| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/05491/И |
| Дугаар | 102/ШШ2016/04920 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/04920
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймаг 5 дугаар хороо, 5 дугаар баг, Ховд гол, 4/36 байр 8 тоотод оршин суух Шеруши Хурман овогт Ахметын Батай РД:/БЗ53031515/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 64 тоот ”Өгөөмөр Мандал” ХХК РД:/2000733/-д холбогдох орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Батай миний бие “Өгөөмөр мандал” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 08 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 48,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авах захиалга өгсөн. Бидний хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “ Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-д “Захиалагчаар бариулж байгаа орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг, нийт талбайн үнэ 60,050,000 төгрөг болно”, 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Захиалагч энэхүү гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 20,050,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасны дагуу байрны урьдчилгаа төлбөрт 20,050,000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “ Өгөөмөр мандал” ХХК-д төлсөн. Үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацийн орон сууцны зээлд хамрагдан “Өгөөмөр мандал” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч “Өгөөмөр мандал” ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 40,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2012 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулан хүлээлгэн өгсөн боловч энэхүү орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагч А.Батай миний нэр дээр гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаад өдий хүрлээ. Иймд иргэн А.Батай намайг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 48,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Өгөөмөр Мандал” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Батайгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. А.Батай нь тус компанитай 2011 оны 12 сарын 24-ний өдөр 08 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 48,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авах захиалга өгсөн. Бидний хооронд байгуулсан 2011 оны 12 сарын 24-ний өдрийн 8 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т захиалгаар бариулж байгаа орон сууцны 1 м.кв-ын үнэ 1,250,000 төгрө болно, 2 дугаар зүйлийн 2.1.1-т Захиалагч энэхүү гэрээг байгуулахдаа урдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн ддүнгийн 30 хувь буюу 20,050,000 төгрөгийг 2012 оны 01 сарын 03-ны өдөр, үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг 2012 оны 1 сарын 26-ны өдөр тус тус бүрэн төлж барагдуулсан. Иргэн А.Батай нь 2011 оны 12 сарын 24-ний өдөр 8 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх тул манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч А.Батайг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 48,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батай нь ”Өгөөмөр Мандал” ХХК-д холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Өгөөмөр Мандал” ХХК нь А.Батайгийн нэхэмжлэлийн шаардлага Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 48,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэамжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “Өгөөмөр Мандал” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 48,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай А.Батайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч “Өгөөмөр Мандал” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Батайд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР