Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 67

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000420026 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                             Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                 Л.П- нар оролцов.

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ... ажилтай, .. дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х- овгийн Лхүндэвийн П- /РД: ............./

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар

Л.П- нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 22.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн .............хашаанд орших Д.Б-ын гэрт “Хамаатан садныг хэл амаар доромжиллоо, мөн дагз руу болон нуруу руу цохилоо” гэж Б.Э-тай таарамжгүй харилцаа  үүсгэж, улмаар түүний толгой хэсэг рүү шилний хагархайгаар 2-3 удаа цохисны улмаас хохирогч Б.Э-ын биед хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.   

                                           

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.П- шүүхийн шатанд мэдүүлэхдээ:

            Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө Б-ын хашаанд нь тэжээж байгаа морио услах зорилгоор 09 цагийн үед очсон. Б- бид хоёр ажил амжуулахаар Нарангийн төв орох, айлд очиж архи уух зэргээр явж байгаад Б-ынд буцаж очсон. Б- согтоод унтаад өгсөн. Э- гаднаас нэлээд согтуу орж ирээд Б-ын унтаж байсан диваны хөл дээр суугаад элдвийн зүйл яриад би зурагт хараад сандал дээр цааш хараад сууж байсан. Тэр намайг болон салсан эхнэрийнхээ тухай яриад байхаар нь “надад хамаагүй” гэж хэлэхэд миний нуруу, ар дагз руу гараараа 2-3 удаа цохиж би сандлаасаа ойчсон тул гэнэт уурлаж ширээн доор байсан архины шилийг аваад толгой руу нь цохисон. Түүний толгойноос цус гарахаар нь Б-ыг сэрээж чи эмнэлэг цагдаа дуудаарай гээд гараад явчихсан. Тэднийхээс холгүй гудамжинд хэсэг сууж тайвширсан. Тухайн үед миний гар хөл чичрээд айсан байсан. Удалгүй эмнэлэг цагдаа ирж байгаа харагдсан. Би эмнэлэг дээр араас нь очсон. Маргааш нь хот руу Э-ыг эхнэртэй нь хамт авч яваад хувийн эмнэлэгт тархины зургийг нь авахуулж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би Э-т баримттай баримтгүй нийлээд 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Эхлээд 300.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ хугацаанд хоёр удаа хот явсан бөгөөд хотод Э-ыг хувийн эмнэлэгт 7 хоног хэвтүүлэн эмчлүүлсэн. Яг тодорхой онош байхгүй байсан бөгөөд өөрсдөө эмнэлэгт хэвтмээр байна гээд санал гаргахаар хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Таксинд явдаг байсан гэсэн тул цалингийн дутууд нь шүүхэд ирснээс хойш 800 000 төгрөг төлсөн гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б.Э- мөрдөн байцаалтад болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би согтуу байдалтай Э-ынд очиход танил П- тэдний гэрт зурагт үзээд сууж байсан. Би согтуу болохоор үг хэлсэн юм шиг байна билээ. Тэр миний толгой руу хүчтэй цохисон. 2-3 удаа цохисон байх. Цус гараад  Б- эмнэлэг дуудсан. П- намайг дагуулж явж толгойг аппаратад харуулж эмнэлэгт хэвтүүлж үзлэг, эмчилгээ хийлгэж 330 000 төгрөгийн төлбөрийг төлж, сорвины тос авч өгсөн.  Одоо хоёр нүдний хооронд буюу хамрын дээхнэ үүссэн сорвийг арилгуулахыг, мөн таксинд явж өдөрт 20 000 төгрөгийн орлого олдог байсан нь тасалдсан тул энэ 22 өдрийн хохирлыг гаргуулахыг хүсэж байна гэжээ. /хх-ийн 23 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:

        “... Намайг унтаж байхад Л.П- сэрээж “Эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Б.Э- орны хөлд толгойноос нь цус гарчихсан сууж байсан. ...Эмнэлэг, цагдаа ирээд явсны дараа ор, шалан дээр байсан цусыг цэвэрлэж байхад архины шилний хагарсан жижиг хэсгүүд байсныг хаячихсан. Хагарсан нэг хэсгийг цагдаа нар аваад явсан...” гэх /хх-ийн 30 дахь тал/ мэдүүлгүүд,

Шинжээч эмчийн дүгнэлтэд:

Б.Э-ын биед тархины доргилт, зулай, хамрын нуруу, баруун гарын сарвуу, дух, хамрын нуруу, зүүн хацарт зүсэгдсэн олон тооны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх мэс заслын оёдолтой шархнууд, тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 35 дахь тал/ зэрэг болно.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд

            2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг 10 минутад Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогос-Уул 6-11 тоотод согтуу хүмүүс зодолдоод байна гэжээ. /хх-2 дахь тал/

 

Улсын яллагч дүгнэлтдээ:

Шүүгдэгч Л.П-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял шийтгэх саналтай гэв.

Шүүгдэгч   Л.П- дүгнэлтдээ:

              Би гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа  600 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Яллагдагч Л.П- 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 22.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн .............хашаанд орших Д.Б-ын гэрт “хамаатан садныг хэл амаар доромжиллоо, дагз руу болон нуруу руу цохилоо” гэж уурлан Б.Э-ын толгойд нь архины шилээр 2-3 удаа цохиж Б.Э-ын бие махбодид хамрын нурууны дунд хэсэгт 6х0.2 см мэс заслын 7 ширхэг оёдолтой шарх, зулайн зүүн дээд хэсэгт 8х0.2см мэс заслын 4 ширхэг оёдолтой шарх, баруун гарын сарвууны ар хэсэгт 5х0.2см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх бүхий гэмтэл учруулсан  байна.

            Энэ үйлдэл нь хохирогч Б.Э-ын  “Л.П- намайг архины шилээр 2-3 удаа цохисон байх гэж бодож байна. Нэг мэдэхэд юмаар хүчтэй цохиход би ухаан орсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-ын “Намайг унтаж байхад Л.П- сэрээж “Эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн ба Б.Э- орны хөлд толгойноос нь цус гарчихсан сууж байсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн Б.Э-ын хамрын нурууны дунд хэсэгт 6х0.2 см мэс заслын 7 ширхэг оёдолтой шарх, зулайн зүүн дээд хэсэгт 8х0.2см мэс заслын 4 ширхэг оёдолтой шарх, баруун гарын сарвууны ар хэсэгт 5х0.2см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, цагдаагийн байгууллага тухайн үйлдлийн талаархи мэдээллийг “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг 10 минутад хүлээн авсан тухай” тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ. Үүнийг шүүгдэгч хүлээн мэдүүлж байна.

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтуудыг тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

Л.П- нь хохирогчийн агсам тавьсан үйлдэлд уурлаж үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б.Э-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч Л.П-гийн үйлдэл нь иргэн Б.Э-ын  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.

            Иймд Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч нь гэмт үйлдэл болон гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна. Л.П-гийн үйлдэлд архидан согтуурснаас өөрийгөө хянах хяналт суларсан байдал нөлөөлсөн байна. Мөн хохирогчийн агсам тавьж шүүгдэгчийг түлхэж сандлаас нь унагаасан үйлдэл нөлөөлжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно.

 

Хохирогч Б.Э- “тархи болон хамрын зураг авахуулах, “Дархан-Оточ” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, сорвины тос зэрэг эрүүл мэндэд учирсан хохиролд 600 000 төгрөг, хувиараа таксинд явж олдог байсан орлого 22 өдөр тасалдсаны хор уршиг 800 000 төгрөг нийт 1 400 000 төгрөгийг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь талуудын 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хийсэн гэрээгээр тогтоогджээ.  Үүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн бол гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно” гэсэн заалтад хамаарах үндэслэл мөн гэж дүгнэлээ.

  Л.П-д ял оногдуулахдаа дээр дурдсан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлүүдийг болон гэр бүл,  нийгмийн дотор үнэлэмж сайтай, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тогтоосон торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялуудын торгох ялыг сонгож хэрэглэх, торгуулийн хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын дундажаас доогуур буюу 600  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

 

Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “ARKHI” гэсэн бичигтэй архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Лхүндэвийн П-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Лхүндэвийн П-г  зургаан зуун  /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган /600 000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Л.П-д мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Л.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.П- нь хохирогч Б.Э-т эрүүл мэндийн хохирлыг арилгахад 600 000 төгрөг, олж байсан орлого тасалдсаны хор уршиг 800 000 төгрөг нийт 1 400 000 төгрөг төлснийг баталж хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ARKHI” гэсэн бичигтэй шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Л.П-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.П-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ