Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн Д.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03 дугаар “Д.Нямсүрэнг албан тушаал бууруулж, Г.Ундралыг ажлаас чөлөөлөх тухай”, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нямсүрэн, хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга С.Дамдинпүрэв, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03 дугаар “Д.Нямсүрэнг албан тушаал бууруулж, Г.Ундралыг ажлаас чөлөөлөх тухай”, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”.

Нэхэмжлэгч  Д.Нямсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн б/03 дугаартай захирамжаар намайг ажлын хариуцлага алдаж, албан тушаалын зорилт, зорилгоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас албан тушаал бууруулж Засаг даргын Тамгын газрын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон захирамж гаргасан. Энэ захирамжийг Сант сумын Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт намайг өрөөндөө дуудаад өгсөн. ...Тэгээд намайг өдрийн 14 цаг гэхэд ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт ажлаа хүлээлгэж өгсөн. Маргааш нь ахиж бичиг баримт болон компьютер дээрх бүх ажлаа цэгцэлж өгчихөөд үдээс хойш нь Засаг даргын өрөөнд орж уулзаад би Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг авах боломжгүй. ...Би ажлын хариуцлага алдаагүй учраас хэн нэгэн хүнийг хохироож саад болохгүй, ажлыг нь авч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би Засаг даргад ээлжийн амралтаа авъя гэж өргөдөл өгөхөд та энэ томилсон ажлыг авахгүй бол цаашид боломжгүй шүү гэж надад хэлсэн. ...Сант сумын төсөвт байгууллагуудын хяналт шинжилгээний үр дүн, үнэлгээ бол сумын Засаг даргын ажилтай шууд холбоотой. Үнэхээр муу үнэлгээ авсан бол аймгийн Засаг дарга сумын Засаг даргад хариуцлага тооцох ёстой байдаг. Харин сумын төсөвт байгууллагууд хангалтгүй үнэлгээ авсан бол сумын Засаг дарга төсөвт байгууллагын дарга нарт хариуцлага тооцох юм. Энэ үнэлгээгээр Сант сумын Засаг даргын Тамгын газар 78.9%-тай дүгнүүлсэн байгаа нь сумынхаа бусад төсөвт байгууллагууд дотроо хамгийн өндөр үнэлгээ авсан. Ийм байхад намайг ажлын хариуцлага алдсан гэж албан тушаал бууруулж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнийг ажилд томилж аваагүй. Цагдаагийн албан хаагч суманд томилогдон очиж ажиллавал гэр бүлийн хүнийг нь ажлаар хангах эрх зүйн зохицуулалт байдаг. Үүний дагуу би Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлтөй зөвшилцөн Г.Ундралыг энэ албан тушаалд түр томилсон. ... Ингээд Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаарын захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. ... Сант сумын Засаг дарга намайг ажлаас халсан захирамжиндаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйийн 23.1.1 дэх заалтыг барьсан мөртлөө дээрээс нь ахиад 23.1.1 заалтыг барьсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийг ...урт удаан хугацааны сургалтанд явсан, нэг жил эмчилгээнд явах шаардлагатай болсон, цэргийн албанд явах хугацаанд Төрийн албанаас түр чөлөөлнө гэсэн заалт бий. ... Намайг ажлын хариуцлага алдаж албан тушаалын зорилт, зорилгоо хангалтгүй биелүүлсэн гээд байгааг яагаад зөвшөөрөхгүй байна гэхээр би 2015, 2016 оны үр дүнгийн гэрээгээр “А” үнэлгээтэй үнэлэгдсэн. Миний сүүлийн 6 жил сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахад намайг сайн ажилласан байна гээд ахлах түшмэлийн тэргүүн зэрэг хүртэл олгосон. Эдгээр нь намайг ажилдаа хэр хандсан, ямар ажиллаж байсныг харуулах тодорхой нотлох баримт гэж бодож байна. Мөн аймгийн Засаг даргаас дүгнэсэн илтгэх хуудас нотлох баримт болж байгаа учраас би ажлын алдаа дутагдал гаргаагүй учир нэхэмжлэлийн таван шаардлагаа дэмжиж бат зогсож байгаа. ...Манай Засаг дарга өмнө нь надад хэлэхдээ өмнөх Засаг дарга чинь өвчин зовлонтой байхад та ажлаа сайн хийсэн байна. 2016 онд дүгнүүлсэн үнэлгээ чинь бусад төсөвт байгууллагуудаас шалтгаалсан байх гэж хэлсэн мөртлөө яагаад гэнэт өөрчлөгдсөнийг би гайхаж байгаа. ...Засаг дарга намайг би таныг ажлаа муу хийсэн гэж хэлэхгүй, харин би залуу хүмүүстэй хамтарч ажилламаар байна. Би Төрийн захиргааны түшмэл та хоёрын ажлын байрыг солъё гэж хэлсэн. Би тухайн үед сэтгэл санааны бэлтгэлгүй байсан болохоор та надтай хамтарч ажиллаж чадахгүй, хөгшин гэж байгаа бол би Татварын байцаагч болъё гэж хэлж байсан. ... Яагаад ганцхан намайг ажлын хариуцлага алдсан гээд байгаа юм бэ? Энэ суманд Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэдэг хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс ажлаа ямар авч явсан нь Засаг даргын Тамгын газрын ажилтай шууд холбоотой. Өмнөх 4 жил манай сумын удирдлагууд хангалтгүй ажилласан байж болно. Үүнийг би нөхөж ажиллаж чадсан гэж бодож байна. Ганцхан бичиг баримт дээр хангалтгүй ажилласан үнэн. ... Өмнөх 2012-2016 оны Засгийн газраас Сант суманд цэвэрлэх байгууламж оруулж ирээд гүйцэтгэж чадахгүй мөнгөгүй байхад нь би Засаг даргын Тамгын газраас цалинг нь өгч ашиглалтанд оруулсан. Ингээд цэвэр бохир шугам орсон ганцхан сум ... Сант сум юм. Хүний хийсэн ажлыг хэлэхгүй, дандаа  муу талыг нь яриад байгаа сумын Засаг даргадаа харамсаж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хүнийг үндэс угсаа, хэл, арьс, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаад харамсаж байна. Та намайг ажлаас чөлөөлсөн захирамжаа гаргахдаа хяналтын хуудас гаргаж хэн, хэн зөвшөөрсөн үгүйг гаргаагүй байсан. Та мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Сонсох” үйл ажиллагааг явуулаагүй. Иймд Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны Ерөнхий хуулийг зөрчсөн  байна гэж үзэж нэхэмжлэлийн шаадлагаа бүхэлд нь дэмжиж байна... 2015 онд Сант сумыг  85% дүгнүүлснийг би муу дүгнүүлсэн гэж хэлэхгүй. Харин 2016 онд 69.9% дүгнүүлсэн нь сумын төсөвт байгууллагуудын дарга нараас болж дүгнэгдсэн гэж бодож байгаа . ...Гол удирдлагыг Засаг дарга хангаж би заавар зөвлөгөө өгөх ёстой. Сумын төсөвт байгууллагуудын дарга нарт хяналт шинжилгээний заавар зөвлөгөөг өгөхөд  ажлаа хийгээгүй... Би заавар зөвлөгөө өгснөөрөө үүрэг хүлээхгүй, төсөвт байгууллагуудын дарга нар л үүрэг хүлээнэ гэж бодож байна. Бичиг цаас гэдэг нь байгууллагууд бүгд цахим сүлжээнд шилжсэн байгаа. ... Бүх байгууллагууд интернетэд холбогдсон. Миний хувд байгууллагуудын дарга нарт арга хэмжээ авах ямар ч үндэслэл байхгүй. Сумын Засаг дарга л арга хэмжээ авах эрхтэй байдаг. Байгууллагын дарга нарын илтгэх хуудсыг аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дүгнээд дүгнэлт өгсөн дүн дээр “А” үнэлгээ авсан. Нэгдсэн дүн дээр нь бас “А” үнэлгээтэй байгаа. Сумын төсөвт байгууллагууд бүгд архив албан хэргийн хөтлөлтийн ажилтантай. Оны эцсээр бүтэц орон тоо өөрчлөгдөхөөр бичиг хэргийн ажилтнуудаа сольж, ... Шинэ ажилд орсон хүн нь ажлаа мэдэхгүй байгууллагынхаа дүнг унагааж сумын ажлыг унагахад нөлөөлсөн гэж бодож байна. ...Би ажлаасаа чөлөөлөгдсний дараа Засаг даргад ээлжийн амралтаа авъя гэхэд надад ээлжийн амралт өгөхгүй гэж хэлсэн. ...Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан захирамжаа Засаг дарга надад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ... өгсөн. ...Одоо болохоор Засаг дарга надад ээлжийн амралт өгсөн гэж хувираад байгаа. ...Миний дансанд 820000 төгрөг орсон. Энэ мөнгө одоо байгаа... мөнгийг буцааж өгөөгүй. Би цалинтай тэнцэх нөхөх олговороо 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож байгаа. Гэхдээ дансанд нэгэнт мөнгө орсон тул 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцъё“ гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга С.Дамдинпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргаар томилогдон Сант сумын хөгжил цэцэглэлт, ард түмний төлөө ажиллахаар очсон. Д.Нямсүрэн дарга бол ажлын хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргасан. 2016 онд аймгийн хэмжээний нийт 19 сумаас манай Сант сум ажлын үзүүлэлтээрээ хамгийн сүүлийн байранд орсон байгаа. Сайн сум байсан бол хамгийн сүүлийн байранд орохгүй байх гэж бодож байна. Тухайн сумын Засаг даргын Тамгын газар бол сумын бүх ажлыг хийж гүйцэтгэх, хяналт тавьж байх ёстой. Үүнээс харахад Д.Нямсүрэн дарга ажлаа ямар хийж байсан нь харагдаж байгаа. Ийм болохоор би Д.Нямсүрэн даргатай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлсэн. Би Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу Д.Нямсүрэн даргыг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч Д.Нямсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг ажлаас чөлөөлсөн учраас өгөх боломжгүй гэж бодож байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хэн нэгэн хүнийг буруутгах гэсэн зүйл байхгүй. Өмнө нь Д.Нямсүрэн даргад ажлын санал тавьж байсан. Би багаа бүрдүүлж сумынхаа ард иргэдийнхээ төлөө ажилламаар байна гэж хэлсэн болохоос биш хэн нэгэн хүнийг хохирооё гэж бодоогүй. Д.Нямсүрэн дарга өөрөө санал тавихад би Татварын байцаагч болж болно гэсэн. Тэгэхээр нь би босоо удирдлагатай болохоор ярилцаж байж болно гэж хэлсэн. Сант сумын өмнөх Засаг дарга өвчин зовлонтой суумгай болсон хүн байдаг. Ийм байхад Д.Нямсүрэн дарга та энэ сумыг сайн удирдаж явсан байна гэж би хэлсэн. Харин би таныг хөгшин, эмэгтэй хүнтэй ажиллахгүй гэж хэлээгүй шүү. Аймгийн Засаг даргаас надад хангалтгүй ажилласан Засаг даргын Тамгын газрын дарга нарыг ажлаас нь чөлөөл гэж хэлсний дагуу би захирамж гаргасан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэдэг бол сумын бүхий л үйл ажиллагааг хяналтандаа авч үүрэг даалгавар өгч хамтран ажиллах ёстой. Мөн сумын Засаг дарга ч хамтран ажиллах ёстой байдаг. Сант сумын хуучин Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сүүлийн 2 жил ажилдаа ирэхгүй, сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажлыг нь хийж байсан. Энэ үед Д.Нямсүрэн даргыг байгууллагуудынхаа дарга нарыг удирдан зохион байгуулж ажиллаж чадаагүй гэдгийг л би яриад байгаа юм. Сумын Засаг дарга бол тухайн сумын нүүр царай болж, бүх үйл ажиллагаанд оролцдог байх ёстой. Тодорхой хэмжээгээр бичиг цаас хоцорсон ажил байсан байх гэж бодож байгаа. Энэ бол сумын Засаг даргатай холбоотой. Нэг айлын эзэн гэсэн үг шүү дээ. Гэрийн эзэн байхгүй бол айл ямар байдаг билээ. Одоо энд нуулгүй хэлэхэд Сант сумын төсөвт байгууллагуудын ажил цалгардсан, задгайрсан, Төрийн албан хаагчдын дунд архидалт ихтэй байсан. Одоо бол гайгүй болсон.  Би Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргыг 100% буруутай гэж хэлээгүй. ...Нэгжийн тухай хуульд зааснаар Засаг дарга бол өөрийнхөө захирамжийг өөрчлөх эрхтэй байдаг. Энэ хуулиар би Г.Ундралыг эгүүлэн ажилд нь томилж, Д.Нямсүрэн даргыг ажлаас нь чөлөөлсөн. Би нэхэмжлэгчид ээлжийн амралт олгож, нэхэмжлэгчийн цалинг нь бодож өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн данс руу энэ мөнгө орсон байгаа. Нэхэмжлэгчийн амралтын мөнгийг бодсон ...” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ундрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Би Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаарын захирамж гарсан гэдгийг мэдээгүй байсан. Надад энэ захирамж гарсан гэж албан ёсоор танилцуулаагүй. Сумын Засаг дарга надад Д.Нямсүрэн даргыг албан тушаал бууруулж, чамайг ажлаас чөлөөлж байгаа гэж амаар хэлсэн. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан захирамжаа надад огт танилцуулаагүй. Намайг эргэж ажилд томилсон гэдгийг нь мэдээгүй, Тухайн үед би Улаанбаатар хотод явж байсан. Надад утсаар ч мэдэгдээгүй. Би ажлынхаа Буянтогтох гэдэг хүнээс сонсож  2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа буцаж орсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 5 шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.Нямсүрэн нь шүүхэд анх “Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03 дугаар “Д.Нямсүрэнг албан тушаал бууруулж, Г.Ундралыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн болно.

Нэг. Нэхэмжлэлийн “Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга /цаашид Засаг дарга гэх/-ын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/03, 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

   Д.Нямсүрэн нь Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилогдож, 2006 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг[1] өргөн “Төрийн жинхэнэ албан хаагч” болсон болох нь Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” захирамж[2], төрийн захиргааны албан хаагчийн тангарагийн хуудас зэргээр тогтоогдож байна.

   Харин Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03 дугаар “Д.Нямсүрэнг албан тушаал бууруулж, Г.Ундралыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж[3]-аар Д.Нямсүрэнг Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас “ажлын хариуцлага алдаж, албан тушаалын зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн албан тушаал бууруулж, мөн өдрөөс эхлэн Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон, энэхүү хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ундралыг тухайн өдрөөс эхлэн Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнээс чөлөөлжээ.

Гэвч хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамж[4]-аараа Д.Нямсүрэнгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас бууруулсан байсныг уг албан тушаалаас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Г.Буянтогтохыг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон, Г.Буянтогтоход цалингийн тооцож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрч, б/03 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон өөрчлөлтүүдийг өмнөх б/03 дугаар захирамжид оруулсан байна.

            Ингэснээр Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03 дугаар захирамжийн 3 дугаар заалт буюу “Ажил хүлээлцэх комисс” байгуулсан заалт хэвээр үлдэж, бусад заалтууд өөрчлөгдсөн байна. Нэгэнт б/03 дугаар “Д.Нямсүрэнг албан тушаал бууруулж, Г.Ундралыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн 3 дахиас бусад заалтыг өөрчилсөн буюу хүчингүй болсонд тооцсон тул шүүх уг захирамжийн талаар эрх зүйн дүгнэлт шууд хийх боломжгүй байна.

            Харин Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэхэд

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг дарга нь өөрийн гаргасан хууль тогтоомжид нийцээгүй захирамжийг өөрчлөх үүргийг заасан.

Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх асуудлыг зохицуулсан. Гэхдээ уг зүйлийн 23.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулж болох үндэслэлүүдийг заасан байна.

Гэтэл хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар захирамжаа гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэгч Д.Нямсүрэнг Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас “төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн хуульд нийцээгүй шийдвэр болсон байна. Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулан ажиллуулах үндэслэлийг заасан зохицуулалт болохоос биш албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлийг заасан зохицуулалт биш байна. Тиймээс уг заалтыг үндэслэн гаргасан хариуцагчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж нь хуульд нийцээгүй, зөрчиж гаргасан захиргааны акт байх тул түүнийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүх Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул мөн даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан б/03 дугаар захирамжийг давхар хүчингүй болгох нь зүйтэй байна. Учир нь б/06 дугаар захирамжийг шүүх хүчингүй болгосноор Д.Нямсүрэн нь өмнө эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн үр дагавар гарч байгаа. Гэтэл Засаг даргын б/03 дугаар захирамжийн 3 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь нэхэмжлэгчид Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг хүлээлцэх үүрэг хэвээр үлдэж байна. Тиймээс шүүх Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03 “Д.Нямсүрэнг албан тушаал бууруулж, Г.Ундралыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Галсандаш овогтой Буянтогтохыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШЗ2017/0059 дугаарын “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах тухай” захирамжаар Г.Буянтогтохыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч тэрээр энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэсэнээс үл хамаарч өөрийн эрх ашгийг хөндөгдөхгүй гэж үзэн “Сант сумын ЗДТГ-ын Төрийн захиргааны түшмэл...миний эрх ашиг хөндөгдөөгүй учир шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэх тайлбар[5]-ыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүх Г.Буянтогтохыг хүсэлт ирүүлсэн үеэс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хоёр: Нэхэмжлэлийн “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” шаардлагын тухайд.

Нэгэнт шүүх Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03, 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “Төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэхүү хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч нь ...ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж тус тус хуульчилсан. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-3-т зааснаар төрийн албан хаагч нь заавал даатгуулагч байна.

Д.Нямсүрэн нь Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа үндсэн цалин 733863 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 183466 төгрөг, нууцын 73386 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 183466 төгрөг, аймгийн Засаг даргын нэмэгдэл 73386 төгрөг, бүгд 1247567 төгрөгийн цалин авч байсан болох нь Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч Дүүмаагийн Нямсүрэнг өмнө эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 53 өдрийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 3118917,5 төгрөгийг хариуцагч Сант сумын Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, угхүү нөхөх олговороос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хэмжээ, журмаар нийгмийн даатгалын шимтгэлийг суутган холбогдох дансанд шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргад даалган, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Д.Нямсүрэнг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр нь Сант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар захирамж байх тул шүүх энэхүү захирамжид заасан хугацаанаас буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тоолов.

Тодруулбал: Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Нямсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд эдэлсэн ээлжийн амралтын мөнгө 848036 төгрөгөөс хуульд заасан суутгалуудыг хасч 686709 төгрөгийг олгосон баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. 

Сумын Засаг дарга болон Д.Нямсүрэн нарын хооронд яригдаж буй дээрх мөнгө нь ээлжийн амралт болон нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилласан хугацааны цалин хоёрын аль нь болох асуудал нь байгууллагын дотогшоо чиглэсэн асуудал бөгөөд шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шүүх уг маргааныг хэлэлцэхгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн б/03, 4 дүгээр сарын 17-ны өдрийн б/06 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Дүүмаагийн Нямсүрэнг өмнө эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Нямсүрэнгийн ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 53 өдрийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 3118917,5 /гурван сая нэг зуун арван найман мянга есөн зуун арван долоон төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч Сант сумын Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, угхүү нөхөх олговорт ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, Д.Нямсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 


[1] Хэргийн 135 дугаар хуудас. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн баримт.

[2] Хэргийн 134 дүгээр хуудас. Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” захирамж. 

[3] Хэргийн 4 дүгээр хуудас.

[4] Хэргийн 24 дүгээр хуудас.

[5] Хэргийн 84 дүгээр хуудас.