| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/01667/И |
| Дугаар | 210/МА2025/01386 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01386
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04961 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10,120,000 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3-т заасныг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* бүс, гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 43,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг аав ид итгэмжлэл олгож, *******той 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд орон сууцыг 69,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 39,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хуваан төлөхөөр тохиролцсон.
1.2 Гэтэл ******* нь өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарсаар байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаагүй. ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 41,500,000 төгрөг төлсөн.
1.3 Гэрээнд хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй болон худалдан авахаа больсон тохиолдолд 1 сарын түрээс 580,000 төгрөгөөр тооцож, анх орон сууцанд орсон өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гарах өдөр хүртэл түрээсийн төлбөр өгөхөөр тохиролцсон. Мөн орон сууцтай холбоотой бүх төлбөр, тооцоог урьдчилгаа мөнгөнөөс хасаж тооцно гэж заасан.
1.4 Би 2023 оны 09 дүгээр сард , ******* нартай холбогдож, 1 жил 5 сарын хугацаатай хийсэн гэрээ 5 жил болсон талаар ярилцаж, гэрээний дагуу үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээг цуцалж, анх орсон өдрөөс хойш гэрээнд заасны дагуу түрээсээ тооцоод үлдэгдэл мөнгөө аваад орон сууцыг суллахыг мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нь орон сууцыг суллаж өгөхгүй байсан тул 2024 оны 07 дугаар сард ...өгсөн мөнгө чинь дуусаж байгаа тул байр суллаж өгөөрэй гэж мэдэгдсэн. Гэтэл эрүүл мэндийн шалтгаантай тул 8 сард гарья гэсэн боловч гараагүй.
1.5 Иймд дээрх орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж, гэрээнд зааснаар хариуцагч орон сууцанд анх орсон 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гарах өдөр хүртэл, нэг сарын 580,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцож, нийт 51,620,000 төгрөгөөс түүний төлсөн 41,500,000 төгрөгийг хасаж, түрээсийн гэрээний үүрэгт үлдэх 10,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие *******, ******* хороо, ******* бүс, гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 43.47 м,кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тай хэлэлцэн тохиролцсон. Гэрээ байгуулах үед орон сууцны төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байсан тул хэсэгчлэн төлж, төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, эхний төлбөр 30,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.
2.2 Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6,500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 800,000 төгрөгийн үнэтэй үхрийн мах, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,700,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр, нийт 47,500,000 төгрөг төлсөн.
2.3 ******* тухайн үед гадаадад амьдардаг байсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нас барснаар холбоо барих боломжгүй болсон. нь манай байранд амьдардаг байсан бөгөөд хуваарийн дагуу мөнгөө төлөх гээд ороход эхнэр нь нүүсэн байсан. Гэрээнд бичсэн утасны дугаар холбогдох боломжгүй байсан. Ээж рүү утсаар мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Ийнхүү холбогдож чадахгүй байсан тул байрны эзэн гадаадаас ирээд үлдэгдлээ өгөөд гэрчилгээгээ шилжүүлж авна гээд тайван байсан.
2.4 Бидний хувьд орон сууцыг хөлслөх биш, өөрийн гэсэн орон сууцтай болох худалдан авах хүсэл сонирхолтой гэрээ байгуулсан. Одоо үлдэгдэл мөнгийг бүрэн төлж, орон сууцны өмчлөх эрхийг авах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.5 Мөн хохирол 10,120,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 Хариуцагч нь төлбөр төлөх үүргийнхээ дийлэнхийг нь биелүүлсэн. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх хүсэл сонирхолгүй байна. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 21,500,000 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь өөрийн дансандаа байршуулсан бөгөөд банкны гүйлгээгээр шилжүүлэх болно. Иймд тухайн орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
3.2 Бидний хооронд байгуулсан гэрээ нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээ бөгөөд худалдан авагч *******гийн хувьд өөрийн гэсэн орон сууцтай болох, худалдан авсан орон сууцныхаа өмчлөх эрхийг шилжүүлэн авах зорилгоор гэрээ байгуулсан. Орон сууц хөлслөх зорилгоор уг гэрээг байгуулаагүй. Тиймээс талуудын хооронд байгуулсан Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ-ний 2.3-т ...байранд орсон өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг сарын 580,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа мөнгөнөөс суутгуулна гэсэн нөхцөл нь хэт хохиролтой, орон сууц худалдан авч өөрийн гэсэн өмчлөлийн орон сууцтай болох гэсэн миний хүсэл зоригоос өөр байх тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч худалдан авагч ******* нь үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаа дууссан хэдий ч түүнд үлдэгдэл төлбөрөө төлж, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх боломжийг олгож, 2021 оны 01 дүгээр сар хүртэл төлбөрийг хэсэгчлэн хүлээн авч байсан. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж, сануулсаар байсан боловч тэрээр төлбөрийг төлөөгүй.
4.2 Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 21,000,000 төгрөгийг төлчих юм бол шүүхэд хандахгүй гэж хэлсэн. Иймд сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т тус тус зааснаар хариуцагч *******г Баянгол дүүргийн ******* хороо ******* бүс байр 43,47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, хариуцагч *******гоос 4,120,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 151,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн 573,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Гэрээний 2.3-т зааснаар Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ-ний агуулгаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчилд ногдуулах хариуцлагыг тодорхойлсон. Энэ шинжээр нь харвал талуудын хооронд байгуулсан гэрээ нь Холимог гэрээ-ний төрөлд хамаарах ба гэрээг тайлбарлах, аль гэрээнд хамаарахыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.
Хариуцагч тал холимог гэрээний маргаан учраас гэрээг тайлбарлах, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн гэрээг Худалдах, худалдан авах гэрээ болох талаар, худалдах, худалдан авах гэрээнд холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх талаар тайлбар гаргаж маргасан боловч анхан шатны шүүх гэрээг хэрхэн тайлбарласан талаар дүгнэлт хийгээгүй. Энэ талаар шийдвэрт тусгагдаагүй байхаас гадна, шийдвэртээ талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн хэрнээ Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ-ний үүрэг болох орон сууцны хөлс 4,120,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь агуулгын зөрчилтэй, хариуцагч талын тайлбарт няцаалт хийж чадаагүй, бүрэн дүүрэн, бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.
Хэрэв Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн бол хариуцагч талын тайлбар нь хэрэгт хамааралтай нотлох баримт болохын хувьд хэрхэн үнэлсэн, хэрхэн няцаасан талаар дүгнэлт шийдвэрийн үндэслэх нь хэсэгт тодорхой тусгагдсан байх байсан. Гэтэл хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг хэрхэн үнэлсэн, яагаад шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар болон няцаасан үнэлэлт, дүгнэлт байхгүй байх тул шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэж чадаагүй, тэгш байдлыг хангасан гэж үзэхэд эргэлзээтэй, мэтгэлцэх зарчмыг бүрэн хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний хүсэл зоригийн агуулгыг тодорхойлоогүй, аль гэрээнд хамаарахыг тодорхой дүгнээгүй байна.
6.2 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирол шаардаагүй, харин хөлслүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байхад яагаад хөлслөх гэрээний үүргийн шаардлагаар хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ойлгомжгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг тодорхойлсон боловч гэрээнээс татгалзсанаар нэмэлт хугацаа тогтоосон хэсэг, нэмэлт хугацаа тогтоосон бол хэзээ тогтоосон, ямар хугацаатай тогтоосон, тогтоосон хугацаанд үр дүн гарсан эсэхийг тодруулаагүй, татгалзах эрхээ бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь хууль бус болсон.
6.3 Хэрэгт талуудаас гаргаж өгсөн баримтаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл төлсөн байх ба худалдагч тал энэхүү төлбөрийг хүлээж авсан, хамгийн сүүлийн 500,000 төгрөгийг оролцуулаад орон сууцны төлбөрт 47,500,000 төгрөг хүлээж авснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан-тай адилтгаж үзэх боломжтой үйл баримт тогтоогдож байхад үүнийг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Сүүлийн төлбөр хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр cap хүртэл талууд харилцаа, холбоо тасарсан ба 2024 оны 04 сард төлбөр төлөхийг шаардсанаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэнийг тодорхойлоогүй байна.
6.4 Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ... үүргийг /төлбөр төлөх/ тогтоосон газар, тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлтэд хүрсэн арга зам нь тодорхой бус, хамааралтай нотлох баримтыг хэрхэн үнэлснийг шийдвэрт заагаагүй байна. Түүнээс гадна орон сууцны нийт төлбөрийн 68,8 хувь буюу дийлэнх хэсгийг төлөөд үлдэх хэсгийг талуудын харилцаа тасарсан, төлбөр хүлээн авах данс тодорхойлоогүйгээс төлөх боломжгүй нөхцөл байгааг харгалзахгүйгээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, 47,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талд үлдээж, 4,120,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр болсон.
6.5 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээг бүхэлд нь бус харин Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ-ний зөвхөн 2.3 буюу хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан байхад үндэслэх хэсгийн 9.3, 9.4, 9.5-д хийсэн дүгнэлтүүд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан мэтээр дүгнэсэн, шаардлагын хүрээнээс хальсан илт хууль бус дүгнэлт хийсэн байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Анхан шатны шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. ******* нь *******д гэрээнийхээ дагуу удаа дараа төлбөр төлөх талаар мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэл болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Үүний дагуу өөрсдөө түрээсээ тохироод тодорхойлсон байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* бүс, гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 43,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3-т заасныг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ид улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* бүс, гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 43,47 м.кв талбайтай, 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах, худалдах, барьцаанд тавих, хөлслүүлэх, түрээслүүлэх бүх эрхийг олгосон. /хх 9/
3.2 Мөн ******* нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ид дээрх орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, хөлслүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. /хх 8/
3.3 Дээрх итгэмжлэлийн дагуу нь *******той 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* бүс, гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 43,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 69,000,000 төгрөгөөр *******д худалдах, ******* нь урьдчилгаа 30,000,000 төгрөгийг өгч байрандаа орохоор, үлдэгдэл 39,000,000 төгрөгийг улирал бүр 6,500,000 төгрөг төлж явсаар 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүх төлбөр тооцоог дуусгахаар харилцан тохиролцсон. /хх 10/
3.4 Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний төлбөрт 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 800,000 төгрөгт тооцож үхрийн мах, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,700,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 47,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 21,500,000 төгрөгийг төлөөгүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
4.1 Төлөөлөгч нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дүү нарт гэх бичгээр Байр худалдах, худалдан авах талаар 2017-09-22-ны өдрийн хэлцэл, гэрээний хамт 6 хуудас үндсэн бичиг баримтын хугацаа 2019-03-10-нд дууссан болно. Гэвч худалдан авагч талд дахин боломж олгож, 2018-12-08, 2019-03-10, 2019-10-20-ны өдрүүдэд ийн санаачилгаар хугацааг 2 удаа сунгаж байсан гар бичвэрүүд хоёр талд байгаа. 2019-11-14-нд Д. худалдан авахаар ярилцаж байгаа 2 өрөө байрыг банкны зээлд тавьж үлдэгдэл тооцоогоо дуусгах санал тавьсныг хүлээж аваагүй болно. Харин энэ саналын оронд 2020-05-01-ний өдөр хүртэл 3 дахь удаагаа сунгалт хийж худалдан авагч талд дахин нэг боломж олгосон. Энэ бол эцсийн сунгалт. Энэ хугацаанд төлбөр тооцоо дуусахгүй бол хэлцэл, ярилцлагуудыг дуусгавар болгохоос өөр аргагүй гэж мэдэгдэв гэжээ. Уг баримтаар талууд гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан тухайд талууд маргаагүй боловч үүнээс хойш төлбөр төлөх үүргээ хариуцагч зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
5. Хариуцагч нь гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэн нь орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Харин анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцохдоо орон сууц хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан 89 сарын хугацаагаар орон сууцыг хөлсөлсөн гэж үзэн, түүнээс 4,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6.1 Учир нь, гэрээ-д ...хэрэв үлдэгдэл төлбөр тооцоог дуусгаж чадалгүй худалдан авах гэрээг цуцлах шаардлага гарвал байранд орсон өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг сарын 580,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа мөнгөнөөсөө суутгуулж үлдэгдлээ авна гэж заасан. Энэхүү гэрээний заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлавал гэрээ цуцлагдсан нөхцөлд нэхэмжлэгчид учирсан хохирлыг орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн хугацаанаас тооцоохоор тодорхойлсон байх боловч уг шаардах эрх хэрэгжиж урьдчилсан нөхцөлийг гэрээ цуцлагдсан тохиолдолд хэрэгжихээр заасан нь ойлгомжгүй болжээ. Тодруулбал, гэрээ хожим цуцлагдсан нөхцөлд хохирол шаардах үндэслэлийг өмнөх үйл баримт болох орон сууц хариуцагчийн эзэмшилд шилжсэн үеэс тооцсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгож байна.
6.2 Давж заалдах шатны шүүх гэрээний уг зохицуулалтыг бусад нөхцөл болох хохирол шаардах үндэслэл гэрээ цуцлагдсанаар үүссэнийг гэрээний ерөнхий агуулга болох орон сууц худалдах, худалдан авах гэрээний зорилготой харьцуулбал гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн хохирол шаардах эрх болон хохирлын хэмжээг гэрээ цуцлагдсан хугацаанаас тооцох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.
Иймд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн 2024 оны 04 дүгээр сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хохирлыг нийт 10 сарын төлбөрт /нэг сарын 580,000/ 5,800,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна. Харин гэрээний дээрх зохицуулалтыг холимог гэрээ гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, гэрээний уг зохицуулалт нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсгийн зохицуулалтыг агуулаагүй байна.
7. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул талууд өгсөн, авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх учиртай.
Иймд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар үүргийг харилцан тооцож, хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 47,500,000 төгрөгөөс гэрээ цуцлагдсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол 5,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 41,700,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.
8. Анхан шатны шүүх хариуцагч нь орон сууцны үнэд 47,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 21,500,000 төгрөгийг төлөөгүй, өөрөөр хэлбэл үүргийн хэлцэлд тохирсон үүрэг хэрэгжээгүй буюу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй талаар үндэслэлтэй дүгнэсэн. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8.1 Мөн хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйг төөрөгдсөн, ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж үзэхгүй талаар шүүх дүгнэж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3-т заасныг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт нэхэмжлэгчээс 41,700,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,120,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04961 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* бүс, гудамж, дугаар байр, хаягт байршилтай, 43,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******д шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэгч *******аас 41,700,000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,120,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 247,070 төгрөг, хариуцагч *******гоос тэмдэгтийн хураамжид төлсөн 573,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 503,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН