| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/00329/И |
| Дугаар | 210/МА2025/01334 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01334
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04294 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 127,583,835 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******той 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3500190278 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар БГ00190278 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ******* аймгийн ******* сумын******* баг, ******* байр, од орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй 4 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц барих зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалж, Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн.
1.2 Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүний төлбөрт 3,300,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******оос зээлийн төлбөр гаргуулахаар ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн заасан хаягт хариуцагч оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2023 оны 09 дүгээр сард дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/0518 шийдвэр гарсан.
Иймд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тооцон үндсэн зээлийн төлбөрт 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 74,928,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,623,342 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 127,583,835 төгрөг гаргуулж, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь зээлийг хувьдаа авч ашиглаагүй, бизнесийн зорилгоор авсан бөгөөд зээлийг ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Зээл нэг жилийн хугацаатай бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Үүний дараа 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* өөрийн амьдарч байсан дүүргийн , хороолол, гудамж, байр, хаягт байршилтай, 76.3 м.кв талбайтай орон сууцыг *******-д шилжүүлж зээлийнхээ төлбөрийг бүрэн хаасан.
2.2 Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар зээл шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ******* аймгийн шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Иймд 127,583,835 төгрөг төлөхөөс хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй байна.
2.3 Гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Тиймээс энэхүү үүрэг дуусгавар болсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 45 зүйлийн 453.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 106,352,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 21,231,835 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ******* нь үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* аймгийн ******* сумын******* баг ******* байр од орших 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+795,870/ нийт 866,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 759,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хариуцагч нь -аас 2018-2019 оны хугацаанд нийтдээ 437,900,000 төгрөгийн 12 зээл авсан бөгөөд зээлийг бэлэн мөнгөөр төлөх, 4 үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, хэд хэдэн автомашин шилжүүлэх зэргээр төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. *******ийн өөрийн амьдарч байсан хотхон, дүүргийн , хороолол, гудамж, байр, хаягт байршилтай 76,3 м.кв талбайтай орон сууц нь 200,000,000 төгрөгийн үнэтэй, үүнээс гадна бэлэн мөнгө, 3 үл хөдлөх хөрөнгө хэд хэдэн автомашин нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд үлдсэн 237,900,000 төгрөгийн өр барагдсан гэж ойлгож явсан.
Гэтэл нэхэмжлэгч нь миний төлөгдсөн төлбөр аль гэрээний ямар үүрэгт хамаарахыг тодорхой болгоогүй аль үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй үлдсэнийг тооцоо нийлж гарын үсэг зураагүй байхад миний эсрэг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд зээлийн гэрээ тус бүр дээр 4 хэрэг үүсгэж нэхэмжлэл гаргасан.
4.2 Би нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр авсан 00190269 тоот гэрээний 110,000,000 төгрөгийн зээлийн төлбөртөө өөрийн өмчлөлийн хотхон, дүүргийн , хороолол, гудамж, байр, хаягт байршилтай 76,3 м.кв талбайтай 200,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн бөгөөд энэ хөрөнгөөр тухайн зээлийн үлдэгдэл 152,600,000 төгрөгийн өр 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хаагдсан гэсэн баримтыг нэхэмжлэгч тойргийн шүүхэд өгсөн. Илүү төлөлт зөвхөн энэ үл хөдлөх хөрөнгө дээр гэхэд 40,000,000 төгрөг байгаа. Маргаж байгаа 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00190278 тоот гэрээний үндсэн зээлийн хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болоход үндсэн зээл энэ илүү төлөлтөөр хаагдсан гэж би мэтгэлцсэн.
Гэтэл шүүхээс гэрээний үүргийн дагуу бэлэн мөнгө төлөгдөөгүй, дээрх үл хөдлөх хөрөнгө нь энэ гэрээний барьцаанд байгаагүй гэсэн үндэслэлээр зээл төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй.
4.3 Нөгөөтэйгүүр 00180233 тоот зээлийн гэрээг талууд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан тул 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь тус тус дуусгавар болсон. Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзах үндэслэлийг бүрдүүлсэн атал анхан шатны шүүх үндсэн зээлийг 2,5 дахин нугалсан дүнгээр буюу 106,352,000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага, үндэслэл, татгалзлыг нотлох баримтаар гаргах үүргийг хүлээдэг бөгөөд шүүх уг үүргийг талуудын өмнөөс биелүүлэхгүй. Уг үндэслэл нь тогтоогдохгүй байгаа учраас хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хариуцагч нь нийт 33 төрлийн зээлийн гэрээ байгуулж, зарим нь ижил барьцаатай, зарим нь барьцаагүйгээр зээл авсан. Гэвч уг маргаан нь эдгээрээс тусдаа гэрээ, тусдаа дугаартай, бие даасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд өөр гэрээ, өөр үүргийн биелэлттэй холбон тайлбарлах нь зохисгүй.
5.2 Анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэгчийн мэдэгдэл хариуцагчид гардуулсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлтэй. Хэрэв гэрээнд заасан эцсийн хугацаа дуусмагц шууд хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлдэг байсан бол банк, банк бус санхүүгийн байгууллага, бусад зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагуудад зээлдэгч холбоо тасалж, тодорхой хугацаанд холбоогүй болсон нөхцөлд зээлээ барагдуулах боломжгүй болох сөрөг үр дагавар бий болно. Тиймээс зээлдүүлэгч тал хуульд заасан боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлсний дараа мэдэгдэл гардуулснаар шаардах эрхийн хугацааг эхлүүлэх нь зүйтэй. Хариуцагч тооцоо нийлүүлэхээс удаа дараа зайлсхийж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг хэрэгтэй хамааралтай гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Харин шүүх хуралдааны явцад зээлээ төлөх боломжтой мэт тайлбар хийж байгаа боловч бодит байдалд 3 жилийн хугацаа өнгөрсний дараа хүү нэмэгдүүлэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг нь үндэслэлгүй.
5.3 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хүү, тооцооллыг нарийвчлан шалгаж, зарим дүнг хассан бөгөөд анхан шатны шүүх ч үүнийг харгалзан шийдвэрлэсэн. Уг хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 74,928,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,623,342 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 127,583,835 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч ...зээлийн гэрээний үүрэгт орон сууц шилжүүлж зээлийн төлбөрийг бүрэн хаасан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргажээ.
3. Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ00190278 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 40,000,000 төгрөгийг нэг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч *******т зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8-10/
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ******* аймгийн ******* сумын баг, ******* байр, од орших, 480 м.кв талбайтай орон сууц, ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших 360 м.кв хэмжээтэй газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. /хх 11-16/
3.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
3.2 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
3.3 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 3,300,000 төгрөг төлсөн, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь хэргийн талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүх хүү нэхэмжлэл гаргах боломжтой байсан хугацаагаар тооцон, үндсэн зээлийн төлбөрт 40,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүүг гэрээнд заасан 2.9 хувиар 49 сараар тооцож 58,840,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,512,000 төгрөг нийт 106,352,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 45 зүйлийн 453.2 дахь хэсэгт нийцжээ.
4. Нэхэмжлэгч ******* ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156/ШЗ2023/01391 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн заасан хаягт хариуцагч нь оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
4.1 Мөн нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/0518 шийдвэрээр хариуцагч *******ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 19-20/
Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тоолох нь зүйтэй. Иймд хариуцагчийн ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ээр дүүргийн, , хороолол, гудамж байр, , 76,3 м.кв талбайтай орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт д шилжүүлсэн гэх тайлбар гарган маргадаг. Хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууцыг талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ00190278 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
6. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04294 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 759,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН