Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01314

 

 *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/07875 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК болон *******ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01689 дугаар захирамжаар *******аас зээлийн гэрээний үүрэгт 320,000 ам.доллар гаргуулж *******-д олгохоор зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх-73-77/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* нь сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 183/ГХ2017/01051 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааны явцад *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 12 сарын 26-ны өдөр битүүмжилж, 2024 оны 12 сарын 30-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан байна. Энэ ажиллагаанд талууд гомдол гаргаагүй.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 01 сарын 15-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр *******ХХК-ийн шинжээч *******, *******ХХК-ийн шинжээч ******* нарыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /1хх-95-101/

 

******* ХХК-ийн шинжээч *******, *******ХХК-ийн шинжээч ******* нар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчин нарт 2025 оны 01 сарын 15-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. /1хх-96, 101/

 

Шинжээч *******ХХК нь 2025 оны 01 сарын 23-ны өдөр *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 335,038,694 төгрөг гэж, шинжээч ******* ХХК нь 2025 оны 01 сарын 23-ны өдөр *******ы өмчлөлийн ******* м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 384,768,000 төгрөг гэж тус тус үнэлсэн. /хх-103-104/

 

5. Шинжээч ******* ХХК болон *******ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийг үнэлгээ тогтоох ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасан зохицуулалтад нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.1. Хариуцагч байгууллагаас 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 4-92/30136, 4-92/30137 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдлийг нэхэмжлэгчийн охин *******эд 2025 оны 01 сарын 09-ний өдөр viber/вайбер/-аар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байх ба нэхэмжлэгч нь 2025 оны 01 сарын 13-ны өдөр үнийн саналаа ирүүлсэн байна.

 

Түүнчлэн шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн хамаатан ******* гэх хүнд 2024 оны 01 сарын 27-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, энэ талаар нэхэмжлэгчийн 89935577 дугаарын утсанд зурвас үлдээн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн байна.

 

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул үнийн санал өгөх талаар мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, үнэлгээг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ... зах зээлээс доогуур үнэлэгдсэн ... гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч *******ы өмчлөлийн орон сууц нь тансаг зэрэглэлийн гэж тайбарлах боловч нэг хаягт байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийг тусдаа мэргэшсэн үнэлгээчин үнэлгээг гаргахад үнийн зөрүү бага байгаа нь үнэлгээ бодитой тогтоогдсон гэж дүгнэхээр байна.

 

6.3. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа үнэгүй.мн цахим хаягт байршсан зарыг үндэслэн үнэлгээг зах зээлийн хандлагаар тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт нийцсэн байна. Энэ талаар гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/07875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР