Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04958

 

2016 оны 08 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04958

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-125, Техник-Импорт ХК-ийн байр, 305 тоотод байрлах, “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршоо /РД:2342596/-ний нэхэмжлэлтэй Я.Цэрэнбүжидийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Цэрэнбүжид нь 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 04/2015 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 1,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Я.Цэрэнбүжид нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн гэрээний 2.5, 2.6 заалтуудыг ноцтой зөрчиж, 2015 оны 7 сараас хойш төлөлт огт хийхгүй байгаа бөгөөд хоршооны зээлийн хороо болон гүйцэтгэх албанаас удаа дараа зээлээ төлж барагдуулахыг шаардаж байсан.Гэвч бие өвчтэй, үйл ажиллагаа зогсоосон, барьцаалсан эд зүйлсээ түрээсний төлбөрт өгчихсөн гэх мэтээр худал үнэн нь мэдэгдэхгүй заль мэх гаргасаар төлөлт хийхгүй одоог хүрсэн бөгөөд амьдарч байсан хаягтаа байхгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, утсаар холбогдох болсон тул хариуцагч Ялалтын Цэрэнбүжидийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Түүний хаягийг олж тогтоолгож, зээлсэн мөнгөө гаргуулах хүсэлтэй байгаа тул Я.Цэрэнбүжидийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Д.Уранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй Я.Цэрэнбүжидийг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал Д.Уранцэцэг намайг байлцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршоо нь Я.Цэрэнбүжидийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Я.Цэрэнбүжид нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 02 сарын 11-ний өдөр “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршоо, Я.Цэрэнбүжид нарын хооронд байгуулагдсан 04/2015 дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Я.Цэрэнбүжидийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/21596 дугаар захирамжаар тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ялалтын Цэрэнбүжид /РД:ФМ75062561/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ялалтын Цэрэнбүжид /РД:ФМ75062561/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Я.Цэрэнбүжидийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн    60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР