Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01332

 

                                                          *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03638 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн 183/ШЗ2019/04984 дугаар захирамжаар Олон улсын арбитрын төвийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн HKIAC/PA17079 тоот шийдвэрийг баталгаажуулж, мөн өдрийн №183/ГХ2019/0000461 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр төлөгчид болох ******* болон *******-аас ойролцоогоор 4,500,000 ам.долларыг түүнд тооцогдох хүү, зардлын хамт гаргуулж *******т олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ******* явуулж байна.

Төлбөр төлөгч ******* болон төлбөр авагч нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хувьцаа барьцаалах гэрээ, түүний дагуу гүйцэтгэх хуудаст Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон Монгол Улсын хуулийн дагуу нэгдүгээр хариуцагч *******-ийн эзэмшиж буй *******-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлж... хэмээн заасны дагуу барьцааны зүйл болох *******-ийн хувьцааны үнэлгээг *******-аар хийлгэсэн. *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн үнэлгээгээр *******-ийн нийт хувьцааны зах зээлийн үнэ цэнг 26,182,271,450 төгрөг гэж үнэлсэн байна.

1.2 ******* нь үнэлгээ хийхдээ цэвэр хөрөнгийн үнэлгээний аргаар *******-ийн хувьцааны үнэ цэнийг 19,229,803,680 төгрөг байх үнэлгээ хийсэн боловч компанийн орлогын хандлагын арга гэгчээр 26,182,271,450 төгрөгийн үнэ цэнэтэй хэмээн хэтэрхий зөрүүтэй 2 янзын үнэлгээг хийж, үндэслэлгүйгээр өндөр дүнтэй үнэлгээг сонгож гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сард *******-ийн бүх хөрөнгөд үнэлгээ хийсэн ба тийнхүү үнэлгээ хийгдсэнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд *******-ийн уурхай дээр битүүмжилж, хураасан эд хөрөнгөнөөс байшин барилга нурсан, хулгайд алдагдсан, зарим тоног төхөөрөмж эвдэрч устсан, ихээхэн хэмжээгээр дутсан, нөхцөл байдал нь элэгдэж муудсан боловч ******* нь үнэлгээ хийхдээ бодит үнэлгээ хийсэнгүй.

******* нь 2018 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, гол уурхайг ашиглаагүй гэх тайлбар хийдэг. Үүнээс өмнөх хугацаанд ******* нь гол уурхайн нөөцийг сорчлон ашигласан, хувиараа ашигт малтмал олборлогч нар хууль бусаар орж олборлолтын үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг хүчин зүйлсийн улмаас гол уурхайн ашиглах боломжтой бодит нөөц маш бага үлдсэн гэх мэдээллийг бид тухайн уурхайд урьд өмнө нь ажиллаж байсан мэргэжилтнүүд болон орон нутгийн иргэдээс өгч байхад хангалттай хэмжээний баримт, мэдээлэл, судалгаагүйгээр *******-ийн хувьцааны үнэ цэнийг тогтооход орлогын хандлагын арга хэрэглэх үндэслэлгүй юм. *******-ийн хийсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг баримтлаагүй, 4 дүгээр зүйлд заасан хараат бус байх, шударга байх, бодитой байх зарчмыг зөрчсөн байна.

1.3 Түүнчлэн хариуцагчаас шинжээч томилон хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болно. Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээ хийх олон улсын стандарт зөрчсөн байх тул *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *******-ийн хувьцааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Олон Улсын Арбитрын төвийн НКIAC/PA17079 дугаартай хэргийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр *******, *******-аас худалдан авах үнийн төлбөрийн үлдэгдэл болох 2,450,000 ам.доллар дээр гэрээгээр тогтоосон хүү болох 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тооцоолсноор 1,121,178 ам.долларын хамтаар нийт 3,571,178 ам.доллар, арбитрын ажиллагааны зардлын 80 хувь болох 806,574 ам.доллар болон аливаа захиргааны болон Арбитрын бүрэлдэхүүний хөлс болох 10.450 ам.доллар нийт 3,571,178 ам.доллар, 69,237.64 ам.доллар нийт 817,027.29 ам.долларыг төлбөр төлөгдөх хүртэл төлөх нэмэгдүүлсэн хүү болох 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-нийг дуустал тооцоолсноор 7,989.60 ам.долларын хамтаар нийт 77,227.24 ам.долларыг *******-аас гаргуулах 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах *******-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын аймгийн сумын ойролцоо орших баяжмал үйлдвэрлэдэг голын уурхай уурхайн мөнгөн гүйлгээ, орлого, зарлага, үйлдвэрлэлийн талаарх сар тутмын мэдээлэл, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах жин, WO3 хувь хэмжээ, тээвэрлэлтийг зардал, бусад зардал, хүлээн авсан орлого зэрэг үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн сар тутмын бүртгэл 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах голын уурхайн уулын ажлын тайлан Монгол улсын засгийн газарт өгсөн байдлаар голын уурхай дахь шинэ баяжуулах үйлдвэрийн өртөг / барилга, машин механизм тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн зардал зэргийг оролцуулан/ Гол уурхай дахь шинэ барилга ажлын байрны өртөг /материал тоног төхөөрөмж болон тохижуулалтын зардал зэрэг оролцуулах/ гол уурхайн үйл ажиллагаа буюу сайжруулалтад ашигласан зээлийн дүн /хүүгийн хүү хэмжээ болон эргэн төлөлтийн хуваарь зэргийг оролцуулан/ *******-ийн биелүүлээгүй байгаа хуулиар хүлээсэн үүрэг. шол уурхайтай холбоотой одоогийн баяжмалын гэрээнүүдийн талаарх мэдээлэл хоорондын санхүүгийн хэлцлүүдийг оролцуулан ******* болон хоёрдугаар хариуцагч нарын хоорондох харилцааны талаар мэдээлэл гаргуулан, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээ хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон *******-ийн эзэмшиж буй *******-ийн хувьцааг нэхэмжлэгч үзэмжээр хэдийд ч худалдаж болохоор шийдвэрлэсэн.

2.2 Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан төлбөр төлөгч *******-ийн эзэмшиж буй *******-ийн 2587645 ширхэг хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19290634/01 дугаар тогтоолоор битүүмжлэн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19290634/10 дугаар тогтоолоор хураасан.

Талуудаас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/84 дугаар тогтоолоор *******-ийн шинжээч ыг томилон зах зээлийн үнийг тогтооход 26,182,271,450 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар төлбөр төлөгч *******, *******, болон төлбөр авагч ******* тус тус мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 2019 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн бөгөөд төлбөр бүрэн төлөгдөөгүй биш, хэсэгчлэн төлөгдсөн. Төлбөр төлөгч нарын зүгээс удаашруулсан зүйл байхгүй. Энэ бол худалдаж авсан нь зөвхөн лиценз байсан. Авснаас хойш техник технологи, бүхий л зүйлийг хийсэн, сайжруулсан. 3,5 сая байсан эд хөрөнгө 26 тэрбум болсон гэдэг нь үндэслэлтэй. Тоногт төхөөрөмж хураагдсанаас хойш тоногдсон гэдэг энэ талаар гомдлоо гаргаад шалгуулсан зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******-ийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №121 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Төлбөр төлөгч, төлбөр авагч нар шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаж, шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авч, талууд тохиролцоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор *******-ийн үнэлгээчин томилж, эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж, тогтоолыг танилцуулсны үндсэн дээр үнэлгээ тогтоох ажиллагаа явагдсан. *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаар захирлын тушаалаар үнэлгээчин 1912001 дугаартай үнэлгээчнийг томилсон. Шийдвэр гүйцэтгэгч шүүх шинжилгээний тухай хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хууль заасан эрх үүргийг танилцуулан мөн өдөр үнэлгээчид шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тус тус тэмдэглэл үйлдсэн.

Шүүх дээрх нотлох баримт байсаар байхад үнэлэлт дүгнэлт өгөлгүй эрх үүрэг, хууль тайлбарлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заагдсан тусгайлсан хугацаанд үнэлгээний тайлан гарах боломжгүй тухайгаа *******-аас Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн хүсэлт, Үнэлгээний тайланд шинжээч томилсон зэрэг үйл баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор үнэлгээчин томилогдсон нь нотлогдож байдаг. Өөрөөр хэлбэл нэг өдрийн дотор үзлэг хийж, нэг өдрийн дотор үнэлгээний тайлан гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлт шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй, үндэслэл бүхий үнэлгээний тайлан.

Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн арга, жишиг үнийн арга, орлогын арга зэргийг сонгон, хослуулан үнэлгээг тогтоох учиртай. Үнэлгээчин дээрх аргуудыг ашиглан хувьцааны үнэлгээг тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 140 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч тэй уулзахад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолыг үнэлгээний компани руу явуулсан гэх, ******* дээр очиж уулзахад тогтоолыг шийдвэр гүйцэтгэх газар танилцуулдаг бидэнд байхгүй гэх хариуг тус тус өгч байсан. Би тэрхүү 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарсан гэх тогтоолтой танилцаж байгаагүй.

Түүнчлэн, хэрэгт шинжээч томилох тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол гэх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас *******-ийг шинжээчээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3/84-р тогтоолоор томилсон нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар цуглуулсан. Иймд гомдол гаргагчийн Шүүгч дээрх нотлох баримт байсаар байхад үнэлэлт дүгнэлт өгөлгүй эрх үүрэг, хууль тайлбарлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна.

6.2 Шинжээч Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээ хийх олон улсын стандартыг баримтлан өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын гэх 3 аргыг ашиглаж дүгнэлт гаргах ёстой боловч шинжээч нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайланг гарахдаа Оросын холбооны улсад ашиглагддаг үнэлгээний аргачлалын онооны системийг сонгож авсан үндэслэлээ анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарлахаас татгалзсан.

Түүнчлэн, шинжээч нь өртгийн /19,229,803,680/ болон орлогын /26,182,271,450/ хандлагын аргаар тус тусад нь үнэлж 2 өөр үнийн дүнтэй үнэлгээ гаргаж үндэслэлгүйгээр хамгийн өндөр дүнгээр үнэлсэн болох орлогын хандлагын аргаар үнэлсэн үнэлгээгээ сонгож *******-ийн нийт хувьцааны үнэ цэнийг тодорхойлсон үндэслэлээ тайлбарлахаас татгалзсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шинжээч нь үнэлгээний гол зүйл болох *******-ийн эзэмшлийн голын уурхайд очиж үзээгүй, өвлийн улирал байсан тул очиж үзэх боломжгүй байсан талаар тайлбарладаг. Өөрөөр хэлбэл 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, эвдэрч муудсан уурхайн машин, төхөөрөмж, доторх эд анги тоногдсон, уурхайн тоног төхөөрөмж, эд зүйлсийг биечлэн үзэлгүй үнэлгээг гаргасан байдаг. *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан нь хараат бус, бодитой бус, үндэслэлгүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний хийх олон улсын стандарт зөрчсөн.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******-ийн хувьцааны үнэлгээг үнэлсэн *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан.

3. Олон Улсын Арбитрын төвийн 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр хариуцагч 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээ №1-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч нь худалдан авах үнийн төлбөрийн үлдэгдэл болох 2,450,000 ам.долларыг, худалдан авах үнийн гүйцэтгээгүй дүнгээс тооцох гэрээгээр тогтоосон хүү буюу төлбөр төлөгдөх хүртэл жилийн 6 хувиар тооцож улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэй хүүгийн хамтаар нэхэмжлэгчид төлөх, хариуцагч нь зөвхөн дээрх b хэсгээр шийдвэрлэсэн дүнг нэгдүгээр хариуцагчтай хамт түүнтэй хамтран болон дангаараа /jointly and serverally/ хариуцагчид төлөх, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа барьцаалах гэрээний 10 дугаар зүйлд зааснаар гэрээний зөрчил үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу дээрх 10 дугаар зүйлд зааснаар барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж, хариуцагчид нь төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр хувьцаа барьцаалах гэрээ болон Монгол Улсын хуулийн дагуу нэгдүгээр хариуцагчийн эзэмшиж буй *******-ийн хувьцааг нэхэмжлэгчийн бүрэн үзэмжээр хэдийд ч худалдаж болох бөгөөд тийнхүү худалдсанаас олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлэх,

-хариуцагч нь нэхэмжлэлийн /24/-т заасан баримт бичгүүд ба эсхүл мэдээллийг нэхэмжлэгчид гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах *******-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын аймгийн сумын ойролцоо орших баяжмал үйлдвэрлэдэг голын уурхай уурхайн мөнгөн гүйлгээ, орлого, зарлага, үйлдвэрлэлийн талаарх /сар тутмын/ мэдээлэл, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах /жин, WОЗ хувь хэмжээ, тээвэрлэлтийн зардал, хадгалалтын зардал, бусад зардал, хүлээн авсан орлого зэрэг/ үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн /сар тутмын/ бүртгэл, 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах Голын уурхайн уулын ажлын тайлан /Монгол Улсын Засгийн газарт өгсөн байдлаар/, Гол уурхай дахь шинэ баяжуулах үйлдвэрийн өртөг /барилга, машин механизм, тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн зардал зэргийг оролцуулан/, Гол уурхай дахь шинэ барилга, ажлын байрны өртөг /материал, тоног төхөөрөмж болон тохижуулалтын зардал зэргийг оролцуулан/, Гол уурхайн үйл ажиллагаа буюу сайжруулалтанд ашигласан зээлийн дүн /хүүгийн хувь хэмжээ болон эргэн төлөлтийн хуваарь зэргийг оролцуулан/, Гол уурхай дахь хүргэлтийн урьдчилгаа төлбөрийн дүн /урьдчилгаа төлбөрийн эргэн төлөх хуваарь болон баяжмал хүргэхтэй холбоотой аливаа урт хугацааны үүрэг зэргийг оролцуулан/, *******-ийн биелүүлээгүй байгаа хуулиар хүлээсэн үүрэг, Гол уурхайтай холбоотой одоогийн баяжмалын гэрээнүүдийн талаарх мэдээлэл, мөн хоорондын санхүүгийн хэлцлүүдийг оролцуулан ******* болон хоёрдугаар хариуцагч нарын хоорондох харилцааны талаарх мэдээллийг гаргаж өгөх, хариуцагчид нь хамтран болон дангаараа /jointly and serverally/ хүлээх хариуцлагын дагуу өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн гаргасан арбитрын ажиллагааны зардлын 80 хувь буюу 806,574.29 ам.доллар болон аливаа захиргааны болон Арбитрын бүрэлдэхүүний хөлсийг 100 хувь нэхэмжлэгчид төлөхийг тус тус даалгаж шийдвэрлэжээ. /1хх 46-65/

3.1 Дээрх арбитрын шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 дугаар захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн байна. /1хх 44-45/ Тус шүүхийн мөн өдрийн 183/ГХ2019/0000461 дугаар гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явуулахыг *******т зөвшөөрсөн байна. /хх43/

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19290634 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /1хх 89/ 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19290634101 дугаар тогтоолоор *******-ийн эзэмшиж буй *******-ийн 2587645 ширхэг хувьцааг битүүмжлэн, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19290634/10 дугаар тогтоолоор хураасан./1хх 107-109/ Талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

4.1 *******, ******* болон ******* нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлбөрт хураагдсан хувьцааг нийт 36,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн саналыг хариуцагч байгууллагад гаргасан. /1хх 112, 114, 116/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/84 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор *******-ийн үнэлгээчин ыг шинжээчээр томилсон байна.

4.2 Улмаар шинжээч аас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулж, холбогдох хуулийг танилцуулж, хүлээх хариуцлагыг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /1хх 121-122/ Мөн шинжээч нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт үйлджээ. /1хх 124/

Гэтэл *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай албан бичигт ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/84 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу *******-ийн нийт хувьцааны зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар *******-ийн нийт хувьцааны зах зээлийн үнэ цэнэ 26,182,271,450 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. /1хх 143/ Тус үнэлгээний тайланд үнэлгээний огноог 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэж, үзлэгийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэж, тайлангийн огноог 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэж тус тус тэмдэглэсэн байна. /1хх 145/

4.3 Мөн *******-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Шинжээчийн тогтоолын хугацаа сунгах тухай албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг 14 хоногоор сунгах хүсэлтийг *******т хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч, үнэлгээний тайланд дурдагдсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/3 дугаартай шинжээч томилох тогтоол хэрэгт авагдаагүй тул шинжээчид хуульд заасан эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулах ажиллагааг хийгээгүй байхад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үзлэг хийж, хөрөнгө үнэлсэн байна гэх үндэслэлээр *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121 дугаар үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/3 дугаар тогтоолоор шинжээч томилсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор *******-ийн үнэлгээчин ыг томилж, эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж, тогтоолыг танилцуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хөрөнгийн үнэлгээний тайланд Цэвэр хөрөнгийн аргаар тооцсон *******-ийн нийт хувьцааны үнэ цэнэ 19,229,803,680 төгрөг буюу 19,229,803,680 төгрөг болохыг тодорхойлов гэж, Орлогын хандлагын аргаар тооцсон *******-ийн нийт хувьцааны үнэ цэнэ 26,182,271,450 төгрөг буюу 26,182,271,450 төгрөг болохыг тодорхойлов гэж тусгасан, дүгнэлтдээ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар *******-ийн нийт хувьцааны зах зээлийн үнэ цэнэ 26,182,271,450 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. /1хх 230/

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний тайлан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН