Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01375

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, 17,013,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******ХХК-тай 2020 оны 03 сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр *******тоот орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөг, нийт үнэ 60,439,500 төгрөгөөр худалдан авахаар, гүйцэтгэгч 2020 оны 08 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгч ******* 2020 оны 09 сарын 25-ны өдөр гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр 60,439,500 төгрөгийг шилжүүлж, бүрэн төлсөн. Гэтэл *******ХХК гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, дотоод засал бүрэн хийж өгнө гээд хийж өгөөгүй тул нэхэмжлэгч нь өөрийн зардлаар дотоод заслыг бүрэн хийлгэсэн.

1.3. Хариуцагчаас орон сууцны засвар үйлчилгээ хийхэд гарсан төлбөрийг удаа дараа шаардсан боловч 9,000,000 төгрөг боломжтой талаар хариу өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарах зардлыг хариуцна гэж заасны дагуу хариуцагч нь орон сууцны засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардлыг төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

1.4. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээгээр 44.77 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон ба хэмжилт хийлгэхэд тус орон сууц 42.56 м.кв байсан. Иймд хариуцагчид *******г өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгаж, м.кв талбайн зөрүү буюу 2.21 м.кв талбайн үнэ 2,983,500 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр 14,030,000 төгрөг, нийт 17,013,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Орон сууцны бичиг баримт гаргаж өгөх шаардлагыг хүлээж зөвшөөрч байгаа, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2. Тодруулбал, орон сууцны өмчлөгчөөр тогтоох байгууллага манай байгууллага биш учраас зөвшөөрөх боломжгүй. Засвар үйлчилгээний зардал, м.кв-ын зөрүү 2,983,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь талбайн хэмжээний зөрүүгийн тухайд Орон сууц захиалан бариулах гэрээний 3.1.3-т дотор ханыг 1 м.кв талбайд оруулж тооцно гэсэн.

2.3. Гэтэл тухайн талбайн хэмжилт хийсэн компанийн зүгээс дотор ханыг оролцуулаагүй. Гэрээний 3.1.4-т орон сууцны талбайн м.кв-ыг тооцохдоо иж бүрэн шилэн тагтыг 50 хувиар тооцож оруулсан. Тухайн талбайн хэмжилт хийсэн компани нь 30 хувиар тооцсон, гэрээнд 1.5 м.кв хүртэл талбайн хэлбэлзэл байж болно, энэ талаар захиалагч тал ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэж дурдсан байх тул орон сууцны талбайн зөрүүнээс үүссэн м.кв-ын зөрүү 2,983,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.4. Хариуцагчийн зүгээс засвараа хийхгүй гэж хэлээгүй, бараа материал нь байгаа, гэхдээ хүний нөөцийн асуудлаас болж хугацаа хойшлоод байгаа талаар хэлэхэд захиалагч нар та нарт байгаа бараа материалыг аваад өөрсдөө хийгээд орчихъё гэсэн. Бид нар боломжтой гээд холбогдох бараа материалаа хүлээлгэж өгсөн. Мөн нэхэмжлэгч нь засвар үйлчилгээний зардлаа нотлох зорилгоор шүүхэд баримтад буйдан, тавилга гэх мэт бараа материал худалдаж аваад энийгээ манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Зарлагын баримтуудаар төлбөр төлөгдсөн баримт байхгүй, тухайн орон сууцанд зориулж авсан үйл баримтыг нотолж чадахгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д тус тус зааснаар ******* тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, орон сууцны засварт зарцуулсан 14,030,000 төгрөгийг хариуцагч *******ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, орон сууцны дутуу талбайн төлбөрт 2,983,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,417 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 231,998 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Татварын хэлтсийн ******* тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч *******ХХК-аас 600,497 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас орон сууцны засварт 14,030,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч нь орон сууцны засварт 14,030,000 төгрөг зарцуулсан гэх боловч энэ талаар хамааралтай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.2. Нэхэмжлэгч нь орон сууцаа өөрийн хэрэгцээнд нийцүүлсэн тохижуулсан төлбөрөө үндэслэлгүйгээр нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Slib HD box бор, Булангийн эргэдэг өлгүүр гэх мэт эд зүйлс худалдан авсан 935,000 төгрөгийн баримт, Rediner Sofa /буйдан/, Dining table /ширээ/ худалдан авсан 2,909,800 төгрөгийн баримтыг хавсаргасан байдаг.

4.3. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр орон сууц барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч орон сууцыг тохижуулах, гэрийн тавилга, эд зүйлс авч хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн ширээ, буйдан, өлгүүр авсан зардлыг Орон сууц захиалан бариулах гэрээ болон бусад хэлбэрээр манай компани хариуцах үндэслэл байхгүй болно.

4.4. Хавтаст хэргийн 5-р хуудаснаас 8-р хуудсанд байх нийт 2,744,800 төгрөгийн зарлагын баримтаар хэнээс хэн юу худалдаж авсан, ийнхүү худалдаж авсны дагуу төлбөр төлөгдсөн гэх үйл баримтыг хангалттай нотлох баримт болохгүй болно. *******гийн хаан банкны дансны хуулгаа өгсөн бөгөөд уг хуулганы зарлагын гүйлгээ нь юунд зарцуулагдсан талаар тодорхойлох боломжгүй юм.

4.5. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны засварлахад бараа материалын үнэ 9,280,000 болсон гэх боловч хэдэн төгрөгөөр ямар ямар материал худалдан авсан талаар баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс 14,030,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон хэмээн үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу хариуцагчаас орон сууцны засварт 14,030,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд төлбөрт хамааралгүй баримтыг шүүх үнэлсэн гэж дурдсан. 900,000 төгрөгийг буйдангийн төлбөрт нэхэмжлээгүй.

5.2. Нэхэмжлэгч нь зөвхөн засварын мөнгийг нэхэмжилсэн. Засварт хэр хэмжээний зардал гарсан талаар ******* ХХК-аар шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэлүүлсэн. Засварын зардал нь баримтаар мөн тогтоогддог. Орон сууцыг хүлээн авахад ариун цэврийн өрөөний суултуур байхгүй мөн цэвэр, бохирын усны шугамыг шийдээгүй байсан.

5.3. Хариуцагч нь шаардлагатай бараа, материалыг өгье, өөрсдөө хүнээр хийлгүүлэх талаар хэлсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь тухайн бараа, материалыг авахаар очиход өмнөх айлуудад тараагдаж дууссан, нэхэмжлэгчид барилгын бараа, материалыг өгөөгүй тул нэхэмжлэгч нь өөрийн зардлаар орон сууцны дотор заслыг хийлгэсэн.

5.4. Мөн хариуцагч нь 2,744,800 төгрөгийг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй байна гэж маргасан. Дээрх мөнгөөр барилгын замаск болон бусад туслах материалуудыг худалдан авсан. Зарим бараа материалыг ибаримт олгогдоогүй, жижиглэнгийн худалдаанаас авсан учраас өөр баримттай байгаа.

5.5. Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, орон сууцыг чанарын доголдолгүй хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч хүлээх талаар дүгнэсэн. Нэхэмжлэгч нь зөвхөн барилгын ажилд зарцуулагдсан засварын мөнгийг нотлох баримтын хүрээнд чанарын шаардлага хангасан хэлбэрээр холбогдох мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талбайн хэмжээг зөрүүнд тооцсон. Нэхэмжлэгч нь засварын ажлыг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалин, хөлс, худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, орон сууцны засварын төлбөрт 17,013,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 03 сарын 09-ний өдөр Г1-Д11-Б-44 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч нь *******тоот 44,77 м.кв талбайтай орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр тооцож, нийт 60,439,500 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-12-17/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

5. Шүүх нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч тал эс зөвшөөрч давах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас орон сууцны дотоод заслын зардалд 14,030,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *******ХХК нь эрхийн болон биет байдлыг доголдолгүй эд хөрөнгийг *******гийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд талууд *******тоот 44,77 м.кв талбайтай орон сууцыг дотоод заслын ажлыг гүйцэтгээгүй хүлээлцсэн үйл баримтад маргаагүй.

Нэхэмжлэгч нь ... орон сууцны дотоод заслын зардалд 14,030,000 төгрөг зарцуулсан ... гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж, уг шаардлагыг нотлох зорилгоор гаргасан ******* ХК-ийн дансны хуулгад дурдсан зарим гүйлгээ нь орон сууцны заслын ажил гүйцэтгэхэд зарцуулсан байдал эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* ХХК-аар ... *******тоот 44,77 м.кв талбайтай орон сууцны дотоод засалд 12,663,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө гарна гэж үнэлгээ гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргаагүй тул уг үнэлгээний тайланд дурдсан хэмжээгээр буюу 12,663,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар өөрчлөлт оруулна.

 

7.1. Анхан шатны талбайн зөрүү хэмжээ болох 2,21 м.кв талбайн дутуу 2,893,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрх зүйн дүгнэлтийг буруу өгсөн алдаа гаргасныг залруулна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь ... 2022 оны 05 сард дотоод засал хийгээгүй орон сууцад оруулсан гэж тайлбарласан ба 2024 оны 10 сарын 14-ний өдөр ******* ХХК-аар хэмжилт хийлгэж, уг хэмжилтээр орон сууцны талбайн хэмжээ нь 42,56 м.кв талбайтай гэж дүгнэлт гаргасан байна.

******* нь орон сууцыг эзэмшилдээ авмагц хэмжилт хийлгэж талбайн хэмжээний зөрүүг мэдэх боломжтой байсан ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7.2. Анхан шатны шүүх *******тоот 44,77 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгаж шийдвэрлэсэн буруу.

Учир нь хариуцагч байгууллагад маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэх эрх хэмжээ байхгүй тул *******тоот 44,77 м.кв талбайтай орон сууцыг *******гийн өмчлөлд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан өөрчлөлт оруулна.

8. ******* ХХК-ийн үнэлгээнд булангийн эргэдэг өлгүүр, ширээ зэрэг орон сууцыг тохижуулах, гэрийн тавилгын зардал ороогүй ба *******тоот 44,77 м.кв талбайтай орон сууцны дотоод заслын ажлыг гүйцэтгэхэд гарах бодит зардлын тооцооллыг гаргасан байх тул хариуцагч талын давж заалдах гомдолд ... булангийн эргэдэг өлгүүр, ширээ зэрэг орон сууцыг тохижуулах, гэрийн тавилга, эд зүйлийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03885 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дүгээр зүйлийн 255.1.1-д тус тус заасныг баримтлан *******тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *******гийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, орон сууцны засварын зардалд 12,663,000 төгрөгийг хариуцагч *******ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,350,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 600,497 ... гэснийг ... 593,662 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР