| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 193/2025/00718/И |
| Дугаар | 210/МА2025/01345 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01345
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 193/ШШ2025/00571 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч *******гийн Хаан банкин дахь данс руу нийт 68,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
3.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн Хаан банкин дахь данс руу ******* гэх мэт утгатайгаар нийт 73,802,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
4. Талуудын хооронд удаа дараа зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 5,236,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
6.1. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь тогтмол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдохгүй байх тул Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд хамаарахгүй.
Түүнчлэн, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа эрх бүхий этгээд нь иргэн байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг үндэслэн зээлийн үйл ажиллагааг явуулах талаар зохицуулалт бөгөөд энэ зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг авалгүйгээр зээлийн үйл ажиллагааг эрхэлсэн бол хүү шаардах эрхээ алдах талаар зохицуулсан. Харин хариуцагчаас зээлийн хүүд төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй.
6.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд амаар байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхээ алдсан талаар гомдлыг хангахгүй.
Тодруулбал, талуудын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан боловч хариуцагч нь зээлийн хүү гэж зөвшөөрч төлсөн үйл баримтад маргаагүй тул өөрийн хүсэл зоригийн дагуу төлсөн хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр буцаан шаардах эрх үүсэхгүй.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн зохицуулалт нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгчийн хувьд хүү шаардах эрхгүй болохыг зохицуулсан болохоос зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 282 гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, Иргэний хуулийн 282.1 гэж зөвтгөсөн өөрчлөлт оруулна.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 193/ШШ2025/00571 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР