| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0108/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Ц сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэргүүдэд 13 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2006 оны 06 сарын 23-ны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 9 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 146.2-д заасан гэмт хэргүүдэд 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргүүдэд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Ч овогт О.Б-д холбогдох эрүүгийн 192000000096 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б-тай таарамжгүй харьцааны улмаас маргаж нүүрэн тус газар заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Б ирээд архи уусан. Тэгээд би гэрээс гараад явчихаад эргээд ирэхэд Б манай хөгжлийн бэрхшээлтэй ахыг хоол хийж өг гээд татаж чангаагаад байж байхаар нь би муудаа яасан дээрэлхүү юм бэ гээд нэг өшиглөсөн.Тэгээд хоол хийх санаатай мах хэрчиж байтал Б намайг татаж, чангаагаад доромжлоод байхаар нь айлгах санаатай заазуураараа нүүр рүү нь хий цавчих гэтэл нүүрийг нь зүсчихсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү “ гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
Заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13/
Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн үед архи уух санаатай дэлгүүрээс 1 шил 0.75 гр-ын Е архи аваад найз Б-д очсон. Ганцаараа архи уух гэснээ болиод Б-тэй ууя гэж бодоод тэднийд очсон. Б гэртээ байгаагүй. Б-н эхнэр Б нь хөгжлийн бэрхшээлтэй ах нь болох Т тэгээд долир Т 3 байхаар нь авч очсон архиа гаргаж хувааж уусан. Т ах согтоод унтаад өгсөн. Б хоол хийхээр нь идсэн. Тэгээд архи дуусчихаар нь би гараад дэлгүүрээс дахиад 0.75 гр-ын Е архи авсан. Тэрийг долир Т, Б бид 3 хувааж ууж дуусгасан. Би согтоод жаахан дуг хийсэн ба сэрэхэд Б байхгүй байсан долир Т сууж байсан. Өлсөөд байхаар нь Т ахыг сэрээх гээд татаж байтал Б орж ирээд өвчтэй зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэлхлээ гээд миний хөл рүү нэг өшиглөөд авсан. Би ямар тэр хүнийг дээрэлхсэн биш, хоол хийлгэх гэсэн. Хамт архи уучихаад над руу дайрч доромжлоод байхаар нь би ч бас Б-г элдвээр хэлж доромжилсон. Мах хэрчиж байхаар нь би хоолоо хурдан хий гээд араас нь ёвортол эргэж хараад заазуураараа нүүр зүсчихсэн. Цус гараад тэрийг нь Б тогтоох гээд спирттэй хөвөнгөөр цэвэрлэсэн. Би цус нь бага зэрэг тогтохоор нь гэрлүүгээ явсан. Эгч маань Сайншанд явчихсан байсан, ирчихсэн байж магадгүй эгчээрээ зүсүүлсэн шархаа янзлуулъя гэж бодоод явсан. Гэртээ ирээд унтаж байтал эгч хүрээд ирсэн ба наад шарх чинь оёдол тавиулахаар байна гээл түргэн дуудаад намайг эмнэлэг рүү авч явсан. Тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Тэр Б, долир Т бид гурвуулаа л согтуу байсан. Т ах тасраад унтаж байсан болохоор юу болсныг ч мэдээгүй. Б надаас уучлалт гуйсан. Надад Б-д гаргах гаргах гомдол санал байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 06 дугаар сарын 22-нд би Б-н гэрт 11 цаг болох гэж байхад очсон. Б-нд хоол идэх гэж очсон. Тэднийд Б-с гадна хөгжлийн бэрхшээлтэй ах нь болох Т 2 байсан. Б хоол хийж байхад гаднаас Б 1 шил 0.75 гр-ын Е архитай орж ирсэн. Тэрийг нь бид 2 хувааж уусан. Т бие сул тул дороо тасраад унтаад өгсөн. Б, Б бид 3 будаатай шөл идсэн ба Б ахиад миний үлдээсэн хоолыг Т-н хоолтой нийлүүлээд идсэн. Архи дууссаны дараа Б гараад ахиад 1 шил 0.75 гр-ын Е авчирсан ба Б, Б бид 3 тэрийг нь хувааж уусан. Өдөр бараг 13 цаг хүртэл уусан байх. Тэгэхэд Б согтоод ахиад хоол хий энэ тэр гээд унтаж байсан Т-г чангаагаад, бас Б руу агсараад байсан. Б давраад байгаарай гээд Б-н хөл рүү нэг удаа өшиглөсөн. Б тэр 2 бие биенээ элдвээр хэлээд хэрэлдээд л байсан. Б хоол хийх гэж байгаа бололтой заазуураар яс шулаад зогсож байхад нь би бие засах гээд гарсан. Бие засчихаад буцаад ороод иртэл Б заазуураа барьчихсан, Б-н нүүрнээс цус гарчихсан байж байсан. Юу боловоо та 2 гэсэн чинь Б чамайг гарсны дараа Б надтай унтъя баръя гэж солиороод уур хүргэхээр нь заазуураар айлгах гэж байгаад нүүрийг нь зүсчихлээ гэж байсан. Б-н нүүрнээс гарсан цусыг Б спирттэй хөвөнгөөр арчиж өгсөн. Цус нь бага зэрэг тогтосны дараа Б харилаа гээд гараад явсан. Би ч удаагүй вокзал орохоор явсан. Энэ үед Т сэрээгүй унтаж л байсан. Ийм зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
2019 оны 06 сарын 22-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 24-ний өдрийн “1. Д.Б-н биед зүүн шанаа, хамар, хацрыг хамарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0337 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/
Шүүгдэгч О.Б нь 2.8 хувийн согтолттой, гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 34/
Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн37/
Шүүгдэгч О.Б нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-50/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-57/
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б-тай “ хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрэлхлээ “ гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас маргаж, хохирогчийн нүүрэн тус газар заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл , эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг дээрх хуулийн зохицуулалтай уялдуулахад шүүгдэгч О.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/, 2019 оны 06 сарын 22-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/ Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 02/0337 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Б-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан шар өнгийн хуванцар бариултай, нийт 27 см урттай заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан шар өнгийн хуванцар бариултай нийт 27 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Б нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц