Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/029

 

Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж,

Ё.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Л.Батбаяр

Хохирогч Ж.Шагдарсүрэн

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8 тоот эсэргүүцлээр Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн 201505000288 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өөлд овогт Гомбосүрэнгийн Амарбаясгалан, ........... .... ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЮ83073077/

Монгол Улсын иргэн, Мөнхийхөн овогт Доржсэмбээгийн Цэдэвсүрэн, .......... ...., ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВГ82051213/

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярмаагийн Пүрэвдорж, ........... .... ял шийтгэлгүй, регистрийн дугаар /МЗ89010991/

Монгол Улсын иргэн, Өндөр овогт Ёндонгийн Эрхэмбаяр, ...........тоотод оршин суух, ....., ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВГ91043052/

Г.Амарбаясгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө П.Алтангадастай ус байхгүй гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ё.Эрхэмбаярыг “танай найз чинь миний толгойг хагалсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа Ё.Эрхэмбаярын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн Ё.Эрхэмбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

Д.Цэдэвсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн хохирогч Ё.Эрхэмбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Пүрэвдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн нартай бүлэглэн хохирогч Ё.Эрхэмбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Ё.Эрхэмбаяр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж, Д.Цэдэвсүрэн нарт зодуулж бие махбодидоо гэмтэл авч 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарыг хэрэгт холбогдолгүй хэргийг Г.Амарбаясгалан ганцаараа үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө 00 цаг 30 минутын үед иргэн Ж.Шагдарсүрэнтэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, Ё.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт холбогдох хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов. Үүнд:

1. Г.Амарбаясгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ё.Эрхэмбаярыг "танай найз чинь миний толгойг хагалсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа Ё.Эрхэмбаярын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн Ё.Эрхэмбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Өөрөөр хэлбэл тухайн хэргүүдэд авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Г.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтанд “...анх гэрээс гарч ирсэн залуу /Алтангадас/ намайг барьж аваад заамдсан , тэгэхэд миний өмсөж явсан цамц урагдаад байхад би боль гэхэд нүүрэнд буюу хамранд цохиж авахаар нь боль гэхэд дахин цохиж авахаар нь би зөрүүлээд 2 удаа нүүрэнд нь цохисон, тэгэхэд миний толгой руу чулуутай гараар цохиод миний толгой манараад явсан, би толгой хагалчихлаа гэхэд цаашаа гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 119-123-р тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Амарбаясгалангийн “...П.Аптангадас над дээр ирээд намайг барьж аваад миний өмсөж байсан цамцыг урчихаар нь би түүнд цамц урчихлаа гэхэд хамар руу цохисон, намайг П.Алтангадас заамдчихсан байсан тул гарыг нь тавиулах гээд зөрүүлээд цохитол миний толгой руу чулуугаар цохисон, толгой хагарчихлаа гэхэд намайг тавьчихаад зугтаасан...” гэх мэдүүлэгт

Хохирогч П.Алтангадасын мөрдөн байцаалтанд өгсөн “...Г.Амарбаясгалан нь намайг ус яахаараа байдаггүй юм гээд шууд толгой руу цохиод авсан, би тэгэхэд нь доошоо тонгойсон чинь толгой руу хатуу зүйлээр цохиод авсан би чулуугаар цохисон гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-32-р тал/

Яллагдагч П.Алтангадасын мөрдөн байцаалтанд өгсөн “...нэг залуу нь яахаараа айлд ус байдаггүй юм гээд миний толгой руу цохиод авсан, тэгэхэд нь би тонгойсон чинь дээрээс бас цохиод байсан учир би айсандаа зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 128- 129-р тал/

Д.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн    “...Г.Амарбаясгалан нь толгой хагарчихлаа гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 110-115-р тал/

Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Амарбаясгалан нь эхлээд П.Алтангадасыг хөөгөөд явсан, тэгээд буцаж ирэхдээ танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд гүйгээд ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 62-63-р тал/ зэргээс үзвэл шүүгдэгч Г.Амарбаясгалангийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлд заасан давтан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ талаар яллах дүгнэлт үйлдээгүй ба шүүгдэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж ирүүлээгүй буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо тухайн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болон давтан үйлдлийг орхигдуулж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаагүй. Давтан гэмт хэрэг үйлдэх гэдэг нь тухайн төрлийн гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүртээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх бөгөөд уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүй байхыг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Түүнчлэн П.Алтангадасын гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой атал 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дугаартай прокурорын тогтоолоор тэдгээрт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг прокурорын тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах...” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул П.Алтангадасын холбогдох үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялыг төлөвлөж ирүүлэх шаардлагатай байна.

Мөн уг үндэслэлээр Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №26 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн биелүүлээгүй.

2. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 572 дугаартай “...Ж.Шагдарсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулд шарх, баруун доод 2 дугаар шүдний булгарал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, дух, баруун хацар, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, баруун нүдний доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 215-216-р тал/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай нэмэлтээр “...өмнөх 572 тоот дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн хэсэг газрын үзлэгт доод эрүүний баруун 2 дугаар шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдсон бөгөөд нэмэлтээр ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүдний эмчийн үзлэгт доод эрүүний баруун 2 дугаар шүдний булгарал, зүүн 1 дүгээр шүдний ёзоорын ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо, хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10% тогтонги алдагдах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд /хх-ийн 3-р хавтас 222-223-р тал/ гаргасан нь ойлгомжгүй буюу шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл: Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох” хүснэгтийн амьсгалын эрхтэн тогтолцоо буюу 40 дүгээр хүснэгт амьсгалын эрхтэний хөдөлмөрийн ерөнхий алдалтын талаар хувь хэмжээг заасан байхад хохирогч Ж.Шагдарсүрэнгийн биед учирсан “хамар ясны хугарал" гэмтэл нь гэмтлийн зэргийн ямар шалгуур үзүүлэлтээр тогтоодог, гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх зэргийг тогтоогоогүй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжилгээ хийлгэх нэмэлт ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй боловч хэрэг шийдвэрлэхэд зөвхөн нэг талыг барих, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах болон бусад хэлбэрээр зөрчигдөхөд хүргэх, тусгай мэдлэгийн асуудлаар таамаглан дүгнэлт хийх боломжгүй мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нарийвчлан тогтоогоогүй байх тул шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Э.Гантулга 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн 201505000288 дугаартай хавтаст хэрэгт хууль ёсны дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

1. Г.Амарбаясгалангийн үйлдлийн хувьд Ё.Эрхэмбаяртай хамт явсан найз П.Алтангадасаас ус нэхээд байхгүй гэхэд нь П.Алтангадасыг ус байхгүй гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах үед нь Ё.Эрхэмбаяр гэрээс гарч ирээд хэрүүл маргаан хийгээгүй харин Г.Амарбаясгалан, П.Алтангадас хоёрыг салгах талаар ярилцсан байдаг. Тэгээд Г.Амарбаясгалан нь П.Алтангадасыг хөөж араас нь банз болон чулуу шидэж гүйж явсан болох нь П.Алтангадас, Б.Пүрэвдорж, Д.Цэдэвсүрэн, Ё.Эрхэмбаяр нарын мэдүүлгээр тогтоогддог. П.Алтангадасын араас хөөж гүйж явж байгаад буцаж ирээд хохирогч Ё.Эрхэмбаярыг шууд цохиж унагаасан. Энэ үед нь Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нар нь бүлэглэж зодсон болох нь хохирогч Ё.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог.

Нөгөөтэйгүүр Ё.Эрхэмбаяр нь шүүгдэгч нартай тухайн хэрэг болох үед ямар нэг байдлаар маргалдаж муудалцаагүй, тэдгээрийн хооронд ямар нэг зөрчил, хувийн сэдэлт үүсээгүй байхад Г.Амарбаясгалан нь “танай найз намайг цохисон” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан танхайрч Ё.Эрхэмбаярыг цохиж хуулиар хамгаалагдсан эрх чөлөөнд халдаж улмаар Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нар хамтран зодож танхайрсан байдаг. Г.Амарбаясгалангийн дээрх үйлдлүүдийг нь прокурор яллах дүгнэлтэндээ тусгасан байгаа. Харин түүний үйлдлүүдийг тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хүнд зүйл ангиар нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллахаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийг зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Г.Амарбаясгалан нь танхайн гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 126.2.5 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинжүүд нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан онц хүндрүүлэх нөхцөлд багтаж байгаа тул аль хүнд ялтай зүйл хэсгээр нь зүйлчилж эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Дээрх байдлаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчимд нийцнэ.

2. П.Алтангадаст холбогдох хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн Г.Амарбаясгалантай уснаас болж маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хоорондоо барилцан авч харилцан зодолдсон байх боловч Г.Амарбаясгалангийн биед гэмтэл учраагүй” тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Аймгийн прокурор хүчингүй болгож Г.Амарбаясгалангийн биед гэмтэл учирсан эсэхийг дахин гаргуулахад Г.Амарбаясгалангийн биед хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Гэвч хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 23 дугаартай прокурорын тогтоолоор П.Алтангадаст холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан бөгөөд П.Алтангадасд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь прокурор эрх хэмжээний хүрээнд хуульд заасан үндэслэлийн дагуу гаргасан шийдвэр байх тул уг шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8, 6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй болно.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №26 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд уг магадлалд П.Алтангадасыг татаж шалгах талаар ямар нэг заалт байхгүй буюу Г.Амарбаясгалангийн үйлдлийг л хуулийн зохих зүйл хэсгээр яллах талаар заасан бөгөөд уг заалтын биелүүлсэн болно.

3. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 572 дугаартай /хх-ийн 3-р хавтас 212-213-р тал/ “...Ж.Шагдарсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулд шарх, баруун доод 2 дугаар шүдний сулрал, дух, баруун хацар, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаартай /хх-ийн 3-р хавтас 219-220-р тал/ “...өмнөх 572 тоот дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн хэсэг газрын үзлэгт доод эрүүний баруун 2 дугаар шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдсон бөгөөд нэмэлтээр ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүдний эмчийн үзлэгт доод эрүүний баруун 2 дугаар шүдний булгарал, зүүн 1 дүгээр шүдний ёзоорын ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10 хувь тогтонги алдагдах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлтүүд гарсан бөгөөд энэ нь шинжээч эмч нь тусгай мэдлэгийнхээ хүрээнд хохирогчийг биеэр үзэж, мөн нарын мэргэжлийн эмч болон аппаратаар авсан зурагт үндэслэн нэмэлт дүгнэлт гаргасан бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан.

Дээрх дүгнэлтийг шүүхээс эргэлзээтэй байна гэж үзэж байгаа бол шүүхийн шатанд дахин гаргуулах эрхтэй болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгаж өгсөн байхад хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шатанд нэмэлт шинжилгээ хийснээр оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй болно. Мөн эрүүгийн 201505000288 дугаартай хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нарийвчлан тогтоосон болно. Шүүхийн тогтоолын уг заалтын “...нөхөн гүйцэтгэх боломжгүй боловч...” гэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг, үндэслэж зөвхөн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Г.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлүүлэх, П.Алтангадасын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, энэ талаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №26 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг бүрэн биелүүлээгүй, Ж.Шагдарсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Г.Амарбаясгалан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа буюу 2015 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө П.Алтангадасын биед хөнгөн, Ё.Эрхэмбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдсон, хэдийгээр өөр өөр объектод халдаж биед нь гэмтэл учруулсан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл энэ нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн чулууг зэвсгийн чанартай ашиглан Ё.Эрхэмбаярын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалан хүндэвтэр гэмтэл учруулсны дараа Ё.Эрхэмбаяр нь шүд хугарчих шиг боллоо гэхэд нь дахин Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан уг хэргийг бүлэглэн үйлдсэн хэдий ч нэгэнт прокуророос түүний Ё.Эрхэмбаярын эрүүг нь хугалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, П.Алтангадасын биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн танхайрсан гэх үйлдлүүдийг нь уг зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт нь багтаан яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

Шүүхийн тогтоолд Г.Амарбаясгалангийн дээрх байдлыг тодорхойлохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлд заасан давтан гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь ойлгомжгүй байгааг дурдав.

Хэдийгээр П.Алтангадас нь Г.Амарбаясгалангийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч түүний үйлдэл холбогдлыг мөрдөн байцаалтын шатанд зөв зүйлчилж, прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг буруу гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Ж.Шагдарсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо утга, агуулгын хувьд зөрүүгүй, өмнөх гаргасан шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 572 тоот дүгнэлтэд тусгагдсан тодорхойгүй, бүрэн бус, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотойгоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар нэмэлтээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 6 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан байх тул дээрх хоёр дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн дахин шинжээч томилох үндэслэлгүй юм.

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн

315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн 20150500288 дугаартай хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                    Т.ДАВААСҮРЭН