Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/027

 

Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч М.Батхуягийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Батхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт холбогдох ё дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сэнгэ овогт Мөнхбатын Батхуяг, ................баг, Өргөөт гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВК87031714/

Монгол Улсын иргэн, Хиад боржигон овогт Ганбаатарын Эрдэнэбилэг, .............. баг, Цохиот гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВК90011414/

М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар нь ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Хонгор хайрхан” гэх газар бэлчээрлэж байсан хохирогч С.Оюунгэрэлийн өмчлөлийн 5 тооны адууг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хиад боржигон овогт Ганбаатарын Эрдэнэбилэг, Сэнгэ овогт Мөнхбатын Батхуяг нарыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбилэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног, М.Батхуягийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт тус бүр оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар М.Батхуягийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хонгор" маркийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарын эзэмшлийн тус бүр гурван тооны сарлагын үхрийг битүүмжилсэн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт тус тус буцаан олгож, М.Батхуягийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Хонгор” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Батхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бусдын адууг хулгай хийж хохирол учруулсан хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогчид гэм хорыг арилгаж адуу, үнэ бүхий 5.500.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. М.Батхуяг миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 26-нд бөөр бяцарснаас болж Улаанбаатар хотод бөөрний хагалгаанд орж, зүүн бөөрөө оёулсанаас хойш байнга эмнэлэг, эм тариа гэх болсон. 2016 оны 4 дүгээр сард нуруу, бөөр өвдөж, суугаа болж, гарсан. Үүнээс хойш ч байнга өвдсөөр байдаг, бас ходоод их өвддөг, эмч үзээд ходоодны шархтай гэсэн тул одоо ч гэсэн их өвдөх юм. Би урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, болон биеийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан баривчлах ялыг хуульд заасан хэмжээнд хөнгөрүүлж өгнө үү. Би цаашид дахин хулгай хийж, хүн уруу татаж гэмт хэрэгт холбогдохгүй эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч чадна гэв.

Шүүгдэгч М.Батхуягийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” хэмээн заасан байхад анхан шатны шүүх М.Батхуягийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн ч өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Хэрэгт авагдсан хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаас үзэхэд тэрээр эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдарч, өөрийн амьдралын зэрэгцээ дүү нарын амьдрал ахуйг хариуцаж, үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн цагдан хоригдох хугацаанд бөөрний хагалгаа хийлгэж байсан байдал сэдэрч өдөр тутмын эмийн эмчилгээ хийлгэсэн ч сайжрал авахгүй байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу М.Батхуягт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн хэргийг хянахдаа эд зүйлсийн үнэлгээ хийсэн байдлыг хянаж үзнэ үү. Учир нь 2010 онд хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдсан бөгөөд энэ хуулийн дагуу бол эд зүйлийг тусгай зөвшөөрөл авсан “үнэлгээчин” тусгай арга аргачлалын үндсэн дээр үнэлэхээр тусгагдсан байгаа. Аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын гишүүд нь хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэв.

Шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад тогтоохоор заасан. Хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээнд нас гүйцсэн хар зүсмийн сэтэртэй уургын морийг “Адуучин” тэмцээнд оролцож байсан баримтыг үндэслэн хурдан морины үнэлгээгээр үнэлсэн байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь хурдан морьдын уралдаан биш бөгөөд хэдэн морьдоос хэдэд орж түрүүлсэн талаархи баримт авагдаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу “Үнэлгээчин” үнэлээгүй учир хуульд заасан журамд нийцээгүй, арга аргачлал нь тодорхой бус байгаа юм. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан хянаж үзвэл Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар нь ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Хонгор Хайрхан” гэх газар бэлчээрлэж байсан хохирогч С.Оюунгэрэлийн өмчлөлийн 5 тооны адууг хулгайлж, бага бус хэмжээний буюу 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч С.Оюунгэрэл “...2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг "Хонгор хайрхан" гэх газраас хорин нэгэн тооны адуун дундаас таван тооны адуу алдагдаад эрж хайсан боловч олдоогүй. Миний алдсан гэх таван тооны адуу нь нас гүйцсэн хар зүсмийн морь, нас гүйцсэн халиун зүсмийн морь, нас гүйцсэн хонгор зүсмийн морь, нас гүйцсэн саарал зүсмийн морь, нас гүйцсэн халиун зүсмийн морь алдагдсан..., ...Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар манай адуу гэдгийг мэдээгүй гэж хэлээд уучлалт гуйж, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, би өөрийн алдсан гэх 5 тооны адууны нэгийг нь буцаан авсан. Харин дөрвөн тооны адууны хохиролд 5.500.000 төгрөг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нараас авсан, тухайн үед адуугаа хайж Баянхонгор аймгийн Жаргалант, Заг, Гурванбулаг, Галуут сумын нутгаар явсан, нийт 500.000 төгрөгийн шатахууны зардал гарсаныг Г.Эрдэнэбилэг, С.Батхуяг нараас авсан...” /хх-ийн 25-28-р тал/

Гэрч Б.Түвшинтогтох “...2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би адуугаа бүртгэхэд манай адуунаас таван тооны адуу алга болсон байсан. Би тэр хавиар эрж, хайсан боловч олдоогүй. Түүнээс хойш жилийн дараа манай алдсан гэх таван тооны адууг манай сумын М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар нь бүлэглэн хулгайлсан талаараа хүлээж, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” /хх-ийн 29-30-р тал/,

Б.Мөнхжаргал “...2015 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр байх би өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын төвд гэртээ ганцаараа байж байхад Г.Эрдэнэбилэг манай гэрт 0.5 литрийн багтаамжтай “Улаанбаатар” нэртэй нэг шил архитай орж ирээд намайг машинаа зарах гэж байгаа юм уу машин тэргээ хэдэн төгрөгөөр зарах вэ гээд миний машины талаар ярьж сууж байгаад уусан. Би дахин 0.5 литрийн багтаамжтай архи авч Г.Эрдэнэбилэг бид хоёр хувааж уусан, нилээн согтсон байх үед М.Батхуяг манай гэрийн гадаа ирээд Г.Эрдэнэбилэгийг аваад явсан...” /хх-ийн 33-34-р тал/,

Г.Дүүрэнбилэг “...би Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарыг гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй, цагдаад баригдах үед С.Оюунгэрэлийн таван тооны адууг хулгайлсан талаар мэдсэн, хохирогч С.Оюунгэрэлтэй уулзаад хохирлыг бүрэн барагдуулж өгнө гээд нэг адууг хоёр адуугаар тооцож нийт 10 тооны адуу болгож өгье гэсэн...” /хх-ийн 37-38-р тал/,

Х.Лхагвасүрэн “...С.Оюунгэрэл эгчийн хонгор морь шүдлэн насандаа 2008 онд Галуут сумын Баяннуур 4 дүгээр багийн овооны наадамд айрагдаж, гуравдугаар байранд орж байсан юм...” /хх-ийн 42-р тал/,

 С.Мөнхбаяр “...би С.Оюунгэрэл эгчийн хонгор морь, уургын хар морь байсан талаар мэднэ, С.Оюунгэрэл эгчийн нөхөр нь насаараа унасан тэдний унаган уургын морь байсан..., ...хонгор морь нь даага, шүдлэн насандаа уягдаж байсан, С.Оюунгэрэл эгчийн уядаг морь байсан шүдлэн насандаа Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багийн наадамд үзүүрлэж байсан морь байгаа юм, С.Оюунгэрэл эгчийн уургын хар морь нь 2012 онд Баянхонгор аймгийн Галуут суманд түмэн адууны баяр наадамд уягдаж, хоёрдугаар байранд орж байсан уургын хурдан сайн морь байсан...” /хх-ийн 44-р тал/,

Д.Энхбаатар “...тухайн үед манайх С.Оюунгэрэл эгчийнхтэй айл байсан алдагдсан цагаас эхэлж С.Оюунгэрэл эгч намайг адуу хулгайлж М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нарт гаргаж өгсөн гэж хардаж байгаа юм, би адууг хулгайлан гаргаж өгсөн зүйл байхгүй, тухайн таван тооны адууг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар нь хулгайлсан бөгөөд одоо уг хэрэг нь илэрч Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэсэн, би тухайн таван тооны адууны хэрэгт оролцоогүй би мэдэхгүй...” /хх-ийн 46-р тал/,

Б.Мөнхтөр “...Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарыг танина, тухайн үед наймаа хийх үед танилцсан, төрөл садангийн холбоо байхгүй..., ...2016 оны 9 дүгээр сарын 20-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна, таван тооны буюу нэг хонгор, нэг хар, хоёр тооны халиун, нэг саарал зүсмийн цагираг дотор есийн тоо тамгатай адууг худалдаж авсан, нэг адууг 400.000 мянган төгрөгөөр нийт 2.000.000 төгрөгөөр авсан, 2016 оны 10 дугаар сард М.Батхуяг над руу утсаар залгаад агтанд өгсөн таван морь байгаа юу гэхэд нь би дөрөвийг нь маханд өгсөн саарал зүсмийн нэг морь нь байгаа орны морийг нь өгөөд ирж ав гэж хэлэхэд хэд хоногийн дараа оронд нь нэг морь авчирч өгөөд саарал зүсмийн морийг аваад явсан, тэгэж ирэхдээ уучлаарай нөгөө 5 морь чинь хулгайнх байсан юм аа сая баригдаад нэг ч гэсэн саарал морийг нь эзэнд нь аваачиж өгий гээд аваад явсан, миний хувьд саарал зүсмийн морины оронд орны морийг нь авсан бөгөөд өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 49-51-р тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р тал/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч М.Батхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхдээ үнийн дүнг бичээгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн

315.1.1, 315.1.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...“Хонгор” маркийн мотоциклийг...” гэсний дараа “...буюу 300.000 төгрөгийг...” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч М.Батхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

   ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                         Д.ЭРДЭНЭБИЛЭГ