Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0679

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Б 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“М” ХХК-ийн эзэмшилд байгаа ....... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах, ........ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэрээр:

“Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн эзэмшилд байгаа .......... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах, ........ дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухайд:

1.1. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу газрын хэвлий дэх ашигт малтмалын хайгуулын ажлыг иж бүрэн хийж ирүүлэх үүрэг хүлээсэн. Манай “М” ХХК нь ...... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр газрын хэвлий дэх ашигт малтмалыг эрэх, хайх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хайгуулын ажлын үр дүнд ямар төрлийн ашигт малтмал илрэх нь тодорхойгүй, түүнчлэн ямар ч ашигт малтмал илрээгүйн улмаас талбайг улсад буцаан өгөх нь түгээмэл байдаг.

Өөрөөр хэлбэл “хайгуул хийнэ” гэдэг нь газрын хэвлийд байгаа эсэх нь тодорхойгүй ашигт малтмалыг өндөр эрсдэл, зардал гаргаж хийгддэг үйл ажиллагаа бөгөөд хэн ч газар дор байгаа ашигт малтмалыг урьдчилан таамаглах боломжгүй байдгаараа онцлогтой. Хэрэв хайгуулын ажлын үр дүнд ашигт малтмал илрэхгүй байх, эсхүл илэрсэн нөөц нь олборлоход эдийн засгийн үр ашиггүй буюу орд болох боломжгүй бол энэ эрсдэлийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дангаараа хүлээдэг.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу хайгуул хийхдээ газрын хэвлий дэх бүх эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн тогтоох, сорьчлохгүй байх, ашиг малтмалын төрөл тус бүрээр дахин дахин хайгуул хийж байгаль орчинд сөргөө нөлөөлөхгүй байх үүргийг хуулиар хүлээдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиглах зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж зааснаар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын аль аль шатанд ашигт малтмалыг үнэ цэнэ, нөөцийн байдлаар сорчлон хайх болон олборлохгүй байх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн.

Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын хэвлийг дор дурдсан ба зориулалтаар ашиглуулахаар олгоно” гээд 1/ rеологийн судалгаа хийх, 2/ ашигт малтмал олборлох гэсэн байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д “Газрын хэвлийн ашиглагч нь дор дурьдсан шаардлагыг хангах үүрэгтэй гээд 1/ газрын хэвлийн геологийн судалгааг бүрэн хийлгэж, зөв зохистой, бүрэн ашиглах, хамгаалах” гэсэн байна.

Мөн хуулийн 22 дугаар зүйлд “Газрын хэвлийн геологийн судалгаа хийж байгаа Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага болон бусад байгууллага дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино”

1/ геологийн судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой, зөв зохистой, үр ашигтай хийх,

3/ үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийг бүрэн илрүүлж, тэдгээрийн нөөцийн хэмжээ, чанар боловсруулах технологийг үнэн зөв тодорхойлох ашигт малтмалын ордод геологи-эдийн засгийн үнэлгээ өгөх,

4/ геологийн судалгааны ажлыг ашигт малтмалын чанарыг бууруулахгүй, зүй бус хаягдал гаргахгүй аргаар хийх гэсэн байна.

Түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2-т “Газрын хэвлийг хамгаалахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино”

1/ газрын хэвлийн геологийн судалгааг иж бүрэн гүйцэд хийх,

3/ үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийн нөөцийг зөв зохистой, иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах гэсэн байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацраг идэвхт эсхүл бусад ашигт малтмалын хайгуулын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас үл шалтгаалан хайгуулын талбайд геологийн судалгааны ажлыг бүх ашигт малтмалын төрлөөр иж бүрэн хийх, ажлын үр дүнд нөөцийг бүрэн тогтоох үүргийг хуулиар хүлээсэн.

Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын ажлыг ашигт малтмал төрөл /тухайлбал, aлт, зэс, цацpar идэвхт бодис, нүүрс, төмөр гэх мэт/-өөр дагнаж хийхгүй байх, нэгэнт хайгуул хийгдэж нөхөн сэргээлт хийсэн талбайд дахин дахин хайгуул хийж байгаль орчинд хохирол учруулахгүй байх хуулийн үндэслэлээр давхар батлагддаг.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь манай компанийн ........ дугаар тусгай зөвшөөрлийг илтэд ялгаварлаж зөвхөн “цацраг идэвхт бодисын хайгуулын ажил хийх эрхтэй” гэж ангилж байна.

Ингэснээр манай компани Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль opчныг хамгаалах тухай хууль тогтоомжуудад заасан үүргээ биелүүлж газрын хэвлий дэх бүх төрлийн ашигт малтмалын иж бүрэн судалж илрүүлэх, сорчлон эрэх, хайх ашиглахгүй байх үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй болгож байна.

Манай компани хайгуул хийхдээ хуульд заасан үүргийнхээ дагуу зөвхөн цацраг идэвхт бодис гэж явцуурахгүйгээр хайгуул хийх, харин хайгуулын явцад цацраг идэвхт бодис илэрвэл Цөмийн энергийн тухай хуульд заасан цацрагийн нэмэлт шалгуурыг хангаад ажиллах бүрэн боломжтой юм.

Гэтэл цацраг идэвхит бодис бүү хэл ямар ашигт малтмал байгаа нь тодорхойгүй, магадгүй ямар ч ашигт малтмалын нөөц байхгүй байж мэдэх хайгуулын талбайд өөрсдийн зардлаар өндөр эрсдэл хийж эрх хайх ажиллагаа явуулж байгаа шатанд “танай компани зөвхөн цацраг идэвхит бодис хайж болно” гэж ялгаварлан тэгш бус хандаж байгаа нь хуулийн үндэслэлгүй төдийгүй ямар ч энгийн логикгүй ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч шүүх хурал дээр “хайгуулын тусгай зөвшөөрлөөр бүх ашигт малтмалыг эрж хайж болно, илрэхгүй ч байж болно гэдэгтэй маргахгүй” гэж тайлбарласан.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7/4501 дүгээр албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа “...Ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгоно гэж хуульчилж орсон. Дээрх тодорхойлолтоос харахад ашигт малтмалын хайгуул хийнэ гэдэг нь газрын хэвлийд байгаа ашигт малтмалд ямар төрлийн хэдий хэмжээний байна гэдэгт судалгаа хийж, ашиглах боломжтой эсэхийг судлах тухай ойлголт юм.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төрөл тодорхой бус, нөөц тодорхой бус хайгуулын шатны үйл ажиллагаа хийгдэж байдаг учраас төрлөөр ангилан бүртгэдэггүй, хайгуулын тусгай зөвшөөрөл гэсэн ангиллаар кадастрын системд бүртгэгддэг. Цөмийн энергийн газраас ирсэн тусгай зөвшөөрлийн хувьд цацраг идэвхт ашигт малтмал гэсэн бичиглэл давхар хийгддэг” гэсэн байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3/100 дугаар албан бичигт “...Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн эзэмшилд Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгодог бөгөөд энэ хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын нэр төрлөөр ангилан тусад нь олгож, ялгавартай бүртгэх зохицуулалт байхгүй.

Мөн Цөмийн энергийн тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг манай байгууллага олгох зохицуулалттай бөгөөд эдгээр тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрлөөс ялгаж бүртгэх нарийвчилсан журамгүй ба харин цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын системд “А” тэмдэглэгээ тавьж, ялган бүртгэдэг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд oлrосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын системд ашигт малтмалын нэр төрлөөр бүртгэдэг болно” гэсэн байна.

Эдгээр тайлбараас үзэхэд илрэх эсэх нь тодорхойгүй, ямар ашигт малтмал байгаа мэдэгдэхгүй хайгуулын шатанд ашигт малтмалын нэр төрлөөр, тухайлбал цацраг идэвхт бодис эсхүл алт гэх мэтээр тусгай зөвшөөрлийг эрдэс бодисын төрлөөр олгодоггүй гэдгийг хариуцагч тодорхой илэрхийлсэн.

Манай ........... дугаар тусгай хайгуулын зөвшөөрлийн хувьд дээрх хуулийн зохицуулалтыг үл хэрэгсэн “цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж ялгаварлаж байгаа цорын ганц шалтгаан нь анх Цөмийн энергийн газраас шилжиж ирсэн гэсэн шалтгаар тусад нь тэмдэглэж “зөвхөн цацраг идэвхт бодис хайх үүрэгтэй” гэж хууль зөрчсөн тайлбар гаргаж байна. Цөмийн энергийн газрыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 387 дугаар тогтоолоор татан буулгаж, улмаар 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар ашигт малтмал эрэх, хайх ажлыг Ашигт малтмалын хуулиар нэг мөр зохицуулах болсон.

Энэ өөрчлөлтөөс хойш хайгуулын бүх тусгай зөвшөөрөл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст харьяалагдаж, тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах тусгай зөвшөөрлийн хураамж төлөх, хугацаа сунгуулах талбайг буцаан өгөx зэргийг хариуцан ажиллаж байгаа болно.

Хууль тогтоогч нь геологийн шинжлэх ухааны үүднээс газрын хэвлийн нэг орон зайд байрлаж байгаа ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах зөвшөөрлийг өөр өөр агентлагаас олгож болохгүй юм байна гэдгийг үндэслэж хуулиа өөрчилж, улмаар тусгай зөвшөөрлийг ижил статустай болгосон байтал хариуцагч нь өнөөдрийг хүртэл уламжлалт ойлголтоо хадгалж лицензийг ангилаг тэмдэглэсээр байна.

Цөмийн энергийн газар татан буугдаж, хууль тогтоомж өөрчлөгдсөнд манай байгууллагыг буруутгаж болохгүй гэж бид үзэж байна. Манай байгууллага Монгол Улсын бусад бүх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэгэн адилаар газрын гадаргуу, түүний хэвлийд хайгуулын иж бүрэн геологийн судалгааг хийж Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, байгаль орчны холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэхийг хүсч байгаа боловч анхны гарал үүслээр ялгаварлаж “зөвхөн цацраг идэвхит бодис хай” гэсэн шахалтанд орсоор олон жил болж байгаа билээ.

Манай байгууллага ......... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн программд зохих журмын дагуу цахимаар хандахад “зөвхөн цацраг идэвхит бодис хайх” гэсэн төлөв илэрдэг тул арга буюу жил бүр цацраг идэвхит бодисыг “хүчээр” хайдаг. Ингэснээр бусад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс илүү нэмэлтээр шалгуур хангах, мөн илрүүлсэн бусад ердийн ашигт малтмалын нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч чадахгүй байх зэрэг олон хүндрэлтэй нүүр тулдаг. Хамгийн сүүлд ураны хэтийн төлөвгүй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь эрчим хүчний нүүрсний нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд 1 жил захиргааны шүүхэд маргасан нь үүний нэг жишээ юм.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал эрх, хайхад ашигт малтмалын нэр төрөл, нөөц тодорхойгүй байдаг тул Монгол Улс дахь 1226 хайгуулын зөвшөөрөл бүгдэд нь цацраг идэвхт бодис илэрч болзошгүй гэж үзэн Цөмийн энергийн тухай хуульд заасан нэмэлт шалгуурыг тавих нь төрийн үйл aжиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчимд илүү нийцэх байх. Гэхдээ олдох эсэх нь тодорхойгүй цацраг идэвхит бодисыг хайх зөвшөөрөл гэж урьдчилан олох биш харин геологийн эрэл хайгуулын ажлын үр дүн, тайланд үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд заасан цацраг идэвхит бодисын нэмэлт шалгуурыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нь хуульд нийцнэ.

Бид ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг жил бүр кадастрын хэлтэст тайлагнадаг бөгөөд цацраг идэвхит бодис илэрвэл Цөмийн энергийн тухай хуульд заасан цацраг идэвхит бодисын нэмэлт шалгуурыг хангах тал дээр манай нэхэмжлэгч тал огт маргаагүй.

Гагцхүү бүх ашигт малтмалыг хайх үүрэгтэй атлаа энэ дундаас олоогүй байгаа, олдох эсэх нь тодорхойгүй цацраг идэвхит бодисыг хайх шаардлагыг урьдчилан хангах естой гэсэн шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэхүү хууль бус шаардлага нь дээр дурдсан сөрөг үр дагаврыг үүсгээд байгаа тул арга буюу хууль ёсны эрхээ хамгаалахаар захиргааны шүүхэд хандсан болно.

1.2. Анхан шатны шүүх хариуцагчийн “цацраг идэвхит бодис” гэсэн тэмдэглэгээ нь хуулийн үндэслэлгүй, энэ тухай дүрэм, журам огт байхгүй байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрээ гаргасанд мөн гомдолтой байна.

Цөмийн энергийн газраас шилжиж ирсэн хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар хууль тогтоомж, дүрэм журамд үндэслэн хэзээ, хэн, ямар шийдвэрээр, тусад нь “А” тэмдэглэгээ хийж “цацраг идэвхит бодисын хайгуул” гэсэн ангилалд бүртгэсэн нь тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн vндэслэлийг заах”, 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийг хариуцагч зөрчиж, хуулийн үндэслэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг төрлөөр нь ангилж, гарал үүслээр нь ялгаварлаж хууль бус бүртгэл хийсэн байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл “Тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй бүртгэл”-ийн “ашигт малтмал” гэсэн хэсэгт “цацраг идэвхит ашигт малтмал” гэсэн бүртгэл хийгдсэн байна. Мөн тусгай зөвшөөрлийн тойм зурагт бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг “Зураасгүй” тэмдэглэдэг бол цацраг идэвхит ашигт малтмалыг “босоо шугам”-аар тэмдэглэсэн болох нь тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй бүртгэл, талбайн тойм зургаар нотлогдож байна” гэж үзсэн.

Талууд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг “цацраг идэвхит” гэсэн тэмдэглэл хийсэн байгаатай маргаагүй, гагцхүү энэхүү тэмдэглэл хийж байгаа үйлдэл нь хууль бус, хууль ёсны гэж шүүхээр мэтгэлцэж маргасан. Гэтэл шүүхээс энэхүү тэмдэглэл хийж байгаа үйлдэл нь хуульд үндэслэн, хуульд нийцсэн эсэхийг дүгнэх байтал энэ талаар огт дүгнэлгүйгээр хариуцагчийн өгсөн баримт буюу маргаантай актын талаар дүгнэлт өгсөн.

Хариуцагчийн дараа бичгээр өгсөн “хайгуулын тусгай зөвшөөрөл нь эрэл хайгуулын ажил хийгдэх шатанд олгогддог учраас ашигт малтмалын нэр төрөл тодорхойгүй, нөөц тодорхой бус тул ашигт малтмалын төрлөөр aнгилах боломжгүй” тайлбарт үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг “цацраг идэвхит” гэсэн тэмдэглэл хийж байгаа захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоох бүрэн үндэслэлтэй байсан.

Хоёр. Анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухайд:

2.1. Шүүхээс хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн зүгээс нэхэмжлэгчийн 4 удаагийн албан тоотод хуулийн хугацаанд хариу өгөөгүй, бичгээр хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль зөрчсөн талаар огт дүгнэлт хийгээгүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа гэсэн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэснийг илтэд зөрчиж хариу өгөөгүй атлаа шүүх дээр хариу өгөөгүй үндэслэлээ илэрхийлсэн нь хууль бус юм.

Хэрэв эс үйлдэхүй, татгалзлаа тухайн үед хуулийн хугацаанд илэрхийлсэн бол талууд шүүхэд маргахгүйгээр асуудлаа шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан.

Гэтэл нэхэмжлэгчийн албан бичгийн хариуг өгөөгүй, өөрөөр хэлбэл хэрэв зөвшөөрөл хүссэн өргөдөл зөрчилтэй гэж үзсэн бол түүнийгээ зөвтгөх, залруулах, санал тайлбар, баримт гаргах боломж огт олгоогүй нь хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг илэрхийлж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг шийдвэрлэхгүй байж байгаад шүүхэд маргаан үүсвэл ямар нэгэн шалтаг нөхөж олдох, түүнийгээ амаар хэлж байсан гэж өөрсдийгөө зөвтгөн төрийн ажлыг явуулж болохгүй гэж бид үзэж байна.

2.2. Шүүхээс Цөмийн энергийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.5-д заасан цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамрагдана, мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн тогтмол хяналтанд байж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдана гэсэн 2 шалгуурыг хангасан баримт байхгүй гэж дүгнэсэн байна.

Манай “М” ХХК нь 7 дахь жилдээ хэд хэдэн эрэн тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийж байгаа туршлагатай бөгөөд төрийн байгууллагуудын үндэслэлгүй шаардлагаар цацраг идэвхит хайгуулын тусгай зөвшөөрлийн шаардлуудагыг урьд жилүүдэд ханган ажиллаж байсан.

Энэ шаардлагын тухайд эхлээд улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл гарсаны дараа хээрийн ажлын бэлтгэлийг хангаж, өрмийн компанийг сонгон шалгаруулсаны дараа тухай ажлыг гүйцэтгэх бүх ажилчдыг эмнэлгийн шapлагa, үзлэгт хамруулах ажил хийгддэг. Зөвшөөрөл гараагүй байхад урьдчилж өндөр өртөгтэй өрмийн компанитай гэрээ байгуулах, цаашлаад өрөмдлөгийн ажилд ямар ажилтан очиж ажиллахыг мэдэхгүй байж хэн нэгнийг шарлага, эмчийн үзлэгт урьдчилан таамаглаж хамруулаад авах ямар ч боломж байхгүй гэдгийг хариуцагч тал ч сайн мэддэг.

Өөрөөр хэлбэл энэхүү эмнэлгийн үзлэгт хамруулах ажиллагаа нь тухай хээрийн ажилд хамрагдсан ажилтнууд дээр хийгддэг учраас урьдчилан хийгддэг ажил биш юм. Мөн хайгуулын ажил хийгдээгүй байхад буюу зөвшөөрөл авах шатанд эмчийн үзлэгт хамруулах, тунгийн шарлага хийлгэх зэрэг нь ямар ч ач холбогдолгүй зардал гаргасан ажил болох юм. Энэхүү тайлбарыг хариуцагч тухайн үед огт гаргаж байгаагүй бөгөөд шүүхэд маргаан үүссэний дараа гэнэт шинээр гаргаж ирсэн шалтаг тул бидний зүгээс зөвшөөрөл хүсэх шатанд энэ талаар огт мэдээгүй болно.

Манай байгууллага хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсаны дараа Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын байцаагчийн зөвшөөрлийг авсаны үндсэн дээр хайгуулын ажил хийхгүй бол “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэсэн гэмт хэрэгт шалгагдах үндэслэлтэй тул өмнөх 7 жилийн хугацаанд зөвшөөрлийг авч хайгуулаа хийж байсан. Хэрэв мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг авч чадахгүй бол хайгуулын ажил хийж үр дүнг нь үзэхгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа алдагдах, тусгай зөвшөөрлийн хураамж төлж хохирох зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг.

2.3. Шүүхээс энэхүү маргаанд шууд хамааралгүй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь зөрчлийн хэргийн талаар дүгнэлт хийсэн байна. Манай компанийн 2 өөр аймаг дахь 2 өөр талбайд буюу нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй зөрчлийн хэргийн талаар дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсний илрэл болох байна. Өөр газар тухайн захиргааны акт гарсанаас өөр цаг хугацаанд хамаарах зөрчлийн хэрэг нь хэрэв зөвшөөрөл өгөгдсөн бол мөн ийм зөрчил гарах байсан гэж урьдчилан таамаглаж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Тухайлбал нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захиргааны акт болох хайгуулын тусгай зөвшөөрлөөс өөр аймагт орших хайгуулын талбайтай холбоотой, мөн захиргааны хэрэгт хамаарал огт байхгүй зөрчлийн хэргийн баримтыг хариуцагч тал шүүхэд өгсөн.

Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь ........ хайгуулын тусгай зөвшөөрлийн тэмдэглэлийг өөрчлүүлэх, ердийн ашигт малтмалаар тэмдэглэхийг даалгах, тухайн талбай дээр Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Харин Сүхбаатар аймаг дахь .......... хайгуулын тусгай зөвшөөрөл нь үүний эсрэгээр буюу тухайн жилд хайгуулын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн, маргаангүй талбай болно. Цаг хугацаа, орон зайн хувьд хоорондоо хамааралгүй үйл явдалтай холбоотой баримтуудаас шүүхээс үнэлсэн болгосон байна.

Энэхүү нотлох баримт нь хэрэгт хамааралгүй гэж хавтаст хэргээс хасагдаж байсан боловч давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүгчийн дотоод итгэл үнэмшилд хамааралтай гэж үзэн хэрэгт үлдээх шийдвэр гаргаж байсан. Гэтэл шүүгч энэ баримтыг шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсэгт үнэлсэнээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, чиг үүргийг одоогийн хариуцагчид шилжүүлснээр 2010 онд уг газраас олгогдсон ....... тоот цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчилэн бүртгэж ашигт малтмалын хайгуулын ........ тоот тусгай зөвшөөрөл болгосон ч Цөмийн энергийн тухай хуульд заасан нэмэлт шаардлагыг “М” ХХК-иас шаардаж байгаа хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Учир нь Цөмийн энергийн газар татан буугдсанаас бус Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа, нэхэмжлэгчийн тухайд энэ хуулийн хүрээнд ураны хайгуулын тусгай зөвшөөрөл анх авсан, гэхдээ энэхүү тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын явцад зөвхөн уранаас гадна бусад төрлийн ашигт малтмал хайх эрх нь нэхэмжлэгчийн хувьд нээлттэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ашигт малтмалын газарт бус харин анхнаасаа цацраг идэвхит ашигт малтмал хайх зорилгоор Цөмийн энергийн газарт хандаж дээрх тусгай зөвшөөрлийг авсан, иймд хуульд заасан шаардлагыг хангах нь нэхэмжлэгчийн үүрэг болно.

Кадастрын системд хийсэн “цацрагт идэвхит ашигт малтмал” буюу “...” гэсэн тэмдэглэгээнээс хамаарч тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвхөн уран хайх нөхцөл үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

“М” ХХК нь дээрхээс гадна мөн л Цөмийн энергийн газраас анх олгосон цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын ....... тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж, одоогийнхтой адил “......” тэмдэглэгээ бүхий ...... тоот тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын явцад ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний нөөц илрүүлж, улмаар Эрдэс, баялагын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр нөөцийг баталгаажуулж, харин шүүхийн шийдвэрээр тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасан байна.

Өөрөөр хэлбэл анх хаанаас олгосоноос үл хамаарч хайгуулын явцад илэрсэн ашигт малтмалын нөөцийг ашиглах онцгой эрх хэвээр хадгалагдах болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 208 дугаар тогтоолоор нэгэнт дүгнэсэн, иймд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу нэмэлт шалгуур хангаж ажиллах шаардлага тавьснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, анхнаасаа өөрсдийн хүсэл сонирхлоор цацрагт идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч эзэмшсэний хувьд хуульд заасан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо агуулгын зөрчилтэй, үндэслэлүүд нь шаардлагатайгаа нийцэхгүй байна.

Тухайлбал “өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг даалгах” шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулж гаргасан атлаа үүнийхээ эсрэг буюу тухайн талбайд “цацраг идэвхит бодис хайх зөвшөөрөл олгохгүй байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсч буй нь ойлгомжгүй, үндсэндээ эдгээр шаардлагууд болон тэдгээрийн үндэслэлийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчээс Цөмийн энергийн тухай хуульд заасан нэмэлт шаардлагыг хангахгүйгээр тухайн талбайд хайгуул хийх, харин хайгуулын үр дүнд нөөц хэрхэн тогтоогдохоос шалтгаалан ашиглалтын зөвшөөрөл хүсэх үедээ, магадгүй цацраг идэвхит бодис уран илрэх тохиолдолд уг хуульд заасан шаардлагыг хангаж ажиллах сонирхолтой байна.

Гэвч энэ нь хуулиар нэгэнт зохицуулагдсан харилцаа, анхнаасаа нэхэмжлэгч Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан, мөн Цөмийн энергийн тухай хуульд заасан нэмэлт шаардлага хангагдаагүй байхад улсын байцаагчаас зохих зөвшөөрөл олгох боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2019/0657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН