| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/01421/И |
| Дугаар | 210/МА2025/01347 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01347
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05240 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 213,079,150 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь зээлдэгч *******тай 2024 оны 04 сарын 05-ны өдөр 04/05 тоот Зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг мөн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 04/23 тоот Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулж сарын 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл олгож, үүргийн гүйцэтгэлд ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд эдгээр гэрээний хугацаа дууссан.
1.2. Зээлдэгч нь дээрх 04/05 тоот гэрээний дагуу нийт 26,51,779 төгрөгийг 04/23 тоот гэрээний дагуу 7,271,355 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлбөр хийгдээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 213,079,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хэрвээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр зээлийн төлбөрийг хүлээж авсанд маргахгүй. Хариуцагчийн хувьд төлөгдсөн төлбөрүүдэд маргаангүй.
2.2. 2024 оны 11 сарын 15-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг ******* ХХК хувьчилж аваад байгааг зөвшөөрөхгүй байгаа. Жишээлбэл 20,000,000 төгрөг төлөхөд 120,000,000 төгрөг болон 50,000,000 төгрөгийн зээлд шууд өөрсдөө дур мэдэн авдаг. 20,000,000 төгрөг төлөөд байхад 120,000,000 төгрөгийн зээлээс буюу түрүүлж хийгдсэн зээлийн гэрээнээсээ хасаад явах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас, нэмэгдүүлсэн хүү 1,783,233 төгрөг, хүү 7,132,933 төгрөг, нийт 8,916,166 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх 204,162,984 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 204,162,984 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 8,916,166 төгрөгийн хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ******* нь үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,664,076.63 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,248,964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. хариуцагч талаас зээлийн төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг эхний 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тооцооллын үндсэн зээлээс хасуулж тооцуулахаар татгалзлын үндэслэлээ тодорхойлсон ба ингэхдээ 8,916,166 төгрөгийг хасуулна гэж тайлбарлаж буй атлаа тооцооллын талаарх баримт гаргаж нотлоогүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах.... бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхээр байна.
4.2. Манай нэхэмжлэгч байгууллага нь шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан хүрээнд үүрэгт гүйцэтгэх дарааллын дагуу зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн үүргээс эхэлж хасалт хийж тооцоход 04/05 тоот 120,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс 2024 оны 11 сарын 15-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 36,977,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,915,726 төгрөг нийт 141,893,449 төгрөг болж өмнөх гаргасан тооцооллоос 6,512,032 төгрөгийн зөрүү (нэхэмжилсэн шаардлагаас хасагдах дүн) үүссэн,
4.3. Мөн 04/23 тоот 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тооцооллыг тооцоход үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 14,252,003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,199,452 төгрөг нийт 66,451,455 төгрөг болж 1,777,785 төгрөг (нэхэмжилсэн шаардлагад нэмэгдэх дүн)-ийн зөрүү гарсан. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд үндсэн зээлээс хасалт хийгдээгүй буюу 04/23 тоот гэрээний хариу төлбөр огт төлбөр төлөгдөөгүй тул өмнөх гаргасан тооцоолол дээр төлбөр нэмэгдэж тооцогдох нь илт тодорхой байна.
4.4. Үүнээс харвал нийт 4,734,247 төгрөг (6,512,032-1,777,785) нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой байсан тул 4,181,919 төгрөгт (8,916,166 -4,734,247) холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хасаж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 4,734,247 төгрөгийг хасаж 208,344,903 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцэж байна.
4.5. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй хэмээн заасан байх тул манай нэхэмжлэгч талын зээлийн төлбөрийн шинэ тооцоолол, зээлдэгчийн зээлийн төлбөр төлсөн тухай дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар нэмж өгөх шаардлагатай байх ба үүний үндсэн дээр хэрэг хууль ёсны дагуу шийдвэрлэгдэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргааны нэг гол зүйл болсон нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т ... Зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд ББСБ-ын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлан, зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх эрхтэй. Талуудын тохирсон зээл, зээлийн хүүг төлөх хуваарь нь энэ гэрээний хавсралт байх бөгөөд гэрээний адил хүчинтэй ... гэж харилцан тохиролцсон байдаг бөгөөд зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг зөрчсөн байхад нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй энэ талаар ямар ч арга хэмжээг аваагүй байдаг бөгөөд хариуцагчийн төлсөн төлбөрийг 2 зээлийн гэрээнд хуваах байдлаар хэсэгчилэн хуваарилан авсныг хүлээн зөвшөөрдөггүй.
5.2. Талууд 120,000,000 төгрөгийн болон 50,000,000 төгрөгийн хоёр Зээлийн гэрээ байгуулснаас 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 04/23 дугаар 50,000,000 төгрөгийн Зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 08 сарын 18-ны өдөр 4,290,600 төгрөгийг төлснөөс хойш төлбөр төлөгдөөгүй, төлбөрийн хуваарь зөрчигдсөн байхад 2025 оны 02 сарын 12-ны өдөр буюу бүтэн 6 сарын дараа шүүхэд хандаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож хариуцагчийг зориуд хохироосон үйлдэлд анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
5.3. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.4-т ... барьцааны зүйлийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эсхүл гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан өдрөөс ББСБ эзэмшилдээ авч ... гэж тохиролцсон байгаа нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан нь эрхийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон байтал энэ талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан болно.
5.4. Мөн анхан шатны шүүхээс ... 10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,664,076.63 төгрөг /70,200 + 1,111,676.71 + 179,133.67 + 179,976.21 + 105,090,04/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,248,964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно ... гэж дүгнэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,248,964 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхээс 204,162,984 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба үүнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцоолоход 1,178,764.92 төгрөг байхад хариуцагчаас төлүүлэх тэмдэгтийн хураамжийг 70,199 төгрөгөөр илүү гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
5.5. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 05240 дугаартай шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул үндэслэх хэсэгт татгалзлын үндэслэлд нэмэлт оруулах болон улсын тэмдэгтийн хураамжийн 70,199 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Анхан шатны шүүх хариуцагч *******аас 204,162,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Зохигч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 185,411,948 төгрөгийг 2025 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7,667,202 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05240 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 185,411,948 төгрөгийг 2025 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 74,749 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР