Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01373

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

67,305,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* би 2022 оны 02 сарын 22-ны өдөр "******* ХХК-тай Орон сууцны захиалгын гэрээг ******* ХХК-ийн *******д гэх захиралтай байгуулж, гэрээгээр *******38,46 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.квадрат талбайг 1,750,000 төгрөгөөр тооцож, нийт 67,305,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг ******* гэх хүний ******* тоот Хаан банкны дансанд 100 хувь шилжүүлсэн.

1.2. Хариуцагч нь Орон сууцны захиалгын гэрээний дагуу 2022 оны II улиралд барилгыг ашиглалтад оруулна гэсэн боловч хугацаандаа ашиглалтад оруулаагүй, өнөөдрийн байдлаар цутгалт хийх боломжтой улирал эхэлсэн ч цутгалтаа аваагүй барилгын ажил зогсонги байдалтай байна. 2023 он гарснаас нэхэмжлэгч удаа дараа утсаар болон биеэр очиж уулзахад мөнгөгүй, зээл гаргахгүй байна, арматур захиалсан өнөө маргаашгүй ирнэ гэх мэтээр хойш худал хэлж хоног аргацааж байна.

1.3. 2021 онд дахин төлөвлөлт гэх нэрийдлээр эхэлсэн энэ төсөл үйл ажиллагааныхаа 40 хувьдаа ч хүрч чадахгүй 2-3 жилийн нүүрийг үзлээ. 2023 оноос хойш захиалагч нар дээд шатны байгууллагуудад удаа дараа хандсан ч барилга баригдах талаар тодорхой шийдвэрт хүрээгүй.

1.4. Гэтэл ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 04 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх ба ингэхдээ Б блокийн ажлын гүйцэтгэлд ******* тоотыг бартерт оролцуулсан байна. Иймд ******* ХХК-аас 67,305,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК нь 2022 оны 04 сарын 19-ний өдөр ******* ХХК-тай тус компани ******* барилгын 1,2 дугаар орцны 1-12 дугаар давхар болон техникийн давхрын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүн 408,000,000 төгрөг ба үүний 245,000,000 төгрөгт нь 3 байр өгч үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцсон.

2.2. ******* ХХК нь гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлэлгүй 2023 оны 09 сард ажлаа хийлгүй орхиж явсан. Ингээд манай компани өөр компанитай гэрээ байгуулж ажлаа хийж гүйцэтгүүлсэн. ******* ХХК нь гэрээний дагуу авсан гурван байрнаас 2 байрыг нь бусдад худалдсан байсан ба нэг байрыг нь *******д авсан байсан. Ингээд ******* ХХК-аас тухайн иргэний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2022 оны 02 сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг *******тай байгуулсан.

2.3. Орон сууц захиалгын гэрээний 3.1 дэх хэсэгт 67,305,000 төгрөгийг Цахилгааны бартерт ******* данс төлсөн болно гэж бичсэн байна. Тус ******* данс нь ******* ХХК-ийн данс биш ба ******* ХХК-ийн захирал *******ын эхнэр *******ийн данс юм.

2.4. Манай компани зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгчийн мөнгийг ******* ХХК болон ******* нар нь өгөх ёстой. Уг 67,305,000 төгрөгийг манай компани аваагүй, ******* ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартерт шилжүүлсэн байрыг *******д шилжүүлж зарсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 67,305,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* өмнө нь уг асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж уг гомдлыг нь цагдаагийн байгууллага шалгаад прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс шүүхэд Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалаас ******* ХХК-ийн захирал *******, түүний эхнэр ******* нарын байцаасан тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж, хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

4.2. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* ХХК-ийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж гэрээний төлбөрт тухайн баригдаж байгаа барилгаас 3 байр өгч үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлсөн.

4.3. ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй ажлаа орхиж явсан. ******* ХХК-ийн гэрээний төлбөрт өгөх 3 байрыг бусдад зарсан тухайн иргэдийн нэр дээр захиалгын гэрээ шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу иргэдтэй Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

4.4. ******* ХХК нь Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа тухайн иргэдээс гэрээний төлбөрийг аваагүй ба төлбөрийг нь *******, ******* нар авсан. Орон сууц захиалгын гэрээний 3.1 дэх хэсэгт Төлбөрийг 2022 оны 02 сарын 22-ны өдөр 67,305,000 төгрөгийг /Цахилгааны бартерт *******/ данс төлсөн болно гэж бичигдсэн. Хариуцагчид *******, ******* нарын оршин суугаа хаягийн мэдээлэл байхгүй байсан учраас Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.

4.5. Хэрэг бүртгэлтийн хэргийн материалд *******, ******* нар нь тайлбар мэдүүлэг өгсөн байдаг ба тухайн мэдүүлгийг гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт *******, ******* нар цагдаагийн байгууллагад тухайн маргаантай асуудлын талаар ямар мэдүүлэг өгсөн, улмаар уг иргэний хэрэгт гэрчээр оролцуулж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байсан.

4.6. Дээрх ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

*******, ******* нарыг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах шаардлагагүй байсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 67,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... төлбөрийг манай дансанд шилжүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 02 сарын 22-ны өдөр №2202268 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* тоот 2 өрөө орон сууцыг 67,305,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх 5-7/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Талуудын тайлбар, гэрээний тохиролцоог харьцуулан дүгнэвэл тохиролцсон хугацаанаас ашиглалтад орох барилгаас сонголт хийсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

4.2. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

4.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1-т заасан дансанд орон сууцны үнэ 67,305,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй ба Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэг заасан хариуцагч байгууллагын нэрлэн заасан этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Төлбөрийг 2022 оны 02 сарын 22-нд 67,305,000 төгрөгийг цахилгааны бартерт-******* данс төлсөн болно гэсэн тохиролцоог үндэслэн ******* нь гэрээнд нэрлэн заасан дансанд шилжүүлснийг хариуцагч байгууллагын бусдад төлөх мөнгөн хөрөнгийг төлсөн байх тул хариуцагчид мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч байгууллага нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03848 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 343 дугаар зүйлийн 343.1 ... гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР