Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

 

   2019              09              06                                                    2019/ШЦТ/265                               

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нэргүй,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,  

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

Хохирогч Г.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Эд холбогдох эрүүгийн 1834003970271 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Э, 1986 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эксваторын операторчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, өрөмдөгч, экскаваторын жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.Эын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын сарын 10-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын нутгаас нутгийн иргэн болох Б.Э, түүний ач Т.С, хадам дүү Бат-Эрдэнэ нарын хамт Улаанбаатар хот руу 08 цагийн үед өөрийнхөө 9555 УНЛ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замаараа аймгийн төв орж замаасаа Батболд гэх залууг Анужин гэх 10-11 орчим насны эмэгтэй хүүхдийн хамт аваад Улаанбаатар хот руу 09 цагийн үед гарсан. Явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урдаа яваа 2 тээврийн хэрэгслийг дагаж гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эхний Шаланз маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд урдаа явсан хоёр тээврийн хэрэгслээс салж өөрийнхөө эгнээнд буцаж ороод дахиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд талд явсан Шаланз маркийн тээврийн хэрэгслийн харалдаа иртэл өөдөөс Х.Аксент маркийн тээврийн хэрэгсэл хурдтай гарч ирэхээр нь буцаж өөрийнхөө эгнээд орох гэтэл гүйцэж түрүүлэх гэж байсан Шаланз маркийн тээврийн хэрэгсэл надтай хамт давхар тоормос гишгээд эгнээндээ орж чадалгүй Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Аксент маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирсэн бөгөөд эсрэг урсгалынхаа шороон хөвөө хэсэг рүү орж зам чөлөөлж зогсоох арга хэмжээ авч ороод зогстол Аксент маркийн тээврийн хэрэгсэл давхар шороон зам руу орж мөргөлдсөн. ...урд талын суудал дээр хадам дүү Бат-Эрдэнэ, миний хойно Б.Э өвөр дээрээ Т.Сийг авч явсан. Голд Батболд, зүүн талын захад Анужин сууж явсан. Тасархай цагаан шугамтай, үзэгдэх орчин чөлөөтэй амжихаар зайтай газарт гүйцэж түрүүлсэн. Цаг агаар хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй, замын нөхцөл байдал хэвийн хуурай, шулуун уруу хатуу хучилттай замтай байсан. Энэ машиныг би өөрийнхөө төрсөн ах Ононгоос худалдаж авсан. Мөнгөн төгрөгөө тохироогүй яваандаа төлөхөөр аман гэрээгээр авсан машин. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрт 2 700 000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Эын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би өөрийнхөө эзэмшлийн 0447 УНП улсын дугаартай Х.Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн эхнэр Э.И, хадам эгч Отгон, түүний хүү 1 настай Б.М, 7 настай Б.А, 10 настай О.Д, ээжийн дүүгийн охин 4 настай Ариггоо нарын хамт Завхан аймаг орж эхнэр бид хоёр өөрсдийн хүүхдүүдийг эргээд Отгон эгчийн хүүхдүүдийг хөдөө хүргэж өгөөд ирэх ажилтай Улаанбаатар хотоос 17 цагийн орчим гарсан. Аргалант сумын нутагт явж байтал нэг Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урд талдаа явсан чиргүүлтэй 2 том ачааны тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж миний явж байсан урсгалд их хурдтай орж ирэхээр нь би явж байсан замаа чөлөөлөөд баруун гар талынхаа шороон хөвөө хэсэг рүү ортол бас намайг дагаад шороон хөвөө рүү ороод ирэхээр нь би тоормосоо гишгэтэл хоромхон зуур ирээд мөргөсөн. Тэрнээс хойш хэсэг манараад хартал хамт явсан хүмүүс бүгдээрээ ухаангүй урд тал руу араасаа давхралдаад бие биенээ дарсан байдалтай байхаар нь би бүсээ тайлж буух гэтэл бүс гацчихсан байхаар нь ноцолдож байгаад бүсээ тайлаад буугаад гадаа харагдсан хүмүүсийг туслаарай гэж дуудсан. Тэгтэл гэр бүлтэйгээ замын хойд талд цай уугаад сууж байсан ах ирж манай хүмүүсийг машинаас гаргасан. Тухайн т.приусын жолооч ирчихсэн тусалж байсан. Тэгээд тэндээсээ эмнэлэгт ирсэн. Тоёота приүс 30-ын жолооч үзэгдэх орчин хязгаарлагдмал газар шууд сөрж гүйцэт түрүүлэх үйлдэл хийснээс болж осол гарсан. Цаг агаар хэвийн, үзэгдэх орчин, замын нөхцөл байдал Улаанбаатар талаасаа жаахан өгсүүр, баруунаас зүүн тал руугаа эргэлттэй замтай байсан. Миний машин хүч муутай ачаа ихтэй байсан учир хурдтай явахаар бөгсөө цохиод байхаар нь 60-70 км цагийн хурдтай л явж байсан. Цээж хэвлий эмзэглэл ихтэй маш хөндүүр, баруун гарын долоовор хуруу хугарсан, тархи толгой өвдсөн байдалтай байна. Нурууны үе бас өвдөөд байна. Гомдолтой байна. Миний эхнэр бас гэмтсэн би машин тэрэг болох эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалин мөнгийг нэхэмжилнэ. Хэрэг болох үед Босс импекст худалдааны төлөөлөгч хийдэг байсан. Сард 500 000 төгрөг цалин авч дээр нь борлуулалтын 5 хувиар нэмэгдэл авч дунджаар 2 сая төгрөгийн цалин авдаг байсан. Бараа зөөх, ачих ажилтай. Гэтэл одоо бие маань боломжгүй болж ажлаасаа гарсан. Миний машинд 3 045 000 төгрөгийн, эрүүл мэндэд 329 600 төгрөгийн, бензин тосны баримтаар 4 985 000 төгрөг нэхэмжилнэ. Ажилгүй байсан хугацааны цалингаа иргэний журмаар нэхэмжлэх бодолтой байна. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Оы өгсөн: Би ажилдаа орох гээд хүүхдүүдээ ээж дээрээ буюу Завхан аймгийн Улиастай сум руу хүргэж өгөхөөр нь хүргэн Г.Э, дүү Э.И,  1 настай хүү Б.М, 7 настай охин Б.А, ахын охин 3 настай Ариггуа нарын хамт Г.Эын Х.Аксент маркийн 0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос 17 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу харын худаг гэх газарт явж байхад нь ачааны том тэрэгний араас 30 приүс гүйцэж түрүүлж гарч ирэхээр нь Г.Э бид хоёр зэрэг дуу алдаад замынхаа шороо хөвөө рүү машинаа зайлуулж гаргаад тоормос гишгэсэн түүнээс хойш би ухаан алдчихсан байсан. Ухаан ортол би машины хажуу талд хэвтэж байсан. Тэгээд тэндээ хэргийн газар ирсэн мөргөсөн залуугийн ар гэрийнх нь хүмүүсийн машинтай гэмтлийн эмнэлэг дээр ирсэн манай хүүхдүүд яаж ирснийг нь мэдээгүй. Би урд талын суудал дээр хүүтэйгээ хамт, О.Д, Б.А хоёр жолоочийн арын суудал дээр, миний ар талд Э.И, Ариггуа нар сууж байсан. Жолооч бүс зүүчихсэн байсан. Би хүүхдээ хөхүүлэх гээд бүсээ тайлчихсан явсан. Арын суудлын хэд бүсээ зүүгээгүй явсан. Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрж их хурдтай орж ирснээс болж осол гарсан. Цаг агаар хэвийн үзэгдэх орчин, замын нөхцөл байдал  хэвийн. 60-70 километр цагийн хурдтай л явж байсан. Маш их хүнд байна. Зүүн хөл бүдүүн гуяаараа хугарсан. Гавал тархины цууралттай, зүүн талын 4 хавирга хугарсан. Нүүр зүүн тал саажсан. Маш их гомдолтой байна. Мөнх-Эрдэнийн зүүн хөл бүдүүн гуяаар хугарсан. Тархиндаа гэмтэлтэй. Охин О.Д зөөлөн эдийн гэмтэлтэй, Анударийн зүүн гар баруун хөл нь гэмтсэн байсан. Би анхнаасаа энэ хүнд эгч хүний хувиар хандсан. Гарсан хохирлыг дор бүр нь төлөөрэй гэж хэлж байсан. Залгахаар шалтаг тоочдог. Эмнэлэгт байхад эхнэр нь тариа авчирч өгсөн. Эгч гээд хүн ирсэн. Надаас маш их зардал гарсан, тахир дутуу болсон. Сая 6 сард группд орсон. Би цаашид эмчлүүлэх шаардлагатай. Би өөрийн болон хүү Б.М, Б.А нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд 4 197 882 төгрөг нэхэмжилсэн үүнээс 1 870 000 төгрөг өгсөн үлдэх 2 327 882 төгрөг дутуу байгаа гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Э.Иын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нөхөр бид хоёр Завхан аймгийн Улиаст сум руу ээжийндээ очиж хоёр хүүхдээ эргээд эгч Отгоны хүүхдүүдийг хүргэж өгөхөөр нь эгч Отгон түүний хүү Б.М, охин Б.А, О.Д, ах Цогтбаярын охин Ариггуа нарын хамт Улаанбаатар хотоос 17 цагийн орчим гараад явж байтал Төв аймгийн Аргалант сумын нутаг Галзуу худаг гэх газарт Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл урд талдаа  явсан ачааны оврын тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлж ирээд бид нарын явж байсан урсгалд өөдөөс чиглээд маш хурдтай ирэхээр нь манай нөхөр баруун гар тал руугаа гараад шороон хөвөө хэсэг рүү ортол өөдөөс чиглээд ирэхээр нь тоормос гишгээд л шороо хөвөө хэсэгт мөргөлдсөн. Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрж их хурдтай бид нарын явж байсан эгнээнд орж ирснээс болж осол гаргасан. Цаг агаар хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй, замын нөхцөл байдал хэвийн байсан. Би хэдэн километр хурдтай явсаныг нь хойно сууж явсан болохоор мэдээгүй. Гэхдээ хүүхдүүд суулгаж явсан болохоор 60 орчим километр цагийн хурдтай явж байсан байх. Тархи доргиж нүүрэнд 1 ширхэг оёдол, сэрээний 3.4.5.6 дугаар нуруу хугарсан. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх 19/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Анударийн өгсөн: Бид нар жижиг эмээгийнхээ гэр лүү хөдөө явж байсан. Тэгсэн чинь урдаас саарал машин явж ирээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь бид нар сум явсан машинаас гараад ирчихсэн миний зүүн гар баруун хөл өвдөөд байсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Би хойно эгч О.Д, Э.И хоёрын дунд нь сууж явсан. Осол болоход Ариггуа арын суудал дээр миний өвөр дээр сууж байгаад миний баруун гар талд сууж байгаад унтчихсан. Би их айсан дахиж машинд суухгүй гэх мэдүүлэг /1-р хх 28/,

 

Хохирогч Б.Эгийн өгсөн: Манай нутгийн хүргэн гэсэн би танихгүй унаанд нь дайгдаж хот руу явсан. Өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Би унтаж явсан болохоор ослын талаар мэдээгүй осол болоход ухаан алдаад тэгээд эмнэлэг дээр ирж сэргэсэн. Тухайн өдөр би Архангай аймгийн Чулуут сумаас өөрийнхөө гэрээс Ч.Э гэх хүний унаанд өглөөний 07 цагийн орчим охин Б.Эийн хүү 10 сартай Т.Сийн хамт суугаад явсан. Зүүн чамархай хэсэгтээ нэг оёдол тавиулсан. Баруун талын 7 дугаар хавирга хугарсан. Би гомдолгүй. Эмчилгээний зардал болох 1 114 740 төгрөг Ч.Эаас нэхэмжилнэ. Би Архангай аймгийн Чулуут суманд мал маллан амьдардаг учир хэргийн материал, замын цагдаагаас гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцах боломжгүй учир ирж танилцахгүй гэх мэдүүлэг /1-р хх 31/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн өгсөн: Би ослын талаар сайн мэдэхгүй 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай ээж Б.Э миний хүү Т.Сийг аваад Улаанбаатар хотод ирж миний хонхны баярт оролцоод буцах санаатай Архангай аймгаас Ч.Э гэх хүний машинд сууж ирэхдээ осолд орчихсон байсан. Хүзүү нь бага зэргийн гэмтэлтэй. Тархиндаа бага зэргийн хавантай. Би гомдолгүй. Ээж Б.Э, хүү Т.С нарын эмчилгээний зардал болох 1 114 740 төгрөгийг Ч.Эаас нэхэмжилнэ. Ч.Эын өгсөн 290 000 төгрөгийг хасаад 824 700 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх 35/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Дын өгсөн: Ээж Отгон, дүү Б.М, Б.А, ах Г.Э, эгч Э.И, эгчийн хүүхэд Ариггуа нарын хамт Улаанбаатар хотоос Завхан аймаг руу эмээ Далайхүүгийнд очихоор явж байсан чинь гэнэт нэг саарал машин хүрч ирээд мөргөсөн. Түүнээс хойш би юу ч мэдэхгүй байна. Баруун гарын шуу өвдсөн. Би хамгаалах бүх зүүгээгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх 29/,

 

Гэрч О.Батболдын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хот руу Ч.Эыг явна гэхээр нь эгчийн охин Анужингийн хамт суусан. Ч.Э манай аймагт эхнэр хүүхдээ хүргэж өгөөд хэд хоноод буцаж байгаа гэсэн. Аймгийн төвөөс Б.Э эгч, Бат-Эрдэнэ гэх залуу Ч.Эын машинд суучихсан ирсэн юм. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байтал өөдөөс машин гараад ирэхээр нь би хажуу талд сууж явсан. Анужинг доош нь дараад тэгээд л хоромхон зуур л мөргөлдсөн. Осол болсны дараа машинаас буугаад хартал миний сууж явсан машин гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд өөдөөс нь машин гараад ирэхээр нь зам тавьж өгөөд шороо хөвөөн рүү ортол нөгөө өөдөөс ирж явсан машин нь дагаад шороон хөвөө рүү ороод хоорондоо мөргөлдсөн байсан. Би Ч.Эыг гүйцэж түрүүлснийг нь мэдээгүй арын суудлын хэсэгт цонхоороо юм хараад явж байсан. Миний зүүн гар талд Анужин, баруун гар талд Б.Э гэх эгч нярай хүүхдээ тэвэрчихсэн урд талын суудал дээр Бат-Эрдэнэ гэх залуу суучихсан явсан. Би бол гүйцэж түрүүлэх гэж байгаад л осол гарсан гэж бодож байна. Цаг агаар хэвийн гэгээтэй цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хуурай хэвийн байсан. Буугаад харахад их өргөн Улаанбаатар тал руугаа тэрхэн хэсэгтээ уруу зам байсан. Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны шөнө гэмтлийн эмнэлгийн ЭХО-д харуулсан чинь мөгөөрсөн гэмтэл мэдэгдэхгүй байна. Өөр газар шинжилгээ өг гэсэн. Одоо миний цээжин бие хатгаж өвдөөд амьсгал авахад зовиуртай байна. Хамт явсан эгчийн охин Анужингийн зүүн талын өвдөг хэсэгтээ жаахан шалбарсан өөрөөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх 55, 56/,

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: Манай хүргэн Ч.Э гэх залуу эхнэр хүүхдээ Архангай аймагт хүргэж өгөөд 2018 оны 6 дугаар сарын 10-ны өглөө буцахад нь би Улаанбаатар хот орж барилгын ажил хийхээр хамт явсан юм. Мөн манай сумын Б.Э эгч хүүхдийнхээ хамт, Батболд гэх ах эгчийнхээ охинтой хамт суугаад хот руу явсан юм. Би замдаа утсаараа найз охинтойгоо мессеж бичээд утсаа оролдоод явж байтал Ч.Э ах урд талд явсан том машиныг гүйцэж түрүүлсэн чинь өөдөөс нь машин гараад ирсэн. Тэгсэн буцаад зам руугаа орох гэтэл урд нь явсан том машин хурдаа хасаад Ч.Э ах зам руугаа буцаад орж чадалгүй урдаас ирсэн машинд замыг нь тавьж өгөөд замын хойд талын шороон хэсэг рүү ороод шороон хэсэг дээр хоёулаа мөргөлдсөн. Тэгээд Батболд ах Ч.Э нар мөргөлдсөн аксент маркийн тээврийн хэрэгсэл дээр очиж дотор нь сууж явсан хүмүүсийг гаргаад замаас зайдуу газар хэвтүүлээд утсаараа хоёулаа л эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Бас бид нарын мөргөлдсөн газрын ойролцоо гэр бүлээрээ явж байсан ах ирж туслаад тусламж дуудсан. Мөргөлдсөн газарт тусламж хүлээгээд байж байтал хоёр машины ар гэрээс хүмүүс ирцгээсэн. Тэгтэл Төв аймгийн Аргалант сумын нутгаас эмнэлэг, цагдаа нар ирээд эмнэлгийн хүмүүс аксент маркийн машинтай явсан хоёр хүүхнийг нэг жаахан хүүхэдтэй нь аваад явсан.  Бид нарыг Ч.Э ахын эгч нь ирж аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Мөргөлдсөн газарт Ч.Э ах нөгөө машины жолооч хоёр үлдсэн. Би осол юунаас болж гарсан талаар хэлж мэдэхгүй байна. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсныг хараагүй. Осол болох үед ямар ч байсан хурдаа хассан. Цаг агаар хэвийн бороо шороо ороогүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, замын халтиргаа гулгаагүй хэвийн байсан гэх мэдүүлэг /1-р хх 57/,

 

Гэрч А.Болдбаатарын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн  орчим тус сумаас эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Рашаант сум руу гарч Улаанбаатар хотоор дамжиж Улаанбаатар хотоос 18 цаг болж байхад 22-ын товчоо гараад явж байгаад хүүхдүүд хоол идмээр байна гэхээр нь машинаа замаас чөлөөлж гарч зогсоод хоол идээд бид нар хээр сууж байтал тас няс хийх чимээ гарахаар нь хартал засмал зам дээр хоёр машин мөргөлдсөн. Намайг гүйгээд очиход засмал замын хойд талын шороон хөвөөн дээр саарал өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл, шаргал өнгийн верна маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн байдалтай приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиход дотроос нь бор хүрэн цамцтай залуу цээжээ дараад гарч ирсэн. Надад машин дотор хүүхэд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолоочийн арын хаалгыг онгойлгоход настай эмэгтэй хүн хүүхэд тэвэрсэн нүүр нь хавдсан байдалтай хүмүүс байсан. Нөгөө машинд хүүхэд дуугарахаар нь очиход жолоочийн арын хаалгыг онгойлгоход хүүхдүүд орилолдоод байсан цаад талын суудал руу харахад нэг нялх хүүхэд эмэгтэй хүн хоёр нүүр нь битүү цус болсон байдалтай байхаар нь тойрч очоод хаалгыг нь онгойлгож гар, хөлийг нь барихад хөдөлж байхаар нь хүүхдийг нь авч машинаас хол газар хэвтүүлээд эргээд нөгөө эмэгтэй дээр очиж юм асууж хөл, гарнаас нь бариад юм асуухад гар зүгээр зүүн хөл мэдээ байхгүй байна гээд байсан. Тэгээд хүмүүсийг машинаас буулгаж хоёр машины жолооч эмнэлэг цагдаа дуудсан гэх мэдүүлэг /1-р хх 59-60/,

 

Гэрч Б.Майнцэцэгийн өгсөн: Энэ хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед манай нөхөр Завхан аймгийн Улиастай суманд байсан. Хүргэн Г.Эыг Завхан аймаг руу явна гэхээр нь охин маань эцгийгээ санаад байна гэхээр нь өгөөд явуулсан чинь замдаа зам тээврийн осолд орчихсон байсан. Харин ослын улмаас манай охин бэртэж гэмтээгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх 61/,

 

Гэрч Т.Ууганбаатарын өгсөн: Би Ч.Эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг иргэн Э.Г.Эоос 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад тэмдэглэл үйлдэж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дээрхи тогтоолуудыг үйлдэж шинжээч томилсон байна. Дээрхи шинжээч томилсон тогтоолуудыг үйлдэж шинжээч томилсон байна. Дээрхи шинжээч томилсон тогтоолуудыг гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл шалгах 5 хоногийн хугацаанд буюу хойшлуулшгүй ажиллагаа явуулж байхдаа үйлджээ. Шинжээч томилсон тогтоол гомдол мэдээллийн дугаар бичээгүй, шинжээчийн нэрийг бичээгүй зэрэг нь техникийн шинжтэй алдаа гаргасан байна. ...Ч.Энжаргалд 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж прокурорт хүргүүлэхдээ хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн сар өдрийг 11 дүгээр сарын 15-ны өдрөөр буруу гаргаж хүргүүлсэн байна. Мөн хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд 2018 оны 6 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж сар өдрийг нь буруу гаргаж танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан сар өдрийг хэргийн материалд бичилгүй танилцуулсан байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн зүйл ангийг андууран бичсэн байна гэх мэдүүлэг /2-р хх 33, 105/,

 

Гэрч Л.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 9555 УНЛ улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл 0447 УНП улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн осол дээр очиж хэргийн газрын үзлэгийн осол хэмжилтийн бүдүүвч зургийг үйлдсэн. Тухайн осол нь Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2 дугаар баг Галзуу харын худаг гэх газар суурингийн гадна зам тээврийн осол болсон байна. Уг осол болсон зам нь суурингийн гадна гэж тодоор бичсэн байгаа. Харин суурингийн дотор гэж доогуур нь зураас татсан байгаа нь хэвлэлтийн техникийн алдаа гарсан байна гэх мэдүүлэг /2-р хх 35/,

 

Шинжээч Ж.Энхбатын өгсөн: Би шинжээчийн 381 дугаартай дүгнэлтийг ахалж гаргасан. Шинжээч бид нар санал дүгнэлт гаргаж, өөрсдийн баталгаат гарын үсэг зурсан. Бид нарт хувийн тэмдэг байдаггүй. Би тээврийн цагдаагийн албаны албан хаагчид учраас албаны тэмдэг дарж баталгаажуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий алба хаагчдыг хувийн дардас тэмдэгтэй болгох үүрэг чиглэл өгөгдөөгүй. Харин замын цагдаагийн газраас баталгаат гарын үсгийг баталгаажуулж авсан гэх мэдүүлэг /2-р хх 104/,

 

Гэрч С.Батболдын өгсөн: Зохицуулагч гэсэн хувийн тэмдэг байдаггүй. Зохицуулагч гэсэн хувийн тэмдэг байдаггүй учраас Замын цагдаагийн тасгийн 01 гэсэн дугаартай тэмдгийг дарж баталгаат гарын үсгээ зурсан гэх мэдүүлэг /2-р хх 109/,

 

Иргэний хариуцагч Д.Лхагвасүрэн /1-р хх 37, 39/, иргэний хариуцагч С.Хосбаяр /1-р хх 41-42/ нарын өгсөн мэдүүлэг,  

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №345 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Г.Эын биед баруун 4, 7 дугаар хавирга, баруун сарвууны 2 дугаар хурууны хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 63/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №346 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Э.Иын биед сээрний Th38 Th4, Th5, Th6-р нугаламын хугарал, баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 67/,

 

                        Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №341 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Оы биед гавал ясны баруун сэртэнгийн шугаман хугарал, уушгины няцрал, зүүн 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, хамар эрүүнд шарх, зулгаралт, цээж, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс шалтгаална гэх дүгнэлт /1-р хх 69/,

 

                        Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №349 дугаартай дүгнэлт: 1.Б.Анударийн биед зүүн сарвуу, зүүн тавхайн хугарал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 71/,

           

                        Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №344 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Мөнх-Эрдэнийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, нүүрэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс шалгаална гэх дүгнэлт /1-р хх 73/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №343 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Эгийн биед баруун 7-р хавирганы хугарал, чамархайд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 77/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №351 дугаартай дүгнэлт: 1.Т.Сийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 79/,

 

                        Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №348 дугаартай дүгнэлт: 1.Ч.Эын биед баруун өвдөгт шарх, баруун эгэмд зулгаралт, цээжний зүүн тал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх 83/,

 

                        Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт: 1.Хэргийн материалтай танилцахад Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино; А/. уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, Б/. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх." гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Хэргийн материалтай танилцахад Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 4.Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна; а/. тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж үзэв. 5.Хэргийн материалтай танилцахад Зам тээврийн осол болоход цаг агаарын болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 6.Хэргийн материалтай танилцахад осол болоход Г.Эын жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхгүй байсан нь нөлөөлөөгүй гэж үзэв. 7.Хэргийн материалтай уншиж танилцахад Зам тээврийн осол болоход Ч.Эын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-т заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино; А/. уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, Б/. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх." гэсэн дүрмийн заалтыг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн  нь нөлөөлсөн гэж үзэв. 8.Хэрэгт асуултад дурдаагүй боловч ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно." гэжээ /1-р хх 86/,

 

            Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт: 1.Тоёота приүс 30 маркийн 3555 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. 2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд жолооч Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино; А/. уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, Б/. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх." гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Хюндай Верна Аксент 0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 4.Жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна; А.Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" гэсэн заалтыг зөрсөн байна. /Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон./ 5.Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй. 6.Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй гэх дүгнэлт /1-р хх 109/,

 

                        Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №831 дугаартай дүгнэлт: 1.9555 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Гүйцэж түрүүлэх; 10.1 "жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино; а/. уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх б/. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; б/. тухайн тээврийн хэрэслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэснийг зөрсөн байх үндэслэлтэй байна. 3.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэгт 0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөрийг 5, 6 тоотоор замаас гарсан мөр гэж тэмдэглэсэн /ХХ 13/ талд, 0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа техникийн оношилгоонд оруулж зорчих хэсэг дээр тоормосны мөр үүсдэг эсэхийг шалгаагүй байх тул жолооч Г.Эыг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд хариулах боломжгүй байна. 4.0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Г.Э нь осол гарахаас өмнө зорчих хэсгээр (Зам-асфальтан) явсан байх үндэслэлтэй байна. 5.0447 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хүн тээвэрлэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 7.Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно гэх /2-р хх 17-18/,

 

                        Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх 07/,  осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх 08/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 09-13/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн авто машины үнэлгээний тайлан /1-р хх 89-91/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх 96-102/, шүүгдэгч Ч.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 129/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /1-р хх 130/, Төв аймгийн автотээврийн төвийн лавлагаа /1-р хх 132/, Капитал банк, Төрийн банк, Хас банк, Хаан банкны тодорхойлолтууд /1-р хх 137-140/, хохирогч Г.Эын жолооны үнэмлэхийн хуулбар /1-р хх 146/, Hyundai Accent Verna0 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх 147/, хохирогч Г.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 148/, Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 155/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх 156/, шүүгдэгч Ч.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 157/, хохирлын баримтууд /2-р хх 175-203/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл нь хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.Э нь болгоомжгүй үйлдлээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гарган хохирогч Г.Эын эд хөрөнгөд 3 045 000 төгрөг, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч Б.Оы эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б.А, Б.Б.М, Э.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Э, Т.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны орой 18:00 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг”  гэх газар 9555 УНЛ улсын дугаартай Приус 30 /Prius-30/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино” а/. уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх."-ийг зөрчсөний улмаас Г.Эын жолоодож явсан 04-47 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, жолооч Г.Эын эд хөрөнгөнд 3 045 000 төгрөг, эрүүл мэндэд нь “баруун 4, 7 дугаар хавирга, баруун сарвууны 2 дугаар хурууны хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Оы эрүүл мэндэд “гавал ясны баруун сэртэнгийн шугаман хугарал, уушгины няцрал, зүүн 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, хамар эрүүнд шарх, зулгаралт, цээж, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хүнд хохирол, Б.Анударийн эрүүл мэндэд “зүүн сарвуу, зүүн тавхайн хугарал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, Б.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгний далд хугарал, нүүрэнд шарх, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, Э.Иын эрүүл мэндэд “сээрний Th38 Th4, Th5, Th6-р нугаламын хугарал, баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, чамархайд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Т.Сийн эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э, Б.О, Э.И, Б.Э, гэрч Б.Бат-Эрдэнэ, А.Болдбаатар, насанд хүрээгүй гэрч О.Д нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.15-ны өдрийн №345 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.15-ны өдрийн №346 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №341 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №349 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №344 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.15-ны өдрийн №343 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №351 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Г.Эын Аксент маркийн 04-47 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6 зорчигч сууж явснаас 5 хүнд буюу хохирогч Б.Оы эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч Б.Б.М, Б.Б.А,
Э.И, жолооч Г.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б.Мд учирсан 275 710 төгрөгийн хохирол /1-р хх 176-178/ нөхөн төлөгдсөн болох нь хууль ёсны төлөөлөгч Б.Оы мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Анударийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохиролтой холбогдуулан хохирол нэхэмжлээгүй байна.

 

Хохирогч Б.О гэмт хэргийн улмаас 5 012 204 төгрөг /1-р хх 185-195, 2-р хх 68/ нэхэмжилснээс шүүх 3 233 759 төгрөгийг хангаж шийдвэрлэснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч Б.Од 1 870 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул үлдэх 1 363 759 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

1-р хавтаст хэргийн 185-195 дугаар хуудсанд 3 315 184 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс шүүх 2 330 859 төгрөгийг хангаж, 984 325 төгрөгийн хохирлын нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Үүнд: Эм тарианы үнэ гэх 490 000 төгрөг /1-р хх 185/, сайжруулсан оронд хэвтүүлсэн гэх 200 000 төгрөг, 5 000 төгрөг /1-р хх 186/, уушигны зураг авахуулсан гэх 155 000 төгрөг /1-р хх 187/, Дуб ХХК-нд дунд чөмөгний эгц, хажуу талын зураг авахуулсан гэх 35 000 төгрөг /1-р хх 194 ар тал/, нөхөн төлжүүлэх тос авсан гэх 100 000 төгрөг /1-р хх 194 ар тал/ зэрэг  нийт 984 500 төгрөгийн хохирлын баримт нь НӨАТ төлөөгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж,

2-р хавтаст хэргийн 68-р хуудсанд Мөнгөн чагнуур эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 320 000 төгрөг /2-р хх 68 (13)/, өндөрлөгөөтэй улавч авсан гэх 100 000 төгрөг /2-р хх 68 (8,14)/, Дуб ХХК-нд зураг авахуулсан гэх 70 000 төгрөг /2-р хх 68 (9-10)/ нийт 492 100 төгрөгийн баримт нь НӨАТ төлөөгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн,

Шүүх хуралдаанд 387 020 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс 85 000 төгрөгийг хангаж үлдэх унааны зардал гэх 302 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ямар шалтгаанаар хаанаас хаашаа явсан нь тодорхойгүй гэх шалтгаанаар хэлэлцэхгүй орхив.

 

   Хохирогч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаас хэлэлцээгүй орхисон 1 778 425 төгрөгийн хохирлоо нотолж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, мөн насанд хүрээгүй хохирогч Б.Б.М, Б.Б.А болон өөрт цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хохирогч Г.Э гэмт хэргийн улмаас машины эвдрэл 3 045 000 төгрөг, эмчилгээний болон шатахууны зардалд 1 760 000 төгрөг нэхэмжилснээс машины эвдрэлд учирсан 3 045 000 төгрөг, эмчилгээний болон шатахууны зардал гэх 1 278 125 төгрөг, нийт 4 323 125 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Үүнээс шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 348 225 төгрөг төлсөн байх тул хасаж тооцон шүүгдэгчээс 3 993 525 төгрөг гаргуулж хохирогч Г.Эд олгохоор шийдвэрлэв. Үүнд: 1-р хавтаст хэргийн 196-202 хуудсанд авагдсан хохирогч Г.Эын хохирлын баримтаас Med trauma эмнэлэгт дүрс оношилгоо хийсэн гэх 150 000 төгрөг /1-р хх 197 ар тал/, Дуб ХХК-нд зураг авахуулсан гэх 30 000 төгрөг /1-р хх 196/ НӨАТ баримт авагдаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн,

2-р хавтаст хэргийн 69-р хуудсанд авагдсан 647 988 төгрөгийн шатахууны баримтаас 348 225 төгрөгийг хангаж, 323 825 төгрөгийн шатахууны баримт нь ямар шалтгаанаар хаанаас хаашаа явсан нь тодорхойгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхив.

 

Хохирогч Г.Э нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотолж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хохирогч Э.И нь 1 736 752 төгрөгийн нотлох баримт ирүүлснээс /1-р хх 179-184/ шүүх 1 003 922 төгрөгийг хангаж үлдэх 732 830 төгрөгийн хохирлыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхисон бөгөөд шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна. 1-р хавтаст хэргийн 183-р хуудсанд авагдсан 350 000 төгрөг, 186-р хуудсанд авагдсан 205 000 төгрөг, 187-р хуудсанд авагдсан 155 000 төгрөг, 193-р хуудсанд авагдсан 20 000 төгрөг, нийт 732 830 төгрөгийн нотлох баримт нь НӨАТ төлөөгүй гэх үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхив. Хохирогч Э.И нь хэлэлцээгүй орхисон гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.  

 

Энэ гэмт хэргийн улмаас Г.Эын тээврийн хэрэгсэлд сууж явсан О.Д, Ц.Ариггуа нарын эрүүл мэндэд хохирол учраагүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ч.Эын T.Prius 30 маркийн 9555 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 5 зорчигч явснаас хохирогч Б.Э, насанд хүрээгүй хохирогч Т.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд бусад зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

 

Хохирогч Б.Э гэмт хэргийн улмаас 1 114 740 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн байх бөгөөд 1-р хавтаст хэргийн 203-204-р хуудсанд 531 000 төгрөгийн хохирлын баримт ирүүлжээ. Үүнээс шүүх 279 600 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд үлдэх 251 400 төгрөгийн хохирлыг баримтыг НӨАТ төлөөгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхисон.  

 

Шүүгдэгч Ч.Эын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Анужин нарын эрүүл мэндэд хохирол учраагүй болохыг, насанд хүрээгүй хохирогч Т.Сийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдав. 

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ч.Эаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 636 884 төгрөг гаргуулж, хохирогч Б.Од 1 363 759 төгрөг, хохирогч Г.Эд 3 993 525 төгрөг, хохирогч Б.Эд 279 600 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэснийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 4 хоногийн хугацаагаар завсарлуулсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч дээрх хохирлыг төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

Хохирогч Б.О, насанд хүрээгүй хохирогч Б.Б.М, Б.Анударийн хууль ёсны төлөөлөгч Б.О, хохирогч Г.Э, Э.И нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс шүүгдэгч Ч.Эын хувийн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тэнсэж өнгө үү санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Энжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5-т зааснаар түүний тэнссэн 2 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 1834003970271 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 шүүгдэгч Ч.Эын дугаартай жолоочийн үнэмлэх, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.Эын тэнссэн 2 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Ч.Эын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Хохирогч Б.О нь өөрийн болон насанд хүрээгүй хохирогч Б.Б.М, Б.Б.А нарын, хохирогч Г.Э, Б.Э.И, насанд хүрээгүй хохирогч Т.Сийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 3 жилийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн 1834003970271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Эын дугаартай жолоочийн үнэмлэх,    дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ