Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 64

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баасандорж, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Б.Т-т холбогдох эрүүгийн 2105019991161 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, “Бест бэйкери” ХХК-нд хүнсний менежер ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б.Т.

Б.Т- нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МРТ Ойл” ХХК-ийн борлуулалтын менежерээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа буюу тухайн компанийн борлуулалтын орлого болох 25,967,802 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан;

Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендэрт тэнцүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Ч-аас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг залилан Хаан банкны 5545129858 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.М-д “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 1,000,000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогч А.М-с нийт 6,000,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 105,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 395,000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Б.Т-ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-өөс 21,529,602 төгрөгийг гаргуулж, хохирогч “МРТ Ойл” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсүгэй.”, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай” гэсэн нэмэлт заалтууд оруулж, хохирогч “МРТ Ойл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчин Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч түүнд оногдуулсан 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх тул магадлалд заасан хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилган хохирогчийн хохирлын үлдэх хэсгийг бүрэн төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Тиймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан өөрчлөлтийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхийн шийдвэрт тусгасан хохирлыг бүрэн төлж амжихгүй байж болзошгүй гэсэн үүднээс дээрх тайлбарыг хэлж байгаа болохоос шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй. Хохирогч талаас анхан шатны шүүхэд тохиролцсон хугацаандаа төлбөр төлсөнгүй гэж давж заалдах гомдол гаргасан” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид үүрэг хүлээлгэсэн заалт нэмж оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нь анхан шатны шүүхэд хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж 2023 оны 01 дүгээр сард төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирлыг төлөх ямар ч санаачилга гаргаагүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

Прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, залилсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байна. Харин шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан зарчимд нийцэхгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, залилах гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, завших гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг үндэслэн тухайн зүйл ангид заасан доод хэмжээний ялыг оногдуулсан байна. Гэтэл хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Т- нь бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдлээр завшиж 24,529,602 төгрөгийн хохирол, 3 удаагийн үйлдлээр бусдыг залилан 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан байхад түүний гэмт хэрэг үйлдсэн арга, давтамж, хохирол, хор уршиг зэрэгт бодитой дүгнэлт хийлгүй хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна. Иймд шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Т нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МРТ Ойл” ХХК-ийн борлуулалтын менежерээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тухайн компанийн борлуулалтын орлого болох 25,967,802 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан;

Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендэрт тэнцүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Ч-аас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийг залилан Хаан банкны 5545129858 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.М-д “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч 1,000,000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогч А.М-аас нийт 6,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжид хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хугацаа заан хүлээлгэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх учирсан хохирлыг тодорхой хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх агуулга бүхий гомдлыг гаргаж, шүүх хуралдаанд гомдлоо дэмжин оролцлоо.

Дээд шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим нь Эрүүгийн хуулиар тодорхойлогдсон нөхцөл байдлууд буюу тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд хамааралтай шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйг зүйлчилсэн болон оногдуулах ялыг тогтоосон байдалтай холбоотой хэрэгжих учиртай ба эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдсэн хохирлын хэмжээг өөрчлөхгүйгээр зөвхөн нөхөн төлөх хугацааг шинэчлэн тогтоохыг хязгаарлахгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүгдэгчид ашигтайгаар хэрэглэх шаардлага ч хууль тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ үүсээгүй тул энэ тохиолдолд хамаарахгүй юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн хор уршгийг 3 сарын дотор арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгчид хүлээлгэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзав.

Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа “...шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 төгрөгөөр торгох ялыг...” гэж техникийн шинжтэй алдааг гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 төгрөгөөр...” гэснийг “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                        ШҮҮГЧИД                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                 Ч.ХОСБАЯР

                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН