Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04917

 

2016 оны 08 сарын 22 өдөр

 

     Дугаар 102/ШШ2016/04917

                         Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, улсын гудамж 1, “Рояал Плаза” төвийн байр, 2 давхарт 202 тоотод байрлах, “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК /РД:5784662/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ-2-1-31 тоотод оршин суух, Боржигон овогтой Энхтуяагийн Туул /РД:ХЖ80040902/-д холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхтуул, хариуцагч Э.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Туул нь “Сүлд санхүүгий нэгдэл ББСБ” ХХК-ийн мөнгө болох 500,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түр хугацаагаар зээлж авсан. Зээлийн төлбөрийн хүү алданги тооцохгүйгээр авсан болно. Гэтэл Э.Туул нь авсан мөнгөө одоог болтол эргүүлж өгсөнгүй. Иймд дээрх шаардлагаар мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Туул миний биед холбогдох Сүлд санхүүгийн нэгдлийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр авсан гэх 500,000 төгрөг нь тухайн үедээ миний бие “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-аас 4,500,000 төгрөгийн зээл авч 55-57 дугаартай “Тоёотой премо” маркийн автомашинаа оронд нь барьцаанд тавьсан байсан. Зээлээ эргүүлж төлж чадахгүй байсаар хугацаа хэтэрч өндөр хэмжээний хүү алданги тооцогдож, “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ миний нэр дээр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрч 500,000 төгрөг нэмж аван мөнгөнийхөө оронд та “Тоёото” маркийн машинаа өгч дээр нь машиныхаа засвар болох хаалга, урд гупер , хормой зэргийг засаж будаж янзалж өгсөн. Би машина анх 14,500,000 төгрөгөөр Япон улсаас орж ирэхэд нь худалдаж авч байсан бөгөөд өмнөх 4,500,000 төгрөгийн хамт тооцож авто машинаа сүлд санхүүүгийн нэгдэлд шилжүүлж өгч өрний асуудлыг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхээр асуудлаа шийдүүлсэн тул одоо нэхэмжилж байгаа 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Сүлд санхүүгийн нэгдэлд одоо огт өр байхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК нь хариуцагч Э.Туулаас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Э.Туулд 500,000 төгрөгийг зээлсэн гэснийг хариуцагч өмнөх зээлийн барьцаа хөрөнгөөр төлсөнд тооцсон тул зээлийг төлөхгүй гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 119-ний өдөр нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК нь хариуцагч Э.Туулд 500,000 төгрөгийг өгсөн баримт авагдсан байх хариуцагч 500,000 төгрөг авсан тухайд маргаагүй байна.

 

Харин хариуцагч Э.Туул нь тайлбартаа “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-иас өмнө нь 4,500,000 төгрөгийн зээл авч 55-57 дугаартай “Тоёотой премо” маркийн автомашинаа оронд нь барьцаанд тавьсан байсан. Зээлээ эргүүлж төлж чадахгүй байсаар хугацаа хэтэрч өндөр хэмжээний хүү алданги тооцогдож, “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ миний нэр дээр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрч 500,000 төгрөг нэмж авч, мөнгөнийхөө оронд та “Тоёото” маркийн машинаа өгч дээр нь машиныхаа засвар болох хаалга, урд гупер, хормой зэргийг засаж будаж янзалж өгсөн” гэснийг нэхэмжлэгч “...зээлийн барьцааны зүйлийн засварт тооцогдохгүй, уг автомашины үнэ өмнөх зээлийн төлбөрт хүрэхгүй, тухайн өдөр гэрээ балгуулалгүйгээр 500,000 төгрөг авсан” гэж тайлбарласан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр 500,000 төгрөгийг “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК нь хариуцагч Э.Туулд зээлдүүлэхээр шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

 

Гэвч хариуцагч 500,000 төгрөгийг өмнө авсан зээлийн барьцаа хөрөнгө болох автомашинаар төлсөн гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч Э.Туулаас 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Туулаас 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Э.Туулаас 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР