Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/74

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000840061 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                         Б.Нарангэрэл

 Улсын яллагч                                                          Д.Аянагүл

 Шүүгдэгч                                                              *******, *******

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                 ******* нар оролцов.

             Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. өдөр .. төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ээж ахын хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух Багануур дүүргийн Шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, Багануур дүүргийн дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус утс шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* ******* /РД:............./.

            Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” ХХК-ийн төмрийн үйлдвэрт туслах ажилтай, ам бүл .., ээж дүүгийн хамт ..тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* ******* /РД:............./.

Прокурорын яллах дүгнэлтэд:

            Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалт бүхий Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 7 тоотод байрлах хохирогч гэрийг түлхүүрдэж ороод гэрт нь байсан 21 инчийн зурагт, 40 литрийн хөнгөн цагаан материалтай усны сав зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Д-д 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим ах *******ын хамт 1 шил 0.75 литрийн Монгол стандарт архи хувааж уусан. 12 цаг өнгөрч байхад бид хоёр дахиж архи уух гэж гэрээсээ гарсан. Тухайн үед бид хоёрт архины мөнгө байгаагүй бөгөөд   3 дугаар гудамжны 7 тоот хашаанд 2 эзэнгүй монгол гэр байсан бөгөөд би хашааны гадаа хүн харж байхад ******* ах баруун гэрт ороод 21 инчийн зурагт болон 40 литрийн усны сав барьж гарч ирсэн. Би ахын өөдөөс очоод усны савыг нь аваад хашааны үүдэнд асгаад шууд гэр рүүгээ очсон. Тэгээд гэртээ байж байхад цагдаагийн албан хаагч нар ирсэн. Бид хоёр хулгайлсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн... Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85, 86 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дүү *******ын хамт архи ууж байгаад дахин архи уух мөнгө олох гэж хулгай хийсэн. Хулгай хийх санааг бид хоёр ярилцаж байгаад гаргасан. Бид хоёр хамт айл руу орж 41 инчийн зурагт болон 40 литрийн хөнгөн цагаан усны сав авсан... түлхүүр нь хаалганы довжоон доор байсан. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 93, 94-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрээс 41 инчийн зурагт болон 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав алдагдсан байсан. Манай гэрийн хаалга цоож эвдрээгүй байсан бөгөөд гэрийн түлхүүрээр онгойлгож орсон байсан. Би алдагдсан эд зүйлээ хүлээн авсан учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 19 дүгээр хуудас/

Гэрч С.У-ын “...******* Налайх дүүрэгт төрсөн, 10 дугаар анги төгссөн. Одоо гэр бүлгүй надтай хамт амьдардаг, зан харилцаа тааруутай, архи тамхи хэрэглэдэг. *******ын хувьд мөн Налайх дүүрэгт төрсөн бөгөөд 4 дүгээр ангид сурч байгаад сургуулиас гарсан. Боловсрол мэдлэг муутай ч зан харилцааны хувьд даруу төлөв, архи тамхи хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 99, 100-р хуудас/

Гэрч “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар гудамжны 11 тоот хашаанд манай ээж У- болон дүү ******* нартай амьдардаг, дүү ******* ирж очин байдаг. Манай дүү ******* 3 дугаар анги хүртлээ бага сургуульд сураад больсон. Цэргийн алба хааж байсан. Гэр бүл зохиож байгаагүй. Тогтвор суурьшилтай ажил хийж байгаагүй, хувиараа л хүмүүст зарагдаад явж байдаг. Архи хааяа нэг хэрэглэдэг, тамхи татдаг. Зан харилцааны хувьд их даруухан хүн байгаа юм. *******ын хувьд Багануур дүүрэгт 10 дугаар анги төгссөн. 2018 оноос хойш ажилгүй гэртээ байгаа бөгөөд зан харилцааны хувьд бусад хүмүүстэй гайгүй байдаг ч ээжтэй таарч тохирдоггүй. Өмнө нь нэг удаа хорих ял эдэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 101, 102-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан “...*******, ******* нараас 3 дугаар гудамжны 7 тоот хашаанд байх монгол гэрээс алдагдсан гэх хүрэн өнгийн 21 инчийн зурагт, 40 литрийн бедон савыг хураан авав...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-р хуудас/

Эл зүйл хүлээлгэн өгсөн “...Гомбын Д-д түүний гэрээс алдагдсан гэх Music TV гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн хүрээ болон хүрэн өнгийн 2 ширхэг суурьтай хар өнгийн 21 инчийн зурагт, сэнжгүй 40 литрийн бедон зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 11-р хуудас/

Согтуурлын зэрэг шалгасан тухай “...******* 0.132 хувь, ******* 0.124 хувь гарч байсныг бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 14-р хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээ “...LCD music TV 280.000 төгрөг, 40 литрийн хайлшин бедон 60.000 төгрөг, нийт 210.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 28-р хуудас/

******* ******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 36-38-р хуудас/

******* ******* нарын хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 63-р хуудас/

*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, Багануур дүүргийн дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус утс шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн...” гэсэн хуудас/ хх-н 52-р хуудас/

*******од холбогдох шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 55-59-р хуудас/

*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “... ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-н 51-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай…” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруу дээр маргахгүй…” гэжээ

Шүүгдэгч ******* “…гэм буруугаа хүлээж байна…” гэжээ.

Шүүгдэгч ******* “...гэм буруугаа хүлээж байна …” гэжээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч нар маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэгээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч С., ******* нар бүлэглэн нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалт бүхий Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 7 тоотод байрлах хохирогч гэрийг түлхүүрдэж ороод гэрт нь байсан 21 инчийн зурагт, 40 литрийн хөнгөн цагаан материалтай усны сав зэрэг эд зүйлсийг авч хохирогч Г.Д-д 210.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч хохирогчийн мэдүүлэг зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь айлын гэрээс эд зүйл хулгайлах үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн гэрийн хаалганы цоожийг онгойлгон орж эд зүйл хулгайлсан үйлдлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 210.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 28-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч нарыг хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн амьдардаг гэрийн цоожийг түлхүүрээр онгойлгон орсон тул орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Шүүгдэгч нар архи уух зорилгоор мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан байсан тухайгаа шүүхэд мэдүүлсэн ба үйлдэлдээ шунахай сэдэлтээр ханджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлддэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус зааснаар *******, ******* нар хулгайн гшэмт хэргийгүйлдэхдээ санаатай нэгдэж үйлдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******, ******* нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2 жил 2 сарын хорих ял оногдуулах нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх саналтай…” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…шүүгдэгч *******, ******* нар нь хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оноож өгнө үү…” гэжээ

Шүүгдэгч *******, ******* нар хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч “…хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, ямар нэгэн гомдол саналгүйн…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч,

хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ******* *******, овгийн ******* ******* нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар овгийн ******* *******, овгийн ******* ******* нарт тус бүр нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар *******, ******* нарт оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Хохирогч Г.Д- гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
  6. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              А.БЯМБАЖАВ