| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 311/2025/00127/И |
| Дугаар | 205/МА2025/00013 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 205/МА2025/00013
Г.Х-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 311/ШШ2025/00268 дугаар шийдвэртэй
Г.Х-ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь П.К-д холбогдох Завхан аймаг дахь П.К-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Г.Х нь Завхан аймаг дахь П.к-д холбогдуулан тус к-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Миний бие Г.Х нь ... Завхан аймаг дахь П.к-д 2022 оны 01 сард сургуулийн жижүүрээр томилогдон 5 жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. 2025 оны 01 сарын 08-нд намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байр орхиж явсан гэх зөрчлөөр ажлаас чөлөөлсөн. Ажлын байранд миний бие согтууруулах ундаа хэрэглээгүй, ажлын байраа орхиж явсан удаагүй болно. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн боловч ажил дээр 24 цагаар ажиллах үед захирал Б.Г нь өөрийн биеэр шалгаж тэр үед миний ажил үүргийг үргэлжлүүлэн хийлгүүлсэн байдаг. Ямар ч баримт нотолгоогүй ажлаас чөлөөлсөн тул эгүүлэн ажилдаа томилуулах хүсэлтэй байгааг минь харгалзан ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүсэж байна гэжээ.
2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:
“...Г.Х-ын шүүхэд гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Сургуулийн жижүүр Г овогтой Х нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.1; 42.2.2; 42.2.3. 80.1.4 заалтууд болон, хөдөлмөрийн гэрээний 6.2.1; 6.2.2; 6.2.3 заалтууд, сургуулийн жижүүрийн албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилтыг хэсэгчлэн биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчил гаргасан болно. Тодруулбал:
1. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуваарьт жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа ажлын байрыг тодорхой шалтгаангүйгээр 4 цагийн хугацаанд эзэнгүй орхин явсан…
2. Ажлын байрыг эзгүй орхиж явсан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 19 цаг 35 минутын үед миний бие гэртээ харихаар сургуулиас гарах гэж явах үедээ Г.Х-тай жижүүрийн үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа тухайд мөн сургуулийн спорт зааланд тоглож буй хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавих тухайд харилцан ярилцсан. Энэ үед түүнээс согтууруулах ундаа үнэртэж байсан. …Тухайн үед миний бие зохих арга хэмжээг авч холбогдох хууль эрх зүйн актын дагуу ажлаас чөлөөлж болохоор байсан боловч менежерүүдийн хяналтын дор ажил, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг зөвшөөрсөн нь нэгд ажилтандаа итгэсэн итгэл, хоёрт түүний ахуй амьдралыг харгалзан үзсэн хүн чанарын илрэл, мөн түүнийг ажлаас чөлөөлөх сонирхолгүй байсан гэдгийн нотолгоо юм.
3. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн туршид Г.Х нь ажлын бус цагаараа бусадтай нийлж сургуулийн хичээлийн байранд архи авч орон хамт уусан, согтуурсан, биеэ авч явах чадваргүй болтлоо мансуурсан байдалтай байсан.
4. 2025 оны 01 сарын 03-ны өдөр хуваарийн дагуу жижүүрийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд тухайн өдөр ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй согтуу, нүүр нь халцарсан, маск зүүсэн байдалтай байсан. …Сонсох ажиллагаа хийж тайлбар авсан өдрөө жижүүр Г.Х-т 2025 оны 01 сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаад явахдаа эрүүл мэндийн шалтгаан байсныг нотлох эрх бүхий байгууллагад хандаж үйлчилгээ авсан тухай нотлох баримтаа аваад ирээрэй гэсэн үүрэг өгсөн. Гэвч Г.Х нь энэ тухайд надад ахин хандаж тайлбар өгөөгүй, мөн нотлох баримт өгөөгүй тул 2025 оны 01 сарын 8-нд тушаалаа гаргасан. Дээрх үйлдлүүд нь 2023 оны 09 сарын 01-ны өдөр Г.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д заасан Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх", 6.2.2-д заасан "Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 6.2.3-д заасан "Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцад архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх гэсэн үүргийг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн хамт олны дотоод журмын 10.1.2-д заасан "Ажлын байранд болон ажлын цагаар архи уусан багш, ажиллагсдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно", хөдөлмөрийн гэрээний 8.3.4-д заасан "Ажлын цагаар болон, ажлын бус цагаар ажлын байранд, түүнчлэн энэхүү гэрээнд хамаарах ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсан" бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Иймд Г.Х-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-т зааснаар Г.Х-ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь П.к-д холбогдох Завхан аймаг дахь П.к-д захирлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-т зааснаар Г.Х-ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь П.к-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд хариуцагч буюу Завхан аймаг дахь П.к-оос нотлох баримтаар гаргаж өгсөн камерын бичлэгийг үндэслэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашгийг хөндсөн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, нөхцөл байдлыг бүрэн тогтоох, хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн, нэг талын өнцгөөс авсан гэх камерын бичлэгийг нотлох баримтын хүрээнд авч үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШШ2025/00268 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн 42.2.3, 42.6 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө гурван үндэслэлийг тусгасан байдаг. Нэгт, ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хоёрт, ажил хийх хуваарьт жижүүрийн үүргийг тасалсан. Гуравт, жижүүрийн буюу постын хэсгийг орхин явсан гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зөрчсөн учраас сахилгын шийтгэл оногдуулсан. Улсын дээд шүүхийн тайлбараар ...хариуцагч сахилгын зөрчлийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан камерын бичлэгт, сургуулийн үүдний хэсгийг харуулсан нэг талын камер болох нь тогтоогдож байна. Камерын бичлэгт ...Г.Х-ыг сургуулиас орсон, гарсан үйл явдлыг харуулж байна. Жижүүр сургуулийн гадна өөрийн чиг үүргийн дагуу хяналт тавих боломжтой. Хоёрт, ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн архи үнэртэж байсан гэх боловч, согтолтын зэргийг шалган тогтоогоогүй. Тухайн үед байсан 3 хүнээс 2 хүн нь гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Г.Х-тай хамт байсан гэрч ...бид 2 хамт архи уусан гэдэг. Г.Х-тай хамт архи уусан хүнийг ажлаас чөлөөлөөгүй. Тухайн үед ээлжтэй байсан жижүүр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...миний хажууд ажлын байран дээр Г.Х архи уугаагүй гэж мэдүүлдэг. Давж заалдах гомдол гаргасан учир нь, хариуцагч талаас сахилгын зөрчилд холбогдох баримтыг ирүүлээгүй. Ажлын байран дээрээ архидан согтуурсан, ажлын байраа орхин явсан талаарх хангалттай баримт байхгүй байгаа. Г.Х-ыг Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлсэн. Г.Х-ыг 2 гэрчийн тайлбарыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Тайлбар хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Ажил дээрээ архидан согтуурсан, ажлын байраа орхин явсан эсэх нь эргэлзээтэй, бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад сахилгын арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
5. Хариуцагч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь П.к-ийн ажилчдын дунд архидан согтуурах нь элбэг байсан. ...Манай сургуулийн хувьд камерын хүчин чадал муутай. Жижүүрийн өрөө рүү харсан камер нь нотолгоо болно гэж бодож байна. Сахилгын зөрчлийг бүрэн нотлоогүй гэж байна. Хоёр гэрчийн тухайд нэг нь жижүүрээр ажилладаг, нөгөө гэрч нь хамт архи уусан хүн. Хамт архи уусан гэж мэдүүлсэн гэрч нь сургууль дээр 2 хоногийн турш архи уусан байдаг. Жижүүр С.Д-ийн тухайд ...Г.Х-тай хувийн харилцаатай, ойролцоо зан чанартай, ижил зөрчил гаргадаг хүн учраас Г.Х-ыг хамгаалж байна гэж үзэж байна. Г.Х-тай хамт архи уусан н.Н нь сантехникийн инженер мэргэжилтэй хүн. н.Н-г ажлаас халаагүй шалтгаан нь нарийн мэргэжлийн багш бөгөөд тухайн сургуулийн техникийн боловсролын багш нарыг хариуцаж ажилладаг арга зүйч хүн. Арга зүйчийг ажлаас чөлөөлбөл, манай сургуулийн хэвийн үйл ажиллагаа тасалдахад хүрэхээр байсан болохоор арга зүйч н.Н-ийн цалинг 20 хувиар бууруулж, хариуцлага тооцсон. Жижүүрийн тухайд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан өөр хүн авч ажиллуулах нь сургуульд хохиролгүй байсан. Мөн Г.Х нь 3 удаа зөрчил гаргасан зэргийг харгалзан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Г.Х нь надтай гэрээ байгуулаагүй ч, өмнөх сургуулийн захиралтай хугацаагүй гэрээг байгуулсан байсан. Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг тухайн гэрээнд тусгасан байсан. Гэрээнд заасан ноцтой зөрчлийг Г.Х гаргасан тул сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. ...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус сургуулийн захирлын ажлыг би хүлээн авсан. Байгууллагын тухайд архидан согтуурал ихтэй, хүүхдийн эрхийн зөрчил ихтэй байсан. Эдгээр зөрчилтэй үйлдлүүдийг таслан зогсоохын тулд зөрчил гаргаж байгаа төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авсан. Удаа, дараа зөрчил үйлдэж байсан хүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Монгол улс хуультай. Ажил үүргийг ямар эрх, үүрэгтэйгээр биелүүлэх ёстой гэдэг ухамсар, төлөвшлийг нь сэргээхийн тулд энэ арга хэмжээг авсан. Завхан аймгийн П.к-д суралцаж байгаа 685 суралцагчдын өмнөөс, мөн ажлын байран дээрээ архидан согтуурдаг үзэгдлийг зогсоох зорилгоор авсан сахилгын арга хэмжээ гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-ын гаргасан зөрчлийг нотолж чадаагүй гэж тайлбарлаж байна. Г.Х-ын тухайд ажлын байранд архидан согтуурсан нь тухайн сургуулийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Гурван удаагийн үйлдлээр сургуулиасаа гарч архи авч жижүүрийн өрөөнд архи уусан байдаг. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 21 цаг 09 минутад гарч явахдаа гуйвсан байдалтай бичлэгт харагддаг. Хамт архи уусан арга зүйч н.Н нь тухайн үед надад хөнгөрүүлэх шийтгэл оногдуулж өгөөч гэх хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Ажлын байран дээр архи уусан нь камерын бичлэг, гэрч н.Н-ийн тайлбар, мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ Г.Х нь архи үнэртүүлсэн ирсэн байдаг. Тухайн өдөр Г.Х нь эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөө авахад нь эмчлүүлсэн баримтаа авчирч өгөөрэй гэхэд эмчлүүлсэн эсэх талаарх баримтаа ирүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа эрүүл мэндийн байгууллагаас Г.Х-ыг тухайн өдөр эмнэлэгт үзүүлсэн эсэх талаар лавлагаа авахад 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэдэсний нян бактери илрүүлэх шинжилгээнд хамрагдсан өөр ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгээгүй нь эрүүл мэндийн байгууллагын лавлагаагаар тогтоогддог. Г.Х-ын үйлдлийг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Х-ын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Завхан аймгийн П.к-д холбогдуулан тус к-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Г.Х нь Завхан аймгийн П.к-д жижүүрээр ажиллаж байсан бөгөөд тэрээр 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ архи уусан, 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй зэрэг зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Н-ийн “...2024 оны 12 дугаар сарын 28-ны амралтын өдөр... Г.Х бид хоёр сургууль дээр очсон. ..өмнөх өдөр нь манай байгууллагын шинэ жил болсон юм. Тэгээд бид 3 жижүүрийн өрөөнд юм ярьж сууж байгаад гурвуулаа гарч яваад дэлгүүр ороод нэг шил архи аваад тэрийг Г.Х бид хоёр хувааж уусан... Сургуулийн жижүүрийн амралтын өрөөнд буюу үндсэн төв байрны үүдний хэсэгт байх амралтын өрөөнд архи уусан...” гэсэн мэдүүлэг, түүний Завхан аймгийн П.к-ийн захиргаанд гаргасан “Миний бие 2024.12.28-ны өдөр жижүүр Г.Х-ын хамт архи уусан” гэсэн өргөдөл,
2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Завхан аймаг дахь П.к-д хадгалагдаж байгаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
гэрч Л.Ч-ын “...2025 оны 01 сарын 03-ны өдөр ... ажил руугаа ороход Г.Х ирсэн, маск зүүсэн байдалтай байсан. Тэгээд намайг ороход би өнөөдөр ажлаасаа чөлөө авмаар байна. Би өчигдөр мотоциклтойгоо малынхаа айлд очиж яваад мотоциклоосоо унаад нүүр амаа эвгүй болгосон. Хамраас цус гоожоод эмчид үзүүлэх шаардлагатай байна гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь чи эрүүл мэндийн шалтгаантай бол эмнэлгээр явж үзүүлээрэй гээд ... Х-т өөрөө мэдэж чөлөө өгсөн...” гэсэн мэдүүлэг болон Г.Х нь Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй талаарх мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
4. Ажилтан Г.Х нь Завхан аймаг дахь П.к-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7-д “Багш, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд шууд удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ”, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.4 “ Ажлын цагаар болон ажлын бус цагаар ажил ажлын байранд ...согтууруулах ундааны зүйл хэрэглэх”...ийг хориглох гэсэн заалтуудыг зөрчжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан 2 ба түүнээс дээш гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
6. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.4-т “Ажлын цагаар болон ажлын бус цагаар, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 -д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах “ноцтой зөрчилд” тооцохоор тохиролцжээ.
7. Нэхэмжлэгч Г.Х нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тус, тус тогтоогдсон байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж, Г.Х-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн хуульд нийцсэн байна.
8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн камерын бичлэгийг үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашгийг хөндсөн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, нөхцөл байдлыг бүрэн тогтоох хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нэг талын өнцгөөс авсан гэх камерын бичлэгийг баримтаар үнэлсэн нь хуульд нийцээгүй байна гэжээ.
10. Хариуцагч нь хариу тайлбар, татгалзлаа нотлохын тулд байгууллагын тухайн зөрчил үйлдэгдсэн гэх орчны дотоод камерын бичлэгт үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу шүүх 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаагүй, хууль бусаар авагдсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар уг камерын бичлэг нь тухайн үед болсон үйл явдлыг тусгасан бөгөөд гэрчийн мэдүүлэгтэй тохирсон байх тул шүүх үнэн зөв нотлох баримт гэж үнэлснийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 311/ШШ2025/00268 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Б.АРИУНБАЯР