаараад сонсох байдал өөр байдаг. Дуу чимээ ихтэй газар бусдын ярьж байгааг сонсож чадахгүй гэх мэдүүлэг /хх 69/,
шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22/, шүүгдэгч Д.Тгийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /хх 26-29/, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх 36/, гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа /хх 37/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх 50/, аюулын зэргийн үнэлгээ /хх 51-54/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Харин Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр С.Огийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Т нь урьд нь эхнэр С.Ог зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр "ах, эгч нар цай уу гэж байхад очиж цай уусангүй, ах, эгч нарыг минь хүндэлсэнгүй" гэх шалтгаанаар хохирогчийн эрх чөлөөнд нь халдсан болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана." мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно." дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Т нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, С.Огийн биед санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Ахмад настны үндэсний төвийн ажилчдын байранд байрлах гэртээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед эхнэр С.Ог "Ах, эгч цай уу гэж байхад очсонгүй, хүндэлсэнгүй" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь араас нь хүзүүг нь базаж өргөх, цамцны захаар нь хоолойг нь боох, хөлийн хуруунуудыг мушигаж гэдийлгэж дарах зэргээр халдаж эрүүл мэндэд нь "тархи доргилт, хүзүү хоолойд цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Огийн мэдүүлэг, гэрч Р.Сумъяагийн мэдүүлэг /хх 11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №3601 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 15/, шинжээч Ж.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх 95/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Тгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.О нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.Тг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрээс шүүгдэгч Д.Т нь 250 000 төгрөгийн группын орлоготой. Иймд торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг багасгаж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах, түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934002230178 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Прокурорын газраас хяналтын прокуророос шүүгдэгч Хотон Дашийн Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6.Эрүүгийн 1934002230178 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ