Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Э сумын харъяат, ... оны ... дүгээр сарын ...-ны  өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, энэ хэрэгт татагдахдаа Хилийн цэргийн ... ангид ажилтай байсан, С аймгийн Э сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Б.Т-д холбогдох эрүүгийн 1820002070074 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Б.Т нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрийн хооронд хохирогч Г.У-г таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр харуулын манаа хүлээлцүүлэхээр хилийн заставт очиход У ахлагч ажлаа бэлдээгүй, рапортоо хөтлөөгүй, би сайн мэдэхгүй байнаа гээд байж байсан. Тэгээд ажлыг нь хийлгэж дуусаад ээлж хүлээлцүүлж, 19 цагийн үед дэд ахлагч У, дэд түрүүч Д, Б нарын хамт морин уналгатай заставын зүг хөдөлсөн. Тэгтэл У ангиас ирэх шалгалтанд сайн бэлдмээр байна, одоо жаахан л юм үлдсэн, нисгэгчгүй нисэх аппарат, гурвалсан систем гэх зэрэг ойлгомжгүй зэрэг зүйлүүд яриад байхаар нь ярьж байгаа зүйлийг чинь ойлгохгүй байна гэхэд 5 тооны сэжигтэй адуу байсан гэх зэрэг зүйл ярьсан. Тухайн үед бид 3 яагаад ойлгомжгүй зүйл яриад байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд У биднээс хоцроод ард үлдээд яваад байхаар нь бороо орсон учраас зам шавартай байна, хэдүүлээ хамт явъя, гэхэд У гэнэт бидний хажуугаар гараад давхисан, араас нь 2 байлдагчаа явуулаад яагаад байгаа юм бэ гэхэд  өглөө хилийн ... дугаар тэмдэгт дээр алхаж очоод эх орондоо тангараг өргөсөн, намайг хилийн багана дээр очиход үүл 2 тийшээ болоод зулаа дээрээс нар туссан, бурхан байдаг гэдэгт итгэсэн гэх мэт зүйлийг ярьсан. Тэгээд Д-д морийг нь хөтлүүлээд явах гэтэл морь тавь гээд өөрөө мориноосоо буугаад  хувцсаа тайлаад би эх орондоо энэ биеэрээ тангараг өргөсөн хүн гээд газар хэвтээд, нүүр болон цээж рүүгээ шороо асгаад байсан. Д, Б нараас хилийн харуулд гарч байхдаа ямар байсан талаар асуухад яриа нь урьдныхаасаа илүү олширсон гэж хэлсэн. Ингээд эрсдэлтэй байдал бий болоод байхаар нь заставын төв рүү Л-той холбоо барьж, харуулаас С-г  мотоцикль уналгатайгаа ирэхийг үүрэг болгосон. С-г ирэхэд газраас босоогүй байсан бөгөөд түүнийг хувцсаа өмсчих, морь малнаас унасан юм уу гэж асуусан. Тэгээд болсон асуудлыг хэлээд У-г бид 2 голдоо суулгаад застав руу явах гэхэд гэхэд У босоод харанхуйд гүйгээд алга болсон. Тэгээд бид гэрэлтүүлээд явж байтал У-г олчихлоо гээд довны цаанаас гараад ирсэн. У нь газар хэвтэх гэж байгаад төмсгөө цохьчихлоо гээд төмсгөө барьчихсан гарч ирсэн. Ингээд С бид 2 голдоо суулгаад мотоцикльтойгоо застав руу явсан бөгөөд заставын хаалгаар орохдоо манайхаан гээд хашгирсан. Тэгээд мотоциклиос буугаад жаахан тайвширъя гэхээр нь сургалт соёл амралтын өрөөнд орж хэсэг байлгасан. Тэгээд амарчих уу гэхээр нь гэрээтийн байранд орж амрах талаар хэлсэн. Б, Л 2-ыг хараа хяналт тавиараа гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 3-нд застав нэгдэхэд У хувцсаа өмсөөд зогсож байсан, тэгээд өчигдрийн явдалд уучлаарай, жаахан сэтгэл хөдлөөд тийм зүйл болчихлоо гэсэн. У-г ажиглахад сэтгэл санаа нь гайгүй байх шиг байсан.Тэгээд би У-г өнөөдөр, маргаашдаа амарчих, дараа нь харуул хамгаалалтанд томилно гэж хэлэхэд би хамт олонтойгоо ажил хийнэ, би зүгээр гээд манай гэрээс гараад гэрээтүүдтэй хамт барилгын ажил хийсэн. Тэгээд үдээс хойш нь хог дээрээс эвдэрсэн дугуй, чихрийн цаас, тамхины иш зэргийг цуглуулсан байсан, түүгээрээ тагнуулын газар уснаа явагч энэ тэр хийнэ гээд дахиад л ойлгомжгүй зүйл яриад байхаар нь асуухад сэтгэлээ онгойтол яримаар байна гээд байхаар нь өрөөндөө оруулаад Б, Л нарын хамт ярилцах гэсэн чинь би таны суудал дээр сууна гээд байхаар нь хажуу тийш болсон. У зогсож байгаад манай ангийн захирагч байсан талийгаачийг яриад бас охинтой нь холбогдсон, намайг аав шигээ мундаг удирдагч болоорой гэж хэлсэн гэх мэтчилэн зүйл ярьж байснаа хамт байсан 2 хүнийг гаргачих гэхээр нь тэр 2-ыг үүдэнд ойрхон байж байгаарай гэж хэлсэн. Тэгэхэд дахиад л талийгаачийг амьд мэнд байгаа гээд өрөөнөөс гарахдаа буундаа гэж хашгираад гүйгээд гарсан. Би ардаас нь явж  гэрт нь ороод У-н байгаа байдлыг нь сэргээх зорилгоор 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Буундаа командыг заставын дарга болон орлогч өгөх бөгөөд энэ үед бие бүрэлдэхүүн зэвсэг техникээ авч, байлдааны байдалд шилждэг юм. Тэгээд л сэргээх зорилгоор цохьсон. Энэ миний буруу. Би болоод байгаа асуудлын талаар заставын дарга, ангийн удирдлагад мэдэгдсэн. Тэгээд ангиас эмч ирж үзээд хот руу авч явсан. У-н эрүү нь хугарсан нь миний үйлдлийн улмаас болсон. Харин би хавиргыг нь хугалаагүй, өөрөө мориноос буугаад биднээс зугатаад гүйгээд явсан, тэр үедээ газар эвгүй хэвтсэн гээд ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг шүүхээс гарах шийдвэрийн дагуу төлнө гээд төлөөгүй байсан, эмчилгээний болон замын зардал 1,274,000 төгрөгийг төлж барагдуулна, харин бусад нэхэмжлэлийг төлнө гэхэд хэцүү байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Чиний ярьсан зүйлийг сонслоо. Хүүгийн минь биеийн байдал дунд зэрэг л байна. Эрүүний хугарал гайгүй байгаа. Эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт үзүүлсэн, наашаа, цаашаа явсан замын зардал 1,274,800 төгрөг болж байгаа. У-н 2018 онд нийт ажилласан 9 сарын цалин нь 5,665,450 төгрөг болж байгаа, үүнээс дунджилж тооцоход нэг сарын цалин нь 629,054 төгрөг болж байгаа. Гэмтлийн зэрэг хүндэвтэр гэмтэл гэж гарсан бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна гэж байгаа тул ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин нь 3,776,700 төгрөг нэхэмжилнэ. Мөн банкнаас 6 сая төгрөгний зээл авсан, хэрэв энэ хүн ажлаа хийж байсан бол банкны зээлээ хэвийн төлөөд явж байх байсан, үүнийг нэхэмжилнэ. Ингээд нийтдээ 11,051,500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна “гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4/

Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “ ... Т намайг үүргээ мэдэж байж биелүүлсэнгүй гэж хэлэхээр нь би буундаа гэсэн команд өгчихөөд албаны хувцсаа өмсөхөөр  гэр лүүгээ гүйгээд  гэртээ байж байтал араас Т 3-4 гэрээт хилчин нэг дэд ахлагчтай хамт ирээд  шанаа руу  2-3 удаа цохисон бөгөөд тэлээгээ сугалаад миний нуруу руу 3 удаа ороолгосон юм. Тэлээнийхээ  арлыг атгаад гараа ороосон тэлээгээрээ миний баруун шанаа руу 2 удаа цохисон юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 9-10/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 сарынн 20-ны өдрийн “1.Г.У биед доод эрүүний ясны их бие баруун өнцөг орчмоор, зүүн салаа зөрсөн хоёрлосон хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, баруун хацар шанаанд зөөлийн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун дал, цээжний баруун ар доод хэсэг, зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, баруун өгзөгний дотор хэсгээс зүүн өгзөгний хэсэг хүртэл үргэлжилсэн, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон  гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 12-13/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1. Хохирогч Г.У нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

2. Хохирогч Г.У нь сэтгэцийн хувьд F 25.0  Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр гэсэн оноштой байна.

3. Хохирогч Г.У нь сэтгэцийн хувьд F 25.0  Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр өвчтэй байна.

4. Хохирогч Г.У нь хэрэг хариуцах чадваргүй байна” гэсэн 3 тоот дүгнэлт /1-р хх-ийн 24/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд ... гэсэн дугаарын утсаар миний ... дугаарын утас руу дуудлага орж ирэн Дорноговь аймгийн ... цэргийн ангиас ярьж байна тэгээд та У-н аав мөн үү гэсэн тэгээд би мөн байна гэтэл танай хүү У нь мориноос уначихаад сэтгэл санаа тогтворгүй байна гэсэн тэгээд яасан юм бол гэтэл та суудлаар суугаад У-д ирэх хэрэг байна гэсэн ба би тухайн үед явах боломжгүй байсан тул очиж чадахгүй гэдгээ хэлсэн ба дараа нь манай эхнэр Г руу залган танай хүү У-г автомашинаар тээвэрлээд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт авч очино гэж ярьсан ба 2018 оны 09 дүгээр сарын 05-ны 03 цагийн орчимд манай хүүг шар хадны нэгдсэн эмнэлэгт авч ирж байна гэсэн ба манай эхнэр болон Ж.С бид хэд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06 цагийн үед Шар хадны эмнэлэгт очиход манай хүү У-н нүүр зодуулсаны улмаас хавдсан байдалтай түргэн тусламжийн өрөөнд оруулан биед үзлэг хийлгэхэд шүд зуусан яриатай зүүн талын өгзөг хэсэгт тариа хийсэн олон тооны зүүний сорвитой байсан тэгээд би авч очсон хилийн цэргийн ангийн эмчээс та нар мориноос унасан гээд байсан тийм шарх сорви хаана байна гэж асуусан тэгтэл гаран дээр байгаа шалбархайг заагаад энэ байна гэсэн тэгээд би манай хүү У-г шүүх эмнэлэгт авч очоод үзүүлээд өгөөч гэтэл нөгөө цэргийн ангийн эмч би дээрээс Шар хадны эмнэлэгт хүлээлгэж өг гэсэн тушаалтай явна гэсэн тэгэхээр би ... дугаарын утсаар холбогдоод та нар манай хүүг мориноос унасан гэсэн манай хүүхэд хүнд зодуулсан байна гэсэн тэгтэл та наад эмчтэйгээ яриад асуудлаа шийд гэсэн тэгээд би нөгөө эмчтэй нь хэл амаа олохгүй болохоор нь хүүгээ шар хадны эмнэлэгээс аваад явсан тэгээд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр очиж гомдол гаргаад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдүүлэн эмнэлэгт үзүүлсэн Тэгээд гэртээ хүүгээ 2-3 хоног хараад байлгасан ба гэмтлийн эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлээд албан ёсны гэмлтийн дүгнэлтийг гаргуулсан ба уг хугацаанд У нь элдэв зүйл ярин дэмийрлийн байдалтай байсан тул Шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд 2018 оны 09 дүгээр сардаа багтаан эрүүний яс хугарсан учир хагалгаанд орсон ба хагалгааны явцад нэг шүд авахуулсан бөгөөд уг хагалгааг шүд авч байж эрүүний ясыг хадах учир ийм хагалгааг хийсэн юм. Баруун шанаанд хагалгаа хийж зүүн шанаа нь хугараад эдгэж байна гэж эмч хэлсэн бөгөөд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр хамаг өвчний түүх байгаа. Ингээд манай хүү У нь буцаад шар хадны эмнэлэгт хэвтээд 3 саран гаран хэвтэн эмчлүүлээд одоо гэртээ гарсан байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн дэмий зүйл ярихгүй байгаа. Манай хүү У анх хотод очоод байх хугацаандаа надад хэлэхдээ харуулаас буугаад застав руу явж байхад Т нь мориноос татаж буулгаад өшиглөж зодсон ба миний зүүн энгэр орчим өшиглөсөн ба миний хавирга хугарч утасны дэлгэц хагарсан мөн намайг гэртээ амарч байхад Т нь орж ирээд гартаа суран бүс ороож байгаад шанаадсан намайг амарч байхад гэрт орж ирээд зодсон гэж ярьсан. Мөн С нь намайг нэг алгадаад нэг өшиглөсөн гэж ярьсан. Манай хүү У нь Батлан хамгаалах их сургуулийг холбооны мэргэжилээр 4 жил сураад 2017 онд төгссөн бөгөөд манай хүүд 2 дрон байгаа бөгөөд нэг дроныг өөрөө зохион бүтээсэн нэг дроныг худалдаж авсан юм. Манай хүү У нь Т гэх хүнд зодуулсаны улмаас сэтгэл санааны хувьд өөрчлөлт орсон мөн манай хүүгийн биед доод эрүүний ясны их бие баруун өнцөг орчимоор зүүн салаа зөрсөн хоёрлосон хугарал зүүн 9-р хавирганы хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн мөр зүүн бугалга зүүн тохой баруун дал, цээжний баруун ард доод хэсэг зүүн шуунд зулгаралт, зүүн шуу баруун өгзөгний дотор хэсгээс зүүн өгзөгний хэсэг хүртэл үргэлжилсэн баруун гуянд цус хуралт зэрэг гэмлүүд тогтоогдсон. Мөн одоогийн байдлаар 1,124,420 мянган төгрөгний баримтыг хэрэгт хавсаргуулан, мөн дээр нь хохирлын баримт нэмж өгнө. Мөн Ууганбаяр нь дрон зохион бүтээх зорилгоор 6 сая төгрөгний зээл авсан бөгөөд одоо миний хүү эрүүл байсан бол хэвийн ажлаа хийгээд зээлээ төлөөд явж байх байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай этгээдээс уг хохирлыг нэхэмжлэн авна” гэсэн мэдүүлэг /1-р  хх-ийн  247-248 /

Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас /1хх-ийн 31/

Хохирогч А.У-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1хх-ийн 70-72/

Шүүх сэтгэц эмгэг судлалын “1. Шинжээч Н.О, С.О, Г.Н нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 2. Г.У-н “шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр” хэмээх эмгэг нь дотоод шалтгаантай сэтгэцийн эмгэг юм.

 3. Г.У-н “шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр” хэмээх эмгэг нь дотоод шалтгаантай эмгэг юм.

4. Г.У-н “шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр” хэмээх сэтгэцийн эмгэг нь эмчилгээний үр дүнд засрал сайжралд орох боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн103-105/

Шүүгдэгч Б.Т-д холбогдох 1811025190075 дугаартай хэргийг 1820002070074 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 100/

Гэрч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... хилийн заставд 12 цагийн орчимд очиж ...-р хилийн заставын харуулын дарга дэд ахлагч Г.У-н гэрт  нь орж эрүүл мэндийн үзлэг хийхэд ширээний урд хэрэгт байсан 4 ширхэг Өд нэртэй нойлын цааснаас 2 ширхэг нойлын цаасыг жижиглэж ширээний урд талд овоолсон, хажуу талд нь шилэн жижиг стаканд чихэр задалж хийсэн, түүний хажуу талд байлдагчийн цол, дэд ахлагчийн цол, дэслэгчийн цол эгнүүлээд тавьсан, цолны дээд талд малгайн соёмбо, Соёмбоны дээд талд шорт, подволк, малгай эвхэж тавьсан, ширээний баруун талд голлоод суусан тухайн хүнээс зовиур юу байна, өвдөж байгаа зүйл байна уу гэж асуухад юм гэж зохилгоотой, уялдаатай бурхан дээрээс харж байдаг миний гэдэс өвдөхөд та ирж үзсэн, таны өгсөн эмнээс нэгийг уугаад гэдэсний өвчин зүгээр болсон гэж хэлэнгүйтээ энэ тавагтай чихэрнээс идэхгүй бол би маш их цангаж байна хилийн застав дээр 7 хоногийн өмнө П, Х гэж хоёр эмэгтэй ирж намайг төрийн хамгаалалтанд авсан энэ хоёр эмэгтэй ирж намайг хамгаалалтанд аваагүй бол би өөрийгөө буудаж хороох байсан П миний эхнэр болох хүн гэрийнх нь нэг өрөөнд сүнс байдаг би тэр сүнсыг мэдэрсэн, тэгээд миний төрсөн өдөр 3 сарын 17-ны өдөр болдог гурав гуравын ес болдог 9-р сарын 17-ны өдөр миний офицер цол ирэх байсан гэсэн зүйлүүд яриад байхаар нь тухайн хүний яриаг таслаад чи эдгээр нойлын цаасыг жижиглэж яах гэж ширээн дээр тавьсан юм бэ гэж асуухад би энэ нойлын цаасаар хүн хийж хүний дүрс гаргаж байгаа гэж хэлээд жижиглэсэн нойлын цааснаас нэг ширхэгийн аваад малгайн тэмдэгний хажуу талд тавьж энэ миний шүтээн гэж хэлээд мөргөж, мөргөж дуусахаар нь эрүүл мэндийн үзлэг хийхэд хоёр талын шанаа хавдсан байдалтай байсныг өөрөөс нь асуухад зүгээр зүгээр гэж хэлж байсан, зүүн талын чих улайж хавдсан, доод уруулын дотор хэсэг цохигдож язарсан хөх ягаан өнгийн туяатай байсан, тэгээд артерын даралтыг үзэж баруун талын артерын даралт 160/100, зүүн талын артерын даралт 150/90, пульс 120 сатурац 94 хувьтай зүрхний авиа тод, хэм жигд бус, синусын тахикарди илэрч байсан, хэвлий зөөлөн, шилбээр ил хавангүй байсан. Тэгээд Г.У-г гэрээс нь гараад хажуу талд нь байдаг буудлын өрөөнд оруулж орон дээр хэвтүүлж дээгүүрээ өмсөж авж байсан цамцыг тайлуулахад хоёр гарын шууны гадна хэсэгт зулгарсан шархтай, шарх нь цусархаг тав тогтсон, зүүн далны хэсэгт 1,5-аас 2 см орчим хөхрөлттэй артерын даралт бууруулах дибазол 2 мл судсаар, зүрхний үйл ажиллагаа дэмжих зорилгоор рибоксон 5мл-г 5мл натригаар шингэлж судсаар явуулж тархины бодисын солилцоог сайжруулах лабор 250 мл флаконтой уусмалыг судсанд дуслаар явуулан биеийн байдлыг ажиглаж байх үед П чи надад балга ус өг гэж чанга дуугаар хэлж уйлж босож ирсэн.Эмчилгээ явж байна тайван бай гэж хэлээд буцаагаад орон дээр нь хэвтүүлсэн. Тэгээд хийгдэж байсан дусал дуусангууд ангийн төв рүү тээвэрлэхээр болж өмсөж байсан хээрийн хувцасны өмдийг солиулахаар болж өмдийг солих хугацаанд дотуур өмдийг сөхөж өгзгийг харахад хоёр өгзөгний гол хэсэг зулгарсан шархтай, шарх цусан тавтай баруун талын өгзөгний шарх нь бага зэргийн хөхрөлттэй байсан. Ангийн төвд  ирээд...20 цаг 55 минутанд тухайн өвчтөнг Улаанбаатар хот руу машинаар тээвэрлэх шийдвэр гарч цэргийн ангийн жолооч ахлах ахлагч Б.Б, жолооч Б.Б, ...-р хилийн заставын гэрээт хилчин Г.Б нарын хамт цэргийн ангийн автомашинаар тээвэрлэсэн тухайн өвчтөнг тээвэрлэх хугацаанд өвчтний биеийн байдал тогтвортой байсан. Тэгээд 2018 оны 09-р сарын 05-ны өдрийн 07 цагт Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хэсэгт очин үзүүлж өвчний түүхийг нээлгэн хэвтүүлэх гэсэн боловч У-н ар гэр болох 3 ах 3 эгч аав, ээж нар Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно, тархины бичлэг хийлгэнэ, нарийн шинжилгээнд хамруулмаар байна гэж хэлэн өвчтөн У-г авч явсан….Би тухайн үед У-н биед учирсан шархны талаар У-с асуухад сургалт эрхэлсэн орлогч Т-д алгадуулсан энэ бол бурханы шалгуур би шалгуурыг давсан гэж хариулсан. У-н биеийн байдал дунд ухамсарт ухаан одоогийн сэтгэцийн байдал өөрчлөлтэй, дэмийрэл солиорол, хий үзэгдэл дэмийрлийн хам шинжтэй байсан. Хүнтэй харьцах чадвар сул, өөрийн гэсэн ухамсарт үйлдэл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111-113/

Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... орой 8 цагийн орчимд заставаас дэд ахлагч Б.Б утсаар ахмад Т яаралтай дундын дэрс гэдэг газар ир гэж үүрэг болгож байна гэсэн, тэгээд би өөрийн хувийн мотоцикльтой ахмад Т дээр очтол дэд ахлагч У шавар дээр цээж нүцгэн дээшээ хараад хэвтэж байсан ба учир ойлгогдохгүй зүйл яриад орилоод байсан, тэгээд ахмад Т-д би тайванаа өгөөд дэд ахлагч У хувцсаа өмсөөд одоо явъя гэсэн, тэгээд морио барьж аваад явах гэхэд нь ахмад Т морийг нь битгий өг гэсэн, дэд ахлагч У морь барьж байсан гэрээт хилчин рүү миний морийг тавь, би морио авъя гэж орилоод байсан ба морийг барьж байсан дэд түрүүч Д морийг өгөөгүй бөгөөд тухайн үед У би тэгвэл ганцаараа явлаа гээд баруун тийшээ алхсан, тэгээд ахмад Т У-г очоод аваад ир гэж надад хэлсэн тэгээд би араас нь алхах үед У буцаад хүрээд ирсэн тэгэхээр нь ахмад Т хоёулаа наадахыг чинь аваад явъя мотоциклоо асаагаад аваад ир гэж хэлсэн, тэгээд мотоциклоо асаагаад очих гэтэл зүүн тийшээ У нь гүйсэн ба мотоциклийн гэрэлд нэг удаа ороод алга болсон. Тэгээд тэр хавиар гэрэлтүүлж байгаад У-г олж авсан ба ахмад Т араас явган ирэх үедээ наадахаа байлгаж бай гэсэн ба би тухайн үед У-г бариад зогсож байсан, тэгээд ахмад Т ирээд намайг мотоцикль дээрээ суу гээд У-г суулгах гэхэд У нь гүйгээд алга болсон тэгээд ахиад гэрэлтүүлээд хайгаад өвсний ард хэвтсэн байхыг олж авсан ба тухайн үед У төмсөгөө бариад бүдрээд уначихлаа гээд сууж байсан тэгээд ахмад Т У-г барьж аваад голоор суу гээд татаад суулгасан, тэгээд застав луу явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 08-р сарын 23-ны өдрөөс 09-р сарын 02-ны өдрийн хооронд хилийн харуулын үүрэг гүйцэтгэсэн. Хилийн харуулд У ахлагч үүрэг гүйцэтгэж байх хугацаанд дрон сургууль төгссөн талаар байнга ярьдаг байсан. 08-р сарын 26-ны орой дэд түрүүч Д, түрүүч Д нар моторт гэх газар луу усанд явж байлдагч Т.Н цагийн манаатай, би хоол хийх гээд бэлдэж байхад дэд ахлагч У нь би мах хэрчие гэж хэлэхээд өөрийн гар утсаа үзээд байж байхаар нь та ахлагчаа махаа хэрчихгүй юм бол би махаа хэрчие цаг орой боллоо гэж хэлэхэд би хэрчинэ гээд зандрангүй хэлсэн. Тэгээд би махаа хэрчих гэтэл У ахлагч гэнэт миний өөдөөс уурлаад над шиг хоол хийхэд тусалдаг харуулын дарга байдаг юм уу гэж хэлэхээр нь үгүй гэж хэлхэд би чиний найз охин чинь жирэмсэн гээ биздээ битгий найз охин руугаа уурлаад байгаарай гэж хэлэхээр нь ахлагчаа би уурлахгүй байгаа гэж хэлэхэд У нь би бас найз охинтой бас жирэмсэн байсан найз охиноо жирэмсэн байсан талаар эцэг эхдээ цагаан сараар хэлье гэж бодож байсан харин найз охин маань нурууны суулттай төрөх боломжгүй талаар мэдсэн. Нэг бол хүүхдээ нэг бол ээжийг нь алдаж магадгүй гэж эмч нар хэлсэн. Тэгтэл гэнэт өөрийн биед тэлээнд байсан зэвсгийн сейфний түлхүүрээ тэлээнээсээ сугалж авахаар нь би яаж ч магадгүй гээд У ахлагчийн гарт байсан сейфний түлхүүрийг булааж аваад ахлагчийг уучлаарай гээд сэтгэл санааг нь тайвшруулах үед ахлагч хөөрхөн хүүхдээ гэдсийг нь томрохыг нь харч чадаагүй, чамд их атаархдаг миний амьдрал дардан байгаагүй, намайг бага байхад аав ээж хоёр маань хүнд өргүүлж, өргүүлсэн аав ээж хоёр маань нас бараад өөрийн аав ээж хоёр дээр ирсэн талаар ярьж би уучлаарай ахлагчаа гэж хэлэхэд У ахлагч нь өмнө харуул дээр гарч байхад хэлсэн үгийг маань уучлаарай гэж хэлсэн. Тэгээд магадгүй би миний зэвсгийн сейфний түлхүүрийг булааж аваагүй бол би яаж магадгүй байсан чамд баярлалаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоолоо хамжаад хийгээд байж байхад усанд явсан хоёр алба хаагч нар ирээд түрүүч Д-д зэвсгийн сейфний түлхүүрийг өгөөд хоол ундаа идээд амарсан. Тэгээд 09-р сарын 02-ны 16 цаг өнгөрч байхад заставаас харуул солих гээд ахмад Т, ахлагч С нар ирээд ахмад Т зарим бичиг баримт дутуу байна гээд бичиг баримтыг гүйцэд хийлгээд 19 цагт харуулыг хүлээлцээд ахмад Т, дэд ахлагч У, дэд түрүүч Д, бид 4 харуулын цэгээс хөдлөөд замд явж байхад Т-той У нь дрон, 3-сан систем, 6-сан систем гэсэн ойлгомжгүй зүйлийн талаар ярьж эхэлсэн. Тэгээд Т нь У-н ярьж байсан зүйлийн ойлгохгүй байна, хоёулаа өөр зүйлийн талаар ярья гэж хэлсэн. Тэгээд явж байгаад У нь хилийн манаанд явж байгаад харсан 5 морины талаар буюу би энэ морийг харж байгаа, давхихдаа сүүлээ дээшээ өргөөд баадаг бөгсөн хэсгээрээ цоохортой морь байсан талаар малчин гэрээт хилчинд хэлсэн гэж ярьсан. ... У морио алхуулаад ард үлдээд Т нь явж байгаад У-г хүлээгээд цуг явье гээд У-г хажууд ирээд бид хэдийг зүгээр үү гэж асуухад Т зүгээр, зүгээр чамтай цуг явах гээд чамайг хүлээж байсан. Тэгээд хамт явж байгаад гэнэт морио гуядан би эх орны хүү гэж орилоод морьтойгоо давхиад явахаар нь бид 3 араас нь явж очиход Т, дэд түрүүч Д-г У ахлагчийн морийг хөтлөөд яв гэж хэлээд хөтлөөд явж байхад У Д-г тавь пизда минь гэж хэлэхэд Д морийг нь тавиагүй морийг хөтөлсөн чигээрээ явж байхад дахин морины амыг дугтараад дахин хараал хэлсэн. У нь дээгүүрээ өмсөж байсан хувцсаа тайлсан, газраас шороо гараараа самардаад өөрийнхөө бие рүү цацаад байхаар нь Т чи яасан тэнэг юм бэ чи хувцсаа өмс гэж хэлэхэд би тангараг өргөсөн эр хүн би газар шороондоо шингэнэ гэж хэлсэн. Тэгээд Т нь застав руу залган харуулаас С ахлагчийн дундын дэрс гэх газар хүрээд ир гэж хэлсэн....Т, С хоёр У-г мотоцикль дундаа суулгаад явах гэтэл зугатаж гүйгээд Т, С хоёр араас нь мотоцикльтой яваад дундуураа суулгаад застав руу явсан...маргааш өглөө нь хоолонд орж байхад  У ахлагчийн 2 талын шанаа, эрүү хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн116-118/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Т таараад У танд зөндөө хэллээ гуйж үзлээ, хоёулаа сайхан ярилцаад ах дүү шиг болоо биздээ, яагаад сонин зүйл гаргаад  байгаа юм бэ гэж хэлээд байж байхад У би тэргүүн дэд дарга ерөнхийлөгчийг удирдах хүн застав буундаа гээд орилоод гэр лүүгээ гүйсэн тэгээд дахиад Т араас нь гүйж ороод би чамайг зөндөө гуйлаа чи өөр яаж яриулах гээд байгаа юм бэ чи өөр юу хүсээд байгаа юм бэ гэж хэлэх үед би араас нь гүйж ороход У-г загнаад нилээн уурлаад 2 удаа шанаа хэсэг рүү алгадсан. Тэгээд холбооны өрөөнд оруулаад амраа нойргүй яваад  ингээд байгаа юм уу гээд У-г дэд ахлагч Л бид хоёр аваад гарсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-122/

Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би  2018 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр заставын байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад хилийн харуул солигдоод  10 цаг 30  минутын үед У, Т, С гурав мотоциклиор ирээд заставын үүдэнд  Б бид хоёрыг зогсож байхад  У мотоциклиос буугаад зугтаах гээд оролдлого гаргаад Т, Б бид гурав У-тай соёл амралтын өрөөнд ярилцаж байгаад  амраасан. Маргааш өглөө 08 цагт застав нэгдэхэд  У зүгээр нэгдээд орой албаны хуваарийн дараа У чарлаад, хогийн сав ухаад ийш тийш гүйгээд байхаар нь Т, Б, У бид даргын өрөөнд ороод даргын өрөөний дэргэд очоод та нар дуусгаад бос би прад хувцасаа  өмсмөөр байна, та нарыг захирмаар байна, ерөнхийлөгч ирсэн байна би одоо цол молоо авах ёстой гээд байсан. Эндээс гараад гэрлүүгээ гүйж ороод Т араас нь мөн Д бид хоёр гэрт нь ороход Т У-г юу яриад байгаан юм бэ гээд далан дээгүүр нь хавсраад 1 удаа цохисон. Тэгээд Т У-г хоол унд ид гээд  гэртээ авч ороод амарсан. У застав буундаа гадуур ерөнхийлөгч ирсэн байна гээд элдэв  бусын зүйл яриад байхаар  нь бухимдаад  Т зүүн далан дээгүүр нь хавсраад  цохисон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123-125/

Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэлгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хилийн ... ангийн салбарт дэд ахлагч Г.У-н нүүрэн тус газарт гараараа цохисоны улмаас хохирогч Г.У-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл , эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол,  хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг дээрх хуулийн зохицуулалтай уялдуулахад шүүгдэгч Б.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт буюу мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирол, хор уршигийг учруулсан байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т-н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт болох гэрч О.Л /1-р хх-ийн 111-113/, Г.Б /1-р хх-ийн 116-118/, Б.Б /1-р хх-ийн 119-120/, Ц.Л /хх-ийн 123-125/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 сарынн 20-ны өдрийн 10887 тоот дүгнэлт /1хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х нь “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т нь энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдээгүй гэж, улсын яллагч яллах дүгнэлт болон гэм буруугийн дүгнэлт танилцуулах шүүх хуралдаанд “ хохирогчийг таарамжгүй харьцааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан”  гэж мэтгэлцдэг болно. Тэгэхээр тухайн үйл явдал болсон цаг хугацаа, хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан авсан гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Г.У нь шүүгдэгч Б.Т-той ямар нэг байдлаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хүнийг зодож гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж нь заавал таарамжгүй харьцааны улмаас хүний биед гэмтэл учруулсан байхыг шаардахгүй юм. Харин шүүгдэгч Б.Т нь хохирогчийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон талаараа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа нь уг хэргийг оюун санааны бүрэн эрх чөлөөний үндсэн дээр ухамсарлаж үйлдсэн гэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох юм.

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын төрөлтэй гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт тогтоогдож байх боловч уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш буюу 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх ба энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”  тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол зэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээний төлбөр, замын зардалд 1,274,800 төгрөг, хохирогч Г.У-н нэг сарын цалинг 629,450 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин  3,776,700 төгрөг, банкны зээл 6,000,000 төгрөг, нийт 11,051,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилдэг болно.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Х нар нь “эмчилгээ болон замын зардлын 1,274,800 төгрөгийг маргаангүй төлөхөө илэрхийлж, харин ажилгүй байсан хугацааны цалин,банкны зээлийг төлөх үндэслэлгүй” гэж, хохирогчийн өмгөөлөгч Д.Д нь “хохирогч Г.У-г 2019 онд 9 сар ажилласан хугацааны нийт цалин 5,665,054 төгрөг болно, үүнээс дундчилж тооцоход нэг сарын цалин нь 629,450 төгрөг болж байгаа, түүнчлэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар дүгнэсэн байдаг, энэ хугацааг 6 сараар тооцсон “ гэж мэтгэлцдэг.

Шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм. Б.Т нь эмчилгээний болон замын зардалд нэхэмжилсэн 1,274,800 төгрөгийг ямар нэг маргаангүй төлөхөө илэрхийлсэн. Харин хэрэгт авагдсан Хилийн ... дүгээр ангийн 2018 оны цалингийн тооцооны картаас үзэхэд Г.У нь 2018 онд 9 сар ажиллаж, нийтдээ 5,665,054 төгрөгийн цалин хөлс авсан нь тогтоогдож байх ба нийт авсан цалин хөлсийг ажилласан сард хуваахад нэг сарын цалин дунджаар 629,450 төгрөг болж байгаа,  түүнчлэн Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д “...эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” байхаар заасан байх тул түүний ажилгүй байсан хугацааг 6 сараар тооцсон нь нэхэмжлэлийн үндэслэлийг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн өмгөөлөгч Д-н зүгээс хэрэгт нотлох баримтаар хохирогч Г.У-н Х банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг өгсөн бөгөөд уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хохирогч нь сард 308,000 төгрөг төлөх үүрэгтэй, мөн гэрээ нь хэрэглээний зээл байгаагаас үзэхэд хохирогч нь зээлийн үүргийг цалингаас бусад орлогоос төлөх үүргийг  хүлээсэн гэж үзэхээр байна. Нэгэнт шүүх ажилгүй байсан хугацааг 6 сараар тооцсон тул уг хугацааны зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваариар тооцон гаргуулах нь зүйтэй байна. Иймд Б.Т-с эмчилгээний болон замын зардалд 1,274,800 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3,776,700 төгрөг, хохирогч Г.У-н банктай байгуулсан гэрээний үүрэг буюу түүний ажилгүй байсан хугацааны /6 сар/ зээлийн төлөлт нийт 1,848,000 /6 сар х308,000/ төгрөг, нийт 6,899,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.У-т олгож, нэхэмжлэлээс 4,152,000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.-д “ ...энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд,...аюулгүй байдалд шууд учирсан  үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн 2-д “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны  улмаас үүссэн үр дагаврыг  гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь түүнд учирсан шууд хохирол, харин эмчилгээний болон бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, хөдөлмөрлөх үйл явц алдагдсаны улмаас бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэргийг хор уршигт тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Б.Т-с эмчилгээний болон замын зардалд 1,274,800 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 6 сарын цалин / 6х629,450 төгрөг / 3,776,700 төгрөг, хохирогч Г.У-н банктай байгуулсан гэрээний үүрэг буюу түүний ажилгүй байсан хугацааны зээлийн төлөлт 1,848,000 төгрөг, нийт 6,899,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.У-т олгож, нэхэмжлэлээс 4,152,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           А.Ц