| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2024/00450/И |
| Дугаар | 208/МА2025/00040 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 208/МА2025/00040
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дугаар шийдвэртэй
Хариуцагч А.О*******, Г.Э******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 3,683,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш*******, түүний өмгөөлөгч Ч.Нарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
Б.Ш******* би өөрийн өмчлөлийн 9275 СБА улсын дугаартай Тоёота приус маркийн машинаар Сэлэнгэ аймаг С******* сум Б******* *-р баг, *-р хэсэг ** тоотын ойролцоо байрлах хатуу хучилттай зам дээр 2024 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цаг 36 минутад зорчиж байхад гурван тооны адуу булангаас гэнэт дахин гарч ирээд машин дээгүүр гурвуулаа гараад явчихсан. Тухайн үед нь цагдаа дуудаж шалгуулсан, цагдаа ирээд адууны эзнийг хурдан ол гэхээр нь хүнээс сураглаж байж малчин А.О*******, эзэн Г.Э******* хоёрыг нь олсон. Малчин А.О*******, эзэн н.Э******* нар уг осолтой холбоотой нэг ч холбоо бариагүй. Ослын улмаас машинаа хэрэглэж чадахгүй байгаа бөгөөд азаар хүн бэртэж гэмтээгүй.
...Уг ослоос хойш машинаа хэрэглэж чадаагүй, адууны малчин, эзэн хоёр хохирол төлбөрөө барагдуулах талаар нэг ч удаа холбоо бариагүй.
Иймд Б.Ш******* би ослын улмаас машинд учирсан хохирол 3,415,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 268,000 төгрөг нийт 3,683,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.О******* хариу тайлбартаа:
...Б.Ш******* нь анх утсаар ярихдаа азаргатай сүрэг адуу миний машин дээгүүр гараад явчихсан гэж ярьсан, цагдаад мэдүүлэг өгсөн. Б.Ш******* анх ярьснаар машин дээгүүр нь янз бүрийн тамгатай халтар азаргатай, хүрэн халзан азаргатай сүрэг адуу гарсан гэж байгаа. Харин гарч чадахгүй жижиг даага мөргүүлсэн нь тодорхой байна. Гэтэл нэхэмжлэлдээ сүрэг адууг дурьдаагүй, зугтаж чадахгүй өөрийнх нь автомашинд дахин мөргүүлж гэмтсэн таван хошуу тамгатай даага, замын хажууд нь зогсож байсан Т тамгатай даагыг бичсэн байна. Б.Ш******* авто машинаар дахин мөргөж гэмтээсэн таван хошуу тамгатай даага, сүрэг адуу нь надад хамааралгүй болно.
Түүний машинд учирсан гэх хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Гудамж замын хөдөлгөөний дүрэмд автомашинаа зогсоох арга хэмжээ авахыг жолоочид үүрэг болгосон байхад, хүн явж байхад дайрч болохгүй, адуу малыг дахин дайрч болно гэсэн ойлголт байж болохгүй юм. Тэр амьтад нь арга буюу зугтааж машины хамар дээгүүр гарч болно гэсэн ойлголт ерөөсөө автомашинаараа хөдөлгөөнд оролцож буй жолоочид байж болохгүй юм.
Б.Ш******* нь хурд хэтрүүлэн явсан учир сүрэг адуу үргэж давхин дараа нь дахин урдуур нь гарч ирээд хамар дээгүүр нь гарч үргэж зугтаад явсан. Харин буланд шахагдсан жижиг даага буюу богино хөлтэй даага нь хамар дээгүүр нь гарч чадахгүй учир үлдэж хоцорсон байх гэж үзэж байна. А.О******* би оюун ухааны хөнгөн хомсдолтой бөгөөд бичиг үсэг мэдэхгүй учир цагдаагийн байгууллагаас дуудахад очсон. Миний ярьсан зүйлийг хэрхэн тэмдэглэж авсныг мэдэхгүй. Б.Ш******* автомашинд дахин мөргүүлж гэмтсэн таван хошуу тамгатай даага болон сүрэг адуу хэнийх болохыг нь тогтоогдоогүй гэж сонссон.
Иймд машинд үзлэг хийлгэх, шинжээч томилох хүсэлт гаргана. Одоогоор хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй учир мэтгэлцэх тодорхой асуулт шинжээчид тавиулах боломжгүй байна. Б.Ш******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Э******* хариу тайлбартаа:
Иргэн Т******* овогт Б******* Ш******* 2024 оны 08-р сарын 02-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г.Э******* би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
...Б.Ш******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар заалт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна заалтыг зөрчөөгүй бол осол гарахгүй байх байсан байна.
Зам дээр хүн явж байхад дайрч болохгүй харин адуу мал дайрч болно гэсэн ойлголт байж болохгүй. Тэр дайруулж байгаа мал амьтад нь арга буюу зугтааж машины хамар дээгүүр гарч болно гэсэн ойлголт гудамж замын хөдөлгөөнд оролцож буй хүнд жолоочид байж болохгүй юм.
Б.Ш******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.42 дугаар заалт үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг, 1.2.43 дугаар заалт Харанхуй үе гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг, 12.2 дугаар заалт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3-дугаар заалт Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.5 дугаар заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарагдах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино заалтуудыг биелүүлээгүй байна.
Б.Ш******* нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлсэн, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар заалт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. гэх заалтыг зөрчсөнөөс осол гаргасан байна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар А.О*******, Г.Э******* нараас нэхэмжлэлийн шаардлыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 49,252 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Б.Ш******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хариуцагч, хариуцагч Г.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч А.О******* нар давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүхээс тухайн хэргийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, осол гарсан газарт үзлэг хийсэн цагдаагийн байгууллага нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, шүүхээс гэрч асуух тухай хариуцагч талд мэдэгдээгүй атал гэрчийг асууж, улмаар гэрчийг хөтөлж асуусан, нэг талыг барьсан асуулт асуусан, гэрчүүд өөрийн үзээгүй хараагүй асуудлыг шууд таамгаар адуу машин дээгүүр гарсан бололтой байсан гэж худал мэдүүлсэн байхад хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэсэн заалтыг зөрчиж байна.
Цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэг хийсэн баримтад өдрийн нартай үед авсан адууны зургийг хавсаргасан ба замын хөдөлгөөний зөрчил гарсан цаг үе нь оройн 21 цагт болсон байдаг.
Гэрч Э.Анхтуяа миний машины урд байсан Приус 30 маркийн автомашиныг булан эргэж байхад урд талаар нь нэлээн олон адуу гарч ирээд тухайн урд байсан машины хамар дээгүүр гараад явсан гэж мэдүүлдэг.
Гэрч Э.Болдбаяр тухайн үед урд зүгээс... хэдэн тооны адуу давхиж байсан. миний мэдэхээр 4 тооны адуу байсан гэж мэдүүлэг өгсөн.
Гэрчийн Орхон дэлгүүрээс хойд зүгт 4 тооны адуу явж байсан. Бид хоёр эргээд сургуулийн чиглэл рүү очтол Тоёото приус 30 маркийн СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл адуу дээгүүр нь гарсан байдалтай салхины шил, урд гупер, их гэрэл зэрэг нь хагарсан байдалтай байсан. Ингээд бид хоёр цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осол болсон талаар дуудлага өгсөн..., 3-4 тооны хээр, хүрэн зүсмийн багавтар насны 3-аас 4 тооны адуу байсан. Миний харснаар 2 тооны адуу гэмтсэн байдалтай хүзүү, цээж орчмоор цус болсон байсан гэжээ. Хоёр тооны гэмтсэн адууны талаар тогтоосон баримт хэрэгт байхгүй байгаа нь А.О*******ын адуунаас өөр адуу тухайн машинтай мөргөлдсөн гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Шүүхээс... 3 тооны адуу л машины өмнүүр гарсан болгосон мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн баримтад маргааш нь өдрийн цагаар тухайн мал бүхий иргэдийн хороололд бэлчиж явсан 3 дааганы зургийг авч хавсаргасан, гэмтсэн гэх машины зургийг цагдаагийн байгууллага болон өмчөө гэмтээлгэсэн гэх нэхэмжлэгч хүртэл бэхжүүлж аваагүйд ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Хариуцагчийн хувьд: нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Тэрээр цагдаагийн байгууллагаас та нар машиныхаа урдуур гарсан адууг олоод ир гэхээр маргааш нь мал бүхий иргэдийн амьдардаг 5 дугаар хороонд ирээд гудамжинд бэлчиж явсан 3 адууны зургийг аваад цагдаад өгсөн, цагдаагийн ажилтан энэ зургийг шууд нотлох баримт гэж үзээд хэрэгт нотлох баримтаар хавсаргасан машиных нь салхины шил гупер, урд шил хагарч гэмтсэн байхад нэг ч удаа зургийг нь аваагүй хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй атал гудамжинд байгаа адууны зургийг авах техник хэрэгсэл нэхэмжлэгч талд байсан зэрэг нь хууль бус нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргах үндэслэл болж байна.
Мөн нэг хариуцагч О******* нь ярианы учир холбогдлыг бүрэн ойлгодоггүй байхад түүнээс маш олон өгүүлбэр, тайлбартай мэдүүлэг авсан нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Түүгээр ч үл барам хөрөнгийн үнэлгээ хийсэн Ашид билгүүн ХХК-ийн авсан фото зурагт осолд өртсөн гэх машин байгаа эсэх нь үл мэдэгдэх бүдэгхэн фото зураг хавсаргасан байна.
Хариуцагч Э*******гийн хувьд тухайн осол гаргасан гэж үзэж буй 2 дааганы эзэмшигч биш түүнийг хариуцагчаар татсан нь мөн л хууль зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаагүй, саад тохиолдсон үед зогсоох арга хэмжээ аваагүй, мал бүхий иргэд оршин суудаг 5 дугаар багт замын хөдөлгөөнд оролцож байсан зэрэгт шүүхээс дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
Хариуцагч талаас осолд орсон гэх адууны эзнийг олох талаар цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулахыг хүссэн боловч шүүхээс хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд хууль зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч Б.Ш******* миний бие авто машинд учирсан 3,686,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх зарим хэсгийг дээрх байдлаар ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний нэхэмжилсэн 3,686,000 төгрөг нь авто машинд учирсан бодит хохирол учраас А.О*******, Г.Э******* нараас бүхэлд нь гаргаж надад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч талын таван хошуу тамгатай адуу бол манай адуу биш гэсэн мэдүүлгийг үндэслэсэн. Шүүхийн шийдвэрт таван хошуу тамгатай адуу хариуцагч талынх биш гэж үзсэн үндэслэл байхгүй. ...Үзлэгийн ажиллагаагаар таван хошуу тамгатай адуу хариуцагчийн адууд бэлчиж байгаа байдал харагддаг. Мөн яагаад бүртгэлгүй адуу хариуцагч талын адууд байгаа талаар болон хэрэв таван хошуу тамгатай адуу хариуцагч талын адуу биш бол алдуул малын бүртгэлд уг адуу байхгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Зөвхөн таван хошуу тамгатай адуу хариуцагчийн эзэмшлийнх болох нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Энэ хэргийг шийдвэрлүүлэхийн тулд 1 жил харлаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 адуу анхнаасаа хамт бэлчиж байсан. Шүүхээс шалгах гэж үзсэн ч адуугаа гаргаж үзүүлээгүй. Хажуу айлын хүмүүс нь ч найз нөхдийнхөө адууг нийлүүлээд хамт маллуулдаг гэж хэлдэг. Би дайрсан гэж байгаа. Хэрэв би дайрсан бол 3 адуугаас юм үлдэхгүй. Би өөрөө дайруулсан гомдолтой байгаа учраас араас нь 1 жил гаруй хөөцөлдөөд яваад байгаа юм. Над руу чихээд байгаа нь сонин санагдаад байна. Хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, осол гарсан газарт хэргийн үзлэг хийсэн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн гомдолтой байна. ... Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас та өөрийнхөө машины урдуур гарсан адууг олоод ир гэхэд 5 дугаар хороонд очиж гудамжинд хэвтэж байсан 3 адууны зураг аваад цагдаад өгсөн байгаа юм. Цагдаагийн ажилтан уг зургийг шууд нотлох баримт гэж үзэж, өөрөө бүрдүүлсэн мэтээр хэрэгт хавсаргасан. Үнэн хэрэгтээ энэ талаар тэмдэглэлд хүртэл тусгах ёстой байтал байхгүй байгаа юм. Машины урд шил, бупер гэмтсэн байхад нэг ч зургийг нь аваагүй, хэрэгт нотлох баримтаар өгөөгүй. ... Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заасан. Тиймээс бидэнд гэм хорыг хариуцуулах ёсгүй. Эдгээр байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаагийн байгууллагын үзлэг хийсэн баримтын он, сар, өдөр дутуу, 4 тооны адуу, гэмтсэн бага насны адуу хэн гэх хүний эзэмшил, өмчлөл болохыг тогтоогоогүй, нотлох баримтад ач холбогдол өгөөгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.Ш******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг * дүгээр хэсэг *** тоотод оршин суугч Б.Ш******* нь Сэлэнгэ аймаг Ц сумын * дүгээр баг Оргих гэх газарт оршин суух А.О*******, Д аймгийн Д сумын * дүгээр баг *-*-** тоотод оршин суух Г.Э******* нарт тус тус холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хор уршиг 3,415,000 төгрөг, хор уршиг 268,000 төгрөг, нийт 3,683,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2,455,334 төгрөгийг А.О*******, Г.Э******* нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,227,666 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон хариуцагч Г.Э*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ш******* ...миний бие авто машинд учирсан 3,686,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх зарим хэсгийг дээрх байдлаар ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний нэхэмжилсэн 3,686,000 төгрөг нь авто машинд учирсан бодит хохирол учраас А.О*******, Г.Э******* нараас бүхэлд нь гаргаж надад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагч А.О******* нарын ....Анхан шатны шүүхээс нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, гэрчүүд таамагт үндэслэн худал мэдүүлэг өгсөн, хариуцагч нарын зүгээс нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаад байхад хангалгүйгээр хэрэгт цугларсан хууль бус баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, машины хамар дээгүүр дайрч гарсан гэх адууны эздийг олоогүй, хариуцагчийн зүгээс замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй байхад энэ талаар шүүхээс үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул гомдолтой байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.Нэхэмжлэгч Б.Ш******* нь Сэлэнгэ аймаг С******* сумын * дугаар багт хатуу хучилттай авто зам дээр өөрийн өмчлөлийн СБА улсын дугаар бүхий Тоёота приус маркийн машин жолоодож явахад машины урд хэсгээр 3 тооны адуу дайрч гишгин авто машинд нь салхины шил хагарсан, баруун, зүүн их гэрлүүд хагарсан, баруун урд крило чихэгдсэн, зүүн урд крило хонхойсон, зүүн урд дохио хагарсан, копутны салхи зүсэгч хагарсан, тосолны сав хагарсан, баруун шилний доод жижиг сетка хагарсан, урд буфер хагарч цуурсан, капут чихэгдсэн, орой хонхойсон, баруун урд шилний хажуу багана зурагдсан, дээд хөндөл чихэгдсэн, зүүн урд крило халцарч зурагдсан гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримт болсны дараа нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хандсанаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж, дээрх үйл баримтад нэхэмжлэгч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал тогтоогдоогүй тул машинд эвдрэл гэмтэл учруулсан гэх адууг хариулах үүрэг хүлээсэн малчин А.О*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, А.О******* уг шийтгэлийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлж барагдуулсан байна.
Хариуцагч А.О*******, Г.Э******* нар нь анхан шатны шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн адуунууд манай адуу биш гэж маргаж байгаа боловч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэгч С.Батболдын гаргасан 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсанд хуулийн дагуу гомдол гаргаагүй, улмаар хүлээн зөвшөөрч торгуулийг төлж барагдуулсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүрэг-ийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн өөрт нь учирсан хохирол хор уршгийг арилгах буюу авто машинд учирсан хохирол 3,415,000 төгрөг, үнэлгээний зардал 268,000 төгрөг нийт 3,683,000 төгрөгийн болон бусад баримтуудад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж 2,455,334 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэмтэл учруулсан 3 адууны нэг болох таван хошуу тамгатай дааганы өмчлөгч хариуцагчаар татагдсан А.О*******, Г.Э******* нарынх болох нь тогтоогдоогүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагын 1/3 хэсэг буюу 1,227,666 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, дээрх үндэслэлийг буруутгах боломжгүй байна.
Учир нь: Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулан гэм хор учруулсан гэх 3 адууны өмчлөгч эзэмшигчийг тогтоох бүхий л ажиллагааг явуулсан боловч таван хошуу им тамгатай дааганы эзэн тогтоогдоогүй тул эзэмшигч, өмчлөгч биш этгээдүүдээс хохирлыг гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд дээрх гэм буруутай үйлдэлд адуугаа хариулгагүй явуулсан малчин, уг эд хөрөнгийн өмчлөгч нараас хохирлын 2/3 хувь буюу 2,455,334 төгрөгийн хохирлыг хариуцуулан шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Б.Ш*******, хариуцагч Д.Э*******, А.О******* нарын гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн, нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчин хурдтай явсан гэх зэргээр гомдлын үндэслэлдээ дурьдаж байх боловч дээрх байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хариуцагч нарын зүгээс ийм баримтуудыг гаргаж ирүүлээгүй байна.
8.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 316/ШШ2025/00390 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Top of Form
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form