| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/00718/И |
| Дугаар | 210/МА2025/01333 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01333
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03421 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 50,838,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тэй 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ББГ-КТ2019/0313 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, 20,000,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувийн, бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн.
1.2 Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй байгаа тул *******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,875,621 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 16,911,865 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 13,296,847 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 1,754,570 төгрөг, нийт 50,838,904 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны гэрээнд зээлийн хүүг 1, 2, 3.5 гэж ойлгомжгүй, зөрүүтэй тохирсон нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй, зээлдэгчид хүүг бага мэтээр ойлгуулах, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнээс шалтгаалж зээлийн хүүгийн тооцоолол буруу болсон. Зээлийн гэрээний эрхийн нөхцөлд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Иймд энэ талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй.
2.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.
Мөн гэрээнд зээлийн эрх зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй бол карт системд түр хаагдах хугацаа 3 сар гэж заасан байгаа, нэхэмжлэгч намайг төлбөрөө төлөхөө зогссоноос хойш 3 сарын дараа хааж надаас төлбөрөө нэхэмжлэх бүрэн боломжтой байхад 20,000,000 төгрөгийн зээлийн картын хэмжээг 50 хүртэл сая болгосонд гомдолтой байна.
2.3 Миний бие 2017 онд анх *******-тай кредит картын гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг гэрээний хувийг хэрэгт хавсаргаж өгөөгүй, албаар сүүлд байгуулсан 2019 оны гэрээг хэрэгт өгсөн, уг гэрээний дагуу шаардлага гаргасан байна. Ингэхдээ өмнөх гэрээний кредит картын үлдэгдлийн тооцоог сүүлийн гэрээний тооцоололтой хольж, будилуулж байна. Иймд өмнөх кредит картын гэрээ, тооцоолол, хувийн хэрэг зэргийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтэй байна. ******* нь хуульд байхгүй эрх хэтрүүлсний хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна.
Иймд үндсэн зээл 18,875,621 төгрөгийг гэрээний үүрэг зөрчиж эхэлснээс хойш 3 сар хүртэл хүүгийн хамт буцаан төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******ээс 29,694,663 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,144,241.67 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,145 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306,423 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ББГ-КТ2019/0313 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний дагуу 50,838,904 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа өөрчлөөгүй. Харин өөрийн шаардлагаа маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад 2017 оны Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний үүрэгтэй хольж, тус зээлийн харилцааг нэхэмжлэлийн шаардлага болсон 2019 оны зээлийн харилцаа үргэлжилж байгаа мэт тайлбар гаргасан. Хариуцагчийн зүгээс энэхүү үйлдлийг эс зөвшөөрч маргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж 2017 оны зээлийн харилцааны үргэлжлэл 2019 оны зээлийн гэрээтэй хамааралтай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримт буюу хэргийн 6-15 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 10 сард төлсөн төлбөр нь 2017 оны зээлийн төлбөрт төлсөн үйл баримтыг нотлохгүй гэж үзэж байна.
4.2 Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний сунгалт хийх хүсэлтийг хариуцагчаас гаргасан учир 2019 оны Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулсан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэрээг сунгах, түүний дагуу хүсэлт нэхэмжлэгчид гаргасан зүйлгүй. Нэхэмжлэгч үүнийг нотолж чадаагүй. Хэдий хариуцагчийн зүгээс 2017 болон 2019 оны Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсанд маргадаггүй боловч 2017 оны зээлийн харилцаатай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.
2019 оны Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний дагуу хариуцагчийн зүгээс мөнгөн хөрөнгө ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Зарим тохиолдолд хугацаа хэтрүүлсэн зүйл байх боловч ашигласан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлж байсан болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар мөн адил тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагатай холбоотой тооцооллыг гаргаж, үнэн зөв тайлбар мэдүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсний төлбөр, эрх хэтрүүлсний төлбөр гээд зарим шаардлага нь хуульд нийцэхгүй, үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг илт зөрчсөн.
4.3 Мөн талуудын байгуулсан гэрээнээс авч үзэхэд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Учир нь тус гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү нь cap бүр бус нэг удаагийн үйлдлээр 2 болон 1 хувийн хүү тооцохоор зохицуулагдсан гэж ойлгогдож байна. Түүнчлэн ийнхүү эрх хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн гэх давхар давхар хариуцлага тооцсон зохицуулалт хуульд байхгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол ойлгомжгүй, буруу баримтад үндэслэгдсэн гэж үзэж байна.
Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулахаар тогтоосон 29,694,663 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд үлдэх 25,694,663 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулсан 29,694,663 төгрөгийн 25,694,663 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан үндсэн зээл 18,875,621 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 16,911,865 төгрөг, зээлийн хэтрүүлсэн хугацааны төлбөрт 13,296,847 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 1,754,570 төгрөг, нийт 50,838,904 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг ...зээлийн хүүгийн тооцоолол буруу болсон, хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй тул төлөхгүй, өмнөх гэрээний кредит картын үлдэгдлийн тооцоог сүүлийн гэрээний тооцоололтой хольсон. Иймд үндсэн зээл 18,875,621 төгрөгийг гэрээний үүрэг зөрчиж эхэлснээс хойш 3 сар хүртэл хүүгийн хамт буцаан төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар үгүйсгэн маргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж, мөн зүйлийн 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус заасан. Түүнчлэн, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүх төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгах үүрэгтэй.
3.1 Нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Голомт банкны тусгай активын хэлтсийн дарга *******д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. /хх 17/ *******д олгосон итгэмжлэлийн хугацаа 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дууссан байна.
3.2 *******-ийн Зээл цуглуулах газрын захирал ******* нь өөрт олгосон дээрх итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******т итгэмжлэл олгосон. ******* нь уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцож, маргааны талаар мэтгэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5, 6.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардсан, харин хариуцагч татгалзалдаа 2019 онд зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан.
4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэ талаар маргаж ...2017 оны кредит картын гэрээ, тооцоолол, хувийн хэрэг зэргийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2024/21446 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, *******-аас дээрх хүсэлтэд дурдсан баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх 37/
Гэтэл нэхэмжлэгчээс зээлийн хувийн хэрэг ирээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна.
5. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлээгүй. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эрх зүйн байдлыг тодруулан зөвтгөх, нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03421 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 286,424 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН