| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/05865/И |
| Дугаар | 102/ШШ2016/04940 |
| Огноо | 2015-08-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/04940
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/04940 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14/1 тоотод байрлах “Тайгам-Алтай” ХХК /РД:2658011/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоотод оршин суух, Нумчин овогтой Лхагвагийн Дэлгэрмөрөн /РД:НО73120677/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоотод оршин суух, Жагарынхан овогтой Жамсранжавын Отгончимэг /РД:ЧД68031563/ нарт холбогдох “Орон сууц захиалгаар барих” гэрээнээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагч, хариуцагч Ж.Отгонмчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дэлгэрмөрөн, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тайгам-Алтай” ХХК нь иргэн Л.Дэлгэрмөрөн, Ж.Отгончимэг нартай 2011 оны 08 сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг 87,335,000 төгрөгөөр тооцож худалдсан. Улмаар гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгч захиалагч орон сууцандаа орсон боловч гэрээнд заасан төлбөр тооцооноос 37,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 50,335,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд орон сууцанд амьдарсаар байна. “Тайгам-Алтай” ХХК-ийн зүгээс төлбөр барагдуулах бүхий л арга хэмжээ авсан боловч төлбөр төлөх боломжгүй байгаа нь тодорхой болсон тул Л.Дэлгэрмөрөн, Ж.Отгончимэг нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь Л.Дэлгэрмөрөн, Ж.Отгончимэг нартай 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 87,335,000 төгрөгийг тодорхой үе шаттайгаар төлөхөөр тохиролцож, уг гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч нар нь гэрээнд заасны дагуу төлөх ёстой мөнгөө 2011 оноос хойш одоог хүртэл төлөөгүй. Нийт 21,700,000 төгрөг төлсөн байдаг. 2014 онд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өөр хүний нэр дээр гарсан байдаг. Хариуцагч нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд зааснаар захиалагч нар нь мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд “Тайгам-Алтай” ХХК орон сууцаа өөр этгээдэд зарж, борлуулахаар тохиролцсон. “Тайгам-Алтай” ХХК нь хариуцагч нартай байгуулсан, гэрээнээсээ татгалзаж, уг гэрээний дагуу өгсөн авсан зүйл болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Алтай хотхоны 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг буцаан авах хүсэлтэй байгаа тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Тайгам-Алтай” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн Алтай хотхоны 14 дүгээр байрны 255 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон юм. Уг гэрээний дагуу хариуцагч нар нь урьдчилгаа төлбөр болох 33,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 өдөр, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөг төлсөн байдаг. Хариуцагч Л.Дэлгэрмөрөн нь өөрөө эрхэлсэн ажилгүй ба түүний эхнэр нь эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь урьдчилгаа мөнгөө төлөөд үлдэгдэл мөнгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл хариуцагч нарын банкнаас авах зээл бүтээгүй учраас өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй нь үнэн. Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт ажил гүйцэтгэгчийн үүрэгт байрны төлбөр 100 хувь төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд уг орон сууцны өмчлөгч нь “Тайгам -Алтай” ХХК байна гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч тал нь орон сууц захиалгын гэрээний хэддүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр хариуцагч нарыг уг орон сууцнаас гаргах гэж байгаа нь тодорхойгүй байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасан байдаг. Өнөөдрийн байдлаар “Тайгам-Алтай” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Бат-Өлзий гэдэг хүний нэр дээр уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан байна. Нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ өөрсдөө биелүүлээгүй байгаа юм. Хариуцагч нар өөрсдийн амьдарч байгаа орон сууцыг Б.Бат-Өлзий гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа тухай мэдээгүй байгаа. Анх нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь хариуцагч нартай гэрээ байгуулахдаа 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Л.Дэлгэрмөрөн, Ж.Отгончимэг нар нь зээл авч, байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан байдаг. Хуульд заасны дагуу аливаа гэрээ нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн байх ёстой юм. Хариуцагч нарын хувьд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 50,335,000 төгрөгийг л нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-д төлөхөөр байгаа юм. “Тайгам-Алтай” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн байдаг. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн орон сууцыг худалдан авах давуу эрх нь захиалагч нарт бий. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь хариуцагч нарт тухайн байрыг худалдан авах давуу эрхээ эдлэх боломж олгоогүй байна. Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Алтай хотхоны 14 дүгээр байр, 255 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь биш учраас шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч талд орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Орон сууц захиалгын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11 дэх хэсэгт заасны дагуу захиалагч тал урьдчилгаа төлбөрөө төлчихсөн учраас уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байгаа юм. Хариуцагч талаас үлдэгдэл төлбөрийг төлөх бэлэн мөнгөний боломжгүй байгаа учраас нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-д төлөх мөнгөнийхөө дүнд 2 зуслангийн газар өгөхийг санал болгосон. Гэтэл “Тайгам-Алтай” ХХК-ийн ажилчид уг саналыг хүлээж авах боломжгүй гэсэн тайлбар өгсөн юм. Яг энэ асуудлаар хариуцагч нар нь “Тайгам-Алтай” ХХК-ийн захирлуудтай биечлэн уулзаж, чадахгүй байгаа юм. Хэрвээ уг байрыг худалдах бол худалдан авах давуу эрх нь хариуцагч нарт байгаа. Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрхгүй этгээд юм. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд гэрээнээс татгалзах үндэслэл заагдаагүй байдаг. Харин гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэл уг гэрээнд заагдсан байх тул талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь хариуцагч Л.Дэлгэрмөрөн, Ж.Отгонмчимэг нарт холбогдуулан Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг Л.Дэлгэрмөрөн, Ж.Отгончимэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Орон сууц захиалгаар барих” гэрээнээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц захиалгаар барих” гэрээний эрх зүйн харилцааны дүнд үүссэн үр дагаврыг гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд оруулахаар гэрээнээсээ татгалзах болсон үндэслэлээ “...маргаан бүхий 255 тоот орон сууцыг 87,335,000 төгрөгөөр тооцож худалдсан. Улмаар гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгч захиалагч орон сууцандаа орсон боловч гэрээнд заасан төлбөр тооцооноос 37,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 50,335,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд орон сууцанд амьдарсаар байна. “Тайгам-Алтай” ХХК-ийн зүгээс төлбөр барагдуулах бүхий л арга хэмжээ авсан боловч төлбөр төлөх боломжгүй байгаа нь тодорхой болсон, ... гэрээнээсээ татгалзаж, 255 тоот орон сууцыг буцаан авна” гэж, хариуцагч зөвшөөрөхгүй үндэслэлээ “...2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Тайгам-Алтай” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцыг худалдан авахаар тохиролцсон юм. Уг гэрээний дагуу хариуцагч нар нь нийт 37,000,000 төгрөг төлсөн, ... Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь урьдчилгаа мөнгөө төлөөд үлдэгдэл мөнгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нарын банкнаас авах зээл бүтээгүй учраас өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй нь үнэн. ... газар зараад үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй. Үлдэгдэл төлбөрийг төлнө” гэж тус тус тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар зохигч 2011 оны 08 сарын 24-ний өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ” нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний агуулга, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээ байгуулах үед барилга баригдсан байсан” гэж, хариуцагч “”барилгын суурь баригдсан байсан” гэсэн тайлбар, гэрээний зүйл болох орон сууцыг барьж эхэлсэн байсан байдал зэргийг харгалзан дээрх гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.
Иргэний хуульд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ. Мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаагаа гэрээний нөгөө тал болох хариуцагч Л.Дэлгэрмөрөн, Ж.Оюунчимэг нарт илэрхийлсэн саналаа амаар болон бичгээр мэдэгдээгүй, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нь тус тус тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК хуульд заасан арга хэлбэрээр гэрээнээс татгалзах саналаа нөгөө талд тавьсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтаа, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна.
Иймд Л.Дэлгэрмөрөн, Ж.Оюунчимэг нарт холбогдох “Орон сууц захиалгаар барих” гэрээнээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Дэлгэрмөрөн, Ж.Оюунчимэг нарт холбогдох “Орон сууц захиалгаар барих” гэрээнээс татгалзаж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 14 дүгээр байрны 255 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР