Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2025/00028

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2025/00028

 

 

 

  2025       07        02                                         225/МА2025/000.....

 

                                                                         

  Ю.Бийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 320/ШШ2025/00501 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Ю.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-т холбогдох

Гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ю.Б нь урьд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 8 жилийн хугацаанд жолоочоор ажиллаж байгаад Х-ийн Яаралтай түргэн тусламжийн тасагт 2022 оны 8 дугаар сард анх яаралтай түргэн тусламжийн жолоочоор түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард үндсэн орон тоонд томилогдсон.

...Тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуваарийн дагуу гэртээ амарч байтал ажлаас яаралтай ирэх шаардлагатай байна гээд дуудаад байхаар нь яваад очтол байгууллагын удирдлага болох Г.Озахирал ...чи ажлын цагаар архи уусан байна ...иргэнээс Түмэнжаргал даргад гомдол мэдээлэл ирсэн байна ...чамд хариуцлага тооцно ... гэх утгатай зүйл ярьсан.

...Учир нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Цусны хүндэт донор гэдэг эрхэм хүндтэй шагналыг Аймгийн Засаг даргаас хүлээн авсан бөгөөд байгууллага, хамт олны төлөөлөл баяр хүргэж, хүндэтгэл ёслолын хундага тулгацгаасан нь үнэн. Маргааш нь миний амралтын хуваарьт цаг байсан учир ойр дотны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэсэн нь үнэн. Хэдий тийм боловч 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн даваа гарагийн өглөө ээлж солилцож, ажил хүлээн авах ёстой гэдгээ ухамсарлаж урьд өдөр нь архи, согтууруулах зүйлийг огт хэрэглээгүй.

...Төрийн байгууллагад олон жил ажиллаж, авсан цалингаараа амьжиргаагаа залгуулж, эхнэрийнхээ эмчилгээний зардлыг олдог намайг ийнхүү үндэслэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг хууль бус төдийгүй хүнлэг бус үйлдэл гэж дүгнэж байна.

...Иймд нэгэнт миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор гомдол гаргах хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр архи уугаад 18-ны өглөө удирдлагын багийн хурал хийхэд Ю.Б ирээгүй. Заа хоносон юм чинь гээд 19-ний өдөр удирдлагын багийн хурлаа үргэлжлүүлж хийхэд өөрөө ирээд “би өмнөх өдөр нь архи уусан. Би донор болсон” гэж хэлсэн. 15, 16-нд хоёр өдөр дараалан архи уусан гэдгээ тухайн үед ярьж байсан. Энэ талаар бичсэн хурлын протоколыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Мөн 6 дугаар сарын 19-ний өдөр бид нар хуралдаж тушаал гаргахад 6 дугаар сарын 23, 24-ний үед Ю.Б тушаалаа авъя гэж над дээр ирэхгүй байж бичиг хэрэг дээр өдөр бүр ирж асууж байгаад тушаалаа аваад явсан мөртлөө би тушаалаа аваагүй, 8 дугаар сард, 9 дүгээр сарын дундуур авсан гэж худлаа яриад байна.

...Хамт архи уусан н.Б нь үнэнээ хэлээд миний буруу, би халагдахгүй, өөрөө хүсэлтээ өгөөд гаръя гээд гарсан. ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би хууль зүйн талаас нь тайлбар өгье. Нэгдүгээрт Ю.Б 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэдгийг сая шүүгч уншиж танилцууллаа. Ю.Бийн нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэсэн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэж байна. Ю.Б 6 дугаар сарын 19-ний өдөр удирдлагын багийн хурлаар хариуцлага хүлээж, арга хэмжээ авагдаж байна гэдгээ мэддэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хурлын протоколд тусгагдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн. Энэ бол хөдөлмөрийн харилцаа учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан гэхээр 6 дугаар сарын 19-ний өдөр арга хэмжээ авагдаж байгаагаа мэдсэн учраас 7 дугаар сарын 19-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл 10 дугаар сард буюу 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Дараагийн асуудал бол ноцтой зөрчил гэж үзсэн байгаа. Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3.1-д архи уусан, согтуурсныг ноцтой зөрчилд авч үзнэ гэж заасан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан учраас энэ үндэслэлээр Ю.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

...Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлгүй. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлт гэж байгаа. Энэ дээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Ю.Бийн гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Эхнэр н.Тг байнга асардаг, асаргаа нь Ю.Бид тогтоогдсонтой холбоотой баримт байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч хүндээр өвдсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийн хамарсан гамшиг тохиосон буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгоно гэж заасан. Ийм байдал Ю.Бид харагдахгүй байгаа учраас эхнэрээрээ шалтаглаж гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 320/ШШ2025/00501 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хт холбогдох гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ю.Б болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний хувьд өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ эдлэх хүсэлтэй байсан боловч гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд хүрэлцэн ирж амжаагүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд миний энэхүү эрхийг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой мэтээр нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэсэн атлаа “...Шүүх нэхэмжлэгчийн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэв...” гэсэн нь ойлгомжгүй.

Учир нь шүүх ...нэгэнт ажлаас халсан тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй л юм бол тус нэхэмжлэлийн шаардлагыг ямар шалтгааны улмаас хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхой байх хууль ёсны шаардлагыг хангаагүй шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар “...үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэх заалтыг ноцтой зөрчсөн болно.

2. Хавтаст хэргийн материалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9\101 дугаартай “...Юмаан Б нь ам бүл-2 эхнэрийн хамтаар ...оршин суудаг... Эхнэр Дгийн Т нь...Хавдар судлалын эмчийн хяналтанд байнгын асаргаанд байдаг болно...” гэх албан бичиг болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын албан бичиг болон гэрчийн мэдүүлэг, эмнэлгийн баримтууд авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн “...эхнэр Б.Тгаа асарч байсан нь эдгээр хүндэтгэн үзэх шалтгаануудын алинд хамаарахгүй... ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, эхнэрийг минь надаас өөр асрах хүн үгүй байтал юуны учир хань ижлийн минь хүндээр өвчилсөн аргагүй байдлыг "нэхэмжлэгч Ю.Боос үл хамаарах байдал” хэмээн бодит байдлыг мушгин гуйвуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгсөн “хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтын эсрэг чиглэсэн” хүнлэг бус хууль зүйн дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.

Ийм учир Ю.Б миний гомдол гаргах хугацаа сэргээгдэх учиртай.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрт “...тэрээр гомдол гаргах хугацааг 55 хоногоор хэтрүүлжээ...” гэх таамаг дүгнэлтийг хийснийг ойлгохгүй байна.

Хариуцагч байгууллагаас ажлаас халах тухай тушаалыг хэзээ гардуулж өгсөн эсэх талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэлийн шаардлагыг няцаах...” баримтаа гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг юм.

Миний хувьд өөрийн эрх зүйн байдалд хохирол бүхий ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсанаас хойш буюу хуульд заасан гомдол гаргах хугацааны дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хугацааг огт хэтрүүлээгүй.

4.Мөн Ю.Б намайг “албан ажилдаа согтуу ирсэн” гэх шалтгаангүй зүйлээр шалтаглаж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар миний өмгөөлөгч шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан байдаг.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол үйл баримт болох намайг тус өдөр согтуурсан үедээ хүрэлцэн ирж, ажил үүргээ хийгээгүй гэх хариуцагч талын тайлбарыг няцааж шүүх хуралдаан товлогдохоос өмнө “Жолоочийн тооцооны хуудас” гэх баримтыг гаргаж өгсөн боловч мэдээлэл лавлагааны ажилтан гэх эмэгтэй заавал хүсэлтээр баталгаажуулж өгөх ёстой гэх ойлгомжгүй шаардлага тавиад байснаас шалтгаалаад хэргийн материалд нотлох баримтаар хавсаргуулж гаргаж өгч чадааагүй болно /Хавсралт 1 хуудас/.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх замаар Ю.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсэж байгаа хүлээн авна уу.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Ю.Б түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч Хт холбогдуулан гомдол гаргах хугацаа сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх  “...ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болсныг мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, уг шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ю.Б нь Хт яаралтай түргэн тусламжийн тасгийн жолоочоор 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон ажиллаж, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Х Ю.Б нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Яаралтай түргэн тусламжийн жолоочийн албан тушаалын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/157 дугаар 'Ю.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай” тушаал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Харин ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг нэхэмжлэгч хэзээ хүлээн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргах хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Учир нь  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн хурлаар Ю.Бийн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх ба тус хуралд Ю.Б өөрөө оролцсон болох нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-н 27-36-р тал/-ээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг мөн өдрөөс мэдсэн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчим бичиг хэрэг Б-ээс авсан...” гэж тайлбарласан байх ба уг тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт болох тул шүүх энэ байдалд дүгнэлт өгч нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг 55 хоногоор хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагаа “...миний бие өвчтэй эхнэрээ асарч байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн...” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нэхэмжлэгч нь хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг нэхэмжлэгчээс үл хамаарах байдлыг ойлгох ба нэхэмжлэгч хүндэтгэх үзэх шалтгаантай гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Нэгэнт гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/157 дугаартай тушаалын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...шүүх хуралдаанд оролцох, мөн хуулийн 25.1.3-т “ шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Ю.Б болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан: “...нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ...шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэсэн атлаа “...нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэв...” гэсэн нь ойлгомжгүй, ...Ю.Б миний гомдол гаргах хугацаа сэргээгдэх учиртай...” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.Б болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 320/ШШ2025/00501 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдол гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                   ШҮҮГЧИД                                 Р.ҮҮРИЙНТУЯА          

                                                                       Н.БАЯРХҮҮ