Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2025/0108

 

С” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  Д.Батбаатар  

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь  

                                        Ц.Цогт

Илтгэгч шүүгч:        Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0520 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0597 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Б.А, өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0488 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“С” СӨХ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “... дүүргийн 26 дугаар хороо, ... нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “В к” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.“В” ХХК-аас гаргасан хүсэлт, мэдүүлэг, холбогдох баримтуудыг үндэслэн нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоот хаягт байршилтай 18.15 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэж гэрчилгээг “В” ХХК-д, мөн “В” ХХК, иргэн С.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, С.Б-ийн гаргасан мэдүүлэг, холбогдох баримтуудыг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгосон байна.

2.2.“С” СӨХ-оос 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01/01 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/... дугаар албан бичгээр “... 18.15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд хяналт шалгалт хийхэд хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн хариу өгсөн байна.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Барилгын зураг болоод барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын актад ... дугаар байрны зоорийн давхрын ... тоот үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн өрөөний зориулалттай батлагдсан байдаг. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйл болох нь тодорхой, гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчиж холбогдох баримт материалыг шалгалгүйгээр техникийн өрөөний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “В” ХХК-ийн нэр дээр гаргасан нь үндэслэлгүй. Мөн зоорийн давхрын … тоот техникийн агуулахын зориулалттай өрөө байрлаж буй орон сууцны доод хонгилын хэсэг нь хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд багтдаг. Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзэж байна …” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “... Маргаан бүхий ... тоот агуулахыг “В” ХХК-аас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. 2014 онд тус компаниас ирүүлсэн жагсаалт нотлох баримттай тулгаж үзэхэд байранд нийт 14 агуулах бүртгүүлэх жагсаалт ирүүлсэн бөгөөд батлагдсан план зурагт уг агуулах нийтийн эзэмшлийнх биш, орц гарц таглаагүй байна. Дээрх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд баримтуудаас харахад мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй. Уг хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн С.Б-ийн нэр дээр шилжүүлсэн бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр бүртгэл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

5.Гуравдагч этгээд “В” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Манай компани нь маргаан бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан эрхийн хүрээнд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д дурдсан “доод хонгил” гэдэгт хамаарахгүй, “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл маргаж байгаа 18.15 м.кв талбайтай агуулах нь нийтийн зориулалттай талбай биш бөгөөд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т заасны дагуу манай компанийн дангаар өмчлөх эрхтэй хөрөнгө юм. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтэс хуульд заасан үндэслэл журмын дагуу олгосон, түүнийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Гуравдагч этгээд С.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “... Миний бие 04 тоот агуулахыг “В” ХХК-аас худалдаж авсан. Ижил хэмжээ, загвартай зэрэгцээ байрлалтай 14 ширхэг үл хөдлөхөөс миний эзэмшиж байгаа 04 тоот агуулахын зориулалттай өрөөг онцлон нийтийн эзэмшил хэмээн үзэн мушгин гуйвуулж, хотхон руу нэвтрүүлэхгүй өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0520 дугаар шийдвэрээр “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15.1.1, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 15.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ... дүүргийн ... дугаар хороо, ... нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “В” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

7.1 .“... Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 04 тоот гэж бүртгэгдсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын ажлын зургаар 014 дүгээр техникийн өрөөний зориулалттай төлөвлөгдсөн боловч аюулгүй байдлын үүднээс цахилгааны тоног төхөөрөмжийг 009 дүгээр өрөөнд шилжүүлэн тус 009 дүгээр өрөөг техникийн зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бодит байдалд техникийн өрөө биш, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхгүй.

7.2.Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх барьсан гуравдагч этгээд “В” ХХК-ийн гаргасан мэдүүлэг болон хавсаргасан баримтуудыг үндэслэн бүртгэсэн хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ү-... дугаар бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.

7.3.Мөн нэхэмжлэгч “С” СӨХ-оос 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С.Б-д өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бус гэж маргадаг боловч хариуцагч нь иргэн С.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж, татвар төлсөн баримт, нотариатаар гэрчлүүлсэн худалдах-худалдан авах гэрээ болон бусад нотлох баримтыг үндэслэсэн байх бөгөөд бүртгэлийг түдгэлзүүлсэн, хориг тавьсан баримт байхгүй буюу хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б-д шилжүүлэн бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.  

8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0597 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9.1.“... Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь анхны зургаар техникийн зориулалт бүхий өрөө гэж зурагдсан бөгөөд барилгын захиалагч буюу гуравдагч этгээд “В” ХХК нь зураг төсөв зохиогчийн зөвшөөрөлгүйгээр зургийг дур мэдэн өөрчилсөн байдаг. Цаашид техникийн өрөөний зориулалтаар ашиглах хэрэгцээ шаардлага үүсэж магадгүй. Гэвч цахилгааны төхөөрөмжийг 008 дугаар өрөөнд шилжүүлэн байршуулсан гэх үндэслэлээр 014 дүгээр өрөөг техникийн зориулалтгүй гэж үзэж, өмчлөх эрхийн бүртгэлийг хууль ёсны мэтээр тайлбарласан нь барилгын анхны зураг төслийн баримтад нийцэхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувьчлан өмчлүүлэх боломжгүй гэдгийг тодорхой заасан байхад, уг өрөөг “В” ХХК-ийн нэр дээр бүртгэж, улмаар иргэн С.Б-д шилжүүлсэн нь хууль зөрчсөн.

9.2.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны доод хонгил, техникийн өрөө зэрэг нь дундын өмчид хамаардаг. Гэвч анхан шатны шүүх уг хуулийн заалтыг үл харгалзан ... дүүргийн ... дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө, ... байрны зоорийн давхрын 18.15 м.кв талбай бүхий өрөөг техникийн зориулалттай биш гэж үзсэн боловч уг өрөө олон жил сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд ашиглагдаж ирсэн, барилгын зураг төсөлд техникийн өрөө гэж тусгагдсан бөгөөд энэ нь барилгын зураг төсөл, улсын комиссын актаар нотлогддог. Хариуцагч нь улсын комисс хүлээн авсан Үндэсний төв архивд хадгалагдаж буй барилгын зургийг бус зураг төсөв зохиогчоос зөвшөөрөл авч өөрчлөлт оруулаагүй зургийг үндэслэн бүртгэл хийж байгаа нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбоо үүсгэн байгуулагдсан цагаас конторын зориулалтаар оршин суугчдын дундын өмчийн хэлбэрээр ашиглаж тогтмол гардаг урсгал зардлыг төлж ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар тус байрнаас сууц өмчлөгчдийн холбоо нь хөөгдөж гарсан бөгөөд одоо гуравдагч этгээдтэй түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

9.3.Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тус тус заасан. Маргаан бүхий өрөө нь уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөөнд хамаарч байна.

9.4.Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтыг үндэслэн бүртгэл хийх бөгөөд энэ үүргээ зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгох бүрэн боломжтой. Энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд, эсхүл дангаар өмчлөх эд хөрөнгийн алинд нь хамаарах эсэх бөгөөд энэ асуудлаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

9.5.Шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барилгын зургаар техникийн өрөөний зориулалтаар төлөвлөгдсөн гэж дүгнэсэн атлаа гуравдагч этгээдийн тайлбараар аюулгүй байдлын үүднээс барилгын зургийг өөрчилсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн зүгээс барилгын зургийг холбогдох дүрэм, журам, стандарт зөрчсөн гэж үзэж байгаа бол зураг зохиогчид санал хүсэлт гаргах журмаар өөрчлөх боломжтой байтал өөрөө дур мэдэн өөрчилж байгаа нь холбогдох дүрэм, журмыг зөрчиж аюултай байдал бий болгож байхыг үгүйсгэхгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

10.Хариуцагч тал болон гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

11.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллыг буруу тодорхойлсноос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

13.Нэхэмжлэгч “С” СӨХ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “В” ХХК-ийн нэр дээрх ... дүүргийн ... дугаар хороо, ... нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн Ү-... дугаар бүртгэл, мөн тус компаниас тухайн эд хөрөнгийг иргэн С.Б-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэснийг тус тус хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ “маргаан бүхий хонгилын өрөө нь техникийн зориулалттай тул хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй” гэж, мөн өөрийн зөрчигдсөн буюу хамгаалагдах эрхээ тодорхойлохдоо “маргаан бүхий бүртгэл хүчингүй болсноор дундын өмчийг өмчлөх эрх нь сэргэнэ” гэж үзжээ.

14.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолд “... улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг ... Нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино ...” гэж тайлбарласан.

15.Энэ хэргийн тухайд, хэдийгээр нэхэмжлэгчээс “холбогдох баримт материалыг шалгалгүйгээр техникийн өрөөний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гуравдагч этгээдийн нэр дээр олгосон нь үндэслэлгүй” гэж хариуцагчийг буруутган маргаж байх ч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл, маргаан бүхий “техникийн өрөө” нь нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн “дундын өмчлөлийн эд хөрөнгө”-д хамаарах уу, эсхүл гуравдагч этгээдийн “дангаар өмчлөх эд хөрөнгө” үү гэдгийг эхэлж тогтоох шаардлагатай байна.

16.Харин энэхүү өмчийн төрөл, хэлбэрийг тодорхойлох, улмаар өмчлөгчийг тогтоох зэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүйгээс гадна маргаан бүхий улсын бүртгэл хүчингүй болсноор тухайн хөрөнгө нь шууд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд зүйл болохгүй, нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэхгүй, өөрөөр хэлбэл түүний зөрчигдсөн гэх эрх шууд сэргэх үр дагавар үүсэхгүй юм.  

17.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бодит байдалд техникийн өрөө биш тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй байна ...” гэх зэргээр эд хөрөнгийн өмчийн хэлбэрийг тогтоосон агуулга бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь дээр дурдсан Улсын дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолоос зөрүүтэй, хэргийн харьяалал зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

18.Иргэний хэргийн шүүх бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх талаар дээрх Улсын дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолд тодорхой тайлбарлажээ.

19.Иймд, шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “... захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол ...” гэсний дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0520 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0597 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” СӨХ-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... дүүргийн ... дугаар хороо, ... нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... байрны зоорийн давхрын ... тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “В” ХХК-д эрхийн бүртгэлийн Y-... дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР   

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

        ШҮҮГЧИД                                                        М.БАТСУУРЬ 

                                                                            Ц.ЦОГТ   

                                                                                         Г.БАНЗРАГЧ