| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04105/И |
| Дугаар | 210/МА2025/01435 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01435
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03281 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
*******ы хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,*******тоот орон сууцны 50 хувийн өвлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2017 оноос хойш нас барсан ээж *******ы хамт ******* тоот орон сууцанд амьдарч, ээжийгээ асарч байсан ба одоо өөрөө энэхүү байранд амьдарч байна.
1.2. ******* нь 2022 оны 12 сарын 22-ны өдөр нас барж, *******д өв нээгдсэн. Миний ээж ******* нь охин *******, хүү ******* нарыг төрүүлж өсгөсөн. Миний дүү ******* нь 2016 оны 10 сарын 07-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч нь ээж *******аас үлдсэн ******* тоот орон сууцыг өвлөн авсан тул өвлөх эрхийн гэрчилгээ авахаар 2024 оны 05 сарын 07-ны өдөр нотариатч *******д хандсан ба нотариатч нь нас барагч *******ы өвийг нээж эрхийн гэрчилгээг олгоход Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасан ... бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж ... зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан. Дээрх орон сууцны улсын бүртгэлийн лавлагаагаар өмчлөгч нар нь *******, дүү *******, ээж ******* нар бүртгэгдсэн байдаг.
1.3. ******* нь 2016 оны 10 сарын 07-ны өдөр нас барсан хүү *******ын өвөөс оногдох хэсгээ авахаар нотариатчид 2017 онд, шүүхэд 2022 онд хандаж байсан ба Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өвлөн авах эрх нь надад шилжсэн.
1.4. Энэхүү байдлыг *******ын ээж *******д нотариатч ******* мэдэгдэхэд *******ыг өвлөгч биш, ******* тоот орон сууц нь дангаараа *******ын хүүхдийн өмч гэж маргаж байна. Миний бие дүү *******аас үлдсэн өвийг ээж ******* нь 2017 онд өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн нотариатын үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан. Энэ үед *******ыг өвлөгч биш гэж маргаж байсан.
1.5. ******* нь өвлүүлэгч *******ы хууль ёсны нэгдүгээр өвлөгч, түүнээс үлдсэн орон сууцнаас Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар 50 хувийг өвлөх эрхтэй ба хариуцагч ******* нь өв нээлгэж, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй. Иймд нэхэмжлэгчийг ээж *******ы хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлүүлэгчийн үлдээсэн ******* тоот орон сууцны 50 хувийн өвлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* тоот орон сууц нь миний аав асан *******, ээж ******* болон *******, ******* нарын гэр бүлийн дундын өмч юм.
2.2. Нас барсан эмээ ******* нь хүүгийнхээ гэр бүлийн дундын өмчид дан ганц аавын зөвшөөрлөөр орж ирчхээд, гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй төрсөн охин *******даа өвлүүлэх эрхгүй юм. Нас барсан эмээ *******ыг энэ байрны хууль ёсны өмчлөгч гэдгийг батлах нотлох орлогын эх үүсвэр байхгүй. Мөн аав маань эмээгийн нэрийг нь дундын өмчид бүртгүүлэхдээ хамт амьдрах шалтгаанаар л оруулсан ба эмээ ******* нь насан эцэс болтлоо манай гэр бүлийн дундын өмчид амьдарсан болно.
2.3. ******* нь нас барагч ээж ******* нь 2016 оны 10 сарын 07-ны өдөр нас барсан хүү *******ын өвөөс оногдох хэсгээ авахаар нотариатч 2017 онд болон шүүхэд 2022 онд хандаж байсан, Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өвлөн авах эрх нь надад шилжсэн байна гэжээ. 2017 онд нотариатч *******д хандаж хууль бусаар авсан *******ы нэр дээр гарсан өвлөх эрхийн №141 дугаартай, *******ы нэр дээр гарсан №119 дугаартай гэрчилгээнүүд нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалаар хүчингүй болсон ба өвлөх эрхийг Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэгт зааснаар тогтоодоггүй ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр нөхөр, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд, үр хүүхэдгүй бол эцэг эх нь өвлөнө гэж зааснаар өвлөнө.
2.4. Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өвлөн авах эрх шилжүүлж авсан 2022 оны шүүхийн шийдвэр нь дээд шатны шүүх хүртэл яваад хэрэгсэхгүй болж анхан шат руу буцаад 2024 оны 11 сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 03 сард Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******, ******* нарын өвлөх эрх хууль бус байсан учраас хүчингүй болсон юм. Ямар шийдвэрээр өвлөн авах эрх *******д шилжсэн гээд байгааг ойлгохгүй байна.
2.5. Миний аавын хууль ёсны өвлөгч бол хуулиараа миний ээж *******. Аав, ээж хоёр минь амьдралын эрхээр салсан ч хэн хэн нь хүнтэй сууж өөр амьдрал зохиогоогүй. Ээж маань аавынхаа өвийг та хоёр ав гэснээр *******, ******* бид хоёр хууль ёсны өвлөгчид ба Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1, 517.2 дахь хэсэгт зааснаар бид өвлөх эрхээ алдаагүй болно.
2.6. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар ******* надтай 50:50 хувиар хуваана гэжээ. *******ы төрсөн дүү ******* нь нэг биш хоёр хүүхэдтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч бид аавынхаа өвийг өөрсдөө авна. ******* нь миний аав *******ын хууль ёсны төрсөн хүү ******* байгааг мэдсээр байж ганц намайг аавын өвлөгчөөр харж эмээ *******д 50:50 хувиар хуваалгаж өөрөө авах гээд байгаа нь ойлгомжгүй байна.
2.7. Нас барсан аав *******ын хууль ёсны өвлөгч болох төрсөн охин *******, төрсөн хүү ******* бид нарын өвлөх эрхийн ноцтой зөрчиж гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 8,4 хувийн өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* нь *******ы хууль ёсны өвлөгч болохыг тогтоож,*******тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 41,6 хувийн өвлөгчөөр *******ыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 527,851 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нь - Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-т ... 8,4 хувийн өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ... 2 өрөө байрны орон сууцны 41,6 хувийн өвлөгчөөр *******ыг тогтоосугай. гэж шийдвэр гаргасан нь хууль бус, нотлох баримтгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
4.2. Хууль ёсны өмчлөгч гэж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр болон ... төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн ... эцэг, эх гэсэн байдаг. Энэ заалтыг нэхэмжлэгч нь үндэслэсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь *******тоот орон сууцны өвлөгч нь хэн хэн болох талаар нотлох баримтыг нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хавсаргаж өгсөн ба хавтаст хэргийн 16-40 хуудсанд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаартай шийдвэр авагдсан.
4.3. Тус шүүхийн шийдвэрт /хавтаст хэргийн 25, 32 хуудсанд/ ******* нь өвлүүлэгчийн төрсөн эх буюу өвлүүлэгчийн 1 дүгээр хууль ёсны өвлөгч, *******, ******* нарыг нэгдүгээр хууль ёсны өвлөгч, мөн ... *******аас гэрээслэлгүй. Өвлүүлэгчийн дээрх эд хөрөнгө, эрх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгдөнө, төрүүлсэн эх *******, төрсөн хүүхэд *******, ******* нарыг хууль ёсны нэгдүгээр өвлөгч гэх бөгөөд эдгээр иргэд нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул ... гэжээ.
4.4. Эндээс үзэхэд нэхэмжлэгч нь *******ы ганц охин бөгөөд хууль ёсны өвлөгч бөгөөд ******* нь амьд сэрүүн байхдаа хүү *******ын өвлөгч тул орон сууцны өөрт оногдох хэсгээ шүүхийн шийдвэрээр дүгнүүлсэн бөгөөд өвлөж авч чадаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс талийгаач *******ын өвлөгч нь ээж *******, охин *******, хүү ******* нар гэж зөвшөөрч байгаа болно.
4.5. Гэтэл Анхан шатны шүүх хуульчлан заасан заалтыг төсөөтэй хэрэглэж байгаа нь хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 8 дахь өгүүлбэрт ... талийгаач *******ын*******тоот хаягт байршилтай, ... 33,3 хувийн өмчлөх эрхийг эх *******, түүний охин *******, хүү *******, ******* нарт тэнцүү, өвлөгч тус бүрт 8,32 хувийг өвлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн нь хууль бус, хуулийг буруу хэрэглэсэн, зөрчсөн гэж үзэж байна.
4.6. Анхан шатны шүүхийн өвлөгч гэж үзээд байгаа ******* нь нас барагч *******ын хууль ёсны өвлөгч биш, гэрлэлтгүй, хамтран амьдарч байгаад талийгаачийн бүх хөрөнгийг 2005 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр орж авч байсан бөгөөд нас барагч *******ыг амьд сэрүүн байхад нь энэхүү маргаж байгаа байрнаас сайн дураар нэрээ хасуулсан байдаг.
4.7. Шүүх өвлөгч биш *******д 8,32 хувийг өвлүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь *******, ******* нар нь эрхээ зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад өвлөх эрх олгож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас давсан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.
4.8. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, 4.2-т Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна гэж тус тус зааснаар шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өвийн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалт байсаар байхад төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэсэн байгаа нь өөрөө хуулийг буруу хэрэглэжээ гэж үзэж байна.
4.9. Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 6-д ... *******, түүний охин *******, хүү ******* нь ... Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид учраас тус бүр 11,1 хувийг өвлөхөөр байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээр нэхэмжлэгч нь *******ы өв 33,3 + *******ын үлдээсэн өвөөс 11,1 нийт =44,4 хувийг өвлөх эрхтэй байх ба дээрх байрны дундын өмчлөл, харж, хамгаалж байгаа тул 1 хувийг авах эрхтэй байтал шүүх өвлөгч биш ******* гэх хүнд үндэслэлгүй өв өгч байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн дугаар шийдвэрийг хянаж, нэхэмжлэгчийг өвлүүлэгч *******ы үлдээсэн*******тоот орон сууцны 45 хувийн өвлөгч мөн болохыг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Нэгдүгээрт, миний бие өнөөдөр үг хэлэх эрхээ эдэлнэ, мөн өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байгаа учир хууль ярина. Олон шүүх хуралдаан дээр намайг хууль ярихыг хориглож, үг хэлэх эрхийг минь боогдуулж байсан учраас энэ хүсэлтээ нэн тэргүүнд хэлчихье. Уг маргаан 6 жилийн турш үргэлжилж байна. Нэхэмжлэгч 8 жил гэсэн нь худлаа.
5.2. Миний нөхөр 2016 онд нас барсан бөгөөд 2017 онд өв нээгдэх үед бид өв хүлээн авах хүсэлт гаргасан. Маргаан бүхий орон сууцанд хадам ээж амьдарч байсан учир чимээгүй орхисон. Миний 2 хүүхэд аав дээрээ 7 хоног бүрийн хагас, бүтэн сайн өдөр очиж хонодог байсан. Аав, эмээ 2 нь хамт амьдардаг байсан бөгөөд аавыгаа өнгөрсний дараа эмээгээ ганцаардаж байгаа гээд 2 жилийн турш амралтын өдөр бүр эмээгийндээ очиж хонодог байсан. Гэтэл 3 дахь жилээс эхлэн нэг эгч нь нүүж ирээд, хүүхдүүдийг минь гэртээ оруулахаа больчихсон. Миний охиныг шөнө 12 цагт хөөн гаргаж, эмээ нь цагдаа дуудсанаар уг асуудал эхэлсэн. Цагдаа ирээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаа эсэхийг асуусан байдаг. Орон сууц эзэмшигчийг хөөн гаргах боломжгүй гэж хэлсэн чинь орон сууцны 3 эзэмшигч гараад ирсэн. 2016 онд манай нөхөр нас барахаасаа өмнө охиныхоо нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд нэмүүлчихсэн байсан.
5.3. 2007 онд хадам ээж хууль бусаар гэрчилгээнд нэрээ оруулсан. Энэ тухай миний бие 2017 онд мэдээд нотариатчтай уулзсан. Хэрэв энэ хүн нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.4 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь хүчингүй болно. Учир нь нас барах хүртлээ амьдарна гэж байгуулсан хэлцэлтэй юм байна. Та орон сууцнаасаа гаргах гээд байгаа юм уу гэж асуухад нь өндөр настай хүнийг гаргахгүй ээ зүгээр орхичхож болно гэж хэлсэн. ******* нас бараад эзэмших эрхгүй болох юм бол орхичихъё гэж бодоод зүгээр орхисон. 2020 онд хүүхдүүдийг минь оруулахгүй хөөсөн учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шалгасан. Гэтэл охины минь иргэний үнэмлэхийг хууль бусаар ашиглаж, бидэнд мэдэгдэлгүйгээр гэрчилгээнээс нэрийг нь хасуулчихсан байсан.
5.4. Уг маргаан бүхий орон сууцыг 2000 онд нөхөр бид 2 БНСУ-д ажиллаж олсон мөнгөө Монгол руу явуулж, орон сууцаа худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч тал тус орон сууцыг бидний дундын өмч, бид 2007 онд худалдаж авсан гэх агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан нотлох баримтуудаар ******* нь хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан нь нотлогдоно. Шүүхэд олон удаа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэл тус бүрдээ орон сууцыг 2007 онд худалдаж авсан гэж бичсэн байдаг.
5.5. Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* нь нэхэмжлэгчийг өвлөгчөөр тогтоосон хууль бус шийдвэр гаргасан. Миний бие тус шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бөгөөд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Тус хэрэг анхан шатны шүүх рүү шилжиж ******* шүүгчид хуваарилагдсан. Гэтэл нэхэмжлэгч тал өмнө нь уг хэргийг шийдвэрлэсэн ******* шүүгчийн захирамжийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтыг нь шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэж үзэж байна.
5.6. Мөн 2023 оны 11 сарын 09-ний өдөр ******* шүүгч уг хэргийг шийдвэрлэхдээ 141, 119 дугаартай гэрчилгээнүүдийн нотариатын бүрдүүлбэр хууль бус болохыг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, хадам ээж, хадам эгч 2 манай нөхрийн өв залгамжлагч биш болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэр 2 дугаар хавтаст хэргийн 237 дахь талд авагдсан. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 235 дахь талд уг хэргийг шийдвэрлэх явцад хадам ээж ******* нь 2022 оны 02 сарын 22-ны өдөр нас барсан болохыг нотлох баримт авагдсан. 2023 оны 11 сарын 08-ны өдөр *******ы нас барсан захирамжийг гаргасан буюу шүүхийн шийдвэр гарахын өмнөх өдөр гаргасан. Тус нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, хэрэгт гаргаж өгсөн боловч ******* шүүгч нотлох баримтаар үнэлээгүй.
5.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хэсэгт заасан хэргийн оролцогч ******* нас барснаар хэргийн оролцогчоос хасагдаж, эрх залгамжлал нь өөр хүнд шилжээгүй гэх агуулгыг шүүгчийн захирамжид дурдсан. ******* шүүгч Сонгинохайрхан дүүргийн шүүхээр явж байхдаа өвийн маргаантай байж байгаад нас барсан гэж хэлсэн. Тус өвийн маргаан үүгээр дууссан. Учир нь эрх залгамжлал нь өөр хүнд шилжээгүй байхад ******* нас барсан. Өөрөөр хэлбэл, нас барсан өдрөөс эхлэн эрх зүйн чадамжгүйд тооцогддог. Гэтэл ******* шүүгч нас барсан хүнийг эрх зүйн чадамжтай болгон, нас барсан хүнд өв хувааж, тус өвийг нь *******д гэрээслүүлээд хувь тогтоогоод хуваагаад өгчихсөн. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.
5.8. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэхийг хориглоно... гэж заасан. Гэтэл ******* шүүгч тус хориглох зүйлийг хийсэн. Анхнаасаа нэхэмжлэлийг хүлээж авах ёсгүй байсан, мөн шүүх хуралдаан ч болох ёсгүй байсан.
5.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн бүх заалтыг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн. Нас барсанд тооцсон захирамж гарсан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авах ёсгүй. Өвийн маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй тохиолдолд өв хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг байгаа нутаг дэвсгэрийн шүүхэд хандана гэж хуульд заасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шүүхийн онцгой харьяаллыг зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамж байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хууль бус шийдвэр гарган хүний эрхэд халдаж Шүүхийн тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хуулиудыг бүгдийг нь зөрчсөн. Би нэхэмжлэл гаргасан хүмүүсийг ойлгохгүй байна. Энэ хэрэг анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1, 17.3, 17.10, 22.1, 22.4, 22.5, 22.11-т тус тус заасан зүйл ангиудыг зөрчсөн эрүүгийн хэрэг гэж өмгөөлөгч н.Мягмарсүрэн хэлсэн.
5.10. Миний авсан 3 өмгөөлөгчийг бүгдийг нь надаас урвуулсан. Би одоо өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Одоогийн байдлаар надад зөвлөгөө өгч байгаа өмгөөлөгчөө нууж байгаа. Зарим өмгөөлөгч нар энэ хэргийн тухай мэдчихдэг. Зөвлөгөө авахаар очих үед чи шүүх хуралдаан дээр тэгж ярьсан байна гээд бүгдийг нь мэдчихсэн байдаг. Би сүүлдээ багш нараасаа зөвлөгөө авдаг болсон. Багш нар маань энэ хэргийн тухай бүгд мэддэг. Төрийн 6 байгууллага чамайг уландаа гишгэж байна гэж хэлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллага гэх мэт байгууллагууд уг асуудлыг авч хэлэлцдэггүй.
5.11. Тус 6 байгууллагыг удирдаж, захирдаг нэг эрх бүхий албан тушаалтан байгаа. Тэр хүний олж өгөх хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комисст гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хүний эрхийн үндэсний комиссоос хүн оролцуулахаар хандсан боловч шүүх хуралдаанд оролцох завтай хүн байхгүй байна, дараа нь тус шүүх хуралдааны бичлэгийг авч танилцъя гэж хэлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь шүүх хуралдааны бичлэгийг өгдөггүй. Яагаад хэргийн оролцогч нь шүүх хуралдааныг бичлэгийг авч болохгүй байгааг ойлгохгүй байна. Би шүүх хуралдааны бичлэгээ авах гээд орилж, хашхираад, уйлаад явж байсан. Энэ тухай С.Энхбаяр шүүгч мэдэж байгаа. С.Энхбаяр шүүгчээс татгалзах гэж байсан ч уг хэргийн тухай тайлбар гаргахаар, уг хэргийн тухай сонсгохоор шүүгчээс татгалзах хүсэлт гаргахаа больсон.
5.12. Яагаад гэмгүй иргэнийг тамлаж байгааг ойлгохгүй байна. Би хэрэг хийсэн хүн биш байхад ******* шүүгч намайг өвлүүлэгчийн эхнэр нь биш гэж гүтгэсэн. Би эхнэр нь биш байж болно, 2 хүүхдэд л өв ногдож байвал болно. Хүн үр хүүхдэдээ л ирээдүйгээ үлдээдэг, үр хүүхдийнхээ ирээдүйг бэлдэх гэж амьдардаг гэж бодоод ******* шүүгчийн хэлсэн зүйлийг тоогоогүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг яагаад эцэг, эхэд нь хамааруулж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Өв хөрөнгийг нас барагчийн эхнэр, нөхөр байвал эхнэр, нөхөрт нь, эхнэр, нөхөр нь байхгүй бол үр хүүхдэд нь, үр хүүхэд нь байхгүй бол эцэг эхэд нь гэж үе шат дараалалтай таслалын дагуу өвлүүлдэг. Тэнцүү хэмжээгээр хувааж өвлүүлэх ёстой, эцэг эх нь юу өвлөж байсан түүнийг нь үр хүүхдэд нь өвлүүлнэ. Хуулийг ингэж тайлбарлах ёстой, зарим өмгөөлөгч нар буруу тайлбарлаж хууль зөрчиж, хуулийн цоорхой гаргадаг. Би энэ хуулийг мэднэ. Шүүх хуралдаан дээр та эрх зүйн мэдлэгтэй юу гэж шүүгч асуудаг. Эрх зүйн мэдлэггүй гэж хариулахаар илт хууль бус шийдвэр гаргачихдаг. Би багш хүн, хууль уншаад агуулгыг нь ойлгох ухаантай байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. 2025 оны 07 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр ав гэж ******* шүүгчийн туслах залгаснаар юун шийдвэр юм бол, бүх нотлох баримтаа өгөөд энэ шүүх хурал болох боломжгүй гэдгийг хуулийн дагуу тайлбарлаад мэдэгдэл гаргасаар байхад гээд гайхаад тэр шүүх хурлын шийдвэрийг нотлох баримт болгох гэж хүлээж авчхаад шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах гэтэл аль 2025 оны 04 сарын 23-ны хийсэн шүүх хурлын тэмдэглэл албажаагүй мөртлөө шүүхийн шийдвэр албажсан байна.
6.2. Эндээс харахад энэ шүүх хурал явагдаагүй, анхнаасаа хууль бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт зөрчсөн байсан тул бас л хууль бус шийдвэр гарсан гэж ойлгогдож байна. Иймээс 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03281 дугаар шийдвэр нь анхнаасаа Шүүхийн тухай хууль, Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж гаргасан тул хүчингүй гэж үзэж байна.
6.3. Учир нь нас барсан ба хэрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тул хэргийн маргаанаас татан буугдсан байхыг нотолсон шүүхийн захирамж байсаар байхад хүний эрхэд халдан үндсэн хууль зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ямар ч нэхэмжлэл гаргах эрхгүй хүнд өнчин хүүхдүүдийн минь өвийг хувааж байгааг шүүх, захиргаа, засаг төр хамтарсан дээрмийн үйл ажиллагаа гэж үзэж байна. Уг шийдвэрийн тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй байна гэж шүүгч *******ийн туслах *******д хэлэхэд хайгаад өгье гэснээ баахан цаас эргүүлээд тэгснээ нэг хүн рүү залгаад хурлын тэмдэглэлээ нэхээд тэгснээ энэ хүн хуралд байсан манайд олон хурлын тэмдэглэлийн өртэй гэж хэлсэн. Энэ бол шүүх хурлын процессын зөрчил юм.
6.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 96.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн уг шийдвэр нь өөрөө хууль бус процессын зөрчилтэй юм. Үүнд: Маш олон хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг үнэлээгүй, шүүхийн шийдвэр, захирамжийг үгүйсгэсэн, шүүхийн хугацаа зөрчсөн ба шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон өвийн бүрдүүлбэрийг хүчинтэй болгож хэлэлцсэн гээд шүүх ажиллагаанд маш их ноцтой зөрчил гаргасан шийдвэр болно.
6.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан. Мөн уг хуулийн 16.3, 41,40.1,40.2, 40.4, 65.1.5, 65.1.6, 65.1.10, 65.2, 120.4-т заасан зүйл заалтуудыг илтээр зөрчсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн ******* шүүгчийн 2020 оны шийдвэр дээд шатны шүүхээс хэрэгсэхгүй болж анхан шат руу буцаагдаад ******* шүүгчээр шийдвэрлүүлээд шийдвэр, захирамж гарчихсан байхад тэр ******* шүүгчийн тухайн үедээ хэрэг хянан шийдвэрлэх явцад хууль бусаар гардуулж байсан захирамжийг нотлох баримтын хүрээнд авч хэлэлцэж байгаа нь үнэхээр хуулийн мэргэжилгүйгээр минь доромжилж байгаа гэж харагдаж байна.
6.6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг буруу тайлбарласан. Энэ хууль нь Нас барагчийн эхнэр, нөхөр, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд нь, үр хүүхэдгүй бол эцэг, эх нь ... гэж заасан нь дэс дараалал үе шаттайгаар өвлөгдөж хэрэгждэг хууль юм. Нас барсан манай хүүхдүүдийн аав ******* бид хоёр гэрлээгүй хамтран амьдрагч байсан болохоор гэр бүлгүй гэж үзэн хоёр хүүхэд болох *******, ******* нар нь хууль ёсны өвлөгчид юм. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр хоёр хүүхдийн минь өвийг хаа хамаагүй тэгээд аль хэдийн 2022 онд нас барсан ******* болон надад хуваасан нь өвийн тухай хуулийг буруу хэрэгжүүлсэн болно. Мөн хүн нас барсан өдрөөсөө эхлэн иргэнээс хасагдаж өмч өмчлөх эрхгүй болдог байсаар байтал нас барсан хүнд өв хувааж байгаа нь ёс зүйн дутагдалтай шүүгч гэж харагдаж байна.
6.7. Мөн шүүхийн шийдвэрээр нас барсан *******, ******* нарыг хууль ёсны өвлөгч биш юм гээд нотариатч *******гийн өвлөх эрхийн нотариатын бүрдүүлбэрийг хүчингүй болгосон шийдвэр байсаар байхад хүчингүй болсон бүрдүүлбэрээс хүчингүй гэрээслэлийн хүсэлт татан авч өвлөгч болгож хуулийг буруу тайлбарлаж гажуудуулж байгаа нь Хан-Уул дүүргийн тойргийн шүүхийн шударга үнэн байдал болон хууль үнэн шударгаар хэрэгжүүлэх, шүүгч зөвхөн хуульд захирагдах гэсэн шүүхийн тухай хууль зөрчсөн шүүх хурлын процессын зөрчил гаргасныг илтээр харагдуулж байна. Учир нь, манай гэр бүл бүх нотлох баримтаа 100 хувь нотариатаар батлуулахыг нь батлуулаад, хуулбар үнэн даруулахыг даруулаад авчирч өгсөн байхад манайхыг энэ хэрэгт хамаарах нотлох баримт өгөөгүй гэж худал гүжирдсэн байна. Иймээс энэ хууль бус шийдвэрээ хүчингүй болгож өгнө үү.
6.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхээр нэгэнт шийдэгдсэн шүүхийн шийдвэр, тогтоол, захирамжийг дахин нотлохгүй гэж зааснаар ******* шүүгчийн шийдвэр хүчингүй юм.
6.8.1. Хууль бус өвлөх эрхийн 141, 119 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаартай шийдвэр,
6.8.2 Нас барсан ******* нас барж, эрх залгамжлал өөр хүнд шилжээгүй гэсэн 2023/ШЗ2023/19251 дугаартай захирамжууд нь хүчинтэй ба дахин шүүх хурал хийх боломжгүй юм.
6.8.3. Нас барсан ******* нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.10-т зааснаар насанд хүрээгүй хүүхдийн зөвшөөрлийг аваагүй илт хууль бус өмчлөгч юм гэж зааснаар өмчлөх эрхгүй хүн байсан юм.
6.8.4. Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.4-т Хэлцэлд өөрөөр заагаагүй бол уг хэлцэл нь хэлцэл хийсэн хоёр хүний хэн нэг нь нас барснаар хүчингүй болно гэж зааснаар нас барсан ******* нас барсан ******* нарын хэлцэл хоёулаа нас барснаар хүчингүй болсон байсан.
6.8.5. Мөн нас барсан ******* нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барж гэрээслэл үлдээх боломжгүй болж өвлөх, өмчлөх бүх эрхээ алдсан байсан.
6.9. Иймээс шүүгч ******* болон энэ хэргийг анх үүсгэсэн ба маргаан бүхий орон сууцанд хууль бусаар хөдөлгөөний хязгаарлалт хийсэн шүүгч ******* нар нь албан тушаалын хэрэг хийж Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.26, 50.1.31, 50.1.38-д тус тус зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх; гэж заасныг илтээр зөрчсөн явдал юм. Илт гэдэг үг нь хэн ч харсан илэрхий тодорхой гэсэн үг юм. Мөн нас барсан хүн Улсын бүртгэлийн тухай хуульд нас барсан өдрөөс хойш эрх зүйн чадвар бүрэн дууссанд тооцогдог болно. Иймд шүүгч *******ийн хууль бус шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул энэ хууль бус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
7.1. 141, 119 дугаартай гэрчилгээ нь анх гарсан өвлөх эрхийн гэрчилгээ мөн бөгөөд тус гэрчилгээг ******* шүүгчийн шийдвэрээр хүчингүй болгосон. Талийгаач *******ын өвийг ******* нь ээжийгээ нас барсны дараа дамжуулан өвлөх эрх үүссэн тул хуулийн дагуу нотариатчид хандсан байдаг. Гэтэл нотариатч н.******* Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотариатч шийдвэрлэх боломжгүй гэж хэлсэн боловч тухайн өдөр ******* руу утсаар холбогдоход өв хөрөнгө нь 100 хувь минийх гэж маргасан тул 141, 119 дугаартай гэрчилгээг нотариатч н.******* үйлдсэн байдаг. Өвийн асуудлаар шүүхэд маргаантай байгаа тохиолдолд ямар ч нотариатч өв нээж өгдөггүй. Бид удаа дараа татгалзсан хариу авсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өвийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ нь хууль зүйн хувьд иргэний хэрэг үүсгэх үндэслэл мөн гэж үзэж байна.
7.2. 141, 119 дугаартай гэрчилгээтэй холбоотой маргаан 2000 оноос хойш явсан. Үүнтэй зэрэгцэн, ******* нь захиргааны хэргийн шүүхэд ******* гэх хүн 423 тоот орон сууцны гэрчилгээнд хууль бусаар нэрээ оруулсан байх тул гэрчилгээнээс хасуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь үүнийг 5 жилийн дараа олж мэдсэн тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. ******* нь миний бэр эгч буюу садан төрлийн хүн. ******* нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.3. Тус захирамж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Миний бие тус хэрэгт оролцож байсан тул мэдэж байна. ******* нь өөрийн хүсэлтээр орон сууцны гэрчилгээнээс нэрээ хасуулсан. Гэтэл өнөөдөр орон сууцыг би өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцыг худалдаж авахад ******* хөрөнгө мөнгө оруулсан гэх баримт байхгүй. Харин эсрэгээрээ ******* нь талийгаач *******аас гэр бүлээ цуцлуулах үедээ 4 өрөө орон сууцыг нь авсан. Үүнийг нотлох 2006 оны ******* шүүгчийн захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан.
7.4. Талийгаач ******* нь хүү *******тай амьдарч байх хугацаанд ******* нь 4 орон сууцыг худалдан борлуулсан байдаг. Тус худалдан борлуулсан орон сууцны гэрчилгээ тус бүрд *******ы нэр орсон бөгөөд үүнийг нотлох лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдсан. ******* нь улсад олон жил ажилласан хүн, өөрийн гэсэн орон сууцтай, өөрийн хөдөлмөр хувь нэмрээ оруулж байсан. Хүү ******* нь БНСУ-д олон жил ажиллаж мөнгө явуулж байсан учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасны дагуу төрсөн ээжийнхээ өвийг ******* өвлөж авах нь зүйн хэрэг. Үүнийг нотариатч хийх боломжгүй гэсэн учир бид өвийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Харин өвлөх хувийн хэмжээнд өөрчлөлт оруулж, 45 хувь болгон шийдвэрлэж өгнө үү. Миний бие *******тай 6, 7 жил шүүх дээр маргаж байгаа тул бусад асуудлын хүрээнд тайлбар хэлмээргүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогч бус этгээдийн талаар эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, ******* тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус этгээд болох *******, ******* нарт ногдох хэсгийг 8,32 хувийг өвлөх эрхтэй гэж дүгнэж маргааныг шийдвэрлэсэн буруу болжээ.
Маргаан бүхий орон сууцны өмчлөгч ******* нас барснаар түүнд ногдох хэсгээс өв залгамжлалаар шаардаж байгаа тохиолдолд *******, ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхийг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03281 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 214,630 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 528,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХБАЯР