| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/00921/И |
| Дугаар | 225/МА2025/00031 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 225/МА2025/00031
Ж.Лийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Лийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдох Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай
иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр, Б.Ганчимэг, хариуцагч Д.Цийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч А.Бийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Л нь нөхөр Д.Цтэй 2011 онд танилцан, үерхэж дотносож байгаад 2012 оноос албан ёсоор гэр бүл болон амьдарч эхэлсэн.
Нөхөр бид хоёр 2022 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл болон амьдрах боломжгүй болсон бөгөөд нөхөр Д.Ц тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.
Миний хувьд тус шүүхийн хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч Д.Цийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан нөхөр Д.Цээс гэрлэлт цуцлуулах, охин Ц.Ц, Ц.Ц нарыг өөрийн асрамжид авах, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийг нөхөр Д.Цээс гаргуулж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан.
...Энэхүү нэхэмжлэлд дээрх эд хөрөнгийн .... нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Г-.... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн иргэний өмчлөлийн 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-....дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус эх хувиар гарган өгч хавсаргасан.
Харин хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхдээ ...хашаа, байшин бол миний хуваарьт хөрөнгө... гэж үндэслэлгүй, байж боломгүй худал зүйлийг ярин үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай харилцаа явагдаж эхэлмэгц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хавтаст хэрэгт эх хувиараа байгааг мэдсээр байж улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгон, худал мэдүүлгийг Улсын бүртгэлийн байгууллагад хөтлөн, гэрчилгээг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин гаргуулан авч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн эцэг ....гийн Дтай үсгэн хуйвалдаж, түүнтэй 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааны гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байдаг.
Дээр дурдсан арилжааны гэрээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өөрийн ээжийн төрсөн дүү болох Агийн Бийн нэр рүү 18,000,000 төгрөгт тооцсон худалдах, худалдан авах гэрээг мөн дүр үзүүлэн хийж, шилжүүлсэн байдаг.
Иймд шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн Д.Ц нь өөрийн эд хөрөнгийг эцэг, эх, төрөл садандаа арилжсан, худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү .... гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Л нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...А.Б нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний өмчлөлийн 112 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү -....дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан мэтээр зохиомол байдлыг үүсгэн А.З гэх этгээдтэй хэл амаа нийлүүлэн бүртгэлийн 2668 дугаартай, 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ гэгчийг байгуулсан байдаг.
Шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн Д.Ц нь өөрийн эд хөрөнгийг эцэг, эх, төрөл садан, найз нөхдөдөө арилжсан, худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийсэн дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул А.Б, А.З нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2018 онд надад мөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж би аав ээжээсээ гуйж байж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж авч банкны барьцаанд тавьж зээл авч хэрэглэж байсан. 2022 оны 8 сард манай аав Д зүрхний мэс заслын яаралтай хагалгаанд орох гэнэтийн шаардлага үүссэн бөгөөд тухайн цаг үед манай ээж Б даралт харваж биеийн эрүүл мэнд гэнэт муудаж би аав, ээжийгээ эмчлүүлэх эмчилгээний төлбөр олохын тулд өөрийн хуваарьт өмч хөрөнгөө аавдаа өрөө төлж, эмчилгээний төлбөрөө зохицуул гэж аавдаа буцааж шилжүүлж өгсөн. Б ахаас аав маань мөнгө зээлж авсан байсан бөгөөд Б ах ч мөнгөө нэхэж бидэнд давхар давхар мөнгө санхүүгийн дарамт үүссэн. Аав маань бие нь эрс муудаж, давхар өр төлбөрийн дарамтад орчихсон хүнд хэцүү байсан тул би аав, ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлж яаралтай эмчлүүлэхийн тулд уг хашаа байшингаа буцааж аваад өр төлбөрөө төлж, эмчилгээний төлбөрөөр ол гэж би аав ээжийн надад бэлэглэсэн хашаа байшинг аавд буцааж өгсөн. Энэ хашаа байшин Лт ямар ч хамааралгүй, тэрээр миний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөнд амьдарч ашиглаж байгаа болохоос түүний өмч хөрөнгө биш. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай аав ээж дээр хадгалагдаж байсан боловч Л нь манай аав ээжийн гэрээс бидэнд мэдэгдэлгүй авчихсан байсныг би сүүлд түүний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн үеэс л мэдсэн. ...Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг хайгаад олоогүй тул холбогдох журмын дагуу би дахиж шинээр авсан. Иймд би дүр үзүүлж үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, бусдад шилжүүлсэн зүйл байхгүй. Яалт ч үгүй аав ээжийнхээ эмчилгээний төлбөр, өр төлбөрөө төлж барагдуул гэж л аавдаа буцааж шилжүүлсэн. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Г.Д миний бие 2021 онд зүрхний судас нарийссан онош тогтоогдож хяналтад явж байгаад бөглөрч яаралтай хагалгаанд орох шаардлага үүсч дээрх хашаа байшинг Г.Д миний бие А.Бд худалдсан. Тухайн үед шүүхийн асуудал үүсээгүй байсан гэхдээ Д.Ц Ж.Лт хөөгдсөн манайд байсан тул тэр хашаа байшинг нэг шуналтай, сэтгэлгүй хүний гарт өөрийн гал голомтоо үлдээхгүй чи тэр хүнтэйгээ учраа ол би өөрийн хөрөнгөө авъя, гээд худалдаж, дараа нь шилжүүлж авсан. Харин А.Б мал маллаж, махны чиглэлээр ажил эрхэлдэг мөн Мөрөн суманд захын хашаанууд авч нийтийн байр болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уйгагүй, хөдөлмөрч, хөрөнгө мөнгөтэй хүн. Иймдээ ч өмнө нь удаа дараа, Мөрөн сумын 0 дугаарбаг, 10 дугааргудамжны 01 тоотод байрлах байшин газрыг сонирхож байсан тул одоогоор Цогоогийн эхнэр хүүхэд амьдарч байгаа чи авбал ав, ахад нь яаралтай мөнгөний хэрэг байна хөгшин бид 2 хоёулаа эмчилгээ хийлгэмээр байна, орох орон ч алга миний дүү үнэ тохирвол ав гээд урьдчилаад ноолуурын мөнгөнөөс 10 сая төгрөг, өвөл хүү бага Цогоо болон өөрийн гэрт 2 идэш 2,000,000 төгрөг авсан, 2022 онд гэрээ хийхдээ үлдэгдэл 18 сая төгрөгт том Хүү Д.Цд 5 сая төгрөг, охин Д.Ггийн сургалтын төлбөр болон идшинд нийт 6 үхэр авсан. Тухайн үед жаахан маргаан байгаа шүү удахгүй гэж хэлж байсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж А.Бийг бид давхар хохироосон. ... Иймд Г.Д миний бие Ж.Лт өөрийн гал голомт хөрөнгөө өгөхгүй, тэр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй, .. яагаад гэвэл Мөрөн сумын 0 дугаарбаг, 10 дугааргудамжны 01 тоотод байрлах байшин газрыг хөгшин бид 2 аль залуу наснаасаа хоосон газраас эхэлж, хашаа хатгаж, барьж, байшингаа шав тавьж барьж бүтээсэн тус хөрөнгөд 30 жил зарцуулсны хүч хөдөлмөрийн үр дүн байдаг гэжээ.
Хариуцагч А.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 0 дугаарбаг, 10 дугааргудамжны 01 тоотод байрлах газар хашаа байшинг анх 2015 оноос хойш худалдаж авах тухай саналыг Г.Д ахад тавьж байсан. ...2021-2023 он хүртэл идэш болон махны зориулалтаар нийт 8 үхэр, дахин 5 сая төгрөг өгсөн. Гэтэл хашаа байшинг Г.Д ах гэрчилгээ олдохгүй байна гэх шалтгаанаар шилжүүлэхгүй явсаар, жаахан хүлээж байгаарай Цоогоогийн шүүхийн ажил удахгүй дуусах юм байна тэгэнгүүт суллаж өгье гэсээр 2021 оноос өнөөдрийг хүртэл тус асуудал нь үргэлжилж өнөөдрийг хүрсэн. .. Золоо дүүд дээрх хашаа байшинг 2024.07 сард дагуулж очиж харуулахад та зарна гэвэл үнэ тохироод бэлэн 30 сая, 5 сая төгрөгт үхэр авъя, гэхээр нь баярлаад зарахаар тохиролцсон. Гол нь А.Б миний хувьд тус хашаа байшинг суллаж авч чадаагүй тул шууд худалдахаар болсон. Ингээд 2024.07 сард урьдчилгаа 10 сая төгрөг бэлэн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг 2024.09 сард гэрээ хийхдээ шилжүүлж, Золоо хотоос хүн явуулж гэрээгээ байгуулсан.
Иймд дээрх Ж.Лээс А.Б надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг миний бие анх Г.Даас 2022 онд худалдан авч, 2024 онд бусдад худалдсан тул тус хэргийн хариуцагч биш этгээд бөгөөд тус хэрэг маргаан А.Б надад огт хамааралгүй байх тул Ж.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.З би Ж.Лийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардан авч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие энэ иргэний хэргийн хариуцагч нар болох Д.Ц, Г.Д нартай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй огт хамаагүй хүмүүс. Харин А.Бтэй хийсэн гэрээг хууль ёсны гэж үзэж байгаа бөгөөд би нэхэмжлэгч Ж.Лийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Лийг огт мэдэхгүй, танихгүй болно. Иймд энэ иргэний хэрэгт намайг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Лийн хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдуулан гаргасан Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510,900 ( таван зуун арван мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Л болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ...Д.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 1 хоногийн дараа сонинд маргаан бүхий үл хөдлөхүүдийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцох зар оруулж, 3 хоногийн дараа үл хөдлөхийн гэрчилгээг дахин олгож өгнө үү гэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 14 хоногийн дараа өөрийн төрсөн эцэг ....гийн Дтай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр арилжааны гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Хариуцагч Д.Цийн төрсөн эцэг Г.Д нь хууль бус үйлдэлд оролцон 7 хоногийн дараа өөрийн эхнэрийн төрсөн дүү Агийн Бтэй худалдах-худалдан авах гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн.
Хариуцагч Д.Цийн нагац ах А.Б нь хууль бус үйлдлийг залгамжлан 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг арилжсан, худалдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус маргаанд иргэний хэрэг үүсгэснээс хойш 9 хоногийн дараа хариуцагч Д.Цийн төрсөн дүү Д.Цийн найз А.Зтай худалдах-худалдан авах гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд А.З нь ...Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан ... талаараа мэдүүлсэн төдийгүй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хариуцагч нарын хамаарал бүхий этгээд Д.Цийг таньдаг талаараа тодорхой хэлж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдан үлдсэн нь лавтай.
Дээр дурдсан үйл явдал болоод хугацаа, хүмүүсийн хоорондын хамаарал тохиолдлоор бий болсон зүйл биш ээ, анхнаасаа зохион байгуулалттай хийсэн хууль бус үйлдэл. Гэтэл хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгч юуны учир нэхэмжлэгч миний хүсэл зориг, нэхэмжлэлийн үндэслэлийг зориуд мушгин гуйвуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарласан мэтээр дүгнэлт хийсэнг ойлгохгүй байна.
Угаас хариуцагч нарын хооронд байгуулагдсан арилжааны болон худалдах, худалдан авах гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчилж биш, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй үйлдэл байсныг анхан шатны шүүх анзаарсангүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын дээд шүүхийн зөвлөмжийг үндэслэл болгон дүгнэхдээ: ...Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд болох Г.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Д.Цээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг, А.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Г.Даас өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг, А.З нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд А.Бэс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг тус тус шалгах үүрэггүй гэсэн байх боловч тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайд өөр хэн нэгэн тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эсэхийг шалгаж буюу дахин нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт дээр үндэслэгдэж байгаа юм.
...Тэр ч утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн матералд хийсэн үзлэгийн явцад хуулбарлагдан авагдсан гэрч Г.Дын мэдүүлэгт ...уг хашаа байшинг хүүгээ гэр бүл болоход нь зориулж өгч байсан юм... гэх үйл баримтыг ярьсан нь тодорхой тусгагдсан байдаг юм.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Лийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Л нь хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдуулан Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Б, А.З нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа ...нөхөр Д.Цтэй 2012 оноос албан ёсоор гэр бүл болон амьдарч эхэлсэн. Биднийг анх гэр бүл болоход Д.Цийн аав Г.Д нь өөрсдөө засвар хийж аваарай гээд хашаа, байшин өгсөн. ...Д.Ц нь үндэслэлгүй, байж боломгүй худал зүйлийг ярин худал мэдүүлгийг Улсын бүртгэлийн байгууллагад хөтлөн, гэрчилгээг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин гаргуулан авч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн эцэг ....гийн Дтай 3,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааны гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, дээр дурдсан арилжааны гэрээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өөрийн ээжийн төрсөн дүү болох Агийн Бийн нэр рүү 18,000,000 төгрөгт тооцсон худалдах, худалдан авах гэрээг мөн дүр үзүүлэн хийж, шилжүүлсэн, А.Б нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний өмчлөлийн 112 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү -....дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Улаанбаатар хотын иргэн А.З гэх этгээдтэй бүртгэлийн 2668 дугаартай, 18.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ гэгчийг байгуулсан байдаг.
Иймд ...дээрх үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулна гэх байдлаар тодорхойлсон байна.
Хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... дүр үзүүлж үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, бусдад шилжүүлсэн зүйл байхгүй, хашаа байшин Ж.Лт хамаагүй. Энэ хүний хөрөнгө гэж үндэслэл ч байхгүй, хууль ёсоор худалдан авч, бусдад худалдсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй... гэх агуулгаар маргажээ.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Ц, Ж.Л нарыг гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан цаг хугацаанаас өмнө маргаан бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-....дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-.... дугаартай 860.8 м,кв газар нь Г.Д, А.Б, Д.Ц нарын өмч байсан, улмаар Г.Д, А.Б нар нь хүү Д.Цд дээр үл хөдлөх эд хөрөнгө газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Д.Ц нь буцаан аав Г.Дт газар, үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээ байгуулан шилжүүлсэн, Г.Д нь А.Бд маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, А.Б нь мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 00тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-....дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-.... дугаартай 860.8 м.кв газрыг А.Зд худалдан борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна, энэ нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3.-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна.
Гэтэл маргааны зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 00тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 112м2 талбайтай, Ү-....дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-.... дугаартай 860.8 м,кв газар нь хариуцагч Д.Цийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ нотлохын тулд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байх учиртай бөгөөд энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй нөхцөлд хариуцагчийн бусадтай хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй.
Нөгөө талаар талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хийхдээ тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг хэн аль нь бий болгох зорилгогүйгээр хийсэн нөхцөлд үүнийг дүр үзүүлэн хийсэн гэж ойлгох бөгөөд хариуцагч нар хоорондоо хэлцэл хийхдээ дүр үзүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ...Д.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 1 хоногийн дараа сонинд маргаан бүхий үл хөдлөхүүдийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцох зар оруулж, 3 хоногийн дараа үл хөдлөхийн гэрчилгээг дахин олгож өгнө үү гэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 14 хоногийн дараа өөрийн төрсөн эцэг ....гийн Дтай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр арилжааны гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Хариуцагч Д.Цийн төрсөн эцэг Г.Д нь хууль бус үйлдэлд оролцон 7 хоногийн дараа өөрийн эхнэрийн төрсөн дүү Агийн Бтэй худалдах-худалдан авах гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн.
Хариуцагч, Д.Цийн нагац ах А.Б нь хууль бус үйлдлийг залгамжлан 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг арилжсан, худалдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус маргаанд иргэний хэрэг үүсгэснээс хойш 9 хоногийн дараа хариуцагч Д.Цийн төрсөн дүү Д.Цийн найз А.Зтай худалдах- худалдан авах гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг баримталсан нь буруу байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримталсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаарзүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Л болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын ...128 дугаар зүйлийн 128.2-т гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1.2-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Лийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,900 /таван зуун арван мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаарзүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ