| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/00639/И |
| Дугаар | 210/МА2025/01324 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01324
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05280 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 64,645,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тэй хонь, үхрийн мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг байсан тул түүнд 8 удаагийн гүйлгээгээр нийт 64,645,000 төгрөгийг зээлдүүлсэн. ******* нь мөнгийг удахгүй буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 64,645,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан *******ээс 20,000,000 төгрөгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,645,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан *******ээс 257,950 төгрөгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч нь хариуцагчаас хонь, үхрийн мах худалдан авахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нь мах бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгээгүй. Хариуцагч нь ******* руу Машины зөвшөөрөл гаргахад мөнгө шаардлагатай байна. Махны мөнгө шаардлагатай байна. Та надад мөнгө зээлчих гэх байдлаар нийт 8 удаа хандаж, зээл авснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Уг нөхцөл байдал нь *******ийн ******* рүү 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг ******* гэх утгатайгаар шилжүүлсэн анхны шилжүүлгийн баримтаар тогтоогддог. Тус гүйлгээ нь автомашины С зөвшөөрөл гаргахад хариуцагчид мөнгө зээлж байсан үйл баримтыг нотлохоор байна.
4.2 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 44,645,000 төгрөгт хамаарах нотлох баримтууд нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгөн хөрөнгө зээлдүүлэх болсон шалтгаан, шилжүүлэгтэй холбоотой баримтуудыг шүүхэд гарган өгч, шүүх хуралдаанд ч нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар өгсөн байтал анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт материалыг зохих ёсоор үнэлж, дүгнэлт өгөөгүй.
4.3 Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар зохицуулалттай байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 64,645,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Гүйлгээний утга дээр бичигдсэн зүйлийг үндэслэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь хариуцагчид өглөгтэй байсан бөгөөд автомашины С зөвшөөрөл буюу хилээр гарах зөвшөөрөл гаргуулсан төлбөрөө шилжүүлсэн. Шүүхээс 10,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ буюу 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус шилжүүлгийн гүйлгээний утга дээр ...*******т зээлүүлэв С... гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл, автомашины С зөвшөөрөл гаргуулсны төлбөр буюу ажил гүйцэтгэсний төлбөр шилжүүлсэн болох нь үүгээр нотлогдож байна. Нэхэмжлэгчид автомашины С зөвшөөрлийг гаргаж өгсөн тул тус төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.2 Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан 44,645,000 төгрөг нь хариуцагчийн давж заалдах гомдолтой хамааралтай. Анхан шатны шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг дутуу хийсэн болох нь нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Миний бие *******оос мөнгө зээлээгүй. Харин ******* нь надаас 50,000,000 төгрөгийг зээлсэн. Анхан шатны шүүх *******ийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэсэн нь үндэслэлгүй. Би *******оос мөнгө авах ёстой байж мөнгө төлөх болсон нь шударга бус байна.
6.2 Би өмгөөлөгч ******* *******ийн надаас мөнгө зээлсэн болох баримтууд болон өөрийн дансны хуулга зэргийг бүгдийг нь гаргаж өгсөн. Өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаан болох болоогүй гэж надад хэлсэн бөгөөд мөн шүүхээс шүүх хуралдаан болох талаар мэдэгдээгүй. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй байхад түүнийг хэргийн оролцогч болсон гэж үзэж, надад шүүхийн товыг мэдэгдээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, түүний төлөөлөгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус эрх, үүргийг тайлбарлаж өгсөн баримттай танилцаж, гарын үсэг зурсан бөгөөд эдгээр нь хэргийн 17, 18 дахь талд авагдсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Мөн хариуцагч тайлбартаа зээлийн гэрээ байгуулсан гэдгээ дурдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 64,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь хонь, үхрийн мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр *******той хамтарч ажилладаг байсан тул *******т 8 удаагийн гүйлгээгээр нийт 64,645,000 төгрөгийг зээлдүүлсэн. Иймд зээлийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд ...Мах нийлүүлэхээр хамтран ажилладаг байсан. Мах бол худалдан аваагүй. Мах нийлүүлэхээр хамтран ажиллаж байсан учраас махны үнэ гэж шилжүүлсэн гэх тайлбар гаргасан. /хх 49/
4.2 Нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх агуулгаар шаардсан бөгөөд зээлүүлэх болсон үндэслэлээ талууд хамтран ажиллахаар тохиролцсон гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн, эсхүл хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
5. Харин хариуцагчийн гаргасан ...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. /хх 35/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/24471 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-т гарын үсэг зурсан байна.
6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 381,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 257,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН