| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/02231/И |
| Дугаар | 210/МА2025/01387 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01387
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03339 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Гуравдагч этгээд:
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 газрын шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр *******-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
1.2 Үнэлгээчин нь *******, ******* хороо, ******* гудамж, ******* байр, хаягт байрлах 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 343,961,100 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс хэт багаар үнэлж төлбөр төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Улмаар талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үнийн саналыг тохиролцож чадаагүй учир *******-ийг шинжээчээр томилсон.
Манай байгууллагын хувьд гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдийг шинжээчээр томилдог бөгөөд *******-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
3. Гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох *******-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр төлбөр төлөгч , болон гэр бүлийн гишүүн , нарыг оролцуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй, гуравдагч этгээдээр оролцуулаагүй атлаа гуравдагч этгээд ... тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй байна.
5.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчин гэдэг үнэлгээчний эрхийг авсан иргэнийг заасан атал маргаан бүхий үнэлгээг гэсэн үнэлгээний хуулийн этгээд гаргасан нь хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүх тухайн үнэлгээ гаргасныг буруутгахгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан ... эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдол гэдэг нь зөвхөн эд хөрөнгийн үнэ төдийгүй тухайн үнэлгээг хийсэн этгээдийн эрх зүйн чадамжийн асуудлаар гомдол гаргах эрхтэй, уг асуудлаар шүүх дүгнэлт гаргах ёстой байхад шүүхийн хяналтыг хэрэгжүүлээгүй нь буруу юм.
5.3 Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч банкны өр барагдуулах газартай үнэлгээчний хийсэн гэрээ хийгдээгүй буюу үнэлгээ гэрээнд үндэслээгүй. Үнэлгээнд хамрагдаж байгаа хөрөнгийн зах зээлийн бодит үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргахад хүлээж аваагүй, уг шийдвэрт гомдол гаргах эрхээр хангаагүй. Зах зээл дээр дахь орон сууцны байрууд доод тал нь 1 м.кв нь хамгийн багадаа 4,000,000 төгрөг түүнээс дээш үнэтэй байхад манай 108 м.кв талбайтай байрыг 344,000,000 төгрөг буюу 1 м.кв талбайг 3,185,185 төгрөгөөр үнэлсэн нь илт үндэслэлгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тухай 3, 4, 18 тоот тогтоолоор маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор -ийг томилсон байдаг. -ийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж байна. Тэгэхээр энэ талаарх анхан шатын шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, мөн хуульд нийцсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар заасан. Төлбөр төлөгч энэ журмыг зөрчсөн. Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр хүлээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийг 343,961,100 төгрөгөөр үнэлсэн шинжээч *******-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/Ш дугаар үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ******* сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/18387 дугаар захирамжаар өргөдөл гаргагч нийт өргөдлийн шаардлагаас 337,508,299 төгрөгийг гаргуулна гэснийг уригдсан тал ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг 337,508,229 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хуваарийн дагуу -д бүрэн төлж барагдуулах, ******* дээр дурдсан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, *******, ******* хороо, ******* гудамж, ******* байр 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон заагдсан бусад үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 55-58/
4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23360877 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 59/, нэхэмжлэгчийн өмчлөлийн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23360877/07 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 60-62/, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23360877/09 дугаар тогтоолоор хураан авсан /хх 63-65/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.
4.1 Төлбөр төлөгч болон төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/1040, 3/1041 дугаар мэдэгдлээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор үнийн санал бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. /хх 66-67/ Төлбөр төлөгч ******* 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 560,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хариуцагч байгууллагад гаргасан. /хх 68/ Төлбөр авагч тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/18 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр *******-ийн үнэлгээчин ыг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 70/
5. Шинжээч *******-ийн үнэлгээчин нь *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* гудамж, ******* байр 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 343,691,100 төгрөгөөр үнэлсэн. /хх 75-108/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/1286 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч *******д 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан байна. /хх 111/
5.1 Шинжээч *******-ийн үнэлгээчин т 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэл, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл үйлдэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дэх хэсэгт тус тус заасныг танилцуулж, хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн байна. /хх 71-73/
5.2 *******-ийн үнэлгээний тайланд *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, ******* гудамж, ******* байр 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг өртгийн хандлагын үнэлгээ 250,133,200 төгрөг гэж, зах зээлийн хандлагын үнэлгээ 343,961,100 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд уг 2 үнэлгээний дүнг харьцуулан судалж зах зээлийн үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг 343,961,100 төгрөгөөр тодорхойлжээ.
Мөн ******* нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, тус компанийн үнэлгээчин нь хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээтэй байна. Иймд нэхэмжлэгчийн ...үнэлгээг хуулийн этгээд гаргасан нь хуульд нийцээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3 Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч талаас , нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/21664 дугаар захирамжаар ..., нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх байдал тогтоогдохгүй, ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх, үүргийг тайлбарласны үндсэн дээр тусгай мэдлэг бүхий этгээдийн зүгээс хөрөнгийг үнэлж, тайлан үйлдсэн байх тул тухайн тайлан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий өөр этгээдийг томилох шаардлагагүй гэх үндэслэлээр хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.
6.1 Мөн нэхэмжлэгчийн , нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/03288 дугаар захирамжаар ...үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаарх баримт авагдаагүй бөгөөд энэхүү хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар тухайн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн ...гуравдагч этгээдийг оролцуулаагүй талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН