Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01323

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03884 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 451,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, ******* нь надаас 300,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аманд байрлах ******* ******* хотхоны 103 тоот хаягт байрлалтай, 104.5 м.кв талбайтай, 2 давхар хаусыг барьцаалсан.

1.2 Гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийг төлөөгүй тул 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулан, зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгасан.

1.3 Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барилгын санхүүжилт орж ирээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл гэрээг сунгаад, үндсэн төлбөр 300,000,000 төгрөг, ашигласан хугацааны хүү 151,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад нийтэд нь төлөхөөр дахин гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд *******-аас зээлийн гэрээний үүрэгт 451,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* нь *******тай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 300,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй төлөхөөр байгуулсан. Гэрээний үүрэгт 63,000,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, үндсэн зээл 300,000,000 төгрөг, 5 сарын хүүгийн төлбөр 45,000,000 төгрөг, нийт 345,000,000 төгрөг төлөхөөс 63,000,000 төгрөгийн хасахад, үлдэх 282,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг үндэслэн хариуцагч *******-иас 451,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,412,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 2,412,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нэмэлт гэрээнд тусгагдсан хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 151,000,000 төгрөг... гэж бичсэнийг илтэд буруу тайлбарлаж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл төлнө гэж хийсвэрээр бодож нэхэмжлэгч хариуцагч аль аль талаас тооцоогүй бодоогүй хугацааг гаргаж 29 сарын хугацаа гэж тооцож шаардлагад тусгагдаагүй зүйлийг маргааны шаардлагад оруулах байдлаар тооцож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2 Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******тай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 300,000,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж авсан улмаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхны зээлийн гэрээг 1 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүг өөрчлөлтгүйгээр хэвээр хадгалсан. Уг зээлийн гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******ын 5303155999 тоот данс руу 63,000,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн байтал зээлийн төлбөрөөс хасалт хийгээгүй.

Дээрх тохиолдолд үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 1 сарын 9,000,000 төгрөг нийт 5 сарын 45,000,000 төгрөг болно. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр нийлээд нийт төлөх ёстой дүн нь 345,000,000 төгрөг бөгөөд үүнээс 63,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр болох 282,000,000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн сунгасан гэрээ дуусгавар болсон өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нэмэлт гэрээ хүртэлх хугацааг оруулж 16 cap 23 хоногийн хүүгээр тооцож дээрх хугацаагаар хуримтлагдсан хүү 151,000,000 төгрөг гэж тооцоолж байгаа нь үндэслэлгүй.

4.3 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нэмэлт гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцох анхнаасаа хүчингүй хэлцэл гэж үзсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй. Гэтэл иргэд хоорондын зээлийн гэрээнд хуримтлагдсан хүү тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон бусад холбогдох хэсгээр зөвшөөрөөгүй хууль зөрчсөн зохицуулалтыг тусгасан байхад шүүхийн зүгээс сөрөг шаардлагыг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснээр хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хангах боломжгүй болгосон.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний 2.2-т Энэхүү гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ гэж заасны дагуу хуримтлагдсан хүүг тооцож бодож байгаа Нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болно. Уг заалт нь Иргэний хуулийн 282 болон 283 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн. Учир нь дээрх зээлийн гэрээг зохих хугацаатай буюу 4 сараар анх байгуулж, нэмж нэг cap нийт 5 сарын хугацаатай байгуулсан атлаа зээл бүрэн төлж дуусах хүртэлх хугацаагаар гэрээний хугацаа үргэлжлэхээр зааж иргэд хоорондын зээлийн гэрээнд тусгаж өгснөөрөө хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус заалт болно. Иймд зээлийн гэрээний 2.2-т заасан заалтыг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байтал сөрөг нэхэмжлэлийг хүлээн авалгүйгээр шүүх шийдвэрлэж хууль зөрчсөн болно.

4.4 Зээлийн гэрээнд тодорхой хугацаа зааж, уг хугацаа дууссан хэдий ч төлбөр төлж дуусах хүртэлх хугацаагаар зээлийн хүү тооцох байдлаар тусгаж түүнийгээ хуримтлагдсан хүү хэмээн нэрлэж хүү шаардаж байгаа нь хууль бус болно.

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулах боломжгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч 2021 оны 11 дүгээр сард *******аас 300,000,000 төгрөг зээлсэн. Үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлөх ёстой байсан ч хариуцагч байгууллага төлбөрөө төлөөгүй тул төлбөрөө төлөхийг шаардахад хүүгийн төлбөрөөс хасаж тооцуулахаар 63,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш хариуцагч дахин төлбөрөө төлөөгүй тул 2023 оны 10 дугаар сард зээлийн үндсэн төлбөр 300,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 214,000,000 төгрөгөөс хариуцагчийн хүүнд төлсөн 63,000,000 төгрөгийг хасаж 151,000,000 төгрөг буюу нийт 451,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сард төлж барагдуулахаар талууд нэмэлт гэрээ байгуулсан.

5.2 Хариуцагч байгууллага нь 2023 оны 10 дугаар сард байгуулсан нэмэлт гэрээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед гаргасан тайлбар болон анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа 451,000,000 төгрөг төлж барагдуулах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт ...төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй... гэж заасан. Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор эхэлсэн.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 451,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 282,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 ******* болон ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 300,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 4 сарын хугацаатай *******-д зээлдүүлэх, зээлдэгч ******* зээлийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 10-13/

3.2 Улмаар талууд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан. /хх 9/

3.3 Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 63,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. /хх 60/

4. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 300,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, улмаар хариуцагч нь 63,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр эсэхэд зохигч маргаагүй.

5. Анхан шатны шүүхийн дээрх зээлийн гэрээ болон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт, талуудын тайлбарыг үндэслэн тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

6. Талууд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 01 дугаартай Нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээнд ...тус гэрээний үндсэн төлбөр болох 300,000,000 төгрөг болон хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 151,000,000 төгрөгийн хамт нийт 451,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд тохиролцсоны дагуу төлбөрөө төлснөөр гэрээ дуусгавар болно гэжээ. /хх 8/

7. Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу гэрээний хугацаа сунгагдсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

7.1 Учир нь, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан байх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш 1 жил 6 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Нэмэлт гэрээ-г байгуулсан нь гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Дээрх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай Нэмэлт гэрээ-нд ...тус гэрээний үндсэн төлбөр болох 300,000,000 төгрөг болон хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 151,000,000 төгрөгийн хамт нийт 451,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд тохиролцсоны дагуу төлбөрөө төлснөөр гэрээ дуусгавар болно гэж заасан нь зээлийн гэрээг сунгасан агуулга илэрхийлэгдээгүй байна.

7.2 Түүнчлэн, дээрх гэрээ нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж чадахгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссанаас хойш 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн талаар талууд гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан хүүгийн төлбөр гэх 151,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүүгийн төлбөр 151,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч уг хугацаанд гэрээг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг үндэслэн зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

8. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000,000 төгрөг, 5 сарын хүүгийн төлбөрт сарын 3 хувь болох нийт 45,000,000 төгрөг, бүгд 345,000,000 төгрөг төлөхөөс 63,000,000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үлдэх үүрэгт нийт 282,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/20095 дугаар захирамжаар ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2 тоот зээлийн гэрээний 2.2, 4.1.2-т заасан заалтууд, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ямар үр дагаварт хүрэх, хариуцагчийн эрх ашиг хэрхэн сэргээгдэх нь тодорхой бус, ...хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь 451,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. /хх 72-74/ Учир нь, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь түүний татгалзалтай хамааралтай байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг хангах боломжгүй болгосон гэх гомдлыг хангахгүй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 282,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 282,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 169,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, хариуцагчаас 2,412,950.00 гэснийг хариуцагчаас 1,567,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-аас төлсөн 2,483,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН