| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06435/И |
| Дугаар | 102/ШШ2016/05005 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05005
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20дугаар хороо, Сонсголонгийн зам “Блюбус” ХХК-ийн байр 3 давхар 307 тоотод байрлах “Кемистар /РД:5576431/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар гудамж, Гран Плаза 1007 тоотод байрлах “Мэргэн хангал Конкрит” ХХК /РД:5738946/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Кемистар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэlдээ: Хариуцагч “Мэргэн хангал Конкрит” ХХК-тай HPS маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисыг худалдах худалдан авахаар хоёр тал харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч “Кемистар” ХХК нь хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 8 сарын 16-ны өдрөөс 2014 оны 9 сарын 27-ны өдрийн хооронд нийт 35,000 кг 73,500,000 NPS маркийн бетон зуурмагий нэмэлт бодис нийлүүлсэн. Хариуцагч Мэргэн хангал конкрит ХХК нь өнөөдрийн байдлаар 66,800,000 төгрөгийг төлж барагдуулсан ба 6,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй “Кемистар” ХХК-ийг хохироож байна. Нэхэмжлэгч “Кемистар” ХХК нь хариуцагч “Мэргэн хангал Конкрит” ХХК-ийн эрх бүхий хүмүүс 2014 оны 8 сарын 16-ны өдрөөс 2014 оны 9 сарын 27-ны өдөр хүртэл өгч авалцса зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг. Тооцоо нийлсэн актаар хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК нь 6,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс “Мэргэн хангал конкрит” ХХК-д удаа дараа нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлж барагдулахыг албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 6,700,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Кемистар” ХХК-ийн нийлүүлсэн NPS маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисын үлдэгдэл төлбөр болох 6,700,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Кемистар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэнпунцаг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд “Кемистар” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Мэргэн хангал конкрит” ХХК-д холбогдох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 6,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК-ийн захирал Ц.Галтхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Кемистар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Мэргэн хангал конкрит” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 9 сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Кемистар” ХХК нь “Мэргэн хангал конкрит” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 6,700,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 6,700,000 төгрөг гаруулах тухай “Кемистар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 09-ний өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү хүсэлтийг ирүүлсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 6,700,000 төгрөг гаруулах тухай “Кемистар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 09-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 61,075 төгрөгийг хариуцагч “Мэргэн хангал конкрит” ХХК болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Кемистар” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР