Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 0015

 

Ө.Энхжаргалын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

                                                                                     Хэргийн индекс 132/2016/00522/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 539 дугаартай шийдвэртэй,

Ө.Энхжаргалын нэхэмжлэлтэй Булган аймгийн П.Цолмонд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор, хоёр удаагийн хуралдаанд ирж очсон унааны зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 3519712 төгрөг гаргуулах нэхэмэлжлэгч Ө.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Ө.Энхжаргал

Хариуцагч П.Цолмон

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасагт “Бэлчээр, газар тариалан, хоршоо жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байгаад хоёр удаа ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажилд эгүүлэн томилж 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дахиад ажлаас чөлөөлсөн. Дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу  2016  оны 2 дугаар сарын 8-ны өдөр ажилдаа буцаан томилогдсон. Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Цолмон нь намайг 2 удаа ажлаас үндэслэлгүй халж би 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж  намайг ажилд эгүүлэн тогтоосон.  Иймд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1460712 төгрөг, хоёр өмгөөлөгчид төлсөн хөлс 1960000 төгрөг, хоёр удаагийн шүүх хуралд ирж очсон унааны зардал 99000 төгрөг нийт 3519712 төгрөгийг иргэн П.Цолмоноос нэхэмжилж байна. Цолмон нь одоо өндөр насны тэтгэвэрт гарсан хэдий ч тухайн үед буруу шийдвэр гаргасан учраас буруутай этгээдээс нь нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч П.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2005 оноос эхлэн  ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс өндөр насны тэтгэвэртээ гарсан. Энхжаргал мал эмнэлэг, үржлийн тасагт мэргэжилтнээр ажиллаж байсан. Бид хоёр хамт ажиллаж байсан, хэн хэндээ  хар буруу санах юм байхгүй байх. Би төрийн албанд 38 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо би төрийн албанд ажиллаагүй тул цалин хөлсний асуудлыг тухайн байгууллага хариуцах байх гэж  бодож байна. Түүнээс Энхжаргал бид хоёрын хооронд хувь хүнийхээ хувьд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 539 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Цолмонгоос 3519712 /гурван сая таван зуун арван ёсөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулах Ө.Энхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71265 /далан нэг мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал давж заалдах гомдолдоо: “...Энхжаргал би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ний хүртлэх хугацааны алдагдсан цалин 1460712 төгрөг, өмгөөлөгчийн 2 удаагийн хөлс 1960000 төгрөг, шүүх хуралд ирж очсон зардал 99000 төгрөг бүгд 3519712 төгрөгийг Орхон сумын Тамгын газрын дарга буюу түүний албан тушаалтан П.Цолмонгийн хариуцлагагүйгээс  хандсан албан тушаалтан ажил олгогч Засаг даргын тамгын газрын бурууг гэж авч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул гомдолтой байна.

Сумын Тамгын газрын даргаас тухайн үед хуулийн дагуу шүүхүүдийн олон шатны тогтоолуудыг хүндэтгэн үзээд намайг хохиролгүй болгох үндэслэлтэй байсан. Энэ талаар сум дундын дүгнэлт хийж чадалгүй тухайн үед ажил хариуцсан албан тушаалтныг хаацайлж хувь хүнээс төлбөр гаргахгүй мэтээр үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдалд хэргийн бодит байдалд тохирохгүй байна.

Хэрэв шүүх тухайн үед ажиллаж байсан албан тушаалтныг эрх ашгийг хамгаалж надад учирсан хохирлыг гаргуулах боломжгүй гэж үзвэл албан тушаалтныг ажиллаж байсан Орхон сумын Засаг даргын тамгын газраас 3519712 төгрөгийг гаргуулж Энхжаргал надад олгож хохиролгүй болгож өгөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэргийг хяналтанд гарч байсан шүүхийн тогтоолоор Энхжаргал намайг хуучин ажилд эгүүлэн тогтоолгож алдагдсан цалин хөлсийг Орхон сумын засаг даргын Тамгын газаас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байсан. Үүнтэй уялдуулан Орхон сумын засаг даргын Тамгын газраас надад тухайн үед олгогдоогүй чирэгдүүлж хохироож байсан хугацааны цалингуудын дээрх нэгэн адилаар Сумын засаг даргын Тамгын газар хариуцах бүрэн үндэстэй. Энэ нь тухайн үед гарч байсан шүүхийн тогтоолоор нотлогдож байна.

Иймд миний хохирлыг хариуцагч П.Цолмон болон Орхон сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж сум дундын шүүхийн шийдвэрийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатгы шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.Энхжаргал нь  2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс 2016 үны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор, бусад зардал нийт 3519712 төгрөгийг П.Цолмонгоос гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт  цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч П.Цолмон нь Булган аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 18-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар өндөр насны тэтгэвэрт гарсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна. 

Нэхэмжлэгч Ө.Энхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан буюу нэг тал ажил олгогч байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т ”... төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Энхжаргал нь иргэн П.Цолмонгоос дээр дурьдсан хохиролоо нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...өөрт учирсан хохиролоо иргэн П.Цолмон болон сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж зөвтгүүлэх талаар хүсэлт гаргасан хэдийч” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй байх тул Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарыг солих эрх зүйн үндэслэл байхгүй байна.  

Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтэй “...П.Цолмон нь хувь хүнийхээ хувьд энэ хохирлыг хариуцан арилгах үүрэггүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байгааг дурьдах нь зүйтэй.        

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 712650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.БЯМБАЦЭРЭН

         ШҮҮГЧ                                                     Б.БАТТӨР

                                                                   М.ХҮРЭЛБААТАР