Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/72

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904001180073 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Нарангэрэл

 Улсын яллагч                                             Б.Буяндэлгэр

            Шүүгдэгч                                                  Б.Б- нар оролцов.

 

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 6, ах Б-д, эгч Б-, дүү, эхнэр С- болон 3 настай хүүхэд нарын хамт ... тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, Х- овгийн  Б-ы Б- /РД: ........../

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар

Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 29-ны шөнийн 23 цагийн үед  Багануур дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 2 дугаар орцонд согтуу унтаж байсан М.Т-гийн шаргал өнгийн “IPHONE-6” маркийн 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, хар өнгийн лидирин 18 000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, бэлэн 3000 төгрөг нийт 371 000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.       

                                           

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн шатанд мэдүүлэхдээ:

            Би 2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 23 цаг болж байхад Багануур дүүрэг 3 дугаар хороо 45 дугаар байрны 2 дугаар орцны 15 тоотод байрлах гэртээ орох гэтэл орцны гадна талын үүдний сандал дээр Т- согтуу, гартаа iphone-6 маркийн гар утас барьчихсан, хар өнгийн ледринэн материалтай түрүүвч нь дор нь уначихсан унтаж байсан. Би утсыг нь түрийвчтэй нь хамт авсан. Намайг утсыг нь авчихсан байхад Т-гийн эхнэр утас руу нь залгасан. Тэр үед би архи дарс уугаагүй эрүүл байсан. Харин гэртээ орчихсон байхад манай найз Энхтайван 1 шил архитай ирж хувааж уугаад хамт гадгш гарсан. Т-гийн утсыг MILD бааранд барьцаанд тавьсан. Түрийвчинд нь жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, 4000 төгрөг байсан. Гар утсыг нь барьцаанаас аваад М.О- гэх эмэгтэйтэй 50 000 төгрөг болон 2 симтэй утсаар сольж авсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна   гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч М.Т- мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 “2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Анун нэртэй газраас гэр лүүгээ ганцаараа алхаж ирсэн. Тухайн үед би архи уусан согтуу байсан. Гэрийнхээ гадаа ирээд эхнэр лүүгээ утсаар ярьсан санагдаж байна. Тэгээд юу болсон талаар огт санахгүй байна. Маргааш нь эхнэр “намайг орцонд согтуу унтаж байсан, утас, эд зүйл минь байхгүй байсан” талаар хэлсэн. Тухайн үед миний халаасанд 25 000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, 460 000 төгрөгөөр авсан шар өнгийн IPHONE-6 маркийн утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, хаан банк болон төрийн банкны виза карт, Азбаярын жолооны үнэмлэх, Дашваанжил шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, бэлэн 3000 төгрөг зэрэг зүйлс байсан. Дээрх эд зүйлүүдээ Б.Б-оос 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  /хх-ийн 3-5, 8, 28 дахь тал/

Гэрч болон иргэний нэхэмжлэгч М.О- мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:

        “...IPHONE-6 маркийн гар утсыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Б- гэдэг залуугаас авсан юм. Бат-Очир утсаа надад зарахдаа эгч гадаадаас өгч явуулсан 100 000 төгрөгөөр зармаар байна гэсэн. Би бэлэн 50 000 төгрөг, өөрийнхөө барьж байсан Geonee гэсэн бичигтэй хятад 2 симтэй утсаа өгч авсан. 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хотод явж байхад Б-оос авсан утасны дэлгэцэнд дээр “Энэхүү утас нь алга болсон тул энэ дугаар луу залгана уу” гэсэн зурвас гарч ирсэн. Намайг Б- руу залгахад “найз нь эргээд залгая” гээд таг болсон. Би Б-оос 50 000 төгрөг болон утасаа буцааж авсан, гомдол санал байхгүй ..” гэжээ.  /хх-ийн 09-10, 59 дахь тал/

Гэрч Н.М- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

      “Т-г гэрт оруулсны дараа  Т-гийн утаснаас миний утас руу залгаад “би энэ утсыг олсон” гэж хэлсэн.  Тэр үед л би Т-г түрийвч болон утсаа гээсэн гэдгийг мэдсэн. Би “хаана байна очоод авъя” гэж хэлэхэд “цагдаад бариад өгчихнө шүү дээ” гээд байхаар нь “би таньд мөнгийг нь өгье” гэсэн чинь “энэ ч овоо үнэд хүрчихээр утас байна” гээд утсаа салгаад холбогдоогүй гэжээ. /хх 14 дэх   тал/

Гэрч Э.С- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

      “2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Б- эгч Б- Шведээс гар утас явуулсан, мөнгө хэрэгтэй болохоор энэ утсыг зармаар байна гэсэн. IPHONE-6 маркийн утас харуулж байсан. Тухайн үед миний танил Сайханаа утас авах талаар ярьж байсан болохоор нь асуухад хүрээд ир гэсэн. Сайханаа манай найз О- утас мэддэг юм гээд тэднийд очсон О- имей кодтой юм байна гэсэн ба надад бэлэн 50 000 төгрөг дээр өөрийнхөө барьж байсан утсыг  нэмж өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цагдаагаас нөхөр Б-ыг ийм хэрэгт холбогдсон талаар хэлэхэд л би хулгайн утас байсан байна гэдгийг мэдсэн гэжээ. /хх 15-16 дахь тал/

2019 оны 6 дугаар 11-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“IPHONE-6S” загварын хуучин хэрэглэж байсан гар утас 350 000, хар өнгийн ледринэн материалтай түрийвч 18 000, нийт 3 680 000 төгрөг ба бусад бичиг баримтыг үнэлэх боломжгүй гэжээ. /хх-ийн 19 дэх тал/ зэрэг болно.

2019 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

        “иргэн М.О- гэгчийн эзэмшлээс “IPHONE-6S” загварын шаргал өнгийн модел А1688FCC ID-BCG-E2946A IC:579C-E2946A нэг ширхэг гар утсыг хураан авав гэжээ. /хх 24 дэх тал/

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд:

“Хураан авсан ажиллагааны явцад яллагдагч Б.Б-оос иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, Хаан банкны карт 2 ширхэг, жолооны үнэмлэх 4 ширхэг, Төрийн банкны карт 1 ширхэг, мобикомын сим картны үүр 1 ширхэг, урамшууллын карт 3 ширхэг, нэрийн хуудас 3  ширхэг, цээж зураг 5 ширхэг, шилжин ирсэн нарийн хуудас 1 ширхэг, нотариатын 001612 дугаартай тасалбар 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, зээлийн гэрээний хуудас 2 ширхэг, утасны дугаар бичсэн цаас 2 ширхэг, сахиус, хар өнгийн түрийвч 1 ширхэг, Geonee гэсэн бичигтэй шаргал өнгийн ухаалаг гар утас 1  ширхэг зэргийг хураан авав. / хх-28 дахь тал/

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

            “IPHONE-6S” загварын шаргал өнгийн модел А1688FCC ID-BCG-E2946A IC:579C-E2946A нэг ширхэг гар утас, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, Хаан банкны карт 2 ширхэг, жолооны үнэмлэх 4 ширхэг, Төрийн банкны карт 1 ширхэг, мобикомын сим картны үүр 1 ширхэг, урамшууллын карт 3 ширхэг, нэрийн хуудас 3  ширхэг, цээж зураг 5 ширхэг, шилжин ирсэн нарийн хуудас 1 ширхэг, нотариатын 001612 дугаартай тасалбар 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, зээлийн гэрээний хуудас 2 ширхэг, утасны дугаар бичсэн цаас 2 ширхэг, сахиус, хар өнгийн түрийвч 1 ширхэгийг тус бүр хохирогч М.Т-д хүлээлгэн өгөв гэжээ. /хх-27 дахь тал/

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

            “Geonee гэсэн бичигтэй шаргал өнгийн ухаалаг гар утас 1  ширхэгийг иргэний нэхэмжлэгч Б.О-д хүлээлгэн өгөв. /хх 29 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар хорих ял,

2015  оны 09 дүгээр сарын 08-ны 143 дугаар шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хуулийн 61.5 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.3 дахь заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсэн гэжээ. /хх  дахь тал/  

Улсын яллагч дүгнэлтэдээ:

Шүүгдэгч Б.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээрр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэх саналтай гэв.

Шүүгдэгч   Б.Б- өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:

              Би гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа  250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү. Би энэ үйлдэлдээ гэмшиж байгаа төдийгүй цаашид гэр бүлээ тэжээж сайхан амьдрахыг хүсч байна гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 29-ны шөнийн 23 цагийн үед  Багануур дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 2 дугаар орцны сандал дээр согтуу унтаж байсан М.Т-гийн шаргал өнгийн “IPHONE-6” маркийн 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, хар өнгийн түрийвчийг 3000 төгрөгийн хамт сэм авч нийт 371 000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ үйлдэл нь хохирогч М.Т-гийн “...урьд шөнө орцонд согтуу унтаж байсан, утас, гар утас, түрийвч зэрэг эд зүйл чинь байхгүй байсан тухай эхнэр надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын “...Т- гартаа iphone-6 маркийн гар утас барьчихсан, түрийвч нь дороо уначихсан орцны гадаа сандал дээр суусан байдалтай унтаж байсан. Би утсыг нь түрийвчтэй нь авсан”  гэсэн мэдүүлэг,  гэрч болон иргэний нэхэмжлэгч М.Оюун-Эрдэнийн  “..Би Б-д 50 000 төгрөг болон Geonee гэсэн бичигтэй 2 симтэй хятад утсаа өгөөд iphone-6 маркийн гар утас авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Солонгын  “2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Б- нь эгч Б- Шведээс гар утас явуулсан байна, энэ утсыг зармаар байна гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг, Б-оос эд зүйл хураан авч Т-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо. Дээрх нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг гүйцэд нотолж чадсан ба талуудаас нотлох баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч нь борлуулж мөнгө ашиг олох зорилгоор үйлдэлдээ шууд  санаатай  хандсан нь гэрч Э.С-гын  Б- “эгч Б- Шведээс гар утас явуулсан байна, мөнгөгүй байгаа тул энэ утсыг зармаар байна” гэж надад хэлж байсан гэсэн мэдүүлгээс харагдаж байна.

Эд зүйлийг авахдаа хохирогчийн биеэ болон эд хөрөнгөө хамгаалах чадваргүй байгааг далимдуулан авсан болох нь хохирогчийн “Тухайн үед би архи уусан согтуу байсан. Гэрийнхээ гадаа ирээд эхнэр лүүгээ утсаар ярьсан санагдаж байна. Тэгээд юу болсон талаар огт санахгүй байна. Маргааш нь эхнэр “намайг орцонд согтуу унтаж байсан, утас, эд зүйл чинь байхгүй байсан” гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд хохирогчийн эд зүйлийг өөрт нь мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй. 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид 371 000 төгрөгийн хохирол учирсан нь  бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан  нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Б.Б-ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний өмчлөх эрх”-ийг  зөрчсөн үйлдэл мөн.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хувийн байдлын хувьд  Б.Б- нь 2007-2011 онуудад бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцогдон 3 удаа ял шийтгүүлж байсан нь  ял шийтгэлийг шалгах хуудасны бичилтээс харагдаж байна.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч М.Т- болон иргэний нэхэмжлэгч М.О- нарт хохирол төлбөрөө бүрэн төлсөн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

            Шүүгдэгч өөрийн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр батлагдсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн прокурорын саналд тусгагдсан Б.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг харгалзан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт хураагдан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х- овгийн  Б-ы Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Б-ы Б-ыг хоёр зуун тавин /250/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б- нь хохирогч М.Т-д алдагдсан зүйл болох “IPHONE-6S” загварын шаргал өнгийн гар утас, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, Хаан банкны карт 2 ширхэг, жолооны үнэмлэх 4 ширхэг, Төрийн банкны карт 1 ширхэг, мобикомын сим картны үүр 1 ширхэг, урамшууллын карт 3 ширхэг, нэрийн хуудас 3  ширхэг, цээж зураг 5 ширхэг, шилжин ирсэн нарийн хуудас 1 ширхэг, нотариатын 001612 дугаартай тасалбар 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, зээлийн гэрээний хуудас 2 ширхэг, утасны дугаар бичсэн цаас 2 ширхэг, сахиус, хар өнгийн түрийвч 1 ширхэгийг нэг бүрийн шинжээр нь, иргэний нэхэмжлэгч М.О-д хохирол болох 50 000 төгрөг болон “Geonee” гэсэн бичигтэй шаргал өнгийн ухаалаг гар утас 1 ширхэг зэргийг нэг бүрийн шинжээр нь тус тус өгснийг баталж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ