Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2016/05006

 

2016 оны 08 сарын 31 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05006

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23/4-33 тоотод оршин суух, Маахүү овогтой Нэргүйн Оюун /РД:ЙН72020901/-ны нэхэмжлэлтэй, Т.Эрхэмбаярыг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн  Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 23-4 дүгээр байрны 33 тоотод орших 60 м.кв, 2 өрөө орон сууцыг “Хостулга” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар зуучлуулан нэг сарын 600,000 төгрөгөөр 2014 оны 7 дугаар сарын 05-ны 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээслүүлэн. 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түрээсээ төлж байгаад 10 дугаар сараас хойш төлөлт хийгдэхгүй хугацаа алдаж эхэлсэн. Тухайлбал 2014 оны 10 дугаар араас 2015 оны 05 дугаар сард 7 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлж байгаад 2015 оны 05 дугаар сард 7 сарын түрээсийн төлбөр болох 4,200,000 төгрөгөөс 2,400,000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл 1,800,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр Т.Эрхэмбаярын эхнэр Т.Энхцэцэг нь өөрийн гараар төлбөрийн үлдэгдлийн талаар бичиж бөгсөн юм. Ингэхдээ түрээсийн үлдэгдэл төлбөр болох 1,800,000  төгрөг дээр цахилгааны байр СӨХ-ны төлбөр болох 150,000 төгрөг алданги 150,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ингээд дээрх төлбөрөөс 600,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сард төлсөн ч үлдэгдэл 1,500,000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна. Бидний байгуулсан түрээсийн гэрээний 3.5-д түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг сүүлийн 1 жилийн хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлж байгаа учраас 1,500,000 төгрөгөөс хоногийн 0.5 хувийн алдангийг сүүлийн 1 жил буюу 365 хоногоор тооцож, энэ нь 2,737,500 төгрөг /1,500,000*0:5%=2.737.500/ болсон юм. Ингээд Т.Эрхэмбаяраас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, алданги хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 750,000 төгрөг нийт 2,250,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан ч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 102/Ш32016/21571 тоот захирамжаар

 

хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болон шийдвэрлэсэн. Иймд Төмөрбат овогтой Эрхэмбаярыг эрэн сурвалжилж өнгө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.Эрхэмбаярийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдаан 2016 оны 08 сарын 31-ний өдөр товлон зарласан байх бөгөөд тус өдөр миний бие албан ажлаар хөдөө орон нутагт ажиллах тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Оюун нь Т.Эрхэмбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Т.Эрхэмбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Н.Оюун, Т.Эрхэмбаяр нарын байгуулсан 48 дугаартай "Түрээсийн гэрээ"-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/21571 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Эрхэмбаярын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/21571 дугаар захирамжаар тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Н.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Төмөрбатын Эрхэмбаяр /РД:ЖЭ79070710/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Төмөрбатын Эрхэмбаяр /РД:ЖЭ79070710/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т.Эрхэмбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн    60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР