| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 020/2013/0717/З |
| Дугаар | 001/ХТ2025/0109 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2025/0109
“М***” БСБ-ын нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0548 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2025/0616 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0485 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“М***” БСБ-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, уг захирамжийн улмаас учирсан хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Хан-уул дүүргийн Засаг дарга (үүргийг түр орлон гүйцэтгэгч)-аас 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” А/*** дугаар захирамжийн 1 дэх заалтаар дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, 2 дахь заалтаар дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй *** УНП, *** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсгийн д, 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М***” БСБ-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/2*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0485 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д*** шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.2.Анхан шатны шүүхээс “эрүүгийн хэрэгт ... тооцогдож болохоор” зөрчил гаргасан бол гэсэн үндэслэл хэлсэн нь хувийн өмчийн машинууд, өөрийн эзэмшил газар, хашаан дотор байхад хашааны хаалга эвдэн орж эзний зөвшөөрөлгүй чирч зайлуулж, өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэл гаргалгүй хязгаарласан захирамж, үйлдлүүдээр баримтуудаар нотлогдож байна. Захирамж Эрүүгийн хууль төдийгүй, Монгол Улсын Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсныг шүүгчид хуулийн заалтыг буруу тайлбарласан.
6.3.Машин зайлуулах нэрээр, хувийн өмчийн хашаанд халдсан, хоёр саравчийг эвдэж нурааж авч явсан, бусдын эзэмшил газрыг зөвшөөрөлгүй хүч түрэн 21 хоног цагдаагийн хамгаалалт доор эзэмшихийг шаардсан буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. Өмчлөгчийн дээрх эрхүүдийг ямар хуулийг үндэслэж хязгаарлаж буйгаа захирамжид заагаагүй, бидэнд мэдэгдээгүй.
6.4.Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т зааснаар газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохирох ямар ч алхам хийхгүйгээр Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн юм.
6.5.Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтыг зөрчсөн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан. Эзэмшил газартаа байгаа хоёр машин ямар хууль, дүрэм зөрчсөнийг захирамжид тусгаагүй буюу хуульд заасан үндэслэл байгаагүй. Захирамж чиглэсэн байгууллагын нэр байхгүй байхад манай хаалгыг эвдэж орсон нь илтэд хууль бус. Захирамжийн нэгдүгээр заалт дотогшоо чиглэсэн, хоёрдугаар заалт машин зайлуулах гэж бусад руу буюу гадагшаа чиглэсэн байна. Гэтэл гадагшаа чиглэсэн байгууллага, хувь хүний нэр захирамжид байхгүй тул захирамж үндэслэл бүхий болж чадахгүй байна. Засаг дарга албадлагын арга хэмжээ авахдаа урьдчилж машин зайлуулах сануулга, хугацаатай үүрэг өгөөгүй тул захирамж хууль бус юм.
6.6.Захирамжийн улмаас дулааны шугам суурилуулснаас үүссэн хохирол барилгын эскиз зургаг зуруулсан төлбөрт 3 сая, саравчны төлбөр 7 сая төгрөг, нийт 10 сая төгрөгөөр хохирсон.
6.7.Дулааны шугам суурилуулах тухай захирамжийг хууль бус байсан болох нь тогтоогдвол ... нэхэмжлэгч цаашид иргэний шугамаар гэм хор нэхэх, дулааны шугамыг хамгаалалтын зурвасаас цааш шилжүүлэхийг шаардахад эрх зүйн дэмжлэг болно, хашаандаа барилга барих эрх сэргэх нөхцөл бүрдэнэ.
6.8.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
Нэг.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
9.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан бөгөөд тус хуулийн “илт хууль бус” агуулга (гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй)-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь агуулгын хувьд илэрхий алдаатай болохыг эрх зүйн суурь мэдлэггүй байсан ч хуульд нийцсэн байх боломжгүй гэж дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой[1] байгаа тохиолдлыг авч үздэг.
10.Маргаан бүхий 2013 оны “Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” А/*** дугаар захирамжаар тус дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй *** УНП, *** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэгт даалгасан, захиргааны байгууллагын зохион байгуулалтын шинжтэй акт бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд уг акт нь хэрэгжиж дууссан байна.
11.Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 7.3-т “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тус тус хуульчилсан.
12.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамж нь дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор гарсан буюу дулааны шугам суурилуулах ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулах, тус үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шугамын үйл ажиллагаанд саад учруулж буй тээврийн хэрэгслийг холдуулах арга хэмжээ авч ажиллах талаар захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын шинжийг агуулах бөгөөд нэхэмжлэгчид хууль зөрчсөн үйлдэл (хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй) гүйцэтгэхийг шаардсан илэрхий алдаатай акт гэж тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангаагүй гэж үзнэ.
13.Энэ талаар анхан шатны шүүх “... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алийг нь дурдаж тайлбарлаж байна, захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл болон холбогдох салбарын бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголт, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бус гэж тогтоох үндэслэл нь тухайн захиргааны акт хаяглагдсан этгээд нь захиргааны актыг биелүүлснээр хууль зүйн хариуцлага хүлээхүйц, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг тухайн актыг биелүүлэх субъектээс шаардсан байх тохиолдлыг ойлгоно, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, илт хууль бус байх шинжийг агуулаагүй” гэж; давж заалдах шатны шүүх “... дулааны шугамын хамгаалалтын зурвас нь Монгол дээд сургуулийн эзэмших эрх бүхий газартай хойд хэсгээрээ давхацсан, дулааны шугам тавигдах трассын дагуу эзэмшил газрын хязгаарт өөрийн эзэмшлийн 2 авто машиныг байрлуулсан нь тогтоогдсон, хариуцагчаас ... 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээ авах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамж нь ... эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасны дагуу “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж үзэх үндэслэлгүй”” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн “... Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Хоёр.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжийн улмаас учирсан хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
14.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасан.
15.Тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдэд шууд чиглээгүй, эрхийг хөндөөгүй боловч захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны улмаас тэдгээрт хохирол үүсэж болох хэдий ч ... уг үүссэн хохирол нь материаллаг бөгөөд тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас шууд учирсан, шалтгаант холбоотой, бодит хохирол байх шаардлагыг хангасан байх ёстой.[2]
16.Энэ тохиолдолд, маргаан бүхий Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамж нь илт хууль бус биш боловч тухайн захирамжийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан байна.
17.Нэхэмжлэгчээс дээрх захирамжийн улмаас “... сургуулийн шинэ барилгын зураг төсөл зуруулсантай холбоотой 3,000,000 (гурван сая) төгрөг, хашаанд байсан 2 сүүдрэвч (саравч)-ийг буулгасантай холбоотой 7,000,000 (долоон сая) төгрөгөөр” хохирсон гэж тодорхойлсон.
18.Хэрэгт авагдсан баримтаар, маргаан бүхий Засаг даргын 2013 оны “Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” А/*** дугаар захирамжаар дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг хангаж, холбогдох газруудыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, хариуцагчаас “Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” уг захирамжийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр байрласан 2 сүүдрэвч (саравч)-ийг ашиглах боломжгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд (шүүхээс хийсэн үзлэг, зураг, гэрчийн мэдүүлгүүд), талуудын тайлбараар тогтоогдсон, энэ нь тус захирамжийг хэрэгжүүлэх захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан “бодитой, шууд хохиролд” хамаарахаар байна. (хариуцагчийн зүгээс тус сүүдрэвч (саравч)-ийн үнэлгээний дүн дээр баримт гарган тухайлан маргаагүй.)
19.Гэтэл анхан шатны шүүх “... захирамж илт хууль бус болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид түүний улмаас хохирол гэж тайлбарласан төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй, ... захирамжийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдоогүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн 2 сүүдрэвч (саравч)-ийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх “... хашаанд байсан 2 сүүдрэвчийг буулгаж авч явсантай холбоотой 7,000,000 төгрөг ...-өөр хохирсон гэж байгаа боловч маргаан бүхий захирамжийн үндэслэлд шууд хамааралгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч ... шууд хохирсон нь бүрэн тогтоогдохгүй байгаа учраас ...” гэж дүгнээд анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй нь буруу байна.
20.Харин дээрх захирамжийн биелэлтийг хангуулах буюу албадан гүйцэтгэх ажиллагаагаар газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа болон нэхэмжлэгч эзэмшлийн газар дээрээ барилгын эскиз зураг хийлгүүлэхэд гарсан зардал нь хоорондоо шалтгаант холбоогүй байна.
21.Учир нь, нэхэмжлэгч нь дээрх барилгын дулааны шугам суурилуулах ажиллагаа явуулах захирамж гарахаас өмнө буюу 2012 оны 12 дугаар сард өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихаар төлөвлөн “А***” ХХК-аар газрын судалгаа хийлгэж, эскиз зураг батлуулсан нь хэрэгт авагдсан эскиз зураг, тодорхойлолт[3] зэргээр тогтоогдох бөгөөд тус зураг зуруулсан зардал болох 3,000,000 (гурван сая төгрөг) төлбөрийг маргаан бүхий захирамжийн улмаас учирсан “шууд хамааралтай, шалтгаант холбоотой хохирол” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
22.Иймд, хяналтын шатны шүүхээс маргаан бүхий захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч 2 сүүдрэвч (саравч)-ийг ашиглах боломжгүй болгосон үр дагавар үүсч, түүнд шууд хохирол үүссэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагын “... 2 сүүдрэвч (саравч)-ийг буулгасантай холбоотой 7,000,000 (долоон сая) төгрөгийн хохирол гаргуулах” хэсгийг хангасан агуулгаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0548 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2025/0616 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М***” БСБ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас учирсан 7,000,000 (долоон сая) төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжийн улмаас учирсан хохирол 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.215-217, (2017).
[2] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.394-395, (2017).
[3] 2 хх, х.219-243.