Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С.М-д холбогдох эрүүгийн 1920000570054 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Х суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, нөхөр, хүүхдийн  хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл Т овогт С.М,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг 45 минутын үед Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн байранд эрүүлжүүлэх байрны эмч Ч.А-н тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн биед нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотруу хилээр бараа зөөдөг хүмүүстэй хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн. Хамт явж байсан С маань баарны хүмүүстэй зодолдсон юм. Б баарны хүмүүс цагдаа дуудсан байсан юм байна лээ. Цагдаа нар ирээд Г, М бид гурвыг эрүүлжүүлэх байр луу авч явсан. Тэгэхээр нь би эрүүлжүүлэх байранд орох хэмжээний архи уугаагүй гэдгээ хэлсэн. Би тэр өдөр машинтай явж байсан юм. Би хүнтэй муудалцаагүй, зодолдоогүй талаараа цагдаа нарт хэлсэн. Зодолдож байсан хүмүүсийн хажууд би хараад зогсож байсан. Эрүүлжүүлэх байрны цагдаа нар миний үгийг тоохгүй хувцасаа тайл гэсэн. Тэр үед А гэж цагдаа миний араас түлхээд байхаар нь би тэр цагдаатай муудаж үснээс нь зулгаасан. Тэгээд эрэгтэй цагдаа нар ирж бид хоёрыг салгаад намайг хувцасаа тайл гээд шууд тайлуулж шалдан авч явсан гэв.

Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутаас 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг 00 минутын хооронд эрүүлжүүлэх байрны эмчээр ажиллах томилгоотой байсан. Ингээд томилгооны дагуу ажлаа хийж байхад 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу 01:45 цагт “Б” бааранд бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргаж дуудлагаар С.М, Ц.М, Ш.Г нар эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн. Дээрхи хүмүүсийг а/а Э хүргэн ирсэн. С.М, Ц.М, Ш.Г нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ба С.М нь агсан тавиад байсан тул эхлээд Ц.М, Ш.Г нарыг эрүүлжүүлэх байрны журмын дагуу 1 дүгээр камерт хийж эрүүлжүүлсэн. С.М нь тэнд байсан цагдаагийн алба хаагч нар луу агсарч дайран, элдэв хэл амаар доромжилж, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан. С.М нь эмэгтэй хүн учраас би хувцасыг нь тайлуулахаар дагуулан эрүүлжүүлэхийн коридороор хувцас тайлах өрөө рүү дагуулаад явж байтал хувцас тайлах өрөөний үүдэнд ирээд М эргэж хараад намайг үсдээд доош нь дарчихсан. Хойноос х/ч Б, а/а Э, д/a Ч нар гүйж ирж салгасан. М намайг үсдээд доош дарахдаа хувцас солих өрөөний төмөр хаалганы хананд түлхэж миний баруун гарын бугалга хэсгийг цохиж хөхрүүлсэн. Энэ болсон үйл явдал эрүүлжүүлэхийн цагдаагийн энгэрийн камерт бичигдсэн байна лээ ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 07-08/

Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

1. Ч.А-н биед тархи доргилт, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 3. Ч.А-н биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь нийлбэр хэлбэрээр хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэн хэмжээний талбайг хамарсан байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар  эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 35-36/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 38/

Шүүгдэгч С.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т овогт С.М нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг 45 минутын үед Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн байранд эрүүлжүүлэх байрны эмч Ч.А-тай маргалдаж улмаар биед нь халдаж хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутаас 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг 00 минутын хооронд эрүүлжүүлэх байрны эмчээр ажиллах томилгоотой байсан. Ингээд томилгооны дагуу ажлаа хийж байхад 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу 01:45 цагт “Б” бааранд бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргаж дуудлагаар С.М, Ц.М, Ш.Г нар эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн. Дээрхи хүмүүсийг а/а Э хүргэн ирсэн. С.М, Ц.М, Ш.Г нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ба С.М нь агсан тавиад байсан тул эхлээд Ц.М, Ш.Г нарыг эрүүлжүүлэх байрны журмын дагуу 1 дүгээр камерт хийж эрүүлжүүлсэн. С.М нь тэнд байсан цагдаагийн алба хаагч нар луу агсарч дайран, элдэв хэл амаар доромжилж, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан. С.М нь эмэгтэй хүн учраас би хувцасыг нь тайлуулахаар дагуулан эрүүлжүүлэхийн коридороор хувцас тайлах өрөө рүү дагуулаад явж байтал хувцас тайлах өрөөний үүдэнд ирээд М эргэж хараад намайг үсдээд доош нь дарчихсан. Хойноос х/ч Б, а/а Э, д/a Ч нар гүйж ирж салгасан. М намайг үсдээд доош дарахдаа хувцас солих өрөөний төмөр хаалганы хананд түлхэж миний баруун гарын бугалга хэсгийг цохиж хөхрүүлсэн. Энэ болсон үйл явдал эрүүлжүүлэхийн цагдаагийн энгэрийн камерт бичигдсэн байна лээ...” гэх мэдүүлэг, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл,  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/0159 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.М-д хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үндэслэлээр  Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэг нь хангалттай нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгээд гараад ирэхэд баарны гадаа цагдаагийн машины гадна талд М-г цахилгаан бороохойгоор цохиулаад байхаар нь наадах чинь яасан талаар асуухад наадах хүнээ машинд суулга гээд бид хоёрыг машинд суулгаад Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд оруулж ирсэн. М-г ямар хэмжээтэй согтсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг, Зөрчлийн тухай гомдол, мэдээлэлд “...С.М үлээх чадваргүй согтуугаар зодоон хийж танхайрсан” гэх тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн хүний биед үзлэг хийж, эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд “Драгер үлээхээс татгалзсан” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж  байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М-г бусдыг зодож танхайрч нийгмийн хэв журмыг зөрчсөн эсэх, мөн шүүгдэгчийг согтуурлын ямар зэрэгтэй байсан талаар шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгч драгер үлээх чадваргүй согтуу байсан юм уу, аль эсвэл драгер үлээхээс татгалзаад байсан юм уу гэдгийг нарийн шалгаж тогтоогоогүй мөртлөө согтуу байсан гэж эрүүлжүүлжээ.

Мөн хууль сахиулагч гэж хэнийг хэлэх, эрүүлжүүлэх байрны эмч хууль сахиулах чиг үүрэгтэй эсэхийг шалгаж тодруулаагүй, эрүүлжүүлэх байрны эмч хүнийг эрүүлжүүлэх байр луу түлхсэнийг хууль ёсны шаардлага гэж үзэх эсэх нь эргэлзээтэйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан СИДИ бичлэгээс харахад эрүүлжүүлэх байрны эмч шүүгдэгчийг камер луу оруулах гэж түлхсэнээс болж үснээс зулгааж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

Иймд шүүгдэгч С.М-д Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокуорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  эргэлзээгүйгээр хангалттай нотлогдож чадаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.М нь бусдын биед хөнгөн хохирол санаатай хэлбэрээр үйлдэж  учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдож байна.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахад энэ хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтмол орлоготой, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын хэмжээнээс хамаарч, торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.М-д Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокуорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч овогт Т овогт С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т овогт С.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                Д.Ц