Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01374

 

*******ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/08923 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. *******нь 2024 оны 04 сарын 06-ны өдөр ******* замд Toyota rumion маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *******ий жолоодож явсан Toyota land 300 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан;

3.2. Топ моторс ХХК-ийн 2024 оны 04 сарын 26-ны өдрийн баримтаар Toyota land 300 маркийн ******* улсын дугаар тээврийн хэрэгсэлд 25,085,201 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон;

3.3. ******* ХК нь *******ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 16,114,221 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 4,500,000 төгрөг, нийт 20,614,221 төгрөгийг авсан байна.

4. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 4,470,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

4.1. Хариуцагч нь 2024 оны 11 сарын 05-ны өдөр ... ******* ХХК-ийн жолооч *******... гэж шүүхэд хариу тайлбар гаргасан атлаа *******манай байгууллагад ажилладаггүй гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

4.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гэм хорын хохирол шаардаж байгаа тохиолдолд *******нь хариуцагч байгууллагад ажилладаг эсэх эрх зүйн хувьд ач холбогдолгүй юм.

4.3. Toyota rumion маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар тухайн автомашин буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч нь бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Тодруулбал, хариуцагч байгууллага нь өөрийн өмчлөлийн автомашиныг бусдад ашиглах боломж олгосон болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын автомашинд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

5. Анхан шатны шүүх ******* ХХК-аас гэм хорын хохиролд 4,470,980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримталсныг хасна.

Мөн, тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломжийг олгосон тохиолдолд өмчлөгч гэм хорыг хариуцан шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтална.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/08923 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг ... 499 дүгээр зүйлийн 499.3 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР