| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/02079/И |
| Дугаар | 210/МА2025/01364 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01364
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05660 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2020 оноос Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлж, 2024 оны 12 дугаар сард ээлжийн амралтын үлдэгдэл 3 өдрийн амралтаа эдлэхээр байгууллагын Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн *******д мэдэгдэж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд биеэр эдэлсэн. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ямар ч мэдээлэл өгөлгүй, тухайн сарын 26-ны өдрөөс ээлжийн үлдсэн амралтаа биеэр эдэлсэн байхад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон *******ийн захирлын Б/89 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж тэтгэмж олгох тухай тушаал гаргасан.
Улмаар, ээлжийн амралттай байх хугацаанд байгууллагын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ******* байгууллагын Viber групп дэх өөрийн хаягаар 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14:50 цагт системээс ажилласан жил татагдаад санхүүгээс төрд ажилласан 26 жилээр мөнгө нь бодогдоод данс руу нь орох юм байна. Гэнэт юун мөнгө, яав ийв гэх вий гэсэн мэдээллийг над руу явуулсан. Улмаар тус тушаал 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол шуудан компанийн хүргэлтээр ирсэн. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалтыг зөрчиж байна.
1.2 Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримталсан боловч эдгээр заалтыг баримталсан үндэслэл нь буюу нотлох баримт нь тогтоогдохгүй. Учир нь, хэрэв ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа бол ажилтны гэрээ цуцлах тухай хүсэлтийг албажуулах үүрэгтэй. Гэтэл тушаалд намайг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан гэж заасан бөгөөд хэрэв миний энэ хугацаанд гаргасан өргөдлийг ажил олгогч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйлд заасан хугацаанд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй атлаа өргөдөл гаргасан мэтээр тушаалд үндэслэсэн нь дээрх хууль тогтоомжийн заалтыг зөрчихийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх заалтыг зөрчиж байна.
1.3 Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахаар тэтгэвэр тогтоолгох асуудлыг хойшлуулах, мөн 2006, 2009 оны бүрэн төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гаргасан. Гэтэл уг хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй бөгөөд хүсэлт өгснөөс хойш үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн учраас хүсэлтийг хангасан гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй.
1.4 Тушаалын 2 дахь заалтад нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгохоор заасан нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1, 3.1, 4.2, 5.3, 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн. Уг тушаалын дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 27,040,693.33 төгрөгийн орлого миний дансанд орсон. Гэтэл тухайн буцалтгүй тусламж тооцох цалингийн хэмжээг тогтоохдоо үндэслэл нь ойлгомжгүй буруу тогтоосон. Миний хувьд төрийн байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж байсан.
Дээрх журмын 5.3 дахь хэсэгт зааснаар тэтгэмжийг авах талаар хүсэлт огт гаргаагүй. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн банкны ******* дугаар дансанд 27,040,693.33 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
Иймд *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж тэтгэмж олгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 60 дугаар зүйлийн 60.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 , Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1, 3.1, 4.2, 5.3, 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн тул *******ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийн дагуу *******ийн Захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Тушаалыг тухайн өдрөө *******т танилцуулж, улмаар үдэн гаргах ёслол хийгдэх бэлтгэл ажил хангагдсан байхад тэрээр тушаалтай танилцахгүй хэмээн ажлаас гарч явсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн 3 хоногийг нөхөн амарсан гэдэг нь үндэслэлгүй худал мэдээлэл юм. Харин тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалтай танилцахгүй хэмээн ажилдаа ирээгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цуглахад ирсэн атлаа мөн тушаалтай танилцахгүй гарч явсан бөгөөд гадуур ажилтай хэмээн танилцуулах боломж олгоогүй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу Хүний нөөцийн мэргэжилтний цахим шуудангаас түүний албаны и-мэйл буюу ******* цахим хаягаар тушаалыг хүргүүлсэн. Мөн тушаалын эх хувийг *******т 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, ажил хүлээлцэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол шуудангаар тус тус хүргүүлсэн.
2.2 Мөн тэрээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан хүсэлтдээ 2024 онд багтаан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн дурдсан байдаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сар хэмээн тодруулан бичиж өгсөн. Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан хүсэлтийн дагуу, өөрийнх нь тогтоосон хугацааны дагуу бүхий л зүйлийг төлөвлөж, 2024 оны төсөвт түүнд олгох тэтгэмжийг суулган өгч, хүсэлтэд нь дурдагдсан 2024 оны 11 дүгээр сар хүртэл ажил үүргийг нь гүйцэтгүүлж, улмаар тус хугацааны дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах гэтэл ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Энэхүү хүсэлтэд тэрээр хуульд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. ... нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сарынх, 2009 оны 7 сарынх дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэсэн өргөдлийг гаргасан.
Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сард багтаан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох гэж байсныг хойшлуулж хүсэлтэд дурдагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон асуудлыг бүрэн судалж, хүлээн авч, нөхөн төлөлт хийж шийдвэрлэж өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1, 2.2-т заасны дагуу үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын (ТҮ-8 зэрэглэл) сүүлийн 3 жилийн дунджаар тооцон *******т төрийн албанд ажилласан 26 жилээр тооцон Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд нь 27,040,693 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан *******д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад надад ямар ч мэдээлэл өгөлгүй, улмаар ээлжийн амралттай байх хугацаанд байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн ******* байгууллагын Viber группээр Системээс ажилласан жил татагдаад санхүүгээс төрд ажилласан 26 жилээр мөнгө нь бодогдоод данс руу нь орох юм байна. Гэнэт юун мөнгө, яав ийв гэх вий гэсэн мэдээллийг над руу явуулсан. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.
Тушаалд намайг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан мэтээр заасан бөгөөд хэрэв миний бие энэ хугацаанд өргөдөл гаргасан бол ажил олгогч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйлд заасан хугацаанд мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй. Гэтэл анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн. Миний хувьд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч болно. Гэтэл шүүх намайг төрийн албан хаагчтай адилтгаж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг зөрчиж байна. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн үйлчилгээний албан хаагч хамаарахгүй болно. Үүнээс үүдэн шүүх хууль буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй.
4.2 Шүүх шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3.10 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг зөрчиж байна. Учир нь, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байхад төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэж байгааг нотолно.
Мөн шүүхийн шийдвэрт дурдсанчлан Төрийн албаны тухай хууль нь 46.3 дахь хэсэг нь дотроо заалтгүй болно. Хэрэв Төрийн албаны тухай хуулийн эдгээр зүйлийг уг маргаанд хэрэглэх бол иргэний маргааныг шийдвэрлэхгүй, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Төрийн албаны төв байгууллага шийдвэрлэнэ.
4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт ээлжийн амралттай үед ажлын байр хадгалах талаар заасан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон атал Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.8 дахь хэсэгт заасныг шүүх эдлээгүй үлдсэн гурав хоногийг нөхөн амарсныг үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл хуульд нийт амралтын хугацааны аль нэг нь 10-аас доошгүй гэж оруулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 22 хоног амрахаас 17 хоногийн амралтаа өмнө нь эдэлсэн, үлдсэн 3 хоногийн амралтаа эдэлж байхад нь гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийг зөрчиж байна.
4.4 Нэхэмжлэгчийн ажил олгогчид 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийг үргэлжлүүлэн ажиллуулах шинжгүй гэсэн. Гэтэл ажилтан Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлд зааснаар хэдэн ч асуудлаар өргөдөл гомдол гаргах эрхтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан *******ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2024 оны 12 дугаар сард ээлжийн амралтын үлдэгдэл 3 хоногийн амралтаа эдэлж байхад ажлаас халсан, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлээгүй, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээсээ татгалзсан, үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тодорхойлсон.
2.2 Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Мөн уг хүсэлтээ 2024 онд тодруулан бичихдээ 2024 онд багтаан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн тул түүний хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгосон гэх агуулгаар үгүйсгэн маргасан.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримттай холбоотой ажилтны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гэх хүсэлтэд дүгнэлт хийсэн. /хх 70/ Хэргийн 70 дугаар талд авагдсан тухайн баримт нь *******ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хэлбэрээр хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь маргааны талуудад хамаарахгүй. Мөн дээрх хүсэлт нь хэргийн 11 дүгээр талд авагдсан байх боловч мөн зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.
3.1 Өөрөөр хэлбэл, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээс хойш ажилтны хүсэлт болон ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Гэтэл тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой ажилтны хүсэлт нь хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.2 Түүнчлэн, талууд тухайн баримтад тусгасан бичвэрийн агуулга, хүсэл зоригийн талаар харилцан адилгүй тайлбар гаргасан байх тул үүнийг маргаангүй үйл баримт гэж үзэхгүй.
4. Мөн нэхэмжлэгч нь ээлжийн амралттай байх хугацаанд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх үндэслэл заан маргасан. Гэтэл нэхэмжлэгч нь ээлжийн амралттай байсан эсэх, ажил олгогч ээлжийн амралт олгосон эсэх үйл баримттай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН