Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01399

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04978 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК, ******* ХХК, ******* нарт холбогдох,

 

Орон сууц шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь орон сууцтай болох зорилгоор байр авахаар зар харж байгаад *******ХХК болон ******* ХХК-ийн захирал болох *******, ******* нартай уулзсан.

1.2. Тухайн үед *******, ******* нар нь ******* блок орон сууцны ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, төлбөрийг бэлнээр төлбөл хямдралтай үнээр орон сууц авах боломжтой гээд ******* 72.21 м.кв талбай бүхий орон сууцыг үзүүлсэн.

1.3. Уг орон сууц боломжийн санагдсан тул Орон сууц захиалгын гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. Тухайн үед ******* ХХК-ийн захирал ******* болон *******ХХК-ийн захирал ******* нар нь төлбөрийг *******ХХК-д төлөх ёстой, учир нь тус компани ******* блок орон сууцны цонх, хаалга, хаалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлын хөлсөндөө 5 байр авсны нэг нь өөрт чинь үзүүлсэн байр гэсэн.

1.4. Нэхэмжлэгчийн зүгээс бусад этгээдэд давхар худалдагдсан, өөр маргаан байгаа эсэх үйл баримтыг нягталж асуухад манай дээр хийх ёстой ажлаа хийсэн компани тийм учраас манайх зарах эрхийг олгож байгаа. Тиймээс та манай компанитай гэрээгээ хийгээд гэрээ дээрээ төлбөр төлөгдсөн талаар тусгаж оруулж өгнө гэсэн тул 2022 оны 08 сарын 02-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах №ХХГ/01 тоот гэрээг байгуулсан.

1.5. Гэрээний 1.2 дахь хэсэгт худалдагч тал ******* ХХК нь *******захиалагч талын ******* худалдан авахаар сонгосон 3 өрөө, 72.21 м.кв талбай бүхий орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх, захиалагч тал төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах гэж, гэрээний 5-д зааснаар төлбөр тооцооны талаар харилцан тохиролцсон бөгөөд бид 1 м.кв талбайн үнэлгээг 1,500,000 төгрөгөөр тохиролцож орон сууц захиалсан төлбөрийг *******ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 08 сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 45,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 63,315,000 төгрөгийг төлж, нийт 108,315,000 төгрөг төлөхөөр тохирсон.

1.6. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж тогтоосон цаг хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин ******* ХХК нь ******* хотхоны орон сууцны барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах ёстой байсан боловч хугацаандаа ашиглалтад оруулаагүй. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй удаж байгаа шалтгаанаар нийт оршин суугчид цугларч байна гэх мэдээний дагуу миний бие 2024 оны сарын дундуур баригдаж буй барилга дээр очиход захиалагч нар ирсэн байсан бөгөөд энэ уулзалтаар оршин суугч нарын групп чат байдаг болохыг мэдэж тус чатад орсноор манай байрыг өөр хүнд давхар худалдсаныг мэдсэн.

1.7. Тухайн үед ******* ХХК-ийн захиралтай холбогдох гэсэн боловч чадаагүй бөгөөд *******ХХК-ийн захирал *******тэй холбогдож уулзахад тэгэх ямар ч ёс байхгүй яагаад тэгсэн юм болоо надад мэдэх юм алга гэж хэлээд та болохгүй бол шүүхэд хандаарай гэсэн. Тус орон сууц надаас захиалга авч байхдаа м.кв талбайн төлбөр 1,500,000 төгрөг байсан боловч одоо ашиглалтад орох дөхсөн учир м.кв талбай нь 2,500,000 төгрөг болсон байсан.

1.8. Иймд ******* ХХК, *******ХХК, ******* нараас 2022 оны 08 сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж *******тоот хаягт байрлах 72.21 м.кв гурван өрөө орон сууцыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******ХХК, ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой ажил хийж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээгээр *******ХХК байр авахаар тохиролцоод тухайн байраа нэхэмжлэгч *******д худалдан борлуулсан. Худалдан борлуулах гэрээг ******* ХХК хийгээд, төлбөр мөнгөө ******* манайд хийсэн.

2.2. Тухайн үед бид *******гийн байрыг худалдан борлуулсны хөлсийг авсан нь хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнтэй дүйцчихсэн байсан. Хэдий өнөөдрийг хүртэл *******ХХК ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж дуусгаагүй гэж ярьж байгаа боловч бид нарын хувьд хамгийн гол зүйл нь *******д зарсан байрныхаа үнэтэй дүйцэхүйц ажлаа хийчихсэн байсан. ******* ХХК-ийн зүгээс худалдан борлуулах зөвшөөрлөө өгсөн. Тийм учраас *******ХХК ямар нэгэн байдлаар хариуцахгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

3.1. ******* ХХК нь 2022 оны 07 сарын 29-ний өдөр *******ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр *******ХХК нь манай ******* ХХК-ийн барьж байгаа ******* баригдах ******* төслийн ******* блокийн 1-р дүгээр орцны хуванцар вакум цонх, хаалга, хаалтыг зургийн дагуу барилгын ажлын вакум цонх, хаалга, хаалт шаардлагатай болгонд цаг алдахгүй 2022.12.31-ний өдөр гэхэд ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй, бид ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн тохиолдолд уг блокийн 1-р орц 3 давхар G* тоот 141,550,000 төгрөг, 1-р орц 4 давхар Н тоот 177,500,000 төгрөг, 1-р орц 12 давхар G* тоот 141,700,000 төгрөг, 1-р орц 13 давхар Н* тоот 180,525,000 төгрөг, 1-р орц 13 давхар С тоот 146,125,000 төгрөгт тооцон өгөхөөр болсон.

3.2. Гэтэл *******ХХК-ийн 527,000,000 төгрөгийн ажил хийсэн цонхны гүйцэтгэл 69,120,000 төгрөгийн ажил дутуу, тагтны ажил 408,870,000 төгрөгийн ажил огт хийгээгүй, ажлаа хугацаанд нь огт хийгээгүй. 2022 оны 12 сарын 31-ний өдөр цонхыг хийж дуусгах үүрэгтэй байтал, 2023 оны 11 сард цонхыг хийж дуусгасан, шилний мөнгөгүй болсон гээд маш удаан хүлээлгэсэн. Энэ бүхэнд бид барилгын үе шатны ажил зогсож, үндсэн ажилчдын цалин, цахилгааны төлбөр, ус дулаан бусад бүх зардлууд ихсэж алдагдалд орсон, цонхноос болж фасадын гэрээ цуцлагдаж, гэрээний үнийн дүнгээр хохирч миний барилгын ажлыг ямар ч ашиггүй болгож өрөнд оруулсан.

3.3. ******* ХХК нь хангалттай хийсэн ажлын хөлсийг төлсөн. Үүнд: 2.1-р орц 4 давхар Н тоот 177,500,000 төгрөг, 1-p орц 12 давхар G тоот 141,700,000 төгрөг 2 байрны үнэ 319,200,000 төгрөг, мөн манай компаниас 95,000,000 төгрөг дансаар авсан. Манай зүгээс гэрээгээ цуцалж үлдэгдэл төлбөрт тооцогдох байсан 1-р орц 3 давхар G тоот 141,550,000 төгрөг, 1-р орц 13 давхар Н тоот 180,525,000 төгрөг, 1-р орц 13 давхар С тоот 146,125,000 төгрөг байруудаа буцааж авсан тул эдгээр байруудын мөнгийг авсан *******ХХК-аас байрны төлбөрийг гаргуулна уу гэжээ.

 

4. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:

4.1. ******* нь ******* ХХК-тай 2024 оны 09 сарын 22-ны өдөр 31716 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, *******баригдаж байгаа ******* хотхоны *******-р блок барилгын 13-р давхар, 72.21 м.кв, 3 өрөө орон сууцыг нийт 166,083,000 төгрөгөөр худалдан авсан.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* ХХК нь *******ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, бартерт шилжүүлсэн байруудыг буцаан авч, өөр этгээдэд худалдах гэж байгаа талаараа 2024 оны 07 сарын 25-ны өдөр, мөн 2024 оны 08 сарын 20-ны өдөр тус тус мэдэгдэх хуудас явуулсан байх ба хариуцагч *******ХХК нь тус мэдэгдлийг хүлээн авсан байна. Ийнхүү тус мэдэгдлийн дагуу ******* ХХК нь *******ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж бартерын байрууд ******* ХХК-д шилжсэний дараа буюу 2024 оны 09 сарын 22-ны өдөр ******* нь маргаан бүхий орон сууцыг худалдан авснаар хууль ёсны өмчлөгч болсон байна.

4.3. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ *******ХХК, ******* ХХК нарт хандан 2022 оны 08 сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******гийн өмнө ямар нэгэн хүлээсэн үүрэг, хариуцлага байхгүй байхад хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг баримтлан ******* баригдаж байгаа ******* хотхоны ******* 72.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******д шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* нарт даалгаж, хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 629,325 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ХХК, ******* нараас нийт 699,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухайд: Хариуцагч ******* ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу *******ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан эсэх талаар барилгын даамалтай харилцсан мессежинд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүхээс үндэслэлгүйгээр хангаагүй орхигдуулсан. Энэхүү хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэрээ хүчинтэй эсэх, түүний эрх зүйн үр дагаврыг *******ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үр дүн биелэлттэй салшгүй холбоотой болох нь харагдаж байхад үүнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүхээс *******ХХК болон манай компанийн хоорондын маргаан ажил хийсэн эсэх, хийсэн ажил дутуу бүрэн эсэх нь энэ хэрэгт огт хамааралгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч талаас энэхүү гэрээг байгуулахдаа л анх *******ХХК-ийн захиралтай зараар холбогдож манай компанитай уулзсан, тэгээр ажлын хөлсөнд бартерт авч байгаа байр гэдгийг бүрэн ойлгож мэдэж байсан нь хэрвээ 2 компани хооронд маргаан гарсан нөхцөлд орон сууц захиалга гэрээ дагаад эрсдэлтэй байна гэдэг ойлголттой байсан.

6.3. Мөн шүүх хуралдааны явцад *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өгсөн тайлбар, асуултын хариулт нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажил, тооцоо нийлсэн, ажил дүгнэсэн акт байхгүй, энэ талаар мэдэхгүй байхад ажил гүйцэтгэсэн гэрээг биелэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

6.4. Манай компани болон туслан гүйцэтгэгч *******ХХК нь 2022 оны 07 сарын 29-ний өдөр 1 тэрбум төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан буюу түүнээс дөнгөж 4 хоногийн дараа 2022 оны 08 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй нь Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан нь энэ хугацаанд *******ХХК нь тухайн орон сууцны үнэнд дүйцэх хэмжээний ажил гүйцэтгэх боломжит хугацаа болоогүй байхад буюу ирээдүйд биелэх эсэх нь тодорхойгүй нөхцөлд гэрээ байгуулсан байдаг.

6.5. Манай компанийн зүгээс *******ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах талаар удаа дараа сануулж, мэдэгдэж байсан талаар тайлбар хэлж, мөн энэ талаар талуудын эрх бүхий этгээдийн гар утас мессежинд үзлэг хийлгэх хүсэлт гаргаснаас гадна 2024 оны 08 сарын 27-ны өдөр болон 07 сард явуулсан албан бичиг зэргийг огт үнэлээгүй.

6.6. Түүнчлэн хариуцагчаас тухайн байрны захиалагч нь эцсийн өмчлөгч болохыг нотлох баримтаар ******* ХХК-аас албан ёсоор албан тоот хийж өгсний үндсэн дээр эцсийн байдлаар өмчлөх, худалдан авах эрх нээгддэг гэх хариуцагчийн тайлбар болон түүнтэй холбоотой гаргаж өгсөн 56, 68 гэсэн албан бичгийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор үнэхээр хариуцагч ******* ХХК болон *******ХХК-д тухайн орон сууцыг бие даан худалдан борлуулах эрх олгогдсон эсэх, хэрэв олгогдоогүй бол энэхүү Орон сууц захиалган гэрээ нь зохих этгээдийн /******* ХХК/ зөвшөөрөлтэй хийгдсэн эсэх дээр шүүх тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

6.7. Эндээс шүүхийн шийдвэр эцсийн дүнд зайлшгүй биелэгдэх шинжтэй байх ёстой. Гэтэл энэхүү тохиолдолд тухайн барилгын өмчлөгч ******* ХХК-аас энэхүү маргаж байгаа орон сууцыг захиран зарцуулах эрх олгогдоогүй байгаа, одоо ч олгогдоогүй байхад нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь барилгын хууль ёсны өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр байна. Магадгүй энэхүү байрны өмчлөх эрхтэй холбоотойгоор ******* ХХК нэхэмжлэл гаргах, энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцохыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдалд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

6.8. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэсэн заасан атал хэргийн үйл баримт дээр хуулийг буруу хэрэглэж гэрээ байгуулсан хугацааг харгалзан давуу эрхийг тогтоосон нь үндэслэлгүй.

6.9. Хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагч *******гийн тайлбараар тухайн байрны түлхүүрийг инженер н.*******ээс хүлээн авсан гэх тайлбарыг үнэлээгүй байна. Байрны түлхүүрийг хүлээн авсан гэдэг нь тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ авсан гэсэн утгыг илэрхийлж байгаа бөгөөд магадгүй тухайн хүний эзэмших эрх үүссэн учир орон байранд тухайн түлхүүр авсан этгээдээс өөр хүн нэвтрэх боломжгүй, бусад этгээд хууль бусаар нэвтэрхийг хориглоно гэсэн агуулгыг илэрхийлж байна. Түлхүүрийг хүлээн авсан нь тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ авсан гэсэн үйл баримтыг бүрэн илэрхийлж байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримт дээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурдсан. *******ХХК-ийн захирал болон ******* ХХК-ийн захирлын хоорондоо харилцаж байсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан. Харилцан яриа бүхий зурвасын аль хэсэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

7.2. Хариуцагч тал харилцан яриа бүхий зурвасын аль хэсэгт нь үзлэг хийлгэх, аль хэсэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тухай тодруулж, дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргах боломжтой байсан ч хүсэлт гаргаагүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй буюу татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй. Гэтэл үүнтэй холбогдуулан гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7.3. *******ХХК нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хийж гүйцэтгээгүй тул орон сууц өгөх боломжгүй гэж хариуцагч тал маргадаг. Дээрх асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Миний үйлчлүүлэгч хариуцагч 2 байгууллагатай биечлэн уулзаж, ******* ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг *******ХХК-д шилжүүлсэн.

7.4. ******* ХХК-тай уулзах үедээ гэрээ хэлцэл хийж болох уу, *******ХХК нь ажлаа гүйцэтгэсэн үү, гэрээг байгуулахад ямар нэг асуудал байгаа юу гэдгийг тодруулахад *******ХХК нь орон сууц авах эрхтэй, ажлаа бүрэн гүйцэтгэсэн тул гэрээ байгуулах боломжтой гэж ******* ХХК-ийн захирал н.******* хэлсэн. ******* ХХК нь бид мөнгө аваагүй гэж маргадаг хэдий ч бид тус байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ байгуулан, *******ХХК-д төлбөрийг шилжүүлсэн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэрэв ******* ХХК-аас үнэн зөв мэдээллээр хангасан бол бид гэрээ байгуулж, захиалга өгөхгүй байсан.

7.5. Давж заалдах гомдлын 3, 4 дэх хэсэгт дурдсанаар, *******ХХК нь ажлаа хийж гүйцэтгээгүй тул орон сууц авах эрхгүй гэж ******* ХХК маргадаг боловч тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг ******* ХХК хүлээн авсны үндсэн дээр өнөөдөр орон сууцанд улсын комисс ажиллаж байна. Хэрэв *******ХХК ажлаа хийж гүйцэтгээгүй, өөр байгууллага ажлыг нь хийж дуусгасан бол ******* ХХК-аас холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. *******ХХК нь цонхны ажил хийж гүйцэтгэх ерөнхий гэрээний төлбөрт 5 байр авахаар ******* ХХК-тай тохиролцсон байдаг бөгөөд 1 байрны үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний ажлыг хийж гүйцэтгээгүй дутуу үлдээсэн гэж бид ойлгосон.

7.6. Гэрээ хийгдэж байх цаг хугацаанд бидний авсан байртай холбоотой ажил нь гүйцэтгэгдчихсэн байсан боловч ******* ХХК бидний байрыг өгөхгүй гэж давхардуулан зарчихсан байсан. Энэ 2 байгууллагын гүйцэтгээгүй үлдээсэн ажил бидэнд хамааралгүй тул гэрээний дагуу хүлээлгэн өгөх ёстой орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах агуулгатай нэхэмжлэл гаргасан. Дээрх үйл баримтад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.7. Мөн хариуцагч тал ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч тул бидэнд зарах эрх олгогдоогүй гэх агуулгыг давж заалдах гомдолдоо дурдсан. ******* ХХК-аас маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хүлээн авсан тул гэрээний биелэлтийг хангахад ******* хамааралтай гэж үзэж хамтран хариуцагчаар татсан. Ерөнхий төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг ******* ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг.

Одоогоор маргаан бүхий орон сууцанд хүн амьдраагүй. ******* ХХК нь орон сууцыг зарах эрхгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед ******* ХХК-аас тодруулахад ажил хийж гүйцэтгэсний төлбөрт орон сууц хүлээн авсан бөгөөд тус орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэж хариулсан.

7.8. ******* ХХК нь энэ байрыг захиран зарцуулах эрхтэй, ******* ХХК захиран зарцуулах эрхгүй гэх агуулгатай гомдол гаргаж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, бодит байдлыг төөрөгдүүлэх агуулгатай гэж үзэж байна. Гэрээ байгуулагдаж, төлбөрөө төлсөн буюу *******гийн төлсөн мөнгөөр *******ХХК нь цонхны ажил хийж гүйцэтгэн, ******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгч компанид хүлээлгэж өгсөн асуудал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, ******* ХХК, ******* нарт холбогдуулан орон сууц шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 02-ны өдөр ЗГ/04 дугаар Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* аманд баригдаж буй ******* хотхоны *******72,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 108,315,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-7-11/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Талуудын тайлбар, гэрээний тохиролцоог харьцуулан тохиролцсон хугацаанаас дүгнэвэл ашиглалтад орох барилгаас сонголт хийсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалсан тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

4.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний 5.1-т заасан дансанд орон сууцны үнэ 108,315,000 төгрөгийг бүрэн шилжүүлж Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэг заасан хариуцагч байгууллагын нэрлэн заасан этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д Уг байртай холбоотой төлбөр тооцоог 2022.08.02-ны өдөр Хаан банк ******* *******ХХК-ийн дансанд урьдчилгаа 45,000,000 төгрөг шилжүүлж, 2022.08.15-ны өдөр үлдсэн төлбөр болох 63,315,000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлэхээр тохиролцов гэсэн тохиролцоог үндэслэн ******* нь гэрээнд нэрлэн заасан дансанд хариуцагч байгууллагын бусдад төлөх мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг хариуцагчид мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчид орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн дүгнэлт зөв байна.

7. Хариуцагч байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 

7.1. Хариуцагч ******* ХХК-ийн ... тухайн барилгын өмчлөгч болох ******* ХХК-аас орон сууцыг захиран зарцуулах эрх олгогдоогүй байхад хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ... гэсэн агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК тухайн орон сууцны барилгын өмчлөгч болох үйл баримт тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7.2. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/12056 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт ... үзлэг хийлгэх хүсэлтэд хэнтэй, хэзээ, юу ярьсан нь хэрэгт ач холбогдолтой болох нь тодорхойгүй тул тодруулсны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллагаас үзлэг хийлгэх хүсэлтийг дахин тодруулж гаргаагүй нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

 

7.3. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн маргаанд *******ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа хамааралгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь ... ******* ХХК нь ажлаа гүйцэтгээгүй, орхиж явсан гэж, хариуцагч ******* ХХК нь ... *******гийн төлсөн мөнгөн хөрөнгөд тооцогдох ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр тус тус тайлбарласан ба маргааны зүйлд *******ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа хамааралгүй. Хариуцагч ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээдэд орон сууцны үнийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.

 

7.4. Хариуцагч *******гийн ... байрны түлхүүрийг инженер *******ээс авсан ... гэсэн тайлбарыг үнэлээгүй талаар гомдол үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий барилга ашиглалтад ороогүй, улсын комисс ажиллаагүй үйл баримтад талууд маргаагүй тул бодитоор *******, болон ******* нарын хэн аль нь бодитоор эзэмшилдээ аваагүй гэж үзнэ.

 

Хариуцагч *******д маргаан бүхий орон сууцны түлхүүр шилжүүлэн өгсөн үйл баримт нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч гэсэн ойлголтод хамаарахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04978 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 343 дугаар зүйлийн 343.1 ... гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР