| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0074/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/79 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/79
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000820071 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч: Н.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц-
Шүүгдэгч С.Б- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл .., эхнэр Номин, 6-8 насны 2 хүүхдийн хамт амьдрах Багануур дүүргийн ..дугаар хороо, ... ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрт оператор ажилтай, Иргэний үнэмлэхэд .. дүүргийн . дугаар хороо, ..дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух гэж тэмдэглэгдсэн ба одоо .. дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцанд түр оршин суух,
2009 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б- овгийн С-ийн Б-, РД /....../
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
С.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 38 минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажлын албаны байрны урд талд орших хатуу хучилттай зам дээр 71-33 УБС улсын дугаартай “Тоёто приүс-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас уг замын явган хүний гарцаар гарч явсан хохирогч Н.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь баруун шаант ясны ил хугарал, шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн:
“Багануур дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр хорооны урд уулзвар дээр баруун гар эргэж өөдөөс ирж байсан машиныг харж байгаад эргэхэд хохирогчтой тулсан тул тормоз гишгээд мөргөсөн. Буугаад очиход хохирогч эгч зам дээр хэвтэж байсан. Би түргэн дуудсан. Би 2008 онд жолооч болоод 10 жил машин жолоодож байна. тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан. Гэм буруугаа хүлээж байна, хохирогчоос уучлал гүйсан. Эмчилгээний төлбөрт 2 300 000 төгрөг өгсөн. Хохирогчид 4 сая төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохирсон. Энэ хугацаанд машинаа зараад уг мөнгийг төлнө” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Н.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан чинь хажууд машин дуугарах шиг болоод би уначихсан. Намайг унахад миний баруун хөл шилбэ хэсгээрээ эргэчихсэн, маш их өвдөж байсан. Намайг мөргөсөн жолооч бууж ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ба хөлд төмөр суулгаж хадаас хадсан. Багануур дүүрэгт ирэнгүүтээ эмнэлэгт хэвтэж 7 хоног эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Кальци, Алтангагнуур, үрэвсэл намдаах эм зэргийг ууж хэрэглэж байна. Би Номин сүү ХХК-д хэвлэгч ажилтай. Би хоёр жил ажил хийж чадахгүй болсон. Эмчлүүлсэн зардал болох хор уршгийг тооцоод нийт 14 сая төгрөгийг Б-гаас нэхэмжилсэн. Үүнээс эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг, бэлэн 1 000 000 төгрөг нийт 2 300 000 төгрөг төлсөн. Би 7 700 000 төгрөгийг авахаас татгалзаж 4 000 000 төгрөгийг авахаар Б-тай тохиролцсон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Санал, гомдолгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18,20 дахь тал/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Миний араас С.Б- ах өөрийн эзэмшлийн 71-33 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа дагаад явж байсан. С.Б- ах ойрхон явж байснаа алга болчихоор нь би “яасан юм бол” гэж бодоод айлаас юм аччихаад буцаад ирж байхад 4 дүгээр хорооны уулзвар дээр түргэн тусламжийн машин ирсэн, С.Б- зам дээр машиныхаа урд талд нэг эгчийг тэвэрчихсэн сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/
Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн М-001 дугаартай
“Тоёота приүс-30” маркийн 71-33 УБС улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид... зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Н.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 38 дахь тал/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09шэ/128 дугаартай
“Н.Э-гийн биед баруун шаант ясны ил хугарал, шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх шилбэ ясны ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59 дэх тал/
Хэргийн газрын үзлэгийн
“Осол болсон гэх Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр хорооны ажлын байрны зүүн урд хэсэгт байх 4 замын уулзвараас ертөнцийн зүгээр хойшоо буюу Тогос-уул Нарийны чиглэлд зорчих засмал замын хэсэгт очиход Автомашинд ил харагдах ямар нэгэн эвдрэлгүй ба ослын газарт тормозны мөр байхгүй байв. Автомашины зүүн урд дугуйнаас явган хүний гарцны тэмдэглгээний зураас хүртэл 0.90 метр, зүүн урд талын дугуйнаас засмал замын хойд талын ирмэг хүртэл 3.40 метр байв” гэсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-10 дэх тал/
Жолооч С.Б-, хохирогч Н.Э- нарын согтуурлын зэргийг шалгасан
“С.Б-, Н.Э- нарын согтуурлын зэргийг драгер багажаар шалгахад 0.00 хувийн“ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7 дахь тал/ зэрэг болно.
Улсын яллагч дүгнэлтдээ:
С.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь С.Б-гийн анхаарал болгоомжгүй байдлаас болсон. Хохирол төлбөр 2 294 604 төгрөг төлсөн, 4 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн тул хохирол төлбөр дээр ямар нэг саналгүй. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт
С.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, эмнэлгийн тусламж, цагдаа дуудсан. Хохирол төлбөр төлж барагдуулсан ба үлдэгдэл мөнгийг төлөхөө илэрхийлсэн. Иймд С.Б-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
С.Б- нь “Тоёто приүс-30” маркийн 71-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 05 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ажлын байрны урд талын хатуу хучилттай замд уулзвараар эргэхдээ явган хүний гарцаар гарч явсан Н.Э-г мөргөж, баруун шаант ясны ил хугарал, шарх, зөөлөн эдийн гэмтэл учруулжээ.
Дээрх үйлдэл нь хохирогч Н.Э-гийн “явган хүний гарцан дээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан чинь хажууд машин дуугарах шиг болоод би уначихсан. Намайг унахад миний баруун хөл шилбэ хэсгээрээ эргэчихсэн, маш их өвдөж байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагчийн “...урдаас ирж байсан машин харж байгаад эргэхэд хохирогчтой тулсан тул тормоз гишгээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Бат-Эрдэнийн “...түргэн тусламжийн машин ирсэн байсан ба дөхөөд харсан чинь С.Б- машиныхаа урд талд зам дээр нэг эгчийг тэвэрчихсэн сууж байсан” гэсэн мэдүүлэг, зам тээврийн осол дээр тогтоосон актын “осол 14 цаг 05 минутад гарсан. Багануур дүүргийн 4-р хорооны урд талын зам дээр УБС 71-33 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган зорчигч мөргөх хэлбэрээр осол гаргасан. Осол гарсан замын байдал нь асфалтан тэгш шулуун хуурай зам дээр, суурингийн доторхи явган хүний гарцтай газар, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй газар байв” гэсэн тэмдэглэл /хх-5-6 дахь тал/, хэргийн газрын үзлэгийн “УБС 71-33 дугаартай машин нь хойд хоёр дугуй нь явган хүний гарц дээр, урд хоёр дугуй нь явган хүний гарцыг үл ялиг давсан байдалтай байх ба тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тоормозны мөргүй” гэсэн тэмдэглэл, шинжээчийн “Н.Э-гийн биед баруун шаант ясны ил хугарал, шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон зам тээврийн ослын талаархи үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ. Харин прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон осол гарсан цаг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс зөрүүтэй байгааг тэмдэглэж осол гарсан цагийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн 14 цаг 05 минут гэж дүгнэсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад:
Хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйл, 27.11 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хийсэн, Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
С.Б- нь В, С, Д, Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь жолоодох эрхийн 537366 дугаартай үнэмлэхээр тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид... зам тавьж өгнө” гэж заасан байхад жолооч С.Б- энэ заалтыг биелүүлээгүй нь шүүгдэгчийн “уулзвар дээр баруун гар эргээд өөдөөс ирж байсан машиныг харж байгаад эргэхэд хохирогчтой тулсан тул тормоз гишгээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн “тоормосны мөр байхгүй байв” гэсэн тэмдэглэл зэргээс харагдаж байна. МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3 дугаар зүйлд ”Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. С.Б- хуулиар хүлээлгэсэн үүргээ зөрчвөл “хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдэж анхаарал болгоомжтой байх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ зөрчсөн нь түүнийг жолоочийн хувьд өөрийн биелүүлэх ёстой үүрэгтэй хайнга, хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэл болж байна.
Энэ үүргээ зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн “Э-гийн шилбэ ясны ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. С.Б-гийн үйлдэл нь иргэн Э-гийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт тус тус заасан Монгол Улсын иргэний “эрүүл мэндийн халдашгүй байх” эрхэд халдсан үйлдэл мөн.
Иймд С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүгдэгчийн гэм бурууг үндэслэн хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй.
Хохирогч нь мэс заслын төлбөрт 60 250 төгрөг, спиц 9300 төгрөг, гэмтэл согог суддалын төвд 76 194 төгрөг, ПараКодент эм 10200 төгрөг, эм тариа 30 100 төгрөг, 3350 төгрөг, 25 500 төгрөг, эмнэлгийн ор хоногийн 35 960 төгрөг, өрөөний төлбөр 275 000 төгрөг, КТГ-толгой 100 000 төгрөг, эм тариа 40 000 төгрөг, суга таяг 45 000 төгрөг, эмчилгээний мөнгө гэж дансаар шилжүүлсэн 100 000 төгрөг, 150 000 төгрөг, 80 000 төгрөг, 100 000 төгрөг, хот руу эмчилгээнд явсан тээврийн хэрэгслийн түлшний үнэ 105 750 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 48 000 төгрөг, дансаар шилжүүлсэн 1 000 000 төгрөг нийт 2 294 604 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан нь хавтаст хэргийн 132-141 дэх талуудад авагдсан баримтуудаар тогтоогджээ.
С.Б- нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлж байсан. Хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт эмчилгээний 2300 000 төгрөг, хоёр жилийн цалин 11 700 000 төгрөг нийт 14 000 000 сая төгрөг нэхэмжилсэн ба хохирогч хэдий хугацаагаар хөдөлмөрийн чадваргүй байх болон сард хэдэн төгрөгийн цалин авдаг зэрэг баримтууд шүүхэд ирээгүй.
Шүүгдэгч эмчилгээний зардалд 2 300 000 төгрөгийг төлж, цалингийн хохиролд 4 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, хохирогч 7 700 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзах зэргээр талууд тохиролцсон нь тэдний хооронд хийгдсэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай гэрээгээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж хүргэсэн, эмчилгээний зардлуудыг тухай бүр төлж хохирогчийн эрүүл мэндийн эдгэрэлтэд анхаарсан, хохирогчид 4 сая төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зохистой гэж дүгнэв. Мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зайлшгүй оногдуулна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ