Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2016/04915

 

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04915

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 дүгээр байрны 06 тоот байрлах, “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 41 дүгээр байрны 20 тоот оршин суух, Адуучин овогтой Жамцын Мөнхбат /РД:ЧЛ84010673/-д холбогдох сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох 464,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Жамц овогтой Мөнхбат нь 2013 оноос хойш тус байранд амьдарч байгаа бөгөөд 41 дүгээр байрны 20 тоотын үндсэн эзэмшигч, СӨХ-ны гишүүн мөн. Иргэн Ж.Мөнхбат нь өөрийн амьдарч байгаа байрны Удирдах зөвлөлийн тогтоол , байрны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг, байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлуудыг  санхүүжүүлэхэд санаатайгаар оролцоогүйгээс Төрийн банкны дансанд /2015 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 сар, 2016 оны 01, 02, 03, 04, 05 сарын  нийт 464,400 төгрөгийн өрийг үүсгээд байна. Манай СӨХ сард 2 удаа төлбөрийн мэдэгдэл хүргэдэг, утсаар ярьж олон удаа зөвлөлдсөн болно. Иймд сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ хийсэн ажилчин хүний цалин, байрын ашиглалтыг сайжруулах, дундыг өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийдэг зарцуулах хуримтлалыг үүсгэхэд, оролцоогүй, байрны оршин суугчдын нийтлэг эрх ашиг, хамтын аж байдлын ашиг сонирхлыг үл ойшоон манай СӨХ-ноос үйлчилгээг авсаар ирсэн. “Шигтгээ-Үүд” СӨХ-ны 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан , 2016 оны 1 дүгээр хагасын тайланд өр авлагыг үүсгэсэн тул Иргэний хуулийн 149.2 заалтыг үндэслэн иргэн Ж.Мөнхбатаас 464,400 төгрөгийг шүүхээр гаргуулахаар нэхэмжилж байна. СӨХ-ын захиралд дээрх төлбөрөөс багасгах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Мөнхбат миний бие “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжил буй 464,000 төгрөгийн 300,000 төгрөг болгон төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.Мөнхбатаас 464,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Тодруулбал орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2015 оны 02 сараас 2016 оны 04 сарын төлбөр нийт 464,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 41 дүгээр байрны 20 тоот оршин суух Ж.Мөнхбат нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч байна.

 

Тэрээр 2015 оны 02 сараас 2016 оны 04 сарын төлбөр нийт 464,000 төгрөгийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан Төрийн банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3-5 дугаар тал/

 

Нийтийн зориулалттай орон сууцанд сууц өмчилдөг өмчлөгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцож, зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Ж.Мөнхбатаас 464,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх Ж.Мөнхбатад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ж.Мөнхбатаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 464.000төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 912 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.Мөнхбатаас 14,570 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР