Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01400

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04565 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* ХХК холбогдох,

 

*******ээс автомашины төлбөр 39,584,000 төгрөг, ******* ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,041,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгчийн төрсөн дүү ******* өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Вэллфайр маркийн автомашинаа зарчхаад буцаагаад өгье, мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Прадо-150 маркийн автомашинаа зарж, 2024 оны 04 сарын 21-ний өдөр 30,500,000 төгрөгийг эхнэр *******гийн Хаан банкны ******* тоот данснаас *******ийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн.

1.2. Гэтэл машинаа зарж чадалгүй удаад байсан тул 2024 оны 06 сарын 20-ны өдөр Хаан банкны *******тоот данснаасаа 1,770,000 төгрөгийг түүний эхнэр *******гийн ******* тоот данс руу, мөн оны 08 сарын 04-ний өдөр 2,370,000 төгрөгийг *******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данс руу, 09 сарын 04-ний өдөр мөн данс руу нь 2,370,000 төгрөг, 10 сарын 18-ны өдөр 2,574,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн ******* тоот данс руу 10,041,000 төгрөг, нийт 49,625,000 төгрөгийг автомашины төлбөрт шилжүүлсэн.

1.3. 2025 оны 01 сарын 09-ний өдөр банк бусын зээл төлөлтийн хугацаа хэтэрсэн гэж******* ХХК-ийн ******* дахь салбарын ажилтан машиныг хураан авсан байсан. Ингээд 01 сарын 10-ны өдөр очиж уулзахад зээл төлөлтийн хугацаа хэтэрч 10,041,000 төгрөгийн өр үүссэн байгаа тул энэ мөнгийг өгөөд машинаа авч явах боломжтой гэж хэлэхэд нь мөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлж машинаа авах гэтэл надад машиныг өгөх боломжгүй, үндсэн зээлдэгчид л өгөх боломжтой гээд намайг хууран мэхэлж, 10,041,000 төгрөг төлүүлсэнд гомдолтой байна.

1.4. Иймд *******ээс автомашины төлбөрт төлсөн 39,584,300 төгрөг, ******* ХХК-аас хууран мэхэлж, үндэслэлгүйгээр төлүүлсэн 10,041,000 төгрөгийг тус тус гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Вэллфайр маркийн автомашиныг тухайн үеийн ханш 75,000,000 төгрөгөөр зарж, эхнэр *******гийн нагац ахаас зээлсэн мөнгөө төлөх бодолтой байсан.

2.2. Гэтэл төрсөн ах ******* нь *******-ын зээлийн мөнгөө төлж чадахгүй байна, өөрийн эзэмшлийн *******улсын дугаартай Тоёота Ланд круйзер Прадо-150 маркийн машиныг зарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Машинаа зараад миний машиныг худалдан авахаар тохирч, улмаар ******* нь 2024 оны 04 сард машиныг аваад явсан.

2.3. Машинаа зараад 500,000 төгрөгийг нь ээжид явуулаарай гээд 30,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* миний машиныг авч явснаас хойш *******-ын 4, 5 сарын төлөлтөө хийгээгүй учир би машинаа буцааж авсан.

2.4. Гэтэл ******* над руу ярьж, машиныг ярьснаараа авна 30,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2 cap ашигласны төлбөр төлөлт болог, үлдэгдэл зээлийн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын дотор төлж барагдуулаад өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон. Гэвч энэ тохирсон хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй атлаа надаас 39,584,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

3.1. ******* нь 2023 оны 07 сарын 07-ны өдөр Автомашины зээл гаальтай бүтээгдэхүүнээр Тоёота Вэллфайр автомашиныг худалдан авах нөхцөлөөр 58,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,1 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба уг зээл төлөгдөөгүй 127 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээг зөрчиж, барьцаа хөрөнгийг бусдад зарсан тул барьцаа хөрөнгийг хураасан. Зээлдэгч ******* нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг хаасан.

3.2. Зээлдэгчийн өмнөөс ах эгч, гэр бүлийн хүмүүсээс нь зээлийн төлбөрийг төлөх тохиолдол байнга гардаг. Автомашиныг хурааснаас хойш 10,041,000 төгрөг төлөгдсөнөөр зээл хэвийн болж, тээврийн хэрэгслийг буцаахдаа *******эд өгөх үүрэгтэй. ******* нь 2025 оны 01 сарын 17-ны өдөр зээлээ хаагаад машинаа аваад явсан. Ингэхдээ автомашины нэр шилжүүлэх бичгийг *******эд өгсөн

3.3. Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгож байгаа зарим тохиолдолд харилцагч өөрөө машинаа авч байгаа бол харилцагчтайгаа тохиролцоод өөрсдөө зараад зээлээ хаадаг. ******* өөрөө автомашинаа зарахаар болоод ******* гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байна. ******* нь зээлийг хаагаад машиныг авсан байх боломжтой. ******* энэ хүнээс зөрүү мөнгө авсан байх боломжтой юм. Зээлдэгч машинаа хураалгасны дараа манайхтай холбогдоод зээлээ хаая гэж хандсан байдаг. Хоорондоо маргаантай байгаа бол манайд төлсөн мөнгөө *******ээс шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 39,584,000 /гучин есөн сая таван зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч ******* ХХК-аас 10,041,000 /арван сая дөчин нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******гаас 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,075 төгрөг, хариуцагч *******ээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 355,870 /гурван зуун тавин таван мянга найман зуун далан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2024 оны 04 сарын 21-ний өдөр 30,500,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж зээлийн гэрээ байгуулагдсан гэж хэлж байгаа боловч мөнгө шилжүүлж байгаа зээлдэгч ******* юм. Өөрөөр хэлбэл, *******гийн Хаан банкны ******* тоот данснаас мөнгөө шилжүүлсэн. Машин худалдаж авахаар болсонд, мөн машины төлбөрт оруулж тооцон тохиролцоог ******* зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд машин худалдаж авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа тохиолдолд 30,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрх нь *******д байгаа ба ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

5.2. ******* ХХК-ийн өмчлөлд ******* улсын дугаартай Тоёота Вэллфайр маркийн автомашинаа ******* нь шилжүүлж өгсөн байсан ба *******-аас асуухгүй, зөвшөөрөл авалгүйгээр машинаа зарах, худалдах боломжгүй.

5.3. Нэхэмжлэгч ******* нь *******ээс автомашиныг худалдаж авахаар тохиролцсон бол нийт машины үнийг бүрэн төлөөгүй нь *******гийн буруутай үйлдэл юм. Үнийг төлснөөр автомашиныг өмчлөх эрх, бичиг баримтыг шилжүүлж авах үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байна. Мөн ******* нь худалдаж авсан машин болон ******* улсын дугаартай Тоёота Вэллфайр маркийн машиныг худалдан борлуулсан *******-аас хохирол, машины үнийн зөрүү дүнг нэхэмжлэх боломжтой, эрхтэй юм.

5.4. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг бүрэн тодруулж тогтоогоогүй нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тодорхойлоогүй үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлж өгнө үү. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. ******* нь 39,000,000 төгрөгийг өөрийн дансаар *******гаас хүлээн авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэргээр нотлогдоно. Тус мөнгийг ******* болон түүний эхнэр нь *******гийн дансаар хүлээн авсан тухай маргадаггүй.

6.2. Гэтэл дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн байдлаар давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. ******* нь дүүдээ тус болох зорилгоор 30,500,000 төгрөгийг зээлүүлсэн боловч хариуцагч тохирсон хугацаандаа мөнгөө төлж чадаагүй. Үүний улмаас нэхэмжлэгчид хэт хохиролтой, мөн тухайн үед нэхэмжлэгч автомашинаа зарчихсан байсан учраас дүүгийнхээ автомашиныг авсан.

6.3. Банк бус санхүүгийн байгууллагын автомашины зээлийн төлбөрийг хуваан төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд тохиролцооныхоо дагуу ******* нь ******* ХХК-д сар бүр төлөх ёстой төлбөрийг *******ийн данс руу 39,584,000 төгрөгийг шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

6.4. Харин тус төлбөрийг хариуцагч банк бус санхүүгийн байгууллагад дамжуулан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас автомашиныг *******гийн эзэмшилд байх үед хураан авч үүргийн гүйцэтгэлийн барьцааны зүйлээр хангуулсан. Нэхэмжлэгч мөнгө ч байхгүй, автомашин ч байхгүй болсон тул банк бус санхүүгийн байгууллагад очиж уулзахад *******ийн төлөх ёстой 10,041,000 төгрөгийг төлсөн тохиолдол автомашиныг суллаж өгнө гэсэн. Банк бус санхүүгийн байгууллага нь шаардах эрхгүй этгээдээс буюу *******гаас зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж 10,041,000 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

6.5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нийт 49,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан 39,584,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 10,041,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь ... нэхэмжлэгчийн төлсөн 10,041,000 төгрөг нь хариуцагч *******ийн зээлийн төлбөрт тооцогдсон гэж, хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэл гаргаж тус тус эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Иргэн ******* нь *******тэй 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* арлын дугаартай Тоёота Вэллфайр маркийн тээврийн хэрэгслийг 83,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ******* нь урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг *******-ын зээлээр төлж барагдуулахаар тохиролцсон;

 

3.2. ******* нь ******* ХХК-тай 2023 оны 07 сарын 07-ны өдөр №105237662 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 58,000,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон;

 

3.3. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор мөн өдөр Фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* улсын дугаартай уг тээврийн хэрэгслийн өмчлөл ******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, ******* энэ үеэс эзэмшилдээ авсан;

 

3.4. ******* нь хариуцагч *******ээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар аман хэлбэрээр харилцан тохиролцож, улмаар гэрээний төлбөрт 39,584,000 төгрөгийг *******эд шилжүүлсэн;

 

3.5. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 сарын 10-ны өдөр ******* ХХК-д 10,041,000 төгрөгийг шилжүүлсэн;

 

3.6. Хариуцагч ******* нь ******* ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 90,071,572.17 төгрөг төлж, фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******ийн нэр дээр шилжүүлэн авсан;

 

3.7. ******* нь 2025 оны 01 сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдов.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дурдсан атлаа ямар гэрээнээс татгалзаж байгаа талаар эрх зүйн дүгнэлтийг өгөөгүй алдааг залруулна.

4.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд аман хэлбэрээр ******* арлын дугаартай Тоёота Вэллфайр маркийн тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******эд гэрээний үнэд зориулж нийт 39,584,000 төгрөгийг төлсөн байхад хариуцагч ******* нь бусдад тээврийн хэрэгслийг худалдсан байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн 39,584,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.3. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 10,041,000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь дээрх 10,041,000 төгрөгийг хариуцагч *******ээс шаардаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж, ******* ХХК-аас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн дүгнэлт буруу болжээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн нэг гэрээтэй холбоотой эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн нь өөр маргаан үүсгэх үндэслэл болох учиргүй.

 

Анхан шатны шүүх ******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч *******ийн өрийг төлсөн талаар мэтгэлцүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Гэвч, нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-аас 10,041,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт ******* нь эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******гаас 25,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 

7.1. Хэрэгт цугларсан баримтаар ******* нь 2024 оны 04 сарын 21-ний өдөр өөрийн эхнэр *******гийн Хаан банк ХК дахь ******* тоот данснаас 30,500,000 төгрөгийг *******ийн мөн банкны ******* тоот данс руу ... машин ******* гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

Хариуцагч нь ... ******* дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэх эрхтэй гэсэн гомдол үндэслэлгүй. Хариуцагч ******* нь ******* болон ******* нар нь гэр бүлийн харилцаатай, мөн ... 30,000,000 төгрөгийг автомашины төлбөр, 500,000 төгрөгийг ээжид өгсөн ... гэсэн үндэслэлээр тайлбарлаж маргаагүй.

 

Гэтэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх мөнгөн хөрөнгийн шаардах эрхтэй холбоотой мэтгэлцээгүй атлаа давж заалдах гомдолд энэ үндэслэл дурдаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

 

7.2. Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмаар үнийг тохиролцож, маргаан бүхий автомашиныг бусдад худалдсан атлаа бага үнээр худалдсан зөрүү 25,000,000 төгрөгийг *******гаас шаардаж байгаа нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 2 хариуцагчид холбогдох шаардлагыг нэг заалтаар шийдвэрлэсэн нь хууль зүйн болон найруулгын хувьд оновчгүй байх тул өөрчлөлт оруулж, 2 дахь заалтыг нэмж, дугаарлалтыг өөрчилнө.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04565 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 39,584,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул ******* ХХК-аас 10,041,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР