Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01424

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 253,227,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 сарын 24-ний өдөр хариуцагч компанитай автомашин захиалгын гэрээ байгуулж New Range Rover V8 LWB HSE загварын автомашиныг 596,350,000 төгрөгөөр, 2021 оны 12 сарын 22-ны өдөр мөн автомашин захиалгын гэрээ байгуулж New Range Rover V8 LWB HSE загварын автомашиныг 584,423,000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар харилцан тохиролцсон.

1.2. Захиалсан автомашиныг нийлүүлээгүй хугацаа хэтрүүлснийг Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбон ойлгож, хүлээцтэй хандсан. Гэвч 2023 оны 02 сард захиалсан автомашинаа аваарай гэхэд нь өөрийн төрсөн дүү *******ыг явуулахад захиалсан New Range Rover V8 LWB HSE загварын автомашины биш L460 Range Rover LWB SE V8 болон L460 New Range Rover загварын автомашин байсан.

1.3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн захиалсан загварын автомашины үйлдвэрлэлт зогссон гэж тайлбарлаж өөр загварын автомашиныг нэмэгдсэн үнээр буюу 717,000,000 төгрөгөөр авахыг тулгаж, авахгүй тохиолдолд тээврийн зардлыг суутгана гэсэн байдаг. Үүний дагуу өөр загварын автомашиныг худалдах, худалдан авах гэрээг дүү ******* болон миний бие шинээр байгуулж, хүлээж авсан.

1.4. Гэтэл Range Rover-ын цахим хуудсанд нэвтэрч үзэхэд New Range Rover V8 LWB HSE загварын автомашин үйлдвэрлэгдсэн хэвээр байгааг мэдсэн. Иймд үйлдвэрлэгдэхээ больсон, үнэ нэмэгдсэн гэж худал хэлж, үндэслэлгүйгээр нэг шатлал доогуур автомашиныг илүү үнээр худалдсан учир New Range Rover V8 LWB HSE загварын оронд L460 Range Rover LWB SE V8 загвар нийлүүлсний зөрүү үнэ 132,577,000 төгрөг, L460 New Range Rover загвар нийлүүлсний зөрүү үнэ 120,650,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *******ын хувьд тус компаниас New Range Rover V8 LWB HSE загварын яг адилхан 2 ширхэг автомашиныг худалдаж авахаар захиалгын гэрээ байгуулсан. Эхний захиалгын гэрээний нийт үнэ нь 596,350,000 төгрөг, урьдчилгаа 59,635,000 төгрөг, 2 дахь гэрээний нийт үнэ 584,423,000 төгрөг урьдчилгаа 58,000,000 төгрөг тус тус төлсөн байсан. Хоёр дахь машин дээр нь ******* компанийн зүгээс 2 хувийн хөнгөлөлт буюу 11,927,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн.

2.2. Luxury буюу тансаг зэрэглэлийн автомашин нь шууд зах зээлд бэлэн байхгүй заавал захиалгаар үйлдвэрлэгдэж байж худалдаж авдаг онцлогтой. Учир нь тухайн автомашины тоноглол бүрийг захиалагчийн хүсэлт, сонирхлоор тусгайлан үйлдвэрлэж угсардаг. Иймээс ямар ч тансаг зэрэглэлийн машиныг өнөөдөр захиаллаа гэхэд маргааш нь хүлээж авах боломж байхгүй. Мөн цар тахлаас шалтгаалаад хил гааль болон ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй үйлдвэрлэл удаашрах, улмаар тээвэрлэлт удааширч байгаа талаар 2022 оны 04 сарын 14-ний өдөр *******од бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

2.3. Захиалгын гэрээний 5.2 дахь хэсэгт хэрвээ нийлүүлэгч тал энэхүү гэрээнд заасан хугацаанд автомашиныг хүлээлгэн өгч чадахгүй бол захиалагч тал амаар эсвэл бичгээр нийлүүлэх хугацааг мэдэгдэнэ. Хэрвээ захиалагч тал нь борлуулагчийн шинэчилсэн нийлүүлэх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бичгээр мэдэгдлээ хүргүүлээд гэрээг дуусгавар болгож болно. Энэ тохиолдолд төлбөрийг захиалагч талд буцаан олгоно гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар суутгал хийнэ гэсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа энэ машиныг авахгүй бол төлсөн мөнгөнөөс нь суутгал хийнэ гэдэг нь үндэслэлгүй.

2.4. Захиалгын гэрээ байгуулснаас хойш цар тахлаас шалтгаалаад New Range Rover V8 LWB HSE загварын автомашинд нь хэрэглэгддэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь зогсож, уг загварын автомашиныг үйлдвэрлэх боломжгүй болсон талаар үйлдвэрлэгчээс албан ёсоор ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд HSE болон түүнээс өндөр зэрэглэлтэй автомашинуудыг S болон SE загвараар солих шаардлагатай талаар дурдсан байдаг.

2.5. Улмаар компанийн зүгээс 2022 оны 06 сарын 22-ны өдөр ******* руу New Range Rover V8 LWB HSE загварын автомашины тоноглол өөрчлөгдсөн, үнэ нэмэгдсэн, нийт үнээс 6,415 ам.долларын хөнгөлөлт үзүүлж байна, өссөн үнэ нь ийм дүн болж байна гэх агуулгатай албан ёсоор мэйл явуулсан. Захиалгын гэрээний 4.2 дахь хэсэгт үйлдвэрлэгч уг загварын автомашины үйлдвэрлэлийг зогсоосон эсхүл нийлүүлэгч нийлүүлж чадахгүй болсон тохиолдолд нөгөө талд бичгээр мэдэгдэл гаргасны дагуу уг гэрээг дуусгавар болгож болно.

2.6. Иймд нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг хэрвээ энэ автомашин авахгүй гэвэл тээвэрлэлтийн зардал хохирлыг суутгана гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, захиалгын гэрээн дээрээ ямар тохиолдолд цуцлах, дуусгавар болгох, удааширсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, захиалагч тал нь ямар эрх хэмжээтэй талаар бол талууд тусгайлаад тохирсон. Нэхэмжлэгчид энэ автомашины үнэ өөрчлөгдөж байгаа, тухайн захиалсан төрөл нь үйлдвэрлэх боломжгүй байгаа талаар удаа дараа мэдэгдээд нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзаад талууд тохиролцоод HSE загварыг SE болгохдоо ямар ямар тоноглолыг нь авч үлдэж болох, ямрыг нь солих шаардлагатай гэдгээ тохироод тэр загварыг нь үйлдвэрлэсэн байдаг.

2.7. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоод нэхэмжлэгч нь гэрээ цуцлах эрхээ огт хэрэгжүүлээгүй харин түүний дүү ******* нь 2023 оны 02 сарын 09-ний өдөр, 2023 оны 04 сарын 03-ны өдрүүдэд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 ширхэг SE загварын автомашиныг тус бүр нь 717,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Тухайн үед ямар машиныг, ямар мөнгөөр авч байгаа талаар аль аль тал нь тохироод гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-нд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 253,227,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Басрболд, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,582,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 05 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Тус шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт хүргэх, шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар тодорхой мэдээллээр хангах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байдлаар ёс төдий байдлаар зурвас илгээсэн баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэр бүхий 2 нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцож байгаа билээ. Эрх болон үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш удаа дараа шүүх хуралдаан хэзээ болох, товын талаар өөрийн биеэр болон утсан холбоогоор байнга асууж, энэ талаар сурагладаг байсан ба хамгийн сүүлд мөн оны 05 сарын 20-ны өдөр шүүгчийн туслахаас асуухад Манай шүүгч 06 сарын 05 хүртэл шүүх хурлуудаа зарласан байгаа, та энэнээс хойш асуу гэх хариултыг өгсөн. Ингэж асуух шалтгаан нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 05 сарын 22-ны өдөр БНСУ руу эрүүл мэндийн шалтгаанаар зорчиж, 05 сарын 30-ны өдрийн үүрээр буцаж ирэх байсан тул шүүх дээр байгаа бүх хэрэг маргаанаа энэ хугацаанд хурал тавьсан бол хүсэлт өгөх зорилготой байсан болно. Гэтэл яг энэ хугацаанд хурал тавихгүй гэж хэлсэн атлаа шүүх хуралдаанаа хийж, хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээгээр автомашин захиалга үүсгэж, улмаар автомашины загвар болон төлбөрийн нөхцөлийг маш тодорхой тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь 2 давтамжтай гэрээ байгуулж, NEW RANGE ROVER V8 LWB HSE загварыг маш тодорхой үнээр захиалсан. Гэтэл өөр загварын автомашин авчирсан, ам.долларын ханшны зөрүү гэж илүү төлбөр төлөхийг шаардаж, захиалсан машинаар нь барьцаалж, мөнгө илүү төлүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, талууд гэрээг Монгол төгрөгөөр төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр байгуулсан бөгөөд энэ гэрээний үнэд ам.долларын ханш ямар ч хамаагүй, энэ талаар гэрээнд огт тусгаагүй билээ.

4.4. Гэтэл автомашиныг 2 жил гаруй хугацаанд авчрахгүй элдэв шалтгаан тоочиж байгаад авчирсан хойноо өөр загвар буюу гэрээнд зааснаар зэрэглэл доогуур болгож, үнийг доллар өссөн гэх шалтгаанаар нэмэгдүүлж, төлөхгүй гэж маргахаар автомашиныг чинь өгөхгүй гэх дээрэнгүй харьцаа үүсгэх замаар илүү төлөлт хийлгэж, төлбөрийг нэмэгдүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна.

4.5. Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тайлбарлахдаа агуулгын хувьд зөрүүтэй тайлбарласан нь хууль хэрэглээний алдаа болно. Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд буюу ******* ХХК, үүрэг гүйцэтгэгч этгээд буюу *******, ******* нарыг хооронд үүрэг үүсээгүй гэдгийг шүүгч юу гэж ойлгосон нь энэ шийдвэрээс тодорхой харагдахгүй байгаа ба гэрээний хүрээнд ам.долларын ханшийн зөрүүнд илүү төлбөр төлөх үүрэг огт үүсээгүй гэдгийг шүүгч ойлгоогүй үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн оролцогч, зохигчийн эрхийг ханган дахин шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, тухайн хугацаанд би гадаад улсад байсан гэх зүйлийг ярьдаг боловч энэ талаарх нотлох баримт байдаггүй. Тиймээс энэ асуудлаа баримтаар нотлох ёстой гэж үзэж байна.

5.2. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах боломжтой учир хэргийг заавал анхан шатны шүүх рүү буцаалгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч тал нь анх нэхэмжлэгч нартай автомашин захиалгын гэрээ байгуулж, Range Rover HSE маркийн 2 ширхэг автомашиныг нийлүүлэхээр болсон.

5.3. Гэтэл тухайн автомашиныг үйлдвэрлэж байх хугацаанд дэлхий нийтээр цар тахал гарсан тул захиалсан автомашины загварыг үйлдвэрлэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгч нарт 2022 оны 06 сарын 22-ны өдөр /1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас/, 2022 оны 04 сарын 14-ний өдөр /2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас/-т авагдсан баримтуудаар албан ёсоор мэдэгдсэн.

5.4. Түүнчлэн автомашины үнийн дүн нэмэгдсэн талаар хэлж, хэрэв гэрээг цуцлахаар бол ямар нэгэн суутгал хийхгүйгээр урьдчилгаа мөнгийг нь буцаан өгнө гэсэн агуулгатай и-мэйл болон бичгийн мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар автомашины үнийн дүн өссөн саналыг хүлээн зөвшөөрч, талууд ярилцсаны эцэст өөр загварын автомашинд тоноглол хийж, тухайн 2 автомашиныг авч ирсэн.

5.5. Талууд 2023 оны 02 сард захиалгын гэрээг дуусгавар болгож, худалдах, худалдан авах гэрээг шинээр байгуулснаар тухайн 2 автомашины өмчлөх эрхийг нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь автомашиныхаа засвар үйлчилгээг хариуцагч компаниар хийлгэж байгаа. Тиймээс энэ хүчин төгөлдөр гэрээний хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал яригдахгүй гэж үзэж байна.

5.6. Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хангагдаагүй гэх тайлбарыг хэлдэг. Уг захирамжид ******* ХХК болон Jaguar Land Rover Limited гэх компаниудын хооронд байгуулагдсан гэрээг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн ярьж буй ганц хуудас цаас гэдэг нь гэрээний нэмэлт өөрчлөлтийг дараа нь гаргаж өгсөн баримт байсан. Иймд нэхэмжлэгч талыг хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 253,227,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 12 сарын 22-ны өдөр Автомашин захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр New Range Rover V8 LWB HSE маркийн автомашиныг 584,423,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

 

3.2. ******* болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 11 сарын 24-ний өдөр Автомашин захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр New Range Rover V8 LWB HSE маркийн автомашиныг 596,350,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

 

3.3. Хариуцагч ******* ХХК-аас 2023 оны 03 сарын 30-ны өдөр 048/2023 дугаартай албан бичгээр Нийлүүлэгчээс үл хамаарах олон нөхцөл байдлын улмаас автомашины үнэд өөрчлөлт орсон гэдгийг та сайтар мэдэж байгаа, 3. Гэрээ цуцлах мэдэгдэл хэсгийн 3.2-т 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 17 цагийн дотор нийлүүлэгчээс хүргүүлсэн нэхэмжлэлд тусгагдсан автомашины үлдэгдэл төлбөрийг нийлүүлэгчид бүрэн шилжүүлээгүй тохиолдолд нийлүүлэгчээс захиалгын гэрээг цуцалж, захиалагчид төлсөн урьдчилгаа төлбөрийг Захиалгын гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар буцаан олгож, автомашиныг бусдад худалдан борлуулахыг танд үүгээр мэдэгдье гэж дурдсан.

 

3.4. ******* болон ******* ХХК нарын хооронд 2023 оны 02 сарын 09-ний өдөр LR-10/2023 дугаар гэрээ байгуулж, L460 Range Rover LWB SE V8 тоноглолтой автомашиныг 717,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

 

3.5. ******* болон ******* ХХК нарын хооронд 2023 оны 04 сарын 03-ны өдөр LR-23/2023 дугаартай L460 New Range Rover маркийн автомашиныг 717,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

3.6. Нэхэмжлэгч нар гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан, хариуцагч байгууллага нь сүүлд байгуулагдсан гэрээнд дурдсан автомашиныг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Нэхэмжлэгч нар нь ... нийт 2 автомашины үнэ 1,434,000,000 төгрөгөөс 584,423,000 төгрөг болон 596,350,000 төгрөгийг хасахад 253,227,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ... гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

5.1. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарт шинээр гэрээ байгуулах саналыг тавьж, хэрэв эс зөвшөөрсөн тохиолдолд өмнө байгуулсан гэрээг цуцлах талаар мэдэгдлийг өгсөн хугацаанаас хойш талууд өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн, гэрээний үнийг тохиролцож автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

5.2. Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал нэхэмжлэгч нарт хүргүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нар нь уг саналыг хүлээн авч шинээр гэрээ байгуулснаар өмнөх гэрээний харилцаа дуусгавар болжээ.

 

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагыг автомашины үнийн өсгөх замаар 253,227,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримтыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй талаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

6. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6.1. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг ёс төдий байдлаар зурвас илгээсэн баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл боллоо гэж дурдсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гар утсанд зурвас бичих хэлбэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2025 оны 05 сарын 22-ны өдрөөс 05 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаас БНСУ-д зорчсон, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

6.2. Анхан шатны шүүх маргааны зүйл болон нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, гэрээний үнийн зөрүүгийн хэмжээгээр хариуцагч байгууллага нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн зөв. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,582,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР