Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000000075 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                         Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                        Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                               Т.М-  нар оролцов.

 

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, аав, ээж нарын хамт ... аймгийн ..мандал сумын .. баг, .. гэх газарт оршин суух /өвөлжөөтэй/, бусдад хөлсөөр хашаа барих, ямаа самнах зэрэг ажлыг хувиараа хийдэг, ..дүүргийн .. дүгээр хороо .. дүгээр гудамжны .. тоот хашаанд /найз Х-ын гэрт/ түр оршин суух  

Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  Б- овгийн Т-ын М- /РД:.............../

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар

  Т.М- нь 2019 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Зиг Заг автомашин угаалгын гадна байсан иргэн Д.Х-ын эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                           

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            Mild /майлд/ бааранд 2019 оны 6 дугаар сарын 17- ны шөнө архи уугаад гарч явахдаа баарны гадаа байсан цагаан өнгийн мотоциклийг гишгэж асаагаад гэртээ оруулж тавьсан байсан.  Их согтсон учраас хүний мотоцикль яах гэж авснаа мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэг, хх-31-32 дахь тал/

 

Хохирогч   Д.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 “2019 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 2 цаг 40 минут орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Mild /майлд/ бааранд орохоор өөрийн SANYA маркийн цагаан өнгийн мотоциклоо “Зиг заг” авто угаалгын урд тавиад 30 минут болоод гарч ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. Мотоциклоо 2018 оны 6 дугаар сард 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Т.М-эс мотоциклоо буцааж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлэг  /хх  71 дэх тал/

 

Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

            “Манай хүргэн Х-ын найз М- гэх залуу гэрт нь ирэн очин байгаа юм. Урд шөнө буюу 2019 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих  шөнө 3 цагийн үед мотоцикль дуугарч М- гэртээ ирсэн. Цагаан өнгийн мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг /хх 28-29 дэх тал/

 

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн :

            “Алдагдсан гэх мотоциклын мөрөөр хөөж Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 1 дүгээр гудамжны 10 тоот хашаа руу оруулж Ахлах мөрдөгч Мэндбаяр хашаанд байсан баруун талын гэрийн үүдийг цохиход нэлээд удаж байж М- гэгч нь хаалгаа тайлахад гэрийн баруун болон зүүн хэсэгт 2 мотоцикль байсан. Хохирогчоор мотоциклийг таниулахад “цагаан банктай мотоциклыг минийх мөн гэж заасан. Байцаагч хажуу талын айлын хүнтэй уулзах гээд надыг М-тэй үлдээсэн. М- архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ” гэсэн мэдүүлэг / хх 36 дахь тал/

 

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай Шинжээчийн:

Sanya маркийн LK1PCKL1OJ1 028185 арлын дугаартай Хятад улсад 2018 онд үйлдвэрлэгдсэн, хэрэглэж байсан мотоцикль 1 400 000 төгрөгний үнэтэй гэсэн дүгнэлт  /хх 60 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэгийн :

            “Хэрэг учрал болсон гэх буюу мотоцикль тавьсан гэх газрыг А цэгээр тэмдэглэж мотоциклийн мөрийг ... дагасаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 1 дүгээр гудамжны 10 тоот хашаанд очив. Хашааны дотор хоёр гэр байх ба баруун талын ногоон хаалгатай гэрийн үүдэнд мотоциклын мөр байна. Гэрийн хаалгыг цохиход нэлээд удаж байж хаалгаа тайлж ороход: гэрийн баруун хэсэгт Sanya маркийн LK1PCKL1OJ1 028185 арлын дугаартай Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн бактай мотоцикл, зүүн хэсэгт Super benyi маркийн LY4BCCKC2BK003078 арлын дугаартай ногоон өнгийн бактай улаан өнгийн суудлын бүрээстэй хуучирсан мотоцикл байв... Хохирогчоор мотоциклийг таниулахад “цагаан өнгийн банктай мотоцикл нь миний мотоцикль мөн байна гэж заасан”  гээд гэрэл зургийн үзүүлэлтүүд хавсаргав гэсэн тэмдэглэл /хх-2-9 дэх тал/

 

2019 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн  эд зүйл  хүлээлгэн өгсөн:

            “Хохирогч Д.Х-т РД/СР:87062414/ Sanya маркийн LK1PCKL1OJ1 028185 арлын дугаартай Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн бактай мотоцикл хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хх-12 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны:

“Б- овгийн Төмөр –Очирын М- Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан” гэсэн лавлагаа /хх 67 дахь тал/ зэрэг баримтууд болно.

Улсын яллагч дүгнэлтдээ:

               Т.М- нь бусдын 1 400 000 төгрөгийн үнэ бүхий мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон. Иймд 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй. Энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялыг хугацаанд тооцох саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:

              Т.М-ийн гэм бурууг маргахгүй. М-д 300 цагийн албадан ажил хийлгэх ял оноож өгнө үү. Мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Т.М- нь 2019 оны 6  дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Зиг Заг автомашин угаалгын гадна байсан иргэн Д.Х-ын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, цагаан өнгийн бактай мотоциклийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр сэм авч гэртээ оруулж хадгалсан байжээ.

Дээрх үйлдэл нь хохирогч Д.Х-ын “SANYA маркийн цагаан өнгийн мотоциклоо “Зиг заг” авто угаалгын урд тавиад 30 минут болоод гарч ирэхэд миний мотоцикл алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагчийн “би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын мотоциклийг авсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч  С.Алтантуяагийн “... хүргэн Х-ын найз М- гэх залуу 2019 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих  шөнө буюу урьд шөнө 3 цагийн үед цагаан өнгөтэй мотоцикл унаж ирсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчоор эд зүйл таниулсан тухай “хохирогч Х- гэрт байсан хоёр мотоциклыг хараад цагаан бактай мотоциклыг зааж минийх мөн” гэв гэсэн тэмдэглэл, шүүгдэгчийн “би архи ууж согтоод баарны гадаа байсан бусдын цагаан бактай мотоциклыг унаад ирсэн байсан” гэж үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад:

  •  охирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо. Хулгайлагдсан эд зүйлийг үнэлгээг эрх бүхий шинжээчээр тогтоолгосон, уг дүгнэлтийг талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Дээрх эд хөрөнгө нь хохирогч Д.Х-ын өмч мөн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүй түүний зөвшөөрөлгүйгээр сэм аргаар авсан нь Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан “хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, Хэний ч өмч хөрөнгийг дураараа хураан авч болохгүй” гэсэн заалт, МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. Иймд Т.М-ийн үйлдэл нь хууль бус үйлдэл мөн.

Т.М- нь мотоциклыг шунахай сэдэлтээр өөрийн мэдэлд авч ашигласан байна. Иймд үйлдэлдээ зориуд санаатай хандсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч мэдүүлэгтээ “би согтуурсан үедээ хууль бус үйлдэл хийжээ гэж тайлбарласан ба МУ-ын Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул согтуурсан үедээ МУ-ын Эрүүгийн хуулийг зөрчсөн этгээдийг хэрэг хариуцах чадвартайд тооцно

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт  1 400 000 төгрөгийн хохирол учирсан тул хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан хуульд тусгайлан тайлбарласан “энэ үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн тайлбарт хамаарахгүй болно.

Иймд Т.М-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.М-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээлгэх нь зүйтэй.

 Т.М- нь 2017 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон ял шийтгүүлж байсан нь  ял шийтгэлийг шалгах хуудасны бичилтээс харагдаж байна. Гэвч энэ удаагийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох мотоциклыг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд  үйлдэл болсны маргааш өдөр хохирогчид нэг бүрийн шинжээр нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон, цаашид нэхэмжлэх хор уршиг байхгүй, хохирлын үнийн дүн багавтар зэрэг байдлуудыг харгалзан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь зохимжтой. Иймд Т.М-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Т.М- нь энэ хэрэгтээ 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох үндэслэлтэй. Үлдэх 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлбэл зохино. Мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг Т.М-д авах шаардлагатай гэж үзэв. Хязгаарлалтын хугацааг шүүхээс оногдуулсан ялыг эдлэх хугацаанд хэрэгжүүлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүйг  дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Т-ын М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б- овгийн Т-ын М-ийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.        
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан Т.М-ийг үндсэн ялыг эдлэх  хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.                                
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-ийн энэ хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны   7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Т.М-д мэдэгдсүгэй.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.М- нь Sanya маркийн LK1PCKL1OJ1 028185 арлын дугаартай Хятад улсад үйлдвэрлэсэн  мотоциклыг нэг бүрийн шинжээр нь хохирогч Д.Х-т хүлээлгэн өгснийг баталж, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  8. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох хувийн бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг тус тус  мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.М-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Д.ОЮУНБАТ